Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 62

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2018/01033/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .... дугаар баг, Б- ХХК-ийн байр, ..... тоотод оршин суух, ЧБА ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ....-р баг, ....-р хороолол, ..... тоот ОҮ ХХК,

 

Хамтран хариуцагч: Дархан-Уул аймгийн ЗАА-д холбогдох

 

Дархан-Уул аймаг, Дархан сум, ....-р баг, .... дугаар хороолол, ...-р байрны ...-р орцны .... м.кв талбай бүхий зоорийн давхарыг худалдаж авсан үнэ болох 8 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н-, хариуцагчийн өмгөөлөгч Т.Б-, хариуцагч Дархан-Уул аймгийн ЗАА- албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ЧБА ХХК-ийн захирал Б.Ч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ОҮ ХХК-аас Дархан-Уул аймгийн Дархан сумын ... баг ... дугаар хороолол .... байрны ... орцны ... м.кв талбай бүхий зоорын давхарыг худалдаж авсан үнэ болох 8,000,000 төгрөгийг гаргуулах тухай гэж байгаа. Нэг ёсондоо худалдан авч байна гэж ойлгоод өгсөн 8,000,000 төгрөгөө гаргуулъя гэж байгаа. Ямар нэгэн байдлаар худалдан худалдан авах гэрээний үүрэг шаардаж байгаа зүйл байхгүй гэдгийг тодруулж хэлье. Болсон үйл явдаг бол 2013 оны 12 сарын 17-ны өдөр ЧБ ХХК-ийн нягтлан Б, ОҮ ХХК-ийн захирал Э нар Дархан-Уул аймгийн Дархан сумын .... баг .... дугаар хороолол .... байрны .... орцны .... м.кв талбай бүхий зоорын давхарыг 8,000,000 төгрөгийг бие биедээ шилжүүлж байгаа маягаар бичгээр хэлцэл хийж худалдаж авсан гэж ойлгоод явж байсан. 2014 оны 1 сараас ЧБА ХХК тухайн байрандаа үйл ажиллагаа явуулаад байж байхад нь 14 дүгээр СӨХ, Дархан-Уул аймгийн ЗА- дуудаж түрээсийн гэрээ хэлцэл хий гэдэг байдлаар 2014 оны 1 сард түрээсийн гэрээ хийгдэж, тухайн үл хөдлөх хөрөнгө буюу зоорийн давхарыг түрээсийн байдлаар эзэмшээд явсан байдаг.  Тухайн байрыг худалдаж авсан гэж ойлгож байсан. Ямар учраас түрээсийн гэрээ хийгээд байдаг юм бэ? гэдэг асуудлыг 2017 онд тодруулж асуухад “Энэ бол нийтийн эзэмшлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө учраас ямар нэг байдлаар худалдан борлуулах хууль зүйн үндэслэл  байхгүй. ОҮ- ХХК бол манайхтай гэрээ байгуулан ашиглаж байсан, танай компанид зарах эрх байхгүй тул СӨХ-тэй гэрээ хэлцэл байгуулсны үндсэн дээр эзэмшиж ашигладаг хөрөнгө” гэдгийг хэлж ойлголцсон байдаг. Ингээд ЧБА- ХХК-ийн зүгээс ОҮ ХХК-тай утсаар ярьж нөхцөл байдлыг тайлбарлаж хэд хэдэн удаа ярьсан боловч Э- утсаа авдаггүй. Нөхөр гэх хүн утсыг нь аваад гадагшаа дотогшоо явсан гэсэн шалтгаан хэлдэг байсан. Энэ компани нэгэнт зарах ёсгүй зүйлийг зараад хууль тогтоомжид нийцэхгүй байгаа гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Тухайн үед үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй юм уу гэж асуусан байгаа юм. Тэгэхэд зоорийн давхар учраас гэрчилгээ байхгүй, чамайг эзэмшээд явахад цаашид асуудал байхгүй гэж ярьсан байдаг. Тийм учраас итгэж мөнгө шилжүүлсэн асуудал байгаа. Хариуцагч байгууллага бол төлөхгүй гэж татгалзаж байгаа боловч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа тул энэ мөнгийг гаргуулж шийдвэрлэнэ үү гэж хүсэж байна гэв. 

 

Хариуцагч ОҮ- ХХК-ийн захирал Б.Э-, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н- нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Үл хөдлөх хөрөнгө худалдсан асуудал болоогүй. 2013 оны 12 сарын 27-ны өдөр Э- болон ЧБА- ХХК-ийн нягтлан Б-тай ярилцаж тохироод ажлын байраа үргэлжлүүлэн түрээслүүлээч гэж хүссэний дагуу тохироод хэлцэл хийсэн байгаа. Э- бол зоорийн давхарыг ашиглах явцдаа 8,000,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн. Шал тааз бүх  зүйлийг сольсон. Энэ зардалд орсон мөнгөө ЧБ- ХХК-аас авсан байгаа. СӨХ бол түрээсийн гэрээний дугаа засвар үйлчилгээний мөнгийг буцааж олгодоггүй, тийм болохоор засан сайжруулалт хийсэн мөнгийг өгөөд миний ашиглах эрхийг үндэслээд СӨХ-тэй гэрээ байгуулаад ашиглах эрхийг шилжүүлсэн. Түүнээс ямар нэг үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээ солилцсон зүйл байхгүй. Тухайн үед дундын өмч бөгөөд түрээсийн хэлбэрээр ашиглах боломжтой гэдгийг тодорхой тайлбарласан байгаа. Өмнө нь 4,5 сая төгрөгөөр тус зоорийн давхрын талбайг ашиглах эрхийг шилжүүлэн авч байсан. Үүнээс хойш Э- ямар нэг байдлаар үл хөдлөх хөрөнгө зарсан байсан бол мэдэх боломжтой байсан. Анх ямар байдалтай байсан талаар болон өмнө хийгдэж байсан түрээсийн гэрээг ЧБ- ХХК-д хүлээлгэж өгсөн. 2014 оны 1 сарын 1 өдрөөс түрээсийн гэрээ дуусгавар болж байсан. Үүнийг ЧБ- ХХК мэдэж байсан. Бид бусдын өмчийг худалдан борлуулчхаад зугтсан зүйл байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардалагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Хамтран хариуцагч Дархан-Уул аймгийн ЗАА-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

1.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д Орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхарын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам, сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгаан оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны + 00 тэмдэгээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна гэж заасан.

 

2. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.5-д дундын өмчлөлийн эд хөрөнгийг түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах талаарх гэрээг холбооны нэрийн өмнөөс байгуулах эрх үүргийг гүйцэтгэх захирал эдлэхээр заасан.

 

3. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2007 оны 5 дугаар тогтоол Нийтийн зориулалттай орон сууцны зоорийн давхарыг ашиглахад тавигдах шаардлага, зөвшөөрөл олгох, хяналт тавих журамыг баталсан байдаг. Журмаар нийтийн зориулалттай орон сууцны зоорийн давхарыг ашиглахыг хүсэгч аж ахуйн нэгж

байгууллага, иргэд, СӨХ, аймгийн Засаг даргын ажлын алба журмыг мөрдөж ажиллахаар заасан байдаг. Журмын дагуу ЗА-нд 2016 онд гэрээ байгуулахаар ЧБА- ХХК-ийн ирүүлсэн өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, АДС-ийн гүйцэтгэх захирал Н.Г-ын гаргасан 2018 оны 1/119 тоот хүсэлт болон холбогдох баримтыг үндэслэн гэрээ байгуулсан байдаг. Нийтийн зориулалттай орон сууцны зоорийн давхар түрээслэхийг хүсэгч нь хуулиар заасан С-ын гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээний дагуу хүсэлт ирүүлснийг хянан аймгийн ЗА гэрээг байгуулсан. Гэрээнд зоорийн давхарт хуулийн дагуу хориотой үйл ажиллагаа явуулахгүй байх тухай болон холбогдох Орон сууцны, Барилгын тухай хуулийн заалтуудыг зөрчихгүй байхаар заасан байдаг. Мөн аймгийн ЗА нь төрийн байгууллага бөгөөд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас зоорийн давхрын гэрээ байгуулсаны төлбөр хураамж авдаггүй болно. ЧБА- ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б- нь 2018 онд өөрийн ашиглаж байгаа зоорийн давхарыг худалдаж авсан тухайгаа захирагчийн албанд хэлсэн. Аймгийн ЗА-с зохих хуулийн заалтыг хэлж зөвлөн шүүхэд хандахыг зөвлөсөн. Үүнээс өмнө ЗА-нд ОҮ- компани болон ЧБА- компаний хооронд зоорийн давхарыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж мөнгө төгрөг өгч авалцсан, хүлээн авсан тухай мэдэгдээгүй, баримт байхгүй тул огт хамааралгүй нэхэмжлэл гаргаж байна. Иймд аймгийн ЗА нь Дархан сумын .... баг, ЧБА- ХХК-аас төлбөр хураамж аваагүй, холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЧБА- ХХК нь хариуцагч ОҮ- ХХК-д холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сум, ....-р баг, ... дугаар хороолол, ...-р байрны ...-р орцны .... м.кв талбай бүхий зоорийн давхарыг худалдаж авсан үнэ болох 8 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Дархан-Уул аймгийн ЗА-г татан оролцуулсан болно.

Хариуцагч ОҮ- ХХК нь тухайн зоорийн давхарыг зарж борлуулсан зүйл байхгүй, өөрсдийн хөрөнгөөр засан сайжруулалт хийсэн зардлаа авч СӨХ-тэй гэрээ байгуулаад ашиглах эрхийг шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Хамтран хариуцагч Дархан-Уул аймгийн ЗА нь маргааны зүйл болох зоорийн давхар нь сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгө, түрээслэх, эзэмшүүлэх, ашиглуулах талаар гарсан журмын дагуу 2016 онд ЧБА- ХХК түрээсэлж байсан. Энэ компаниас  төлбөр хураамж аваагүй, хууль тогтоомжийг зөрчөөгүй тул холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбар гаргасан болно.

 

Хариуцагч ОҮ- ХХК нь АД- СӨХ-той 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Нийтийн зориулалттай орон сууцны байрны зоорийн давхарыг түрээслүүлэх гэрээг байгуулан, Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ... дугаар хороолол, ....-р байрны ....-р орцны .... м.кв талбай бүхий зоорийн давхарыг 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаатайгаар, сарын 10 000 төгрөгийг тухайн сарын 15-ны дотор тооцоог АД- СӨХ-ын дансанд төлж байхаар, төлбөрийг хойшлуулсан тохиолдолд хоног тутам 0,5 хувиар торгууль төлөхөөр гэрээ байгуулан түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаад 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зоорийн давхарыг 8 000 000 төгрөгөөр ЧБА- ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй болно.

Нэхэмжлэгч ЧБА- ХХК нь 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс АД сөх-тэй Дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ байгуулан эзэмшиж, ашиглаж байгаа болох нь хэрэгт авагдсан гэрээнүүд, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Маргааны зүйл болох Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, .... дугаар хороолол,

....-р байрны ....-р орцны ..... м.кв талбай бүхий зоорийн давхар нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д орон сууцны

байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна, 15.4.Сууц өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчилнө гэж зааснаар сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгө байна.

Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаартай Журам батлах тухай тогтоолоор Нийтийн орон сууцны зоорийн давхарыг ашиглахад тавигдах шаардлага, зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг баталсан байх бөгөөд журмын 2.4.5-д зоорийн давхарыг бусдад дамжуулан түрээслэх, худалдан худалдан авахыг хориглох, 3.1-д зоорийн давхарыг түрээсээр ашиглахыг хүссэн иргэд, аж ахуйн нэгж байгууллага нь энэ журмын 2.1-д заасан бичиг баримт, материалыг бүрдүүлж хотын Захирагчийн албанд ирүүлнэ гэж заасан байх бөгөөд  хариуцагч ОҮ- ХХК нь дээрх журмыг зөрчиж, АД- сөх-той түрээсийн гэрээний дагуу түрээсэлж байгаад зоорийн давхарыг нэхэмжлэгч ЧБА- ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 323.1-д зааснаар түрээслэгч түрээсэлсэн эд хөрөнгийг гагцхүү түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр дамжуулан түрээсэлж болно гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн байна.

 

Хариуцагч ОҮ- ХХК нь өөрсдийн хөрөнгөөр засан сайжруулалт хийсэн зардлаа авч СӨХ-тэй гэрээ байгуулаад ашиглах эрхийг шилжүүлсэн гэж маргаж байгаа боловч засан сайжруулж тохижуулсаны зардлыг АД сууц өмчлөгчдийн холбоотой байгуулсан түрээсийн гэрээний дагуу шаардах эрхтэй болохоос нэхэмжлэгч ЧБА- ХХК-д зарж борлуулах эрх зүйн үндэслэлгүй байна. 

 

Иймд талуудын хооронд байгуулсан хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хийсэн цагаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу үндэслэлгүй хөрөнгөжсөн хариуцагч ОҮ- ХХК-аас төлбөрт шилжүүлсэн 8 000 000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ЧБА- ХХК-д олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч ЧБА- ХХК нь хэрэг хянан хэлэлцэх  шүүх хуралдаанд хамтран хариуцагч Дархан-Уул аймгийн ЗА-с татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч ЧБА- ХХК-нь шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.С-, хариуцагч ОҮ- ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр С.Н-, хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр өмгөөлөгчөөр Т.Б- нар шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч ОҮ- ХХК-аас 8 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЧБА- ХХК-д олгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ЧБА- ХХК нь хамтран хариуцагч Дархан-Уул аймгийн ЗА-нд холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1–д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 142950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 142950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.АЛТАНТУЯА