Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 366

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

СүхБ  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 7 дугаар хороо, 29 дүгээр гудамж 10 тоот хаягт оршин суух Хариад овогт Жамбалын Ч  -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: УлаанБ  хот, СүхБ  дүүрэг, 10 дугаар хороо, 100 айл гудамж, 2 байр 25 тоот хаягт оршин суух Цог овогт Чулууны Б  /РД:РЭ74072419/-т холбогдох

15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Туяацэцэг, хариуцагчийн төлөөлөгч Ч.Гантуяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Зулбаяр, гэрч Д.Далай, С.Батням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жадыра нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.Ч  нь 2012 оны 10 сарын 19-ний өдөр Ч.Б тай Хөвсгөл аймгийн тойргийн нотариатчаар баталгаажуулан зээлийн гэрээ байгуулан иргэн Ч.Б т 15,000,000 төгрөгийг бэлнээр зээлдүүлсэн. Мөнгийг түүнд 2011 оны 5 сарын 18-нд Хөвсгөл аймгийн Хаан банкнаас бэлнээр түүний дансанд шилжүүлсэн. Шилжүүлэхдээ хамтран ажилладаг байсан Ганзоригоор шилжүүлүүлсэн. Ч.Б  2012 оны 10 сарын 19-нд Хөвсгөлд очиж надтай уулзан бид зээлийн гэрээ байгуулж мөнгө өгсөн, авснаа баталгаажуулж хугацааг тохиролцсон. Зээлийн гэрээг хийх үедээ 96052588 дугаартай байсан бөгөөд энэ дугаараар харилцдаг байсан. Энэ дугаар луу нь залгаж түүнээс мөнгөө нэхдэг байсан. Энэ дугаараас ярьж удахгүй мөнгийг чинь өгнө гэдэг байсан. Сүүлдээ энэ дугаар нь холбогдохдоо байсан. Би бага насны хүүхэдтэй, 90 настай өндөр настай ээжийгээ асардаг байсан. Ч.Б ын араас хөөцөлдөж явах боломжгүй байсан. Түүний утсаар ярьж удахгүй мөнгийг маань өгнө гэдэгт итгэдэг байсан. Үүнээс хойш тэрээр 96052588 дугаартай утсаар ярьдаг байсан, би өөрийнхөө 96384488, 96382588 , 99383737, 99014476 дугаараас түүн рүү залгаж байнга ярьдаг байсан. Сүүлдээ холбогдохгүй болж, өөрөө ч олдохдоо байсан. Ч.Б аас 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Б  2011 оны 5 сард ноолуур худалдан авах зорилгоор Ганзоригтой амаар тохиролцон өөрийн дансаар 15,000,000 төгрөг шилжүүлэн авсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасан Ж.Ч ээс Ч.Б  нь 2012 оны 10 сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн тойргийн нотариатчаар баталгаажуулсан гэрээгээр ямар ч мөнгө бэлнээр аваагүй болно. Мөн зээлийн гэрээний үүрэг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Ж.Ч  нь 15,000,000 төгрөгийг нэхэмжлэх этгээд биш тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.Ч  нь хариуцагч Ч.Б т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжилж буй 15,000,000 төгрөгийг Ж.Ч ээс зээлээгүй, 2011 онд Ганзориг гэж хүнээс 15,000,000 төгрөг ноолуур худалдан авах зорилгоор авсан, Ж.Ч тэй 2012 онд байгуулсан зээлийн гэрээний дагуу мөнгө аваагүй, мөн хуульд заасан гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Ж.Ч  болон Ч.Б  нарын хооронд 2012 оны 10 сарын 19-ний өдөр “Зээлийн гэрээ” нэртэй гэрээ /хх-5 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр Ж.Ч  нь Ч.Б т 15,000,000 төгрөгийг 2012 оны 10 сарын 19-ний өдрөөс 2012 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаатай зээлдүүлэх, Ч.Б  нь зээлсэн мөнгийг 2012 оны 12 сарын 25-ны өдөр эргүүлэн төлөх, зээл төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар  тооцон алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу хариуцагчид 15,000,000 төгрөгийг шилжүүлэн өгөөгүй гэдэгтээ маргахгүй байх ба уг гэрээг байгуулах болсон шалтгааныг Ч.Б т 2011 оны 5 сарын 18-ны өдөр 15,000,000 төгрөгийг зээлдүүлэхээр болж түүний Хаан банкин дахь дансанд хамт ажилладаг байсан Ганзоригт бэлэн мөнгө өгч явуулан банкаар дамжуулан шилжүүлсэн боловч зээлийг буцаан төлөөгүй, 2012 оны 12 сарын 19-ний өдөр Хөвсгөл аймагт надтай ирж уулзахад нь мөнгө өгсөн авснаа баталгаажуулах үүднээс зээлийн гэрээ бичгээр байгуулсан, буцаан төлөх хугацааг тохирсон гэж тайлбарласан.

Ч.Б ын Хаан банкин дахь дансанд 2011 оны 5 сарын 18-ны өдөр 15,000,000 төгрөг “Ганзоригоос” гэсэн гүйлгээний утгатай шилжсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-20-23 тал/-аар тогтоогдож байна.

Ч.Б ын дансанд 2011 оны 5 сарын 18-ны өдөр “Ганзоригоос” гэсэн гүйлгээний утгатай шилжсэн 15,000,000 төгрөгийг Ж.Ч  өөрөөсөө гарган уг мөнгийг шилжүүлэх дансны дугаарыг цаасан дээр бичиж өгч, Б.Ганзориг, Д.Далай, С.Батням нарыг банк руу явуулан Ч.Б ын дансанд шилжүүлүүлсэн, гүйлгээний утганд “Ганзоригоос” гэж өөрийн нэрийг бичсэн Б.Ганзориг нь 2016 онд нас барсан болох нь шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн гэрч Д.Далай, С.Батням нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд Б.Ганзориг болон гэрчийн мэдүүлэг өгсөн Д.Далай нар нь эхнэр нөхөр байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрлэлтийн гэрчилгээгээр тогтоогдсон болно.

Хариуцагчийн зүгээс Ч.Б ын дансанд 2011 оны 5 сарын 18-ны өдөр шилжин орж ирсэн 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн этгээд гэх Ганзоригийг  шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн гэрчүүдийн мэдүүлэгт дурдагдаж буй Б.Ганзориг гэгчээс өөр этгээд болохыг шүүхэд баримтаар нотлоогүй бөгөөд уг 15,000,000 төгрөгийг өөрт нь шилжүүлсэн гэх Ганзориг гэгч нь хаана оршин суудаг, ямар ажил эрхэлдэг, одоо хаана байгаа, хэн гэгч этгээд болох талаар ямар нэгэн тайлбар, баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт нотлох баримтаар авагдсан банкны дансны хуулга зэргээр Ж.Ч  нь Ч.Б т 2011 оны 5 сарын 18-ны өдөр 15,000,000 төгрөгийг зээлдүүлсэн болох нь тогтоогдож байх тул Ж.Ч  болон Ч.Б  нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь заалтад заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь заалтад “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч нь зээлийг буцаан төлөх үүрэгтэй тул хариуцагч Ч.Б аас зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ч т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч нь хуульд заасан гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн тайлбарыг гаргаж шүүх хуралдаанд мэтгэлцсэн, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дахь заалтад гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан  боловч хариуцагч Ч.Ганзориг нь нэхэмжлэгч Ж.Ч тэй 2012 оны 10 сарын 19-ний өдөр зээлийг 2012 оны 12 сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцон зээлийн гэрээг бичгээр байгуулж байсныг, мөн зээлийг буцаан шаардахад нь мөнгөний асуудалтай холбоотойгоор цагдаагийн байгууллагад шалгагдаж буй тодорхой хэргийн улмаас мөнгийг төлөх боломжгүй байгаа талаараа нэхэмжлэгчид тайлбарлаж байсан байдлыг үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан нөхцөл байдал гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дахь заалтад үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан бол ийнхүү хойшлуулсан хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсохоор заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон гэж үзэх тул хариуцагчийн гаргасан зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзсэн болно.

 Зээлийг буцаан шаардахад нь мөнгөний асуудалтай холбоотойгоор цагдаагийн байгууллагад шалгагдаж буй тодорхой хэргийн улмаас мөнгийг төлөх боломжгүй байгаа талаараа хариуцагч нэхэмжлэгчид тайлбарлаж байсан гэх нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн зүгээс гаргасан тайлбар, хүсэлтэд дурдагдаж байсан бөгөөд шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Ч.Б  нь бусдад мөнгөө залилуулсан гэх үндэслэлээр Баян-Өлгий аймагт цагдаагийн байгууллагаар тодорхой хэрэг шалгагдаж байсан гэх тайлбарыг гаргасан зэргээр тогтоогдсон гэж шүүх үзсэнийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Ч.Б аас 15,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ч т олгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2018 оны 11 сарын 29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б аас 232,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ч т олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.УУГАНБАЯР