Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 46

 

Сонгинхайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, Ц.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Т.Мөнхзул,

Улсын яллагч Г.Золзаяа,

Иргэдийн төлөөлөгч С.Сүхдулам,

Хохирогч Л.Пүрэвдорж,

Шүүгдэгч Б.Наранбаатар, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батдоржийн Наранбаатарт холбогдох  эрүүгийн 201526011136 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайран  дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 15-238б тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

Урьд 1999 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 83 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлийн 1, 3-д заасныг журамлан түүнд оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2000 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 359 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-т зааснаар хөнгөнийг хүндэд нь багтааж нийт 5 жилийн хорих ялаар шийтгэж, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Наранбаатарт энэ тогтоолоор оногдуулсан ял дээр 1999 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 83 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялын заримыг нь буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн  6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

2000 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 709 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, 2000 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 359 дугаартай талсан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 7 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн бүгд 12 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 87 дугаартай захирамжаар оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 5 жил болгон өөрчилсөн бөгөөд 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

2013 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 50 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 16 хоногийн хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, Боржигон овогт Батдоржийн Наранбаатар /РД:ЧГ81091016/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Наранбаатар нь урьд дээрмийн гэмт хэрэгт ял шийтгүүлж, тэнсэн хянан харгалзах хугацаанд буюу ялтай байхдаа:

1. 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 60 дугаар гудамжны 1 тоотод оршин суух иргэн Ц.Баасанбатын гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж, Фунай маркийн 32 инчийн ЛСД зурагт, шинэ үеийн дунд гарын манан хөөрөг зэргийг хулгайлан авч, Ц.Баасанбатад 900.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,

2. Мөн давтан үйлдлээр, 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тэмүүлэл караокены текний араас Э.Батцэцэгийн пасктай бэлэн 350.000 төгрөгийг хулгайлан авч, Э.Батцэцэгт 390.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,

3. 2015 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 25 дугаар гудамжны 5 тоотод оршин суух иргэн Д.Цэцэгмаагийн гэрт нэвтрэн орж, алтан ээмэг, алтан бөгж, монетон зүүлт зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, Д.Цэцэгмаад 2.160.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,

4. 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 10-12 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Сүү ХХК-ийн хойд талд байрлах иргэн Д.Гэрэлтийн гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж, ЛЖ маркийн 42 инчийн ЛСД зурагтыг хулгайлан авч, Д.Гэрэлтэд 800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,

5. 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 125 дугаар гудамжны 2 тоотод оршин суух иргэн Б.Тунгалагийн байшингийн цонхыг түлхэн нэвтрэн орж, дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, монетон бөгж зэрэг эд зүйлсийг нь хулгайлан авч, Б.Тунгалагт 1.200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,

6. 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 47 дугаар байрны 28 тоотод оршин суух иргэн Б.Ганзоригийн гэрээс Шарф маркийн ЛСД зурагт, Самсунг Галакси Эс-2 маркийн гар утас, хар өнгийн хромон гутал, зүүлт зэрэг эд зүйлсийг нь хулгайлан авч, Б.Ганзоригт 4.260.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,

7. 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 31 дүгээр гудамжны задгайд оршин суух иргэн Д.Оюуны эзэмшлийн монгол гэрийг хулгайлан авч, Д.Оюунд 1.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,

8. 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 43 дугаар гудамжны 4 тоотод оршин суух иргэн Н.Бямбабаярын байшингийн цонхыг түлхэн нэвтрэн орж, Самсунг маркийн 42 инчийн ЛЕД зурагт, Сони маркийн зөөврийн компьютер зэргийг хулгайлан авч, Н.Бямбабаярт 1.350.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,

Мөн тоотод оршин суух иргэн Л.Пүрэвдоржийн байшингийн цонхыг түлхэн нэвтрэн орж 32 инчийн ЛСД зурагт, гар утас зэргийг хулгайлан авч, Л.Пүрэвдоржид 980.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,

9. 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Ногоон зоорийн 1 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух иргэн Г.Мөнгөний гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж, ЛЖ маркийн 42 инчийн ЛСД зурагт, зөөврийн компьютер зэргийг хулгайлан авч, Г.Мөнгөнд 505.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,

10. 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчиний 1 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух иргэн Н.Нарангийн байшингийн цонхны шилийг хагалан нэвтрэн орж, 40 инчийн ЛСД зурагт, зөөврийн компьютер зэргийг хулгайлан авч, Н.Наранд 1.020.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,

11. 2016 оны 01 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны 5 дугаар орцны гадна зогсоол дээр байсан иргэн Б.Дэмчигнямын эзэмшлийн 97-34 УБЕ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомшины эд зүйлсийг хулгайлан авч, Б.Дэмчигнямд 660.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,

12. 2016 оны 01 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байрны гадна ил зогсоол дээр байсан иргэн О.Оюуны эзэмшлийн 02-44 УНЗ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер маркийн автомашины арын том шилийг хагалан нэвтрэч эд зүйлсийг хулгайлан авч,  О.Оюунд 850.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирлыг тус тус учруулан, бусдад нийт 16.575.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Мөн хулгайн гэмт хэрэгт шалгагдаж байх хугацаандаа 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр цагдан хорих хугацааг сунгахаас татгалзах тухай шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авсан боловч 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 58 хоног мөрдөн байцаалтад ирэхгүй мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, үнэлж дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Наранбаатар нь урьд дээрмийн гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр, бусдын орон байранд нэвтэрч, бусдад нийт 15.725.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал,  

1. 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 60 дугаар гудамжны 1 тоотод оршин суух иргэн Ц.Баасанбатын гэрээс Фунай маркийн 32 инчийн ЛСД зурагт, шинэ үеийн дунд гарын манан хөөрөг зэргийг хулгайлан авч, Ц.Баасанбатад 900.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Ц.Баасанбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 06 дугаар сарын 06-ны өдөр би 11 цаг өнгөрч байхад гэрээ цоожлоод ажилдаа явсан. Би өдөржин ажил дээрээ байж байгаад шөнө 21 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд гэрийн хаалга хаалттай, харин хаалганы цоож хэсгийн мод хагарсан, цоож хаалганы доод хэсэгт газар унасан байхаар нь би гэртээ ороогүй. Тэгээд би гэрийнхээ хаалгаар шагайсан чинь гэрийн хойд талд байх тавиур дээр байсан Funai маркийн 32 инчийн зурагт байхгүй, мөн хөөрөгний дайланг гэрийн зүүн талд байх модон орон дээр тавьсан байсан. Дайланд шинэ цагийн  дунд гарын манан хөөрөг байсан юм” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 3-5 х/

 

            Эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 6 х/

-Фунай маркийн 32 инчийн зурагт 450.000 төгрөг

-Шинэ үеийн дунд гарын Манан хөөрөг 50.000 төгрөг

-5 ханатай гэрийн сийлбэртэй хаалга 400.000 төгрөг, нийт 900.000 төгрөг,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /4хх-ийн 68-77х/

 

2. 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тэмүүлэл караокены текний араас Э.Батцэцэгийн пасктай бэлэн 350.000 төгрөгийг хулгайлан авч, Э.Батцэцэгт 390.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            Хохирогч Э.Батцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 23 цагаас 00 цагийн үед би өөрийн ажиллуулдаг Сонгинохайрхан дүүргийн 2 удгаар хороо Орбитын 21-368 тоот хаягтай Толгойтын эцэст байрлах “Тэмүүлэл” караоке, пабдаа байхад караокед байсан 2 согтуу хүн төлбөрийн маргаан хийгээд өрөөнөөс гарахгүй байхаар нь манай ээж Өлзийбаяр тэр 2 хүнийг гаргасан. Тэр үед намайг караокены текний ард байхад буудалд хонож байсан 170 см орчим өндөр нуруутай, ногоон өнгийн нүдтэй, шаймий эрүүтэй, туранхай цайвар царайтай, хамар нь чихэгдсэн, бор ногоон өнгийн коршокон малгайтай, ханцуй дээрээ хөндлөн цагаан өнгийн канттай хар хөх өнгийн футболктой, хар өнгийн олон кирматай даавуун өмд, саарал өнгийн пүүзтэй нэг залуу пивоны хоосон шил авчирч өгөөд “виф өрөөг чинь сая гардаг 2 залуу муухай болгочихсон байна” гэхээр нь би цэвэрлэх гээд ороход заваартуулсан зүйл байхгүй байсан. Ширээн дээрх зүйлсийг хураагаад удалгүй, 2, 3 минутын дараа буцаад ирэхэд текний ард байсан өдрийн орлого болох пасктай 350.000 төгрөг байхгүй байсан. Уг мөнгийг нэхэмжилж байна. Алдагдсан цүнх, түлхүүрийг нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 167-169 х/

            Эд зүйлийн үнэлгээ: /1хх-ийн 172х/

 -паск 40,000 төгрөг, бэлэн мөнгө 350.000 төгрөг,  нийт 390.000 төгрөг

Гэрч Б.Өлзийбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...камерын бичлэг шүүж үзэхэд Н.Наранбаатар нь лангууны араас паскатай мөнгө авч айгаа нь харагдсан. /1хх-ийн 171х/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /4хх-ийн 68-77х/

 

3. 2015 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 25 дугаар гудамжны 5 тоотод оршин суух иргэн Д.Цэцэгмаагийн гэрээс алтан ээмэг, алтан бөгж, монетон зүүлт зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, Д.Цэцэгмаад 2.160.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Д.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай гэр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Баганаран хорооллын 25-2 тоотод байдаг. Би 2015 оны 06 дугаар сарын 21-ний өглөө гэрээсээ 09 цаг болж байхад гарсан. Гарахдаа байшингийн гадна хаалгыг нууц цоожоор түгжээд гарсан. Орой 18 цагт ганцаараа гэртээ ирэхэд байшингийн хаалганы цоож бүрэн, би түлхүүрээр хаалгаа нээж ороход зүүн талын жижиг цонх нээлттэй, өрөөнд байх бурханы ширээн дээр байсан цүнх орон дээр тавиад дотор нь байсан эд зүйлсийг гаргаад хаясан байхаар нь би эд зүйлсээ бүртгэхэд 1 хос алтан ээмэг, 1 ширхэг алтан бөгж, монетон гинж 2 ширхэг байсан байхгүй байсан. Мөн орны дээд талд байсан сахарын өвчин хэмждэг шинэ аппарат, хувцасны шүүгээнд байсан 3 ширхэг соронзтой зүүлт алдагдсан байсан. Гомдолтой байна, алдагдсан эд зүйлсийн мөнгийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 63-66 х/

 

Эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 83 х/

-Монгол алтаар хийгдсэн 1 хос алтан ээмэг 630.000 төгрөг

-Монгол алтаар хийгдсэн бөгж 610.000 төгрөг

-Монетон гинж 400.000 төгрөг

-Нарийн монетон гинж /үнэлэх боломжгүй/

-Сахарын өвчин хэмждэг багаж 100.000 төгрөг

-Соронзтой зүүлт 3 ширхэг нь 420.000 төгрөг, нийт 2.160.000 төгрөг

 

Шинжээчийн 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 04/279 тоот дүгнэлт /1хх-ийн 68-69 х/

-Хэргийн газраас бэхжүүлж авсан 2, 3, 4, 5, 8 гэж дугаарласан гарын мөр нь Адис-Папилон санд MN000210014995 гэсэн бүртгэлийн дугаартай Батдорж овогтой Наранбаатарын зүүн гарын дунд хурууны хээгээр үүссэн, мөн баруун, зүүн гарын алганы хээгээр үүссэн байна.

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /4хх-ийн 68-77х/

 

4. 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 10-12 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Сүү ХХК-ийн хойд талд байрлах иргэн Д.Гэрэлтийн гэрээс ЛЖ маркийн 42 инчийн ЛСД зурагтыг хулгайлж, Д.Гэрэлтэд 800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Д.Гэрэлтийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өглөө хүү Энхболд ажилдаа явсан. Би 10 цагийн үед Сутайн буянт зах руу машины сэлбэг хүнээс асуухаар яваад 12 цагийн үед гэртээ буцаж ирсэн. Гэрээсээ гарахдаа хаалгыг монгол цоожоор цоожлоод явсан. Тэгээд гэртээ иртэл гэрийн хаалганы хавтас цөм цохигдож эвдэрсэн байдалтай, хаалганы эвдэрсэн завсраар баруун хойморт зурагтны тавиур дээр байсан 42 инчийн хар өнгөтэй зурагт алдагдсан харагдсан. Өөрт учирсан хохирлоо барагдуулмаар байна. 800.000 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 192 х/

 

Эд зүйлийн үнэлгээ /1 хх-ийн 206 х/

-42 инчийн ЛЖ маркийн ЛСД зурагт 800.000 төгрөг.

 

Эд мөрийн баримтаар хураан авсан камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 184-185х/

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /4хх-ийн 68-77х/

 

5. 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 125 дугаар гудамжны 2 тоотод оршин суух иргэн Б.Тунгалагийн байшингаас дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, монетон бөгж зэрэг эд зүйлсийг нь хулгайлан авч, Б.Тунгалагт 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.Тунгалагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 08 цагийн орчимд би ажилдаа явахдаа гэрээ цоожлоод цонхоо хаагаад явсан. Тэгээд ажлаа хийж байгаад өдөр 14 цаг 30 минутын орчимд гэртээ харихад унтлагын өрөөний цонхны поорчиг хөшиг онгорхой байсан. Тэгээд цонхоор харсан чинь манай хамаг юмыг онгичоод хаясан байсан. Манай гэрээс дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, бага гарын мөнгөн аяга 6 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, орифлемийн үнэртэй ус зэрэг эд зүйлс алдагдсан. Би гомдолтой байна. 1.200.000 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 102-105х/

Эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 126х/

-Дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг нь нийт 600.000 төгрөг

-Бага гарын мөнгөн аяга 6 ширхэг нь нийт 600.000 төгрөг, нийт 1.20.000 төгрөг,

Шинжээчийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 04/249 тоот дүгнэлт /1хх-ийн 110-111х/

            -Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 6 гэж дугаарласан гарын мөрүүд нь MN000210014995 бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Б.Наранбаатарын зүүн гарын долоовор, дунд, эрхий хурууны хээнүүдээр тус тус үүссэн.

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /4хх-ийн 68-77х/

6. 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 47 дугаар байрны 28 тоотод оршин суух иргэн Б.Ганзоригийн гэрээс Шарф маркийн ЛСД зурагт, Самсунг Галакси Эс-2 маркийн гар утас, хар өнгийн хромон гутал, зүүлт зэрэг эд зүйлсийг нь хулгайлан авч, Б.Ганзоригт 4.260.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр эхнэр Болормаагийн хамт “Найрамдал” зуслан руу бясалгалын цуглаанд явсан. Тэгээд очтол намайг халамцуу байсан учир цуглаанд оруулаагүй. Би буцаад хот орох замаар явган алхаж байгаад дэлгүүр ороод 0.5 литрийн Улаанбаатар нэртэй архи аваад тэнд байсан танихгүй залуугийн хамт хувааж уугаад нэг мэдэхэд 2015 оны 06 дугаар сарын 04-ний өглөө гэртээ сэртэл гэрийн хамаг эд хогшлыг нэг бүрчлэн задлаад онгичоод буулгаад хаячихсан байсан. Гэрийн түлхүүр, гар утас 2 алга болсон тул гэрээсээ гараагүй 10 хоноод эхнэр ирсэн. Манай гэрээс 1 ширхэг нь 900 долларын үнэтэй болор зүүлт 2 ширхэг, 32 инчийн Шарф зурагт, 41 размерын шинэ хромон гутал, хар үүргэвч, миний Самсунг маркийн гар утас зэрэг алдагдсан байсан. 4.260.000 төгрөгийн үнэлгээтэй холбоотой санал байхгүй. Алдагдсан эд зүйлсийг олж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 144-146х/

 

Гэрч П.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс хойш гэртээ ирээгүй, нөхөртэйгөө холбоо бариагүй байж байгаад 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гэртээ иртэл гэрийг маань орвонгоор нь эргүүлээд хаячихсан байсан. Манай гэрээс 32 инчийн зурагт, хромон гутал, 1 ширхэг нь 900 долларын үнэтэй энергийн зүүлт 2 ширхэг, өөр жижиг сажиг зүйлс алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх 147х/

 

Эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 153, 154х/

-Шарф маркийн ЛСД зурагт 360.000 төгрөг

-Хромон гутал 180.000 төгрөг

-Самсунг маркийн Эс-2 гар утас 120.000 төгрөг

-Блосом пендант /зүүлт/ 3.600.000 төгрөгнийт 4.260.000 төгрөг,

 

7. 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 31 дүгээр гудамжны задгайд оршин суух иргэн Д.Оюуны эзэмшлийн монгол гэрийг хулгайлан авч, Д.Оюунд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Д.Оюуны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр намайг хүү Ганбатын хүүхдийг хараад гэрт нь байхад манай хүүхэд Төмөрбаатар ирээд ээж таны гэрийг чинь ачсан байна гэж хэлсэн. Тэгээд би Ганбатын гэрээс гараад өөрийнхөө хашаанд ирэхэд манай гэр байхгүй хашаа хоосон байсан. 1.500.000 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 41-43х/

 

Гэрч Г.Мөнгөнцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 07 дугаар сарын 01-ны өдөр 16 цаг өнгөрч байхад би гэртээ байж байхад гаднаас танихгүй эрэгтэй хүн орж ирээд надад хандан танай ээж Оюуны гэрийг  ачиж байна гээд хэлэхээр нь  би араас нь гараад харахапд цэнхэр өнгийн ачааны портер машин Төгөлдөр дэлгүүрийн хажуугаар явж байгаа харагдсан, Тэгээд би цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 46-47х/

 

Гэрч О.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Хархорин зах дээр хуучин монгол гэр худалдаж авч зардаг. 2015 оны 06  сарын үед монгол гэр авах уу өөрийнхөө гэрийг зарна гээд хэд хэдэн удаа ирсэн. Би дахин дахин гуйгаад байхаар нь 450.000 төгрөгөөр тохирч авсан ТЬухайн үед Наранбаатарын иргэний үнэмлэхний хуулбарыг нь авч үлдсэн...” гэсэн мэдүүлэг. /4хх-ийн 85 х/

 

Гэрч Ц.Мөнтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2015 оны зун л Цэцэгмаа, Цэнд-Аюуш нараас 5 ханатай хуучин монгол гэрийг 300.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр 2 хүн хаанаас авсан талаар нь мэдэхгүй. Шалгүй, дан эсгий бүрээстэй гэр байсан. Тэр гэрийг зарсан одоо байхгүй...” гэсэн мэдүүлэг. /4хх-ийн 86х/

Эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 39х/

-5 хантай монгол гэр 1.500.000 төгрөг

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /4хх-ийн 68-77х/

 

8. 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 43 дугаар гудамжны 4 тоотод оршин суух иргэн Н.Бямбабаярын байшингаас Самсунг маркийн 42 инчийн ЛЕД зурагт, Сони маркийн зөөврийн компьютер зэргийг хулгайлан авч, Н.Бямбабаярт 1.350.000 төгрөгийн хохирол,

Мөн тоотод оршин суух иргэн Л.Пүрэвдоржийн байшингаас 32 инчийн ЛСД зурагт, гар утас зэргийг хулгайлан авч, Л.Пүрэвдоржид 980.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохироч Б.Бямбабаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 07 дугаар сарын 04-ний өглөө 07 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад эхнэр хүүхдээ өөрийн аав Нямхүүгийн гэрт хүргэж өгөөд ажилдаа явсан. 20 цаг өнгөрч байхад ажлаасаа тараад эхнэр хүүхдээ аваад Баганарангийн 43-4 тоотод байрлах гэр рүүгээ явсан. Тэгээд 22 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд байшингийн том өрөөний поорчиг онгорхой, мөн хүргэн ах Пүрэвдоржийн байшингийн ертөнцийн зүгээр зүүн талын цонх хагарсан байсан. Тэгээд би өөрийн гэрийн хаалгыг нээж ороход зүүн ханад байсан 42 инчийн Самсунг маркийн зурагт алдагдсан байсан. Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг. /1хх 227-228х/

 

Хохирогч Л.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сонгинохайрхан 3 дугаар хороо, Баганарангийн 43-4 тоотод 2008 оноос хойш оршин сууж байна. Манай хадам дүү Бямбабаяртай хамт байшин барьж амьдарч байна. 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр би Хөвсгөл аймаг руу ачаа ачаад тээвэрт явсан ба 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Орхон суманд явж байхад манай хажуу айлын дүү болох Бямбабаяр миний утас руу залгаад манай 2 гэрт хулгай орсон байна, танай гэрийн зурагт алдагдсан байна гэсэн. Манайхаас Оллоо маркийн 32 инчийн зурагт алдагдсан. Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /1хх 223-225х болон шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Эд зүйлийн үнэлгээ /1хх 239х/

-Самсунг маркийн 42 инчийн ЛЕД зурагт 1.000.000 төгрөг

-Сони маркийн нөөтбүүк 350.000 төгрөг, нийт 1.350.000 төгрөг,

Эд зүйлийн үнэлгээ /1хх 240х/

-Оллоо маркийн ЛСД зурагт 700.000 төгрөг

Эс-2 маркийн гар утас 280.000 төгрөг, нийт 980.000 төгрөг,

 

Шинжээчийн 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 3589 дугаартай  дүгнэлт /1хх 231х/

-Шинжилгээнд тэнцэж буй 2 дугаартай гарын мөр Б.Наранбаатарын зүүн гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн байна.

 

9. 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Ногоон зоорийн 1 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух иргэн Г.Мөнгөний гэрээс ЛЖ маркийн 42 инчийн ЛСД зурагт, зөөврийн компьютер зэргийг хулгайлан авч, Г.Мөнгөнд 505.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Г.Мөнгөний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 16 цагийн үед манай хүү Мөнхдөлгөөн гэртээ ирэхэд хаалганы цоож нь эвдэрсэн, онгорхой, гэр дотроос 42 инчийн ЛЖ зурагт орны цагаан цэнхэр өнгийн даавуу алдагдсан байсан. Зурагтаа 500.000 төгрөгөөр, орны даавуугаа 5.000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 2х/

 

Гэрч Д.Анхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...Манай гэрээс 42 инчийн зурагт алдагдсан байсан. “Хийн Түлш” дэлгүүрийн камерт хулгай хийсэн хүн бичигдсэн байсан...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 3х/

 

Эд зүйлийн үнэлгээ /4хх-ийн 11-12х/

-ЛЖ маркийн зурагт 500.000 төгрөг,

-орны бүтээлэг 5000 төгрөг, нийт 505.000 төгрөг,

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 232х/

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /4хх-ийн 68-77х/

 

10. 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчиний 1 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух иргэн Н.Нарангийн байшингаас 40 инчийн ЛСД зурагт, зөөврийн компьютер зэргийг хулгайлж, Н.Наранд 1.020.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Н.Нарангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 16 цагий үед ажил дээрээ байхад дүү Эрдэнэбаатар над руу утсаар залгаж “гэрийн цонхыг давхраар нь хагалсан, цонх онгорхой, хулгай орсон юм шиг байна, та хүрээд ир гэж ярьсан. Тэгээд би тэр даруй цагдаад дуудлага өгөөд гэртээ ирэхэд манай байшингийн том 2 цонхны салхивчны шил хагарсан, зүүн талын цонхны салхивч онгорхой буюуу түгжигдээгүй, дотогш ороход гэр дотор эд зүйлийг нурааж тараасан байдалтай зурагт, зөөврийн компьютер зэрэг эд зүйлс алдагдсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 194х/

 

Гэрч Д.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 16 цагийн үед гэртээ ирэхэд хашааны хаалга дэлгээстэй онгорхой байшингийн зэрэгцээ 2 цонхны салхивчны шил хагарсан байхаар нь гэрт хулгай орсон байна гэж бодоод гэртээ ороогүй, шууд эгч Наранд хэлж эгч цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 195х/

 

Эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 191х/

-40 инчийн Самсунг маркийн зурагт 480.000 төгрөг

-Зөөврийн компьютер 500.000 төгрөг

-Цонхны салхивчны шил 40.000 төгрөг , нийт 1.020.000 төгрөг,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /4хх-ийн 68-77х/

 

11. 2016 оны 01 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны 5 дугаар орцны гадна зогсоол дээр байсан иргэн Б.Дэмчигнямын эзэмшлийн 97-34 УБЕ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомшины эд зүйлсийг хулгайлж Б.Дэмчигнямд 660.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.Дэмчигнямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 25-ны орой өөрийн эзэмшлийн 97-34 УБЕ улсын дугаартай саарал өнгийн Приус 20 маркийн автомашинаа гэрийн гадаа буюу 23 дугаар байрны 5-р орцны харалдаа тавьсан. Маргааш өглөө нь 10 цагийн үед гарахад миний машин хучлагатайгаа цонхыг нь хагалаад дотор нь байсан стандарт обудтай өвлийн запас дугуй 1 ширхэг, цагаан өнгийн скай маркийн гар утас 1 ширхэг, цагаан өнгийн тортой гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг алга болсон...” гэсэн мэдүүлэг. /2хх-ийн 133-134х/

 

Эд зүйлийн үнэлгээ /2хх 130х/

-Тоёота Приус-20 машины арын багажны шил 150.000 төгрөг

-Тоёота Приус-20 машины запас дугуй 100.000 төгрөг

-Скай маркийн гар утас 50.000 төгрөг

-Тоёота Приус-20 машины багажны бариул 80.000 төгрөг

-Хаалганы усны халаалт 30.000 төгрөг

-Жолоочийн хаалга 250.000 төгрөг, нийт 660.000 төгрөг,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /4хх-ийн 68-77х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсоноос гадна шүүгдэгч Б.Наранаатарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “ ...Би энэхүү хулгайн 12 үйлдлээс 11-ийг нь үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, мөн түүний мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн “... хулгайн 13 үйлдлийг бүгдийг мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар зааж өгсөн, би үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” / 1хх-ийн 123х, 4хх-ийн 104-105х/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

 

Мөн шүүгдэгч Б.Наранбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ өмнөх мэдүүлэгт ярьсан зүйлийнхээ талаар өөрөөр ярьсанаас гадна өмнө яригдаагүй зүйл нэмж ярьсан буюу “... би Б.Бямбабаяр, Л.Пүрэвдорж нарын гэрээс эд зүйл хулгайлаагүй, сүүлд нь зам шалгалтаар авч явж байхдаа цагдаа намайг  цонхон дээр даруулж хурууны хээ авсан гэж, түүнчлэн Тэмүүлэл караокегаас  мөнгө авахдаа Ганбаатарын Мөнхзаяатай хамт, хохирогч Д.Цэцэгмаа, хохирогч Д.Оюуны гэр зэргийг хулгайлахдаа Бадарчийн Отгонбаатар гэгчтэй хамтарч үйлдсэн, хохирогч Б.Тунгалагийн гэрээс авсан 10 ширхэг мөнгөн аягыг хулгайлаад аваад ир гэж надад Оюун гэх ченж захиалсан гэх мэтээр мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан, шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн болно.

 Тухайлбал, хохирогч Б.Бямбабаяр, Л.Пүрэвдорж нарын гэрээс эд зүйл алдагдсан гэх өдөр цагдаагийн албан хаагчид хэргийн газарт очиж хэргийн газрын үзлэг хийх явцдаа 2 ширхэг гарын мөр илрүүлж, шинжилгээнд явуулсан байх бөгөөд шинжилгээгээр уг гарын мөр нь шүүгдэгч Б.Наранбаатарын гарын мөртэй тохирсон, /1хх-ийн 214-220х/, шинжээчийн 3589  дугаартай дүгнэлт /1хх-ийн 23х/ зэргээр тогтоогдсон,

түүнчлэн Тэмүүлэл караокегаас  мөнгө авахдаа Ганбаатарын Мөнхзаяатай хамт мөнгө хулгайлсан, хохирогч Д.Цэцэгмаа, хохирогч Д.Оюуны гэр зэргийг хулгайлахдаа Бадарчийн Отгонбаатартай хамтарч үйлдсэн гэх боловч Б.Отгонбаатар, Г.Мөнхзаяа гэх хүмүүс нь Б.Наранбаатарын үйлдсэн хэрэгт хамтран оролцсон болох нь тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл,

шүүгдэгч Б.Наранбаатарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэлээр тэрбээр Б.Отгонбаатарын амьдарч байгаа, амьдарч байсан газар гэх мэт газруудыг зааж өгсөн боловч тухайн хаягт Б.Отгонбаатар гэгч нь амьдардаггүй, амьдарч байгаагүй болох нь тогтоогдсон, /мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /4хх-78-79х/, хохирогч Э.Батцэцэг, гэрч Б.Өлзийбаяр нарын мэдүүлгүүдээр Б.Наранбаатар нь ганцаараа Тэмүүлэл караокены лангууны араас мөнгө авч байгаа талаар камерын бичлэгт бичигдсэн тухай мэдүүлсэн /1хх-1хх-167-168, 171х/,  гэрч О.Цэцэгмаа, Ж.Батболд, Б.Ууганбаяр нарын мэдүүлгээр  шүүгдэгч Б.Наранбаатар нь ганцаараа  жолооч хөлсөлж хохирогч Д.Оюуны гэрийг ачиж яван О.Цэцэгмаа гэгчид зарсан болох нь нотлогдсон, /1хх-43, 1хх-50-51х, 4хх-ийн 85х/, мөн шинжээчийн 4/279 дугаартай дүгнэлтээр хохирогч Д.Цэцэгмаагийн гэрээс шүүгдэгч  Б.Наранбаатарын гарын мөр илэрсэн /1хх-68-69х/ зэрэг нотлох баримтуудаар түүний дээрх мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

 

Мөн шүүгдэгч Б.Наранбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...мөрдөн байцаагч Наранбаатар нь надад тамхи архи, мөнгө зэргийг өгдөг тул хийгээгүй үйлдлээ хийсэн гэж мэдүүлсэн, одоо тэр хэлсэндээ хүрээгүй учир би мэдүүлгээсээ буцаж байна гэж, мөн надад яриагүй 5 үйлдэл байгаа” гэх мэтээр мэдүүлсэн боловч энэ тухай ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй, уг асуудлыг жичид шалгуулж шийдвэрлүүлэх боломжтой юм.

 

            Шүүгдэгч Б.Наранбаатар нь мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлхийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 505 дугаартай яллагдагчаар цагдан хорих хугацаа сунгахаас татгалзах тухай шүүгчийн захирамж /4хх-ийн 17х/

 

            2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр яллагдагч Б.Наранбаатарт Гадагш явж болохгүй тухай баталгаа авахаар таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /2хх-30х/

 

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 262 дугаартай Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.2-т заасан үндэслэлээр, /4хх-ийн 19х/

 

             Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дугаартай Яллагдагчийг эрэн сурвалжлах тухай прокурорын тогтоол /4хх-ийн 21х

 

             Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 27 дугаартай Түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах хугацааг тогтоох тухай тогтоол /4 хх-ийн 28х/ зэрэг нотлох баримтуудтай болно.

 

            Шүүгдэгч Б.Наранбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт энэхүү хэргийнхээ талаар мэдүүлэхдээ “... би мөрдөн байцаалтын ажиллагаанаас зайлсхийсэн удаагүй, оргож байгаагүй” гэж мэдүүлсэн боловч тэрбээр 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 505 дугаартай яллагдагчаар цагдан хорих хугацаа сунгахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гарч, гадагш явж болохгүй баталгаа авахаар таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан /2хх-ийн 30х/  байхдаа 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд мөрдөн байцаагчийн дуудсанаар ирээгүй, өөрийн амьдардаг хаягтаа бус өөр газар амьдрах зэргээр мөрдөн байцаалтын ажиллагаанд зориуд саад учруулан зайлсхийж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байх тул түүнийг мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэж үзнэ.

 

            Иймд шүүгдэгч Б.Наранбаатарыг урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учирсан, мөн мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

            Харин тус прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Наранбаатарт холбогдох хэргээс 2016 оны 01 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байрны гадна ил зогсоол дээр байсан иргэн О.Оюуны эзэмшлийн 02-44 УНЗ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер маркийн автомашины арын том шилийг хагалан нэвтэрч 850.000 төгрөгийн эд зүйлсийг хулгайлсан гэх үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл,

             иргэн О.Оюун нь мөрдөн байцаалтад мэдүүлэг өгөхдөө “... миний машинаас алдагдсан эд зүйл байхгүй” гэж мэдүүлсэн /2хх-ийн 166х/ байх тул шүүгдэгчид холбогдох хэргээс энэхүү үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Наранбаатар урьд нь 1999 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 83 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлийн 1, 3-д заасныг журамлан түүнд оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2000 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 359 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-т зааснаар хөнгөнийг хүндэд нь багтааж нийт 5 жилийн хорих ялаар шийтгэж, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Наранбаатарт энэ тогтоолоор оногдуулсан ял дээр 1999 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 83 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялын заримыг нь буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн  6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

2000 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 709 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, 2000 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 359 дугаартай талсан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 7 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн бүгд 12 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 87 дугаартай захирамжаар оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 5 жил болгон өөрчилсөн бөгөөд 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

           2013 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 50 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 16 хоногийн хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан болох нь таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоолын хуулбар, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт, ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай шүүгчийн захирамжийн хуулбар /2хх-ийн 46-70х/ зэргээр тогтоогдсон байна.

 

           Шүүгдэгч

 

           Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Наранбаатарын эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 16 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллаж, хянан харгалзсан байх тул энэхүү хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй, харин тэрбээр Эрүүгийн хуулийн ернхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар ялтай байна.

          

   Хохирол төлбөрийн тухайд:

   Шүүгдэгч Б.Наранбаатар нь гэмт хэргийн улмаас бусдад нийт 15.725.000 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч Ц.Баасанбатад 900.000 төгрөг, хохирогч Э.Батцэцэгт 390.000 төгрөг, хохирогч Д.Цэцэгмаад 2.160.000 төгрөг, хохирогч Д.Гэрэлтэд 800.000 төгрөг, Б.Тунгалагт 1.200.000 төгрөг, хохирогч Б.Ганзоригт 4.260.000 төгрөг, хохирогч Д.Оюунд 1.500.000 төгрөг, хохирогч Н.Бямбабаярт 1.350.000 төгрөг, хохирогч Л.Пүрэвдоржид 980.000 төгрөг, хохирогч Г.Мөнгөнд 505.000 төгрөг, хохирогч Н.Наранд 1.020.000 төгрөг, хохирогч Д.Дэмчигнямд 660.000 төгрөг төлөх нь үндэслэлтэй байна.

 Түүнчлэн шүүгдэгчээс 850.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч О.Оюунд олгох нь зүйтэй байна. 

 

            Шүүгдэгч Б.Наранбаатар нь 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 299 хоног цагдан хоригдсоныг  /2хх-ийн 18-22 х, 4хх-ийн 45, 51, 54, 58, 205-207, 232х/  түүний ял эдэлсэн хугацаанд оруулан  тооцов.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий CD 3 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Наранбаатарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй  болохыг дурдав.

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248, 283, 284, 286, 290, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

            1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Наранбаатарын тэнсэн суллагдсан хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Наранбаатарт холбогдох хэргээс  иргэн О.Оюуны 850.000 төгрөгийн эд зүйлийг хулгайлсан гэх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.   

 

3. Шүүгдэгч Б.Наранбаатарыг урьд дээрмийн гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд  ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Мөн мөрдөн байцаалтын ажиллгаанаас зориуд зайлхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

4. Шүүгдэгч Б.Наранбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50.000 /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан  Б.Наранбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50.000 /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялын зарим болох 5 сарын хорих ялыг нэмж,  биечлэн эдлэх ялыг 50.000 /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 /арав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Наранбаатарт оногдуулсан 10 жил  6 сарын хугацаагаар  хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Наранбаатарын цагдан хоригдсон 299 хоногийг түүний ял эдэлсэн хугацаан оруулан тоолсугай.

 

8.  Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Наранбаатараас 16.575.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Баасанбатад 900.000 төгрөг, хохирогч Э.Батцэцэгт 390.000 төгрөг, хохирогч Д.Цэцэгмаад 2.160.000 төгрөг, хохирогч Д.Гэрэлтэд 800.000 төгрөг, Б.Тунгалагт 1.200.000 төгрөг, хохирогч Б.Ганзоригт 4.260.000 төгрөг, хохирогч Д.Оюунд 1.500.000 төгрөг, хохирогч Н.Бямбабаярт 1.350.000 төгрөг, хохирогч Л.Пүрэвдоржид 980.000 төгрөг, хохирогч Г.Мөнгөнд 505.000 төгрөг, хохирогч Н.Наранд 1.020.000 төгрөг, хохирогч Д.Дэмчигнямд 660.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.Оюунд 850.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий СD 3 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж хадгалсугай.

 

10. Шүүгдэгч Б.Наранбаатарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Наранбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэй.

 

13.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Наранбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ:                                   Г.АЛТАНЦЭЦЭГ

 

                                  ШҮҮГЧИД :                                    Г.ГАНБААТАР

 

                                                                                            Ц.ОЮУНЧИМЭГ