Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 156

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цолмонгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, хариуцагч АМГТГ КХД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, хариуцагч БОАЖЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан “Э.Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГТГ КХД, БОАЖЯ, БОАЖС-ын А/425 тоот тушаалаар батлагдсан Ажлын хэсэгт тус тус холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийв.

Нэхэмжлэгч: “Э.Х” ХХК, /РД:43769../

            Хариуцагч: АМГТГ КХД

            Хариуцагч: БОАЖЯ

            Хариуцагч: БОАЖС-ын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг

       Нэхэмжлэлийн шаардлага: “АМГТГ КХД-ын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 426 дугаар шийдвэр, БОАЖЯ-ны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/12 тоот дүгнэлтийг тус тус хүчингүй болгож, ХV-0062.. дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг АМГТГ КХД-д даалгах”

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э.Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “‘Э.Х” ХХК нь Архангай аймгийн Цэнхэр сумын Өлзийт тээл нэртэй газарт орших 1653 гектар талбайг хамарсан ХV-0062.. дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг АМГТГ КХД-ын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 71 тоот шийдвэрээр шилжүүлэн авч, тусгай зөвшөөрлийн хугацааг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл сунгуулж, уг тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу эзэмшиж байсан.

Гэтэл “Э.Х” ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байсан XV-006219 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг АМГТГ КХД-ын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 426 дугаар шийдвэрээр цуцалсан болохыг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр албан бичгээр мэдэгдсэн. Ингэхдээ “Э.Х” ХХК-ийг тусгай зөвшөөрлийг эзэмшин үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчинд хортой нөлөө учруулж, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан зөрчил гаргасан болох нь БОАЖЯ-ны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/12 тоот дүгнэлтээр тогтоогдсон гэж үзсэн.

Гэтэл бодит байдалд тусгай зөвшөөрлийн талбай нь ашиглалт олборлолт явуулах ямар ч боломжгүй хайгуулын талбай бөгөөд “Э.Х” ХХК нь ХV-0062.. дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн аваад 6 сар л болсон, ямар ч ашиглалт, олборлолт явуулаагүй, байгаль орчинд сөрөг нөлөөлсөн ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байтал ашиглалт олборлолтын үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд сөрөг нөлөө учруулсан гэх ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудтай адилтган үзэж хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсанд туйлын гомдолтой байна.

“Э.Х” ХХК-ийг байгаль орчинд сөрөг нөлөө явуулж байгаа талаар ирж шалгасан үнэлж дүгнэсэн ямар ч ажиллагаа бодит байдалд хийгдээгүй байдаг.

Ийм учраас шийдвэр, дүгнэлт нь хууль бус, үндэслэлгүй гэж үзэж, эдгээрийг эс зөвшөөрч 2019 оны 09 дүгээр сарын16-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад гомдлоо гаргасан.

Ашигт малтмал, газрын тосны газрын даргаас 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1/6419 тоот албан бичгээр боломжгүй гэсэн гомдлын хариуг өгсөн болно. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас хуульд заасан 30 хоногийн хугацаанд гомдлын хариуг өгөөгүй байна.

Иймд АМГТГ КХД-ын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 426 дугаар шийдвэр, БОАЖЯ-ны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/12 тоот дүгнэлтийг тус тус хүчингүй болгож, ХV-0062.. дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч АМГТГ КХД шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... “Э.Х” ХХК-ийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан АМГТГ КХД-ын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 426 дугаар шийдвэр, БОАЖЯ-ны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/12 тоот дүгнэлтийг тус тус хүчингүй болгож, Х\/-006219 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт байрлах Өлзийт тээл” нэртэй 1563 гектар талбайд ашигт малтмал хайх 6219Х лицензийн гэрчилгээг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын геологи, уул уурхайн кадастрын албанаас /хуучин нэрээр/ 2003 оны 08 дугаар сарын 21-ний өдөр анх “А М” ХХК-д олгожээ.

АМГТГ КХД-ын 2019 оны02 дугаар сарын 12-ны өдрийн 71 дүгээр шийдвэрээр “Э.Х” ХХК-д шилжүүлсэн байна.

Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн
02/975 тоот албан бичгээр тус аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа
явуулж байгаа “Э.Х” ХХК-ийн явуулах үйл ажиллагаа нь байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй байгаад холбогдох дүгнэлтийг гаргуулахаар БОАЖЯанд хандсан байна. БОАЖС-ын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан “Ашигт малтмалын тухай хуулийн 56.15-т заасан дүгнэлт гаргах” Ажлын хэсэг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалт болон Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 тоот албан бичгийг тус тус үндэслэн Дүгнэлт гаргасан байна.

БОАЖС-ын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01/5820 тоот албан бичгээр “Э.Х” “Г х” ХХК-д холбогдох дүгнэлтийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлснийг Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлсэн байна.

БОАЖЯ-ны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/12 дугаар бүхий дүгнэлтэд “Э.Х” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ байгаль орчинд хортой нөлөө учруулж буй тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй” гэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-т “тусгай
зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар
нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” бол тусгай
зөвшөөрлийг цуцална гэжээ. Дээрх хуулийн заалтыг үндэслэн тус газрын Кадастрын хэлтсийн даргын 421 дүгээр шийдвэр гарсан болно.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол”, мөн 28.1.2-т “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол” сонсох ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй байхаар хуульчилсан.

Иймд “Э.Х” ХХК-ийн гаргасан Ашигт малтмал, газрын тосны
газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 426
дугаар шийдвэр, БОАЖЯ-ны 2019 оны 08 дугаар
сарын 20-ны өдрийн 2019/12 тоот дүгнэлтийг тус тус хүчингүй болгож, ХV-0062..
дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт
малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгахыг хүссэн нэхэмжлэлийг
бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч БОАЖЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Тус шүүхэд “Э.Х” ХХК нь БОАЖЯ-ны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/12 дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт”-ийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

БОАЖЯ-ны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/12 дугаар "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт"-ийг гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1,  Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, “Санал хүргүүлэх тухай” Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 тоот албан бичгийг тус тус үндэслэн “Э.Х” ХХК-ийн эзэмшдэг Х\/-006219 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж буй тул тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэх ажлын хэсэг дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

“Санал хүргүүлэх тухай” Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар
сарын 20-ны өдрийн 02/975 тоот албан бичгээр “Х\/-006219 дугаар тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Э.Х” ХХК-ийн үйл ажиллагаа нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6 д заасны дагуу байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлж байгаа нь эрсдэлтэй байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу холбогдох дүгнэлт гаргаж тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү.” гэж уламжилсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд “Тусгай
зөвшөөрлийг цуцлах”, 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална”, 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж заасан байдаг.

Иймд БОАЖЯ-ны ажлын хэсгийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч БОАЖС-ын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... тус шүүхэд “Э.Х” ХХК нь БОАЖЯ-ны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/12 дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт”-ийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Дээрх 2019 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн 2019/12 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг гаргахад ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар Б.С ажиллаж байсан болно.

Гэсэн хэдий ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн хувийг гардан авч, шүүхэд тайлбар гаргахын тулд “Э.Х” ХХК-ийн материалтай танилцсан.

Танилцахад Архангай аймгийн Засаг дарга нь “Санал хүргүүлэх тухай” 2019 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн 02/975 тоот албан бичгээр ашигт малтмалын хайгуулын ХV-0062.. тусгай зөвшөөрөл бүхий “Э.Х” ХХК-ийн явуулах үйл ажиллагаа нь байгаль орчинд хортой нөлөө үзүүлэх эрсдэлтэй байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох дүгнэлт гаргаж тусгай зөвшөөрлийг цуцалж өгөхийг хүссэн саналыг ирүүлсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд “Тусгай зөвшөөрлийг цуцлах”, 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална”, 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж заасан байна.

Дээр дурдсан орон нутгийн саналыг үндэслээд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу “Э.Х” ХХК-ийн эзэмшдэг ХV-0062.. тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд явуулах үйл ажиллагаа нь байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй тул тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэсэн ажлын хэсгийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Э.Х” ХХК-иас “АМГТГ КХД-ын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 426 дугаар шийдвэр, БОАЖЯ-ны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/12 тоот дүгнэлтийг тус тус хүчингүй болгож, ХV-0062.. дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг АМГТГ КХД-д даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

 Шүүх маргааны үйл баримтыг тодруулж хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт байрлах “Өлзийт тээл” нэртэй 1653 гектар талбайд ашигт малтмал хайх 6219Х лицензийн гэрчилгээг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын геологи, уул уурхайн кадастрын албанаас /хуучин нэрээр/ 2003 оны 08 дугаар сарын 21-ний өдөр анх “А М” ХХК-д олгосон, АМГТГ КХД-ын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 71 дүгээр шийдвэрээр “Э.Х” ХХК-д шилжүүлж, мөн даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 175 дугаар шийдвэрээр 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгасан байх бөгөөд уг үйл баримттай талууд маргаагүй.

Маргаан бүхий АМГТГ КХД-ын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 426 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28 дугаар зүйлийн 28.1.1, БОАЖС-ын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01/5820 тоот албан бичгээр ирүүлсэн 2019/12 дугаар дүгнэлтийг үндэслэн “Э.Х” ХХК-ийн эзэмшлийн ХV-0062.. дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

БОАЖС-ын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан дүгнэлт гаргах үүрэг бүхий байнгын ажлын хэсгийг байгуулж, маргаан бүхий БОАЖЯ-ны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/12 тоот дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.6, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,  Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 тоот “Санал хүргүүлэх тухай” албан бичгийг тус тус үндэслэн “Э.Х” ХХК-ийн эзэмшдэг Х\/-006219 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж буй тул тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэх дүгнэлтийг гаргасан байна.

Харин Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 тоот “Санал хүргүүлэх тухай” албан бичгээр “...ашигт малтмалын хайгуулын Х\/-0062.. тусгай зөвшөөрөл бүхий “Э х” ХХК-ийн явуулах үйл ажиллагаа нь байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу холбогдох дүгнэлт гаргаж тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү” гэх саналыг БОАЖЯанд хандан ирүүлжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд “Тусгай зөвшөөрлийг цуцлах”, 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална”, 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж тус тус заасан байна.

Тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/277 тоот албан бичгээр Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 тоот албан бичигт дурдсанаар “Э.Х” ХХК-ийн явуулах үйл ажиллагаа нь байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй байгаа гэж үзэх үндэслэл болсон шалгалтын тайлан, холбогдох зүйлүүдийг тодруулахад тус аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03/101 тоот албан бичгээр тухайн хяналт шалгалттай холбоотой баримтуудыг ирүүлсэн боловч хавсарган ирүүлсэн баримтуудаар “Э.Х” ХХК-тай холбоотой хяналт шалгалт явуулсан гэх үйл баримт тогтоогдсонгүй.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлд Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын бүрэн эрхийг нарийвчлан зохицуулсан бөгөөд Архангай аймгийн Засаг даргаас нэхэмжлэгч “Э.Х” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг ирүүлсэн ч БОАЖС-ын 2019 оны А/425 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг нь БОАЖЯ-ны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/12 тоот дүгнэлтийг гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан эрхийг хэрэгжүүлж, бодит нөхцөл байдал, үндэслэл, шаардлагыг бүрэн тодруулах боломжтой бөгөөд үүрэгтэй байсан.

Хэдийгээр хариуцагч БОАЖЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “... Архангай аймгийн Засаг дарга саналаа ирүүлсэн байхад манайх цуцлахгүй байх үндэслэл байхгүй” гэж тайлбарлах хэдий ч тус яам нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасан эрх, үүргээ хэрэгжүүлж шаардлагатай ажиллагааг хийгээгүй, нэхэмжлэгч компанид энэ талаар мэдэгдээгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “... ямар нэгэн ажиллагаа явуулалгүй орон нутгийн Засаг даргын 02/975 тоот саналыг үндэслээд шууд цуцалсан” гэх тайлбар, тус яамнаас ирүүлсэн баримтуудаар тогтоогддог.

Мөн Архангай аймгийн Засаг даргын 02/975 тоот албан бичигт “... байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй” гэсэн байхад 2019/12 тоот дүгнэлтээр “... ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлж буй тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй” гэж дүгнэсэн, нэхэмжлэгч компани нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг тул тухайн талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болохыг анхаарч, бодит байдалд ашиглалтын үйл ажиллагаа явуулсан эсэхийг нягталж шалгаагүй нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөх үр дагаврыг бий болгосон  байна.

Хэдийгээр дээрх хууль бус дүгнэлтийг үндэслэн гарсан АМГТГ КХД-ын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 426 дугаар шийдвэрийг хууль бус захиргааны акт гэж шууд дүгнэх боломжгүй ч “Э.Х” ХХК-ийн эзэмшлийн ХV-0062.. дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, өөрийн эзэмшлийн талбайд хайгуул эрэх, хайх зэрэг шаардлагатай үйл ажиллагааг явуулах боломжгүй болсон тул уг шийдвэрийг хүчингүй болгож байж нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргээгдэх боломжтой болно.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана.” гэж заасан бөгөөд хариуцагч АМГТГ КХДас эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд тухайн шийдвэрийн талаар мэдэгдээгүйг Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно”, 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол” гэж заасан болон цаг хугацааны хувьд мэдэгдэх боломжгүй гэх тайлбар, тодруулбал Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 тоот албан бичгийг үндэслэн БОАЖЯ-ны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/12 тоот дүгнэлтийг гаргаж, нэг өдрийн дараа буюу АМГТГ КХД-ын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 426 дугаар шийдвэрийг гаргахдаа асуудлыг нягталж тодруулалгүй яаран шийдвэрлэснийг зөвтгөх боломжгүй.

Хариуцагч АМГТГ КХД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “... тусгай зөвшөөрлийг манайх олгосон учир манайд цуцлах эрх нь байгаа, манай хуулинд төрийн захиргааны төв байгууллага буюу яам дүгнэлт гаргавал бид цуцална гэж заасан” гэж тайлбарлах боловч нэгэнт иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болох нөхцөлд шат шатны байгууллагууд холбогдох хууль тогтоомжид заасан өөрийн чиг үүргийг бүрэн хэрэгжүүлж аливаа шийдвэрийг гаргах нь сая хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, хууль ёсны итгэлийг хамгаалах зэрэг захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцнэ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч нарын буруутай үйл ажиллагаа тогтоогдож байх тул АМГТГ КХД-ын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 426 дугаар шийдвэр, БОАЖЯ-ны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/12 тоот дүгнэлтийг тус тус хүчингүй болгож, ХV-0062.. дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг АМГТГ КХД-д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э.Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  АМГТГ КХД-ын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 426 дугаар шийдвэр, БОАЖЯ-ны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/12 тоот дүгнэлтийг тус тус хүчингүй болгож, ХV-0062.. дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг АМГТГ КХД-д даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас хувь тэнцүүлэн 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ДОЛГОРСҮРЭН