Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0483/З |
Дугаар | 139 |
Огноо | 2020-02-19 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 139
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нарыг оролцуулан “О.У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, МУЗГ-т холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийв.
Гомдол гаргагч: “О.У” ХХК, /РД:25659../
Хариуцагч: МУЗГ
Нэхэмжлэлийн шаардлага: МУЗГ-ын 2010 оны 140 дүгээр тогтоолын “О.У” ХХК-д холбогдолтой хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, МУЗГ-ын 2016 оны 154 дүгээр тогтоолын “О.У” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, MV-0118.. тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг ТЭЗҮ-ийн дагуу ашиглаж чадаагүйгээс учирсан хохиролд 889.0 сая.төгрөг гаргуулах
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “О.У” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... “О.У” ХХК нь 1999 оноос хойш Төв аймгийн С******* сумын Т******* толгой нэртэй газарт 96 гектар газарт MV-0118.. тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа эрхэлж ирсэн. Манай компани нь тусгай зөвшөөрлийг эзэмших явцдаа байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйн тулд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу ажиллаж байсан бөгөөд 2008 онд Бөхөг голын элс-хайрганы холимгийн ордыг ашиглах төсөл гаргаж түүнийхээ хүрээнд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан хэрэгжүүлж дүгнэлт нь төслийн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн эрчим, далайц нь бага гэж гарсан. Үүний дагуу бид тус төслийг хэрэгжүүлсэн бөгөөд мөн 2013 оноос 2014 онд Т******* толгой нэртэй ил уурхайн уулын ажлын төлөвлөгөөг боловсруулж 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байсан. Төслийн нийт хөрөнгө оруулалт 982.800.000 /есөн зуун наян хоёр сая найман зуун мянган/ төгрөг, төсөл ашиглалтын хугацаанд борлуулалтын нийт орлого 7.518.100.000 /долоон тэрбум таван зуун арван найман сая нэг зуун мянган/ төгрөг, ашиглалтын зардал 3.956.800.000 /гурван тэрбум есөн зуун тавин зургаан сая найман зуун мянган/ төгрөг, улсын төсөвт оруулах татвар, хураамж 1.887.590.000 /нэг тэрбум найман зуун наян долоон сая таван зуун ерэн мянган/ төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татвар 220.600.000 /хоёр зуун хорин сая зургаан зуун мянган/ төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны татвар 375.910.000 /гурван зуун далан таван сая есөн зуун арван мянган/ төгрөг байхаар төлөвлөсөн байсан.
Гэвч 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Засгийн газраас Тусгай хэрэгцээний газарт хамааруулах тухай 140 дүгээр тогтоол гарч дээрх төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжгүй байдалд хүрсэн. Засгийн газрын уг тогтоолыг манай компанид тогтоол гармагц мэдэгдээгүй байдаг бөгөөд манай компанийн зүгээс 2014 онд мэдсэн.
Мөн тус тогтоол нь 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтыг үндэслэсэн байдаг. Тогтоолын тогтоох хэсгийн 1-д "... Төв аймгийн С******* сумын Хөшигтийн хөндийд баригдах Олон улсын нисэх онгоцны буудал-ын нутагт дэвсгэрт орших 12084.9 га газрыг тусгай хэрэгцээнд авч мөн тусгай хэрэгцээний газрын хилийн заагийг тогтоосон хавсралтын 7 дахь хэсэгт дурдсанаар манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 96 га газрын 90 хувь буюу 76.25 га газар хамаарагдсан байдаг.
Улсын тусгай хэрэгцээний газар гэж Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т зааснаар Газрын тухай хуулийн 17, 18.2, 20 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг ойлгоно гэж тодорхойлсон байна.
Засгийн газар нь Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан тодорхой бүрэн эрхүүдийг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага мөн юм.
Гэвч Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоолын үндэслэл болсон тухайн үеийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтад энэ хуулийн 16.1.5-16.1.83-д заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх гэж, газрыг тусгай хэрэгцээнд авах төрийн гүйцэтгэх дээд байгууллагын эрх хэмжээг тогтоохдоо шинжлэх ухаан, технологийн сорилт, туршилт болон байгаль орчин, цаг агаарын төлөв байдлын байнгын ажиглалтын талбай, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбай гэж тодорхойлсон байдаг. Дээр дурдсан зориулалтад манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газар орох үндэслэлгүй байхад хамааруулсан нь манай компанийн газар эзэмших, ашиглах эрхийг зөрчсөн гэж үзэж байна.
Харин Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13-т үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар гэсэн заалтыг нэмж, 18 дугаар зүйлийн 18.1.2-т нь энэ хуулийн 16.1.5, 16.1.6, 16.1.7, 16.1.8, 16.1.13, 16.1.14-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх гэж өөрчлөн найруулсан байдаг.
Хэдийгээр Газрын тухай хуульд тус өөрчлөлт орсон боловч, өөрчлөн найруулахаас өмнө байхгүй хуулийн заалтад үндэслэж манай компанийн газрыг тусгай хэрэгцээнд авсан нь Засгийн газар бүрэн эрхээ хэтрүүлсэн гэж үзэж болохоор байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 4-т Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах, уг газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглавал хураан авч болно, 16 дугаар зүйлийн 3-д ... хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэж заасан байдаг. Гэвч тус тогтоолын тогтоох хэсгийн 2-т Тусгай хэрэгцээнд авсан дээрх газарт иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газрыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд солих, эргүүлэн авахад шаардлагатай хөрөнгийг талаар холбогдох судалгаа хийж, тооцоо гарган дүнг 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор Засгийн газарт танилцуулахыг ... заасан хэсэг хэрэгжсэн эсэх нь огт тодорхойгүй.
Мөн тус тогтоол гарсны дараа Төв аймгийн С******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 60 дугаар тогтоол гарч, үлдсэн 10 хувийн газрыг ч ашиглах боломжгүй болсон. Манай компанийн зүгээс газрын төлбөрийг цаг тухайд нь огт алдагдалгүй төлж ирсэн бөгөөд тухайн газарт төсөл хэрэгжүүлэх зорилгоор их хэмжээний мөнгөөр хөрөнгө оруулсан байдаг. Харин одоо газар ч үгүй, улсаас авсан нөхөн олговор ч үгүй хоцроод байна.
2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 140 дүгээр Засгийн газрын тогтоол нь 2002 оны Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт ороогүй байхад гарсан. Нэмэлт өөрчлөлт ороогүй хуулийн дагуу бол Засгийн газрын зүгээс газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрх нь доор дурдсан шинжлэх ухаан, технологийн сорилт, туршилт болон байгаль орчин, цаг агаарын төлөв байдлын байнгын ажиглалтын талбай; бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбай зориулалтаар хязгаарлагддаг. Нийтийн эрх зүйд төрийн байгууллага, албан тушаалтанд зөвшөөрснөөс бусдыг хориглоно гэх зарчим үйлчилдэг. Бүрэн эрхэд нь хамаарахгүй асуудлаар тогтоол гаргасан нь зөвхөн хуулийн заалтыг зөрчсөнөөс гадна нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг зөрчсөн ноцтой үйлдэл юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 4-т Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах, уг газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглавал хураан авч болно, 16 дугаар зүйлийн 3-т заасан "... Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн гэх заалтыг тогтоолдоо хангаагүй. Энэ талаар судлах ажлыг тодорхой хүмүүст даалгасан боловч хэрэгжсэн эсэх нь тодорхойгүй буюу зөвхөн иргэдээс тусгай хэрэгцээнд авах газрын хэрэгжилт хангагдаж байгаа тал дээр л анхаарал хандуулсан болохоос биш буцаад иргэддээ олгох нөхөн олговрын талаар огт анхаараагүй.
Дээр дурдсаны дагуу Засгийн газрын Тусгай хэрэгцээний газарт хамааруулах тухай 140 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн Хууль, 2002 оны нэмэлт өөрчлөлт ороогүй байсан Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.
“О.У” ХХК-ийн зүгээс илт хууль бус тогтоолын улмаас шударгаар олж авсан газраа алдаж, түүнийхээ оронд нөхөн олговор ч авч чадалгүй их хэмжээгээр хохирсон тул Тусгай хэрэгцээний газарт хамааруулах тухай тогтоолд холбогдох гомдлоо 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр МУЗГ-т хандан гаргасан боловч өнөөдрийг хүртэл тодорхой хариу өгөхгүй, хохироосоор байна. /Барилга, хот байгуулалтын яамны албан бичиг/
Одоогийн байдлаар манай компанийн эзэмшилд байсан Төв аймгийн С******* сумын Т******* толгой газарт Хөшигтийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал баригдаж ашиглалтад орсон, үйл ажиллагаагаа явуулж байгаа тул тус газарт манай компани үйл ажиллагаа явуулах боломжгүй болсныг дурдах нь зүйтэй. /Хүснэгтээр харуулав./
2010 онд МУЗГ-т манай компанид олгосон дээрх тусгай зөвшөөрөл бүхий талбайг улсын тусгай хэрэгцээнд дайчлан авах хуулиар олгогдсон эрх хэмжээ байхгүй байсан. Гэтэл МУЗГ нь эрх хэмжээгээ хэтрүүлэн манай компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээнд авсан нь манай компанийн тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг ноцтой зөрчсөн.
Түүнчлэн манай компанийн буюу “О.У” ХХК-ийн эзэмшлийн МV-0118.. тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн тодорхой хэсгийг тусгай хэрэгцээнд авах ямар нэгэн хүчин төгөлдөр тогтоол шийдвэр одоог хүртэл гараагүй.
Хэдийгээр 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Газрын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газарт үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах эрх олгогдсон боловч энэ эрх нь 2010 оны 140 тоот хууль бус тогтоолд бусад үйлчлэхгүй юм.
Засгийн Газрын 2016 оны 154 тоот тогтоол нь Засгийн Газрын 2010 оны 140 дүгээр тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан газрын солбицолд л өөрчлөлт оруулсан тогтоол болохоос энэ тогтоолоор тус талбайг тусгай хэрэгцээнд аваагүй юм.
Сүүлд хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмнө нь гаргасан хууль бус шийдвэртээ өөрчлөлт оруулах нь хууль зүйн үндэслэлгүй үйл ажиллагаа юм.
Иймд Засгийн газрын дээрх хоёр тогтоолын хүрээнд манай компанийн хууль ёсоор олж авсан МV-0118.. тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших эрх ноцтойгоор зөрчиж, уг талбай дээр хэрэгжүүлэх байсан 7.518.100.000 /долоон тэрбум таван зуун арван найман сая нэг зуун мянган/ төгрөгийн үнийн дүн бүхий төслийг зогсоож, манай компанид хохирол учруулаад байна. Манай компани энэхүү төслийг хэрэгжүүлснээр 1,231,740,000 /нэг тэрбум хоёр зуун гучин нэгэн сая долоон зуун дөчин мянган/ төгрөгийн цэвэр ашиг олох байсныг хохиролд тооцож гаргуулж өгнө үү.
МУЗГ-ын 2010 оны 140 дугаар тогтоолын “О.У” ХХК-д холбогдолтой хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, тус хууль бус тогтоолын улмаас “О.У” ХХК-д 1,231,740,000 /нэг тэрбум хоёр зуун гучин нэгэн сая долоон зуун дөчин мянган/ хохирол учирсан болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу учирсан хохирол, нөхөх төлбөрийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ...Нэхэмжлэгч “О.У” ХХК нь МУЗГ-т холбогдуулан МУЗГ-ын 2010 оны 140 дүгээр тогтоолын “О.У” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, нөхөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч МУЗГ-ын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154 дугаартай тогтоолын 1 дэх заалтаар Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Тусгай хэрэгцээний газрын хилийн зааг-ийн 7 дахь заалтыг өөрчлөн найруулж, Төв аймгийн С******* сумын нутагт орших Хөшигтийн хөндий (Олон улсын нисэх онгоцны буудал)-д зориулж тусгай хэрэгцээнд авсан газрын хилийн зааг (солбицол)-ийг өөрчлөн тогтоосон байдаг. Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоолын хүрээнд “О.У” ХХК-ийн Төв аймгийн С******* сумын нутагт дэвсгэрт орших Т******* толгойн 96,7 га талбай бүхий МV-0118.. тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн 76,25 га талбай нь Засгийн газраас тусгай хэрэгцээнд авсан талбайтай давхцалтай, үлдсэн 20,46 га талбай нь давхцалгүй байсан. Харин Засгийн газрын 2016 оны 154 дүгээр тогтоол гарснаар Засгийн газраас тусгай хэрэгцээнд авсан талбайтай давхцалгүй байсан 20,46 га талбай нь тусгай хэрэгцээнд орсон буюу “О.У” ХХК-д МV-0118.. тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн 9.7 га талбай Засгийн газраас тусгай хэрэгцээнд авсан талбайтай 100 хувийн давхцалтай болсон байна.
Засгийн газраас “О.У” ХХК-д М\/-0118.. тоот ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон байсан 96,7 га талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээний газарт хамааруулах болсон талаар урьдчилан мэдэгдэж ямар нэгэн арга хэмжээ аваагүй бөгөөд тухайн талбайг тусгай хэрэгцээнд авахдаа өмнө Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан шаардлагыг хангаагүй /биелүүлээгүй/ байх тул Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154 дугаартай тогтоолын “О.У” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. гэжээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодруулахдаа: ... “О.У” ХХК нь Төв аймгийн С******* сумын нутагт орших Бөхөг голын элс хайрганы ордын Т******* толгой нэртэй талбайг ил уурхайн аргаар ашиглах төслийн техник эдийн засгийн үндэслэлийг 2013 оны Л Э ХХК-иар гүйцэтгүүлж, Уул уурхайн яам, Ашигт малтмалын газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, 13-16-08 дугаартай дүгнэлт гарсан.
Төсөл /ТЭЗҮ/ нь ордын нөөцөд тулгуурлан 150.0 мян.м3 элс хайрга олборлох хүчин чадалтайгаар 4 жилийн хугацаанд ашиглахаар боловсруулагдсан бөгөөд аж ахуйн нэгжийн татварын дараах цэвэр ашиг 889.0 сая төгрөг байхаар тооцоологдож байна.
2013 оны байдлаар төслийн нийт хөрөнгө оруулалт 982.8 сая төгрөг, төсөлд ашиглалтын хугацаанд борлуулалтын нийт орлого 7518.1 сая төгрөг, ашиглалтын зардал 3956.8 сая төгрөг, улсын төсөвт оруулах татвар, хураамж 1887.59 сая төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 220.6 сая төгрөг, АМНАТатвар 375.91 сая төгрөг төлөвлөсөн ба төслийн цэвэр үнэ цэнийг 10 хувийн дискаунтаар бодоход NPV=576.59 сая төгрөг, боломжит дотоод өгөөжийн хувь IRR=28%, хөрөнгө оруулалтаа 2.8 дахь жилдээ нөхөхөөр байсан.
Засгийн газрын 2010 оны 140, 2016 оны 154 дүгээр тогтоолуудын дагуу “О.У” ХХК-ийн эзэмшдэг MV-0118.. тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 96,7 гектар талбай бүхэлдээ тусгай хэрэгцээнд хамрагдсанаар ТЭЗҮ-д заасан хугацаанд төслийг хэрэгжүүлэх боломжгүй болж, төслөөс хүртэх ашгаа хүртэж чадалгүй хохирсон.
Иймд МУЗГ-ын 2010 оны 140 дүгээр тогтоолын “О.У” ХХК-д холбогдолтой хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, МУЗГ-ын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолын “О.У” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, MV-0118.. тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг ТЭЗҮ-ийн дагуу ашиглаж чадаагүйгээс учирсан хохиролд 889.0 сая.төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...”О.У” ХХК-ийн Засгийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч тайлбар гаргаж байна. Үүнд:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд ... “О.У” ХХК нь 1999 оноос хойш Төв аймгийн С******* сумын Т******* толгой нэртэй газарт 96 гектар МҮ-0118.. тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа эрхэлж ирсэн гэсэн нь Ашигт малтмалын тухай 4 дүгээр зүйлийн 4.1.16-д ашиглалтын тусгай зөвшөөрөл гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг гэж заасны дагуу ашигт малтмал ашиглах эрхтэйгээ тодорхойлж, харин газар өмчлөгч эсхүл эзэмшигч этгээд биш болохоо нотолсон байна.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “О.У” ХХК нь 1999 оноос хойш Төв аймгийн С******* сумын Т******* толгой нэртэй газарт 96 гектар газарт МV-0118.. тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа эрхэлж ирсэн ... гэсэн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасантай нийцэхгүй, газар эзэмших гэрчилгээгүй зөвхөн газар ашиглагч этгээд гэдэг нь нотлогдож байна.
3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ: Гэвч 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Засгийн газраас Тусгай хэрэгцээний газарт хамааруулах тухай 140 дүгээр тогтоол гарч дээрх төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжгүй байдалд хүрсэн юм гэсэн нь ямар ч үндэслэлгүй болох нь нэхэмжлэгчийн "... Засгийн газрын уг тогтоолыг манай компанид тогтоол гармагц мэдэгдээгүй байдаг бөгөөд манай компанийн зүгээс 2014 онд мэдсэн гэж нэхэмжлэлдээ дурдсанаар нотлогдож байна.
4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ... Засгийн газрын уг тогтоолыг манай компанид тогтоол гармагц мэдэгдээгүй байдаг бөгөөд манай компанийн зүгээс 2014 онд мэдсэн гэсэн нь газрыг тусгай хэрэгцээнд авсан Засгийн газрын тогтоол 2010 онд гарч “О.У” ХХК-гийн зүгээс ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулахад саад болоогүй бөгөөд төслийн үйл ажиллагаагаа 2013-2014 онд үргэлжлүүлэн явуулж дуусгавар болгох хангалттай хугацаа байсныг нотолж байна.
5. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "... тусгай зөвшөөрөл бүхий газар орох үндэслэлгүй байхад хамааруулсан нь манай компанийн газар эзэмших, ашиглах эрхийг зөрчсөн гэж үзэж байна гэсэн нь “О.У” ХХК нь Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших гэрчилгээ аваагүй нь газар эзэмших, ашиглах эрхийг нь зөрчөөгүй болохыг нотолж байна.
6. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ... МУЗГ нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн манай компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээнд авсан нь манай компанийн тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг ноцтой зөрчсөн гэсэн нь Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд газрыг тусгай хэрэгцээнд авснаар үгүйсгэгдэж, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д тодорхой газрыг нөөц болон тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлэх ... гэж заасан нь Засгийн газар эрх мэдлээ хэтрүүлээгүйг нотолсон байна.
7. МУЗГ-ын 2010 оны 140 дүгээр тогтоолын 2-т Тусгай хэрэгцээнд авсан дээрх газарт иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж өмчилж байгаа газрыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд солих, эргүүлэн авахад шаардлагатай хөрөнгийн талаар холбогдох судалгаа хийж, тооцоо гарган дүнг танилцуулахыг даалгасугай гэж зааснаар Засгийн газраас судалгаа, тооцоо хийж танилцуулахыг даалгасан байгаа нь Газрын тухай хуулийн дагуу Засгийн газар шийдвэрээ гаргасныг нотолж байна.
8. МУЗГ-ын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолын 1-д ... тус тус тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийг 1 дүгээр хавсралт ёсоор тогтоосугай гэсэн нь Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т Энэ хуулийн 16.1.5, 16.1.6, 16.1.7, 16.1.8, 16.113, 16.1.14-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах ... гэж заасантай нийцэж байгаа тул Засгийн газрын тогтоолыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх үндэслэл байхгүй байна.
9. Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн гэж заасны дагуу Засгийн газраас өмчлөх эрхээ хууль ёсны дагуу хэрэгжүүлсэн үйлдэл байна.
10. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ: “О.У” ХХК-д Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоолыг мэдэгдээгүй ... гэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг нийтэд мэдэгдэх бөгөөд захиргааны актыг үйлчлэх тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд хэвшсэн журмаар нийтэд танилцуулснаас хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно гэж, мөн хуульд хэвшсэн журмаар нийтэд танилцуулах гэж захиргааны байгууллагын албан ёсны мэдээллийн самбар цахим хуудас орон нутгийн болон үндэсний шинжтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг ойлгоно гэж зааснаар Улсын Их Хурал, Засгийн газраас нийтээр даган мөрдөх бүх шийдвэр, тогтоол нь албан ёсоор Хууль зүй, дотоод хэргийн яамнаас эрхлэн гаргадаг төрийн мэдээлэл сэтгүүл, www.legalinfo.mn цахим хуудсанд тухай бүрдээ хэвлэгдэн нийтлэгдэж байгаа нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болохыг бүрэн нотолж байна.
11. “О.У” ХХК нь нэхэмжлэлдээ ... 1.231.740.000 төгрөг /нэг тэр бум хоёр зуун гучин нэгэн сая долоон зуун дөчин мянган/ төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу учирсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж өгнө үү гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шаардлага болох нь Ашигт малтмалын тухай хуулийг үндэслэн тусгай зөвшөөрлийн дагуу төсөл хэрэгжүүлэх ажлыг нь 2014 он хүртэл хэн ч хязгаарлаагүй, мөн Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д Нөхөх олговор нь газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хамаарахгүй гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн дагуу газар ашиглаж байгаа аж ахуйн нэгж нөхөн олговор шаардах эрхгүй байгаа зэргээр нотлогдож байна.
12. 3асгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоол гарах үед Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулах хууль эрх зүйн зохицуулалт байгаагүй бөгөөд Захиргааны ерөнхий хууль нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн нь Захиргааны ерөнхий хуулийг буцаан хэрэглэх хууль эрх зүйн үндэслэл байхгүйг давхар нотолж байна. Иймд Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хуулийн холбогдох заалттай нийцэхгүй байгаа “О.У” ХХК-ийн нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох гэж заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад холбоотойгоор ирүүлсэн нэмэлт тайлбартаа: ... 1. Нэхэмжлэгч “О.У” ХХК нь 1999 онд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авсан боловч өнөөг хүртэл 20 жилийн хугацаанд газраа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх тул нөхөн олговор шаардах газар эзэмших эрхгүй этгээд болох нь нотлогдож байна
2. Нэхэмжлэгч “О.У” ХХК-ийн нэхэмжлэлд ... 96,7 га талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээний газарт хамааруулсан талаар урьдчилан мэдэгдэж, ямар нэгэн арга хэмжээ аваагүй ... гэсэн нь үндэслэлгүй бөгөөд газар ашиглах гэрээг өнөөг хүртэл байгуулаагүй, холбогдох эзэн этгээд, оршин байх хаяг тодорхой бус байсан нь нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас хамааралтай байна.
3. Нэхэмжлэгч “О.У” ХХК нь тусгай зөвшөөрөл авсан боловч ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөр төлөөгүй, газар ашиглах гэрээ байгуулаагүй зэрэг нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна.
Иймд нэхэмжлэгч “О.У” ХХК-ийн нэхэмжлэгчийн шаардлага нь Газрын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “О.У” ХХК МУЗГ-ын 2010 оны 140 дүгээр тогтоолын “О.У” ХХК-д холбогдолтой хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, МУЗГ-ын 2016 оны 154 дүгээр тогтоолын “О.У” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, MV-0118.. тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг ТЭЗҮ-ийн дагуу ашиглаж чадаагүйгээс учирсан хохиролд 889.0 сая.төгрөг гаргуулах гэж эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
МУЗГ-ын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Тусгай хэрэгцээний газарт хамааруулах тухай 140 дүгээр тогтоолоор Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т заасныг үндэслэн Төв аймгийн С******* сумын Хөшигтийн хөндийд баригдах Олон улсын нисэх онгоцны буудлын дэвсгэр нутагт орших 12084.9 га газрыг тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийг тогтоосноор “О.У” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 96 га газрын 90 хувь буюу 76.25 га газар хамаарагдсан нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн гэж маргасан.
Маргаан бүхий 140 дугаар тогтоол гарах үед хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Засгийн газар газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ., 18.1.2-т Энэ хуулийн 16.1.5-16.1.8-д заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх гэж, газрыг тусгай хэрэгцээнд авах төрийн гүйцэтгэх дээд байгууллагын эрх хэмжээг тогтоохдоо шинжлэх ухаан, технологийн сорилт, туршилт болон байгаль орчин, цаг агаарын төлөв байдлын байнгын ажиглалтын талбай; бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбай гэж тодорхойлсон байна.
Энэ нь хариуцагч МУЗГ нь Газрын тухай хуульд заасан зориулалтын бусаар, өөрөөр хэлбэл Олон улсын нисэх онгоцны буудал барих зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан нь уг 140 дүгээр тогтоолын үндэслэл болсон Газрын тухай хуулийн 18.1.2 дахь заалттай нийцэхгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн ... Засгийн газарт 140 дугаар тогтоолыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй ... гэх тайлбар үндэслэлтэй боловч 1999 оноос хойш Төв аймгийн С******* сумын Т******* толгой нэртэй газарт 96 гектар газарт МV-0118.. тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй “О.У” ХХК нь Газрын тухай хуулийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасны дагуу тухайн газарт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөө эргэлтэд оруулаагүйд хариуцагчийг буруутгах боломжгүй. Учир нь Ашигт малтмалын тухай 4 дүгээр зүйлийн 4.1.16-д ашиглалтын тусгай зөвшөөрөл гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг гэж заасан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... 1999 оноос хойш өнөөдрийг болтол 21 жилийн хугацаанд ямар ч ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй, газар эзэмших гэрээ, гэрчилгээ байхгүй, газрын төлбөр төлөөгүй тул нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй... гэх тайлбар үндэслэлтэй.
Иймд “О.У” ХХК Засгийн газрын 140 дүгээр тогтоолыг нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж гарсан гэж маргаж, илт хууль бус захиргааны актад тооцох шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна.
Мөн шүүхийн шийдвэр бодит нөхцөл байдалд биелэгдэх боломжтой байх зарчмын үүднээс Засгийн газрын 140 дугаар тогтоолыг илт хууль бусад тооцох шаардлага хангагдсан ч нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжгүй. Учир нь Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13-т үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар гэсэн заалтыг нэмж, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т энэ хуулийн 16.1.5, 16.1.6, 16.1.7, 16.1.8, 16.1.13, 16.1.14-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх гэж өөрчлөн найруулсан. Улмаар Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13, 18.1.2-т заасныг үндэслэн МУЗГ-ын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 154 дүгээр тогтоолоор Төв аймгийн С******* сумын нутаг дэвсгэрт орших Хөшигтийн хөндийн тусгай хэрэгцээнд авсан газрын солбицлыг өөрчилсөн.
Нэхэмжлэгч “О.У” ХХК-ийн тус байршилд 96 га газар эзэмших Засаг даргын захирамж, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ байхгүй, газрын төлбөр төлж байгаагүй нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож, энэ талаар нэхэмжлэгчээс үгүйсгэж маргаагүй боловч МV-0118.. тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг ТЭЗҮ-ийн дагуу ашиглаж чадаагүйгээс учирсан хохирол 889.0 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Газрын тухай хуулийн 42, 46 дугаар зүйлд газар эзэмших гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авах, бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрыг нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд авах, ашиглах харилцааг тусгайлан зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч “О.У” ХХК-ийн хувьд Засгийн газрын 140 дүгээр тогтоол гаргах үед ч, 154 дүгээр тогтоолоор газрыг тусгай хэрэгцээнд авч газрын солбицлыг өөрчлөхөд ч тухайн газрыг эзэмших, ашиглах эрх хууль ёсны дагуу үүсээгүй байсан байна.
Нэхэмжлэгчээс ...2013 оноос 2014 онд Т******* толгой нэртэй ил уурхайн уулын ажлын төлөвлөгөөг боловсруулж 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байсан, төслийн нийт хөрөнгө оруулалт 982.800.000 төгрөг, төсөл ашиглалтын хугацаанд борлуулалтын нийт орлого 7.518.100.000 төгрөг, ашиглалтын зардал 3.956.800.000 төгрөг, улсын төсөвт оруулах татвар, хураамж 1.887.590.000 төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татвар 220.600.000 төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны татвар 375.910.000 төгрөг байхаар төлөвлөсөн байсан..., Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т Хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн гэх заалтыг хариуцагч тогтоолдоо хангаагүй гэж маргасан.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан 1983 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн хурлын 122 дугаар тэмдэглэлд 1982 онд Төв аймгийн Зуунмод хот орчимд хийгдсэн элс хайрга болон элсэнцэрийн хайгуулын ажиллагааны үр дүн болон тус аймгийн Бөхөг голын элс, хайрга, дайрганы орд газрын урьдчилсан хайгуулын ажиллагааны үр дүнг бүрэн хүлээн зөвшөөрч сайн гэсэн үнэлгээгээр дүгнэж, нөөцийг 1982 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар тогтоож тооцоолж, орд газруудыг Улсын ашигт малтмалын нөөцийн санд бүртгэхийг даалгаж, хайгуулын явцад 128.8 мянган төгрөгийн зардлыг Улсын геологийн төв экспедицийн төсвөөс хассан байна. Үүнээс дүгнэхэд улсын төсвийн хөрөнгөөр тухайн газарт ашигт малтмалын хайгуулын ажлыг хийж, ордын нөөцийг тогтоож байсан байна.
Мөн хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар[1] нэхэмжлэгч тухайн талбайдаа үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд энэ үйл баримттай “О.У” ХХК-ийн зүгээс үгүйсгэж маргаагүй. Хэрэгт авагдсан баримтаар[2] нэхэмжлэгчээс MV-0118.. тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө төлж байсан нь тогтоогдож байх боловч энэ нь тухайн газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулсны төлбөр биш Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийн төлбөр байна.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... тусгай зөвшөөрлийн дагуу төсөл хэрэгжүүлэх ажлыг нь 2014 он хүртэл хэн ч хязгаарлаагүй, мөн Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д Нөхөх олговор нь газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хамаарахгүй гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн дагуу газар ашиглаж байгаа аж ахуйн нэгж нөхөн олговор шаардах эрхгүй... гэх тайлбарыг буруутгах боломжгүй. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчээс хэдийгээр санхүүгийн боломжгүй байдлаас тухайн газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж тайлбарлах боловч энэ нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй тул МV-0118.. тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг ТЭЗҮ-ийн дагуу ашиглаж чадаагүйгээс учирсан хохирол 889.0 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй.
Нэхэмжлэгчээс ... Засгийн газрын тогтоол Газрын тухай хуулийг үндэслэсэн нь буруу Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн байх ёстой гэж маргасан тухайд.
Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Газрын тухай хууль, ... бусад актаас бүрдэнэ., 4 дүгээр зүйлийн 4.1.1-д Ашигт малтмал гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглах болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг ойлгоно гэснээс дүгнэхэд ашигт малтмал нь тухайн газрын гадаргуу болон хэвлийтэй салшгүй холбоотой ойлголт тул Засгийн газрын дээрх тогтоолууд Газрын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэснийг буруутгах боломжгүй.
Мөн Газрын тухай хуульд газар эзэмших гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авахад нөхөх олговор олгох, Ашигт малтмалын тухай хуульд нөөц болон тусгай хэрэгцээнд авч, тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглосон тохиолдолд нөхөх олговрыг мөн олгохоор тус тус зохицуулсан болохоос 1999 оноос хойш өөрсдийн буруугаас тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй байж 1983 онд батлагдсан ТЭЗҮ-ийн дагуу ашиглаж чадаагүйгээс учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулахыг шаардах хуулийн зохицуулалт байхгүй. Хохирол, нөхөн олговор гэдэг нь утга агуулгын хувьд ч, хууль зүйн үр дагаврын хувьд ч тусдаа ойлголт юм.
Нэхэмжлэгчийн ... тусгай хэрэгцээнд авсан дээрх газарт иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газрыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд солих, эргүүлэн авахад шаардлагатай хөрөнгийн талаар холбогдох судалгаа хийж, тооцоо гарган дүнг Засгийн газарт танилцуулахыг ... заасан ч хэрэгжсэн эсэх нь тодорхойгүй гэх тухайд.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны А/25 дугаар тушаалаар байгуулагдсан Барилга, хот байгуулалтын яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Төв аймгийн С******* сумын газрын даамлуудыг оролцуулсан 19 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг улсын тусгай хэрэгцээнд авсан 12084.9 га газрын хилийн заагт хамрагдаж буй бусдын эзэмшил, ашиглалт, өмчлөлд олгогдсон 126 нэгж талбарын нарийвчилсан судалгааг хийж, шинэ нисэх онгоцны буудлын дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, олон улсын аэродромд тавигдах техникийн шаардлагатай уялдуулан дүгнэлт, зөвлөмж[3] гаргасан байна. Уг судалгаанд хамрагдсан бусдын эзэмшил, ашиглалт, өмчлөлд олгогдсон 126 нэгж талбарт “О.У” ХХК хамрагдаагүй нь 1999 оноос хойш өнөөдрийг болтол 21 жилийн хугацаанд ямар ч ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй, газар эзэмших гэрээ, гэрчилгээ байхгүй, газрын төлбөр төлөөгүйтэй холбоотойгоор бүртгэлд байхгүй байжээ.
Мөн шүүх хуралдааны мэтгэлцээний явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... нэхэмжлэгчтэй хамт тухайн газарт очиход нэг ч хурз шороо ухаагүй, ямар ч үйл ажиллагаа явуулаагүй учраас тухайн орон нутагт ямар ч бүртгэл байхгүй, сумын Засаг дарга, газрын даамал нь хүртэл ерөөсөө сонсоогүй компани байна гээд гайхаж байсан... гэх тайлбар хийсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс энэхүү үйл баримттай маргаагүй, үйл ажиллагаа явуулаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байсныг дурдах нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр хэргийн бодит нөхцөл байдалд дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 18 дугаар зүйлийн 18.1.2-т заасныг үндэслэж нэхэмжлэгч “О.У” ХХК-ийн МУЗГ-ын 2010 оны 140 дүгээр тогтоолын “О.У” ХХК-д холбогдолтой хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, МУЗГ-ын 2016 оны 154 дүгээр тогтоолын “О.У” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, MV-0118.. тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг ТЭЗҮ-ийн дагуу ашиглаж чадаагүйгээс учирсан хохиролд 889.0 сая.төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
[1] 1-р хавтаст хэргийн 207 дахь тал
[2] 1-р хавтаст хэргийн 218 дахь тал
[3] 1-р хавтаст хэргийн 241 дэх тал