Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0021/З |
Дугаар | 114 |
Огноо | 2020-02-11 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 114
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, хариуцагч С.Т, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Б, гэрч Х.Д нарыг оролцуулан “М.Ш” ХК-ийн гомдолтой, Гаалийн ерөнхий газрын харьяа, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагч С.Т-өд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийв.
Гомдол гаргагч: “М.Ш” ХК /РД:21165../
Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын харьяа, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагч С.Т
Гомдлын шаардлага: “Гаалийн ерөнхий газрын харьяа, Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн “М.Ш” ХК-д оногдуулсан 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0240458 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.”
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Япон улсаас М-15385 тоот манифест дугаартай СD380324540JР, СD380324522JР, СD380324536JР, СD380324519JР тоот эдийн тодорхойлолттой 4 ширхэг илгээмж Монгол Улсын иргэн Х овогтой Д-д ирсэн бөгөөд “М.Ш” ХК нь Дэлхийн шуудан холбооны байгууллагын гишүүн улсын операторын хувьд уг илгээмжийг хүлээн авч, Гаалийн байгууллагын хяналтад оруулан, хүлээн авагчид нь гардуулан өгсөн.
Манай компани нь Гаалийн байгууллагын ажлыг хөнгөвчлөх, иргэдэд үзүүлж буй үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүднээс гадаад улсаас ирсэн илгээмжийн мэдээллийг-Гаалийн байгууллагын системд урьдчилан оруулдаг. СD380324540JР, СD380324522JР, СD380324536JР, СD380324519JР дугаартай илгээмжүүдийн үнэ СN23/СР72 маягтын манай байгууллагын ажилтанд ирсэн хувьд тодорхойгүй, бичсэн тохиолдолд тааж бичих нөхцөл байдал үүсгэхээр байсан тул манай ажилтан үнийн дүнг бичилгүй орхисон байна.
Гаалийн ерөнхий газрын харьяа, Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагч С.Т нь уг тохиолдлыг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан зөрчил гэж үзэн манай байгууллагад 2000 нэгжтэй тэнцэх торгуулийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0240458 тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан.
Манай байгууллагын зүгээс ажилтны уг үйлдлийг зөрчил гэж үзэхгүй байгаа бөгөөд гаалийн байгууллагын ажлыг хөнгөвчлөх гэж хийсэн ажлынхаа төлөө хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайдын хамтарсан 2014 оны 269/264 дүгээр тушаалаар “Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам” батлагдсан бөгөөд уг журмын 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт “Шуудангийн байгууллагаас гаалийн байгууллагад цахим хэлбэрээр урьдчилан ирүүлсэн илгээмжийн мэдээллийг үндэслэн гаалийн урьдчилсан бүрдүүлэлтийг хийж болно” гэж заасны дагуу манай байгууллага гаалийн байгууллагын ажилд туслалцаа үзүүлдэг.
Дээрх журмын 1 дүгээр зүйлийн 1.4-д “Гаалийн байгууллага нь эрсдэл тооцох системд тулгуурлан түргэвчилсэн байдлаар илгээмжид гаалийн хяналт, бүрдүүлэлт хийнэ”, 3 дугаар зүйлийн 3.3-д “Гаалийн байгууллага хяналтад орсон илгээмжийн гадуур, дотуур дагалдах маягт болон бусад бичиг баримтыг үндэслэн битүүмжлэлийг шалгаж, баглаа, боодлыг задлан гаалийн автоматжуулалтын системийн “Улс хоорондын шуудангийн илгээмжийн бүртгэл”-д бүртгэнэ” гэж тус тус заасны дагуу уг ажил нь гаалийн байгууллагын ажил юм.
Мөн уг журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т “Эдийн тодорхойлолтын маягт (СN22, СN23, СР72 г.м) болон дагалдах бусад бичиг баримтад тухайн илгээмжтэй холбоотой, Гаалийн байгууллагад шаардлагатай мэдээлэл бүрэн багтсан бол тэдгээрийг дор дурдсанаас бусад тохиолдолд гаалийн мэдүүлэг гэж үзнэ” гэж заасан байдаг тул манай байгууллагын системд урьдчилан шивж оруулж буй мэдээлэл нь гаалийн мэдүүлэг болохгүй юм.
Мөн зөрчил гэх уг үйлдэл нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр болсон бөгөөд илгээмжийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авагчид нь гардуулан өгсөн байхад 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж шийтгэлийн хуудас үйлдэж буй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхийг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 3 өдрийн дотор шалгаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гэснийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Иймд Гаалийн ерөнхий газрын харьяа, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн “М.Ш” ХК-д оногдуулсан 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0240458 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Гаалийн ерөнхий газрын харьяа, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагч С.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагч С.Т би “М.Ш” ХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасны дагуу ногдуулсан 0240458 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.
Зөрчлийн нөхцөл байдал: 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Япон улсаас М-15385 тоот манифест дугаартай СD380324540JР, СD380324522JР, СD380324536JР, СD380324519JР тоот эдийн тодорхойлолттой Х овогтой Д хүлээн авагчтай илгээмжийг “М.Ш” ХК нь Гаалийн байгууллагын мэдээллийн сүлжээгээр илгээмж хүлээн авагчийн өмнөөс мэдүүлж Гаалийн байгууллагыг үнэн зөв мэдээллээр хангаж улсын төсвийн татвар орлогыг бүрдүүлэхэд дэмжлэг болон ажиллах ёстой байсан боловч илгээмж хүлээн авагчийн барааны үнийн дүнг 1 иен гэж мэдээллийн сүлжээгээр илгээсэн зөрчил гаргасан байна.
Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам, Гаалийн тухай хууль болон холбогдох бусад хууль журмын дагуу шуудангийн байгууллага нь хүлээн авагчийг төлөөлөн илгээмжийг дагалдах бичиг баримт, эдийн тодорхойлолтыг үндэслэн гаалийн бүрдүүлэлт хийдэг. “М.Ш” ХК нь Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/210 тушаалыг үндэслэн Гаалийн итгэмжлэл олгогдсон тээвэрлэгч байгууллага юм. Гаалийн тухай хуулийн нэр томьёоны тодорхойлолтод 3 дугаар зүйлийн 3.1.6-д “ “тээвэрлэгч” гэж гаалийн хилээр бараа, зорчигч нэвтрүүлэх, эсхүл гаалийн нутаг дэвсгэрт гаалийн хяналт дор тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж буй этгээдийг хэлнэ” гэж заасан байна.
“М.Ш” ХК нь Гаалийн тухай хуулийн дараах зүйл заалтуудыг зөрчсөн байна. Үүнд:
1. Гаалийн тухай хуулийн 38 дугаар зүйлд “Тээвэрлэгчийн үүрэг”, 38.2.7-д “ Улсын хилээр нэвтрүүлэх барааны талаархи» шаардлагатай мэдээллийг урьдчилан гаалийн байгууллагад гаргаж өгөх” гэж зааснаар Гаалийн удирдах төв байгууллаас баталсан мэдээллийн сүлжээгээр илгээмж хүлээн авагчийг төлөөлж урьдчилсан байдлаар мэдүүлэх үүргээ хүлээгээгүй байна.
2. Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Барааг Гаалийн байгууллагад мэдүүлэх”, 55.2.1-д “Бичгээр”, 55.2.2-т “Мэдээллийн сүлжээгээр”, 55.2.3-д “Зорчигч хувийн хэрэглээний эд зүйлийнхээ мэдүүлэгч улс хоорондын шуудан илгээлтийн тухай тус тус амаар” гэж заасан бөгөөд Улс хоорондын шуудангийн үйлчилгээ /үзүүлэх компани нь илгээмж хүлээн авагчийн эдийн тодорхойлолтыг үндэслэн /СN22, СN23, СР72/ барааны жин, тоо ширхэг, тээврийн зардал, барааны үнийн дүн зэргийг илгээмж хүлээн авагчийг төлөөлж Гаалийн байгууллагад мэдээллийн сүлжээгээр барааг үнэн зөв мэдүүлдэг болно. Тээвэрлэгч компани болох “М.Ш” ХК нь илгээмж хүлээн авагчийн барааны мэдээллийг Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан мэдээллийн сүлжээгээр илгээхдээ үнэн зөв мэдүүлээгүй нь Гаалийн тухай хуулийг зөрчсөн болохыг 191200057 тоот дугаартай хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэсэн материалд нотлох баримтуудыг бүрдүүлэн зөрчилд тооцон шалган шийдвэрлэсэн болно.
3. 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Япон улсаас М-15385 тоот манифест дугаартай СD380324540JР, СD380324522JР, СD380324536JР, СD380324519JР тоот эдийн тодорхойлолттой илгээмжүүдийг тус компанийн ажилтан гаалийн мэдээллийн сүлжээнд илгээхдээ үнийн дүнг 1 иен гэж мэдүүлсэн байсныг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2-т “Зөрчлийн хэрэг бүртгэлийн явцад холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эсхүл зөрчил үлдсэн нь тогтоогдож байгаа бол эрх бүхий албан тушаалтан хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авна” гэх заалтыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хооронд уг зөрчил тогтоогдсон тул хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасны дагуу хариуцлага тооцсон болно.
“М.Ш” ХК-ийн гаргасан зөрчил нь 2019 онд удаа дараа давтагдсан бөгөөд зөрчил гаргах тоолонд Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагчид амаар, Гаалийн улсын ахлах байцаагчид амаар удаа дараа сануулах, зөрчлийг газар дээр нь арилгуулах, Гаалийн хяналт шалгалт бүрдүүлэлтийн албаны дарга зөрчил гаргасан “М.Ш”-ийн ажилтанд бичгээр, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын даргын шаардах албан бичиг, Гаалийн ерөнхий газар Гаалийн хяналт шалгалтын газрын даргаар албан бичгүүдийг хүргүүлэх зэрэг арга хэмжээг авч байсан боловч тус компани нь шаардлагатай арга хэмжээг авалгүй дээрх зөрчил давтагдсаар байсан тул зөрчилд тооцсон болно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагч “М.Ш” ХК нь “Гаалийн ерөнхий газрын харьяа, Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн “М.Ш” ХК-д оногдуулсан 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0240458 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.” гэж гомдлын шаардлагаа тодорхойлсон бөгөөд шүүх хуульд заасан журмаар хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын шүүхэд бичгээр болон амаар гаргасан тайлбарыг үндэслэн, гомдлын шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Гомдол гаргагчаас “... системийн хүчин чадлаас шалтгаалан ирсэн илгээмжүүдийг гараар бичих ажиллагааг хийдэг. Ийм учраас тухайн илгээмжийн үнэ нь тодорхой бус байвал 1 гэсэн тоог, харагдахгүй бол 0 гэсэн тоог тавьж оруулах зэрэг нөхцөл байдлууд гардаг. Энэ нь хууль тогтоомж болон журмаар зохицуулан хариуцлага оногдуулах асуудал биш. Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд эрх бүхий албан тушаалтан 3 хоногийн дотор зөрчлийн хэрэг нээх эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Илгээмжийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авагчид гардуулж өгсөн. Гэтэл үүнээс хойш 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шийтгэл оногдуулж байгаа нь тодорхой бус байна” гэж, хариуцагчаас “... “М.Ш ХК-тай байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар урьдчилан гаргаж өгөх гэдэг нь цахим хэлбэрээр бэлэн болгоод үүндээ шуудангийн эдийн тодорхойлолтын маягт буюу CN22, CN23 CN72 гэх мэт эдийн тодорхойлолтуудыг дагалдах бусад бичиг баримтын хамт гаалийн байгууллагад гаргаж өгөх талаар гэрээнд тусгасан. Үүнийг тухайн компанийн хуулийн зөвлөх уншиж танилцаад гарын үсэг зурдаг. Иймээс шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй. Зөрчил мөн эсэхийг тогтоохын тулд тодорхой ажиллагаануудыг хийж, нотлох баримтаа цуглуулах шаардлагатай бөгөөд үүний дараа зөрчил гэдэг нь тогтоогдсон тохиолдолд 3 хоногийн дотор зөрчлийн хэрэг нээх эсэхийг шийдвэрлэнэ, би нэг бүрчлэн судалж үзээд тус компанийн хуулийн зөвлөхийг дуудаж зөрчлийг танилцуулсан.” гэж тус тус маргасан.
“М.Ш” ХК нь Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/210 тоот тушаалыг үндэслэн Гаалийн итгэмжлэл олгогдсон тээвэрлэгч байгууллага бөгөөд Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “ “тээвэрлэгч” гэж гаалийн хилээр бараа, зорчигч нэвтрүүлэх, эсхүл гаалийн нутаг дэвсгэрт гаалийн хяналт дор тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж буй этгээдийг хэлнэ” гэж заасан байна.
Гаалийн ерөнхий газрын харьяа, Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагч С.Т нь“М.Ш” ХК нь Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан мэдүүлэх журам зөрчсөн гэх үндэслэлээр 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0240458 тоот шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 12-т “Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан барааг мэдүүлэх журам зөрчсөн нь энэ зүйлийн 1, 11 дэх хэсэгт заасан, бусад зөрчлийн бүрэлдэхүүнгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны дагуу 2000 нэгж буюу 2,000,000 төгрөгийн шийтгэлийг ногдуулсан байна.
Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын дарга болон “М.Ш” ХК-ийн хооронд холбогдох хууль тогтоомж болон бусад холбогдох дүрэм журмуудыг мөрдлөг болгон улс хоорондын шуудангийн илгээмжид тавих гаалийн хяналтыг зохион байгуулах, гаалийн хилээр нэвтрүүлж буй барааг ачих, буулгах, шилжүүлэн ачих хаягт эзэнд нь олгох явцад үүссэн харилцааг зохицуулах зорилгоор 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 19/129 тоот “Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, “М.Ш” ХК-ийн хооронд хамтран ажиллах гэрээ”-г байгуулжээ.
Дээрх гэрээний 3.5-д зааснаас үзэхэд “М.Ш” ХК нь улсын хилээр нэвтрүүлэх илгээмжийн талаарх мэдээллийг урьдчилан гаалийн байгууллагад гаргаж өгөх ажлын хүрээнд бүртгэлийн системд илгээмжийн мэдээллийг үнэн зөв, тохирох стандартын дагуу оруулан гаалийн байгууллага үнэн зөв мэдүүлсэн байх, Шуудангийн “Эдийн тодорхойлолтын маяг” (CN22, CN23, CP72 г.м) болон дагалдах бусад бичиг баримтад тухайн илгээмжтэй холбоотой, гаалийн байгууллагад шаардлагатай мэдээллийг бүрэн багтаасан байх үүргийг хүлээсэн байна.
Мөн Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/236 тоот “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд Гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын 9.6-д “Шуудан илгээмжийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллага шуудан илгээмжид гаалийн хяналт шалгалт хийлгэхээр U-POST програмыг ашиглан агаарын тээврийн баримтын 12 оронтой дугаарыг бичиж, шуудангийн гаалийн байгууллагад манифестын задаргааг сүлжээгээр илгээнэ.”, мөн даргын 2016 оны А/238 тоот “Ачааны манифест нөхөн бичих, хянах, бүртгэх журам”-ын 8.4-д “Гаалийн хилээр орох бараа, тээврийн хэрэгслийн ачааны манифестын 10, 14, 15, 19, 22-27-т заасан хүснэгтүүдээс /хүлээн авах газрын код, хүрэх гаалийн газрын мэдээлэл, барааны нэр, барааны үнэ, валютын код, дагалдах бичиг баримт, тоо хэмжээ, цэвэр жин, бохир жин/ бусад хүснэгтэд оруулах засварыг тээвэрлэгч хийж, Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хяналтын асуудал хариуцсан нэгж баталгаажуулна.” гэж тус тус заажээ.
“М.Ш” ХК нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Япон улсаас М-15385 тоот манифест дугаартай, Х овогтой Д хүлээн авагчтай СD380324540JР тоот эдийн тодорхойлолттой 19,4 килограмм илгээмжийн үнийн дүнг 1 гэж, СD380324522JР тоот эдийн тодорхойлолттой 14.9 килограмм илгээмжийн үнийн дүнг 10,000 гэж, СD380324536JР тоот эдийн тодорхойлолттой 13,4 килограмм илгээмжийн үнийн дүнг 1 гэж, СD380324519JР тоот эдийн тодорхойлолттой 16,5 килограмм илгээмжийн үнийн дүнг 1 гэж тус тус мэдээллийн сүлжээгээр илгээсэн бөгөөд уг үйл баримттай гомдол гаргагчаас маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Тодруулбал, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “...учир нь CN23/CP72 маягт дээрх үнийн дүн нь ажилтанд харагдахгүй бичсэн тохиолдолд тааварлаж бичих нөхцөл байдалтай байсан тул манай ажилтан үнийн дүнтэй хэсгийг бичилгүй илгээсэн байна...” гэх мэдүүлэг, шүүх хуралдаанд хийсэн “...системийн хүчин чадлаас шалтгаалан ирсэн илгээмжүүдийг гараар бичих ажиллагааг хийдэг учраас тухайн илгээмжийн үнэ нь тодорхой бус байвал 1 гэсэн тоог оруулах нөхцөл байдлууд гардаг” гэх тайлбар, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “М.Ш” ХК-ийн хэсгийн үйлчилгээний ажилтан олгогч О.Д-ийн “... 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ирээд 11 дүгээр сарын 04-ний өдөр тус илгээмжүүдийг эзэнд нь олгохдоо илгээмж хүлээн авагчийг гаалийн бүрдүүлэлт хийлгэхэд тус илгээмжийн үнийн дүн нь манифестэн дээр байхгүй байсан тул гаалийн улсын байцаагч н.Мөнхзулын хамт баталгаат агуулахад орж харахад эдийн тодорхойлолт /CP/72/ тус бүрийн барааны үнийн дүн бичээстэй байсан, барааны үнийн дүн харахад тод байсан” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд “М.Ш” ХК-ийн албан хаагч нь барааны үнийг тус бүр тодорхой мэдүүлэх бүрэн боломжтой байжээ гэж дүгнэхээр байна.
Харин хариуцагчийн “...Х.Д гэх хүнд нийт 4 илгээмж ирсэн бөгөөд үүнээс 3 илгээмж нь 1 гэсэн үнийн утгатай, харин 1 нь 10.000 иен гэсэн үнийн утгатай байсан. Тэгэхээр 1 илгээмжийн үнийн дүнг 10.000 иен гэж бичиж болж байгаа атлаа яагаад нөгөө 2 илгээмжийн үнийн дүнг 1 гэж оруулж байгаа юм гэсэн утгаар зөрчил гаргасныг тогтоох зорилгоор нэг хүний нэр дээр ирсэн 4 илгээмжээс энэ 3 ачааг сонгож авсан” гэх тайлбараас үзэхэд нийт мэдүүлсэн 4 мэдүүлгийн хэдийг нь буруу, хэдийг нь зөв мэдүүлсэн байхаас үл хамаараад нэгэнт зөрчил гаргасан нь тогтоогдож байгаа тохиолдолд хариуцагч тухайн зөрчилд хуульд заасан үндэслэлээр шийтгэл ногдуулах бүрэн эрхтэй байна.
Хэдийгээр гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Систем нэвтрүүлэх үүрэг нь манайд хамаарна. Систем нэвтрээгүйтэй холбоотой гараар бичсэний улмаас энэ асуудал үүссэн. Гадаад улсын шуудангийн байгууллага нь системд оруулсан мэдээллийн файлыг манай байгууллага руу явуулдаг. Ирсэн файлыг бид систем орсон тохиолдолд шууд дамжуулах боломжтой, манайх системийн хөгжүүлэлт хийж байгаа.” гэж тайлбарлах хэдий ч Гаалийн ерөнхий газрын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 02/1/1409 тоот албан бичиг, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 02/1/4376 тоот албан бичиг, Гаалийн ерөнхий газрын Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01/36 тоот албан бичгээр тус тус “М.Ш” ХК-д гаалийн илгээмжийн мэдээллийг урьдчилан авах нөхцөлийг бүрдүүлэх, U-Post системийг гаалийн хяналтын бүсэд нэвтрүүлэх арга хэмжээ авахыг удаа дараа мэдэгдэж байсан бөгөөд хууль, журамд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас дээрх зөрчил гарсан байна. Мөн шүүх хуралдааны явцад гомдол гаргагч “М.Ш” ХК нь U-Post системийг өнөөдрийг хүртэл нэвтрүүлээгүй, системийн хөгжүүлэлт хийж байгаа гэх тайлбараас дүгнэхэд тухайн зөрчил дахин гарахгүй гэх баталгаагүй байх тул “М.Ш” ХК нь гаалийн итгэмжлэл олгогдсон тээвэрлэгч байгууллагын хувьд холбогдох хууль, тогтоомжид заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй байна.
Гомдол гаргагчаас зөрчлийн хэрэг нээгээгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн гэх гомдлын тухайд. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1, 1.2-т зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зорилго нь зөрчлийн хэрэг бүртгэлт хийж хүн хуулийн этгээдийг зөрчил гаргасан эсэхийг тогтоож шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэхэд оршдог. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д ”Дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 1.1-д “Зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол” гэж заасан. Иймд хариуцагч зөрчлийг хянан шалгаад үйл баримтыг тогтоон, тодорхой нотлох баримтад үндэслэн шийтгэл ногдуулсан байх бөгөөд “...хүлээн авагч илгээмжийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авахад зөрчил гарсан гэдэг нь тогтоогдоогүй байсан боловч зөрчил мөн эсэхийг тогтоохын тулд тодорхой ажиллагаануудыг хийж, нотлох баримтаа цуглуулах шаардлагатай бөгөөд үүний дараа зөрчил гэдэг нь тогтоогдсон тохиолдолд 3 хоногийн дотор зөрчлийн хэрэг нээх эсэхийг шийдвэрлэнэ...” гэх тайлбар үндэслэлтэй тул гомдол гаргагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.
Дээрхээс үзэхэд Гаалийн ерөнхий газрын харьяа, Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагч С.Т нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0240458 тоот шийтгэлийн хуудсаар “М.Ш” ХК нь Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан мэдүүлэх журам зөрчсөн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 12-т заасны дагуу 2000 нэгж буюу 2,000,000 төгрөгийн шийтгэлийг ногдуулсан нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 12-т заасныг баримтлан “М.Ш” ХК-ийн “Гаалийн ерөнхий газрын харьяа, Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн “М.Ш” ХК-д оногдуулсан 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0240458 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН