Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2020/00092

 

“.. аривжих” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 62 дугаар шийдвэр,

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 34 дүгээр магадлалтай,                                

          Нэхэмжлэгч: “.. аривжих” ХХК

          Хариуцагч: “..-Үйлс” ХХК

          Хариуцагч: Дархан-Уул аймгийн Захирагчийн ажлын албанд холбогдох

          8,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтуяа, өмгөөлөгч Т.Баярдалай, нарийн бичгийн даргад Ц.Энхтүвшин нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: “..-Үйлс” ХХК-иас Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 баг ..-р хороолол ..байрны ..-р орцны 25 м.кв талбай бүхий зоорийн давхрыг 8 сая төгрөгөөр худалдаж авсан. Худалдсан тухай бичиг хийж талууд гарын үсэг зурж, тамга дарсан. Өөр ямар нэг байдлаар гэрчилгээ шилжүүлсэн зүйл болоогүй. .. дөрөв Сөх болон Дархан-Уул аймгийн захирагчийн албанаас 2014-01-01-с эхлэн манай компанийг гэрээ байгуулж тус үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж, ашиглах ёстой гэж шаардсаны дагуу түрээс, засвар үйлчилгээний төлбөр төлж өнөөдрийг хүртэл түрээсийн гэрээний дагуу худалдаж авсан эд хөрөнгөө ашиглаж байна. Иймд “..-Үйлс” ХХК-иас 8,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч “..-Үйлс” ХХК тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Үл хөдлөх хөрөнгө худалдсан асуудал болоогүй. 2013-12-27-ны өдөр Энхтуяа болон “.. аривжих” ХХК-ийн нягтлан Буманжаргалтай ярилцаж тохироод ажлын байраа үргэлжлүүлэн түрээслүүлээч гэж хүссэний дагуу тохироод хэлцэл хийсэн байгаа. Энхтуяа бол зоорийн давхрыг ашиглах явцдаа 8 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн. Шал тааз бүх зүйлийг сольсон. Энэ зардалд орсон мөнгөө “.. аривжих” ХХК-аас авсан. СӨХ бол түрээсийн гэрээний дагуу засвар үйлчилгээний мөнгийг буцааж олгодоггүй, тийм болохоор засан сайжруулалт хийсэн мөнгийг өгөөд миний ашиглах эрхийг үндэслээд СӨХ-тэй гэрээ байгуулаад ашиглах эрхийг шилжүүлсэн. Өмнө нь 4,5 сая төгрөгөөр тус зоорийн давхрын талбайг ашиглах эрхийг шилжүүлэн авч байсан. Үүнээс хойш Энхтуяа ямар нэг байдлаар үл хөдлөх хөрөнгө зарсан байсан бол мэдэх боломжтой байсан. Анх ямар байдалтай байсан талаар болон өмнө хийгдэж байсан түрээсийн гэрээг “.. аривжих ХХК-д хүлээлгэж өгсөн. 2014-01-01-с түрээсийн гэрээ дуусгавар болж байсан. Үүнийг “.. аривжих” ХХК мэдэж байсан. Бид бусдын өмчийг худалдан борлуулчхаад зугтсан зүйл байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

       Хариуцагч Дархан-Уул аймгийн Захирагчийн ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэрэлтуяа тайлбартаа: СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1.1-д Орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө... тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна гэж заасан. Мөн хуулийн 12.4.5-д дундын өмчлөлийн эд хөрөнгийг түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах талаарх гэрээг холбооны нэрийн өмнөөс байгуулах эрх үүргийг гүйцэтгэх захирал эдлэхээр заасан. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2007 оны 5-р тогтоол Нийтийн зориулалттай орон сууцны зоорийн давхрыг ашиглахад тавигдах шаардлага, зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг баталсан байдаг. Журмаар нийтийн зориулалттай орон сууцны зоорийн давхрыг ашиглахыг хүсэгч ААН байгууллага, иргэд, СӨХ, аймгийн Засаг даргын ажлын алба журмыг мөрдөж ажиллахаар заасан байдаг. Журмын дагуу Захирагчийн албанд 2016 онд гэрээ байгуулахаар “.. аривжих” ХХК-ийн ирүүлсэн өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, Арван дөрөв Сөх-ийн гүйцэтгэх захирал Н.Ганболдын гаргасан 2018 оны 1/119 тоот хүсэлт болон холбогдох баримтыг үндэслэн гэрээ байгуулсан байдаг. ...Захирагчийн албанд “..-Үйлс” ХХК болон “.. аривжих” ХХК нарын хооронд зоорийн давхрыг худалдах-худалдан авах гэрээ байгуулж мөнгө төгрөг өгч авалцсан, хүлээн авсан тухай мэдэгдээгүй, баримт байхгүй тул огт хамааралгүй нэхэмжлэл гаргаж байна. Иймд аймгийн Захирагчийн ажлын алба нь Дархан сумын Өргөө баг, “.. аривжих” ХХК-иас төлбөр хураамж аваагүй, холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

      Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 62 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан “..-Үйлс” ХХК-иас 8.000.000 төгрөг гаргуулж “.. аривжих” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь Дархан-Уул аймгийн Захирагчийн албанд холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 142.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 142.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

      Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 34 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 62 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

      Хариуцагч хяналтын гомдолдоо: Шүүх хариуцагчийг бусдын эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус хэлцэл хийх замаар нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж дүгнэж ИХ-ийн 56.1.1, 492.1.1 дэх заалтыг хэрэглэж хэлцлийн дагуух 8 сая төгрөгийг хариуцагчаас буцааж гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл муутай хэрэглэхгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Бодит байдалд нэхэмжлэгч нь 2013-12-17-ны өдөр хариуцагчийн төлөөлөгч Б.Энхтуяатай хэлцэл хийж түүний “.. дөрөв” СӨХ-той түрээсийн гэрээний дагуу ашиглаж байсан объектын ашиглах эрхийг болон тус объектын засан сайжруулалт тохижилтыг 8 сая төгрөгөөр үнэлж худалдаж авсан байдаг. Талууд тохиролцож худалдаж болох эд юмсийг үнэлж ИХ-ийн 243-р зүйлд заасны дагуу худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсч нэхэмжлэгч хүсэл зоригийнхоо дагуу хариуцагчид 8 сая төгрөг шилжүүлсэн байдаг. Энэ нь ИХ-ийн 189.1-д нийцсэн гэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь зоорийн давхрыг худалдах эрхгүй атлаа худалдсан гэж, харин хариуцагч нь зоорийн давхрыг ашиглах эрх болон тохижуулалтыг үнэлэн худалдсан гэж эсрэг утга агуулгаар маргаж байгаа. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн тайлбар, татгалзлаа дэмжих нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангаагүй ба уг захирамжид гомдол гаргах эрхгүй байдаг. Хэрэв шүүх хариуцагчийн хүсэлтийн дагуу тухайн цаг хугацаанд .. дөрөв СӨХ-ны захирлаар ажиллаж байсан Даваажавыг гэрчээр оролцуулж үйл баримтыг тодруулсан бол, мөн нэхэмжлэгчээс худалдан авсан зүйлийнх нь баримт, фото зураг зэргийг гаргуулсан бол хариуцагч нь .. СӨХ-ны эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлийн дагуу маргаан бүхий объектыг дамжуулан түрээслүүлсэн болохыг, мөн тус байгууллагын өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг зараагүй гэдгийг нотлох боломжтой байсан. Давж заалдах шатны шүүх уг асуудлаар дүгнэлт хийхдээ ИХ-ийн 318.1, 323.1, 326.1 дэх хэсгийг баримталж худалдах-худалдан авах гэрээний зүйл нь эзэмших эрх байж болдогч тухайн тохиолдолд өмчлөгч биш тул түрээслэгчид хамааралгүй. Мөн өөрийн татгалзлаа үндэслэх нотлох баримтыг буюу анхан шатны шүүхийн үндэслэлийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна гэсэн нь ИХШХШТХ-ийн 40.2, 40.3-г зөрчсөн гэж үзэх үндэстэй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ дурдсан асуудлыг буюу өөрийн худалдан авсан эд зүйлийн эрхийн доголдолтой байдлыг 2014-01-01-нд түрээсийн гэрээ байгуулахдаа мэдэх боломжтой буюу мэдсэн атал өнөөдрийг хүртэл гомдлын шаардлага гаргаагүйгээр түрээсийн гэрээ байгуулан ажиллаж ирсэн үйлдлээс дүгнэхэд нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгө буюу объектыг нь худалдаж аваагүй нь болох нь нотлогддог. Тиймээс нэхэмжлэгчийг ИХ-ийн 255.1.1-д заасны дагуу гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэх үндэслэл байдаг. Гэтэл шүүх үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан гэж дүгнэж, хөөн хэлэлцэх хугацаа нь ИХ-ийн 75.2.2-т засны дагуу 6 жил байдаг тул хөөн хэлэлцэх дуусаагүй бөгөөд гомдлын шаардлага гаргах эрхээ алдаагүй гэж үзсэн нь учир дутагдалтай төдийгүй хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

       “.. аривжих” ХХК 2018-09-06-ны өдөр шүүхэд хандан, “..-Үйлс” ХХК болон Дархан-Уул аймгийн Захирагчийн ажлын албанаас 8,000,000 төгрөг гаргуулахыг шаардаж “...Дархан-Уул аймаг, Дархан сум, ..-р баг, ..дугаар хороолол, ..-р байрны ..-р орцны 25 м.кв талбай бүхий зоорийн давхрыг худалдаж авсан боловч өмчлөх боломжгүй хөрөнгө  байна...иймд төлсөн мөнгөө буцааж авна...Дархан-Уул аймгийн Захирагчийн ажлын албанд холбогдох шаардлагаасаа татгалзаж байна...” гэжээ.

       “..-Үйлс” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “....зоорийг худалдсан зүйл байхгүй, харин засан сайжруулалт хийсэн зардлаа ашиглах эрхийн хамт худалдсан...” гэжээ. 

     Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “..зоорийн давхар нь сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох нь тогтоогдлоо... хариуцагч эд хөрөнгийг “.. аривжих” ХХК-д шилжүүлэхдээ түрээслүүлэгч СӨХ-ийн зөвшөөрлийг аваагүй байна... засан сайжруулалтыг зарж борлуулах нь хуульд нийцэхгүй тул энэ тухай тохиролцоог хүчин төгөлдөр бус гэж үзнэ... хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн байна...” гэсэн дүгнэлт хийсэн байна. Давж заалдах шатны шүүх шийдвэрийн үндэслэлийг Иргэний хуульд нийцсэн гэж үзэж хэвээр үлдээсэн байна. 

      Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “..түрээсийн гэрээний дагуу ашиглаж байсан объектын ашиглах эрхийг болон тус объектын засан сайжруулалт тохижилтыг 8 сая төгрөгөөр үнэлж худалдсан...энэ нь хууль зөрчөөгүй... шүүх нотлох баримт бүрдүүлэх хариуцагчийн хүсэлтийг хангаагүй... давж заалдах шатны шүүхийн дүгнэлт ИХШХШТХ-ийн 40.2, 40.3-г зөрчсөн... нэхэмжлэгч шаардлага гаргах эрхээ алдсан... хөөн хэлэлцэх хугацаа дууссан..” гэсэн үндэслэл заажээ.

       Шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      1. Нотлох баримтыг шүүх хэргийн оролцогчдын хүсэлтээр бүрдүүлнэ. 

      Хариуцагч “...гэрч асуулгах...” хүсэлт гаргасан байх бөгөөд уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгохдоо шүүх үндэслэлгүй дүгнэлт хийжээ. 

      Хэргийг хянан шийдвэрлэхэд гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.

     Шүүх гэрчээс мэдүүлэг аваагүй атлаа “...нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй..” гэсэн агуулгатай буюу нотлох баримтыг үнэлсэн дүгнэлт хийж  хүсэлтийг хангахаас татгалзсан нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлийн 43.1,43.2 дахь хэсэгт  нийцээгүй байна.

     Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсгийн зохицуулалтыг анхаараагүй байна.  

     2. Б.Энхтуяа Дархан сумын 11 дүгээр баг, ..дугаар хороолол, .. дүгээр байрны .. дугаар орцны 25 м.кв талбай бүхий зоорийн давхрыг Б.Буманжаргалд 8,000,000 төгрөгөөр худалдсан талаар нэхэмжлэлийн үндэслэл болсон 2013-12-17-ны өдрийн  гэрээ /хх10/-нд заажээ.

     Уг гэрээнд “...25 кв.м бүхий зоорийн давхрыг ...Б.Энхтуяагаас ...Б.Буманжаргалд...2013-12-17-ны өдөр 8,000,000 төгрөгөөр худалдсан нь үнэн болно..” гэж дурдсан хэдий ч гэрээнд дарагдсан тамга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд, зохигчийн тайлбараар Б.Энхтуяа “..-Үйлс” ХХК-ийг,  Б.Буманжаргал нь “.. аривжих” ХХК-ийг тус тус төлөөлж хийсэн нь тогтоогдсон байна. 

     Иймд шүүх 2013-12-17-ны өдрийн гэрээний талаар “..-Үйлс” ХХК, “.. аривжих” ХХК-н хоорондох маргаанд үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь буруу биш байна. 

     Харин “.. аривжих” ХХК нь худалдан авсан эд хөрөнгийн мөнгийг буцааж шаардсан агуулгаар нэхэмжлэл гаргасан боловч энэ нь түрээсийн зүйлийг хариуцагчаас шилжүүлж авсан эсэх асуудалтай холбоотой байж болохоор байна.     

    Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүйгээс худалдах-худалдан авах гэрээ болон түрээсийн гэрээний зохицуулалтыг зааглан дүгнэж чадаагүй байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 243,260,318,289 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т нийцээгүй байна.   

    Худалдан авсан эд хөрөнгийн үнийг буцааж шаардсан эсхүл түрээслэх эрхийг /засвар хийсэн зардлыг оруулан тооцож/ төлбөртэй шилжүүлсэн буюу худалдсан эсэх нь   тодорхой болсон тохиолдолд нэхэмжлэлийн талаар эрх зүйн дүгнэлт хийх нөхцөл бүрдэнэ.   

   Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлд шилжүүлэн авах зорилгоор худалдан авсан хөрөнгийн үнэ 8,000,000 төгрөгийг буцааж шаардсан тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр эсэх, хүчин төгөлдөр бус бол шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх мөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх зэрэг асуудлыг шүүх дүгнэж чадаагүй байна. 

    Нэхэмжлэгч эд хөрөнгийг түрээслэх эрхийг төлбөртэй шилжүүлсэн буюу худалдсан нь хуульд нийцээгүй гэж 8,000,000 төгрөг шаардсан тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр эсэх, хариуцагч нь тухайн эд хөрөнгийг түрээслэх эрхтэй байсан эсэх, засан сайжруулалт хийгдсэн байсан эсэх, эд хөрөнгө түрээслэх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх буюу худалдах эрхтэй эсэх, Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ өөрийн эрхийг зөрчигдсөн гэж үзэж байсан эсэх, нэхэмжлэгч нь 2014-01-01-ний өдрөөс СӨХ-тэй гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулж байсан зэрэг болон бусад үйл баримтын талаар дүгнэлт хийх шаардлагатай.

     3. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолдог бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ.

    Хэргийг шийдвэрлэхдээ оролцвол зохих этгээдийг оролцуулан, хэрэгт буй нотлох баримтын талаар хэргийн оролцогч нарыг мэтгэлцүүлсний үндсэн дээр хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой дүгнэлтийг шүүх хийх нь Иргэний хуулийн 74-82 дугаар зүйлийн  зохицуулалтад нийцнэ.

      Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл заалтыг хэрэглээгүйгээс хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх буюу өөрчлөлт оруулах боломжгүй байна.

      Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, хэргийн оролцогчийн эрхийг хангаж, хэрэгт буй баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.  

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 62 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 34 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 142,950 төгрөгийг захирамжаар хариуцагчид буцааж олгосугай.   

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ