Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 528

 

                

 

 

 

Б.Наранбаатарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Золзаяа,

Ялтан Б.Наранбаатар, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, Ц.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Наранбаатарын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 201526011136 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овогт, Батдоржийн Наранбаатар, 1981 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан  дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 15 дугаар гудамжны 238б тоотод оршин суух,

1. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 83 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 359 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж, нийт 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд энэ тогтоолоор оногдуулсан ял дээр 1999 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 83 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялын заримыг буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, 6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

3. Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 709 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ял дээр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 359 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 20-нд хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

4. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 12 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,

Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2008 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 87 дугаар захирамжаар оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 5 жил болгон өөрчилж, 2011 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

5. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 50 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД:ЧГ81091016/,

Б.Наранбаатар нь урьд дээрмийн гэмт хэрэгт ял шийтгүүлж ялтай байхдаа давтан үйлдлээр:

1.   2015 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 60 дугаар гудамжны 1 тоотод оршин суух Ц.Баасанбатын гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж, “Funai” загварын 32 инчийн LCD зурагт, шинэ үеийн дунд гарын манан хөөрөг зэргийг хулгайлан авч 900.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2.    2015 оны  6 дугаар  сарын  17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэмүүлэл” караокены текний араас Э.Батцэцэгийн пасктай мөнгийг хулгайлан авч, 390.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

3.    2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо,  Бага нарангийн 25 дугаар гудамжны 5 тоотод оршин суух Д.Цэцэгмаагийн гэрт нэвтрэн орж, алтан ээмэг, алтан бөгж, монетон зүүлт зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, 2.160.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

4.    2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 10-аас 12 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Сүү” ХХК-ийн хойд талд байрлах Д.Гэрэлтийн гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж, “LG” загварын 42 инчийн “LCD” зурагтыг хулгайлан авч, 800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

5.  2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 125 дугаар гудамжны 2 тоотод оршин суух Б.Тунгалагийн байшингийн цонхоор  нэвтрэн орж, дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, монетон бөгж зэрэг эд зүйлсийг нь хулгайлан авч, 1.200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

  1. 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 47 дугаар байрны 28 тоотод оршин суух Б.Ганзоригийн гэрээс “Sharp” загварын LCD зурагт, “Samsung galaxsy S-2” загварын гар утас, хар өнгийн хромон гутал, зүүлт зэрэг эд зүйлсийг нь хулгайлан авч, 4.260.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
  2. 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 31 дүгээр гудамжны задгайд оршин суух Д.Оюуны эзэмшлийн монгол гэрийг хулгайлан авч, 1.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
  3. 2015 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 43 дугаар гудамжны 4 тоотод оршин суух Н.Бямбабаярын байшингийн цонхыг түлхэн нэвтрэн орж, “Samsung” загварын 42 инчийн LCD зурагт, “Sony” загварын зөөврийн компьютер зэргийг хулгайлан авч, 1.350.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

             Мөн тоотод оршин суух Л.Пүрэвдоржийн байшингийн цонхоор нэвтрэн орж,   32  инчийн  LCD зурагт,   гар  утас  зэргийг хулгайлан авч, 980.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

  1.  2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Ногоон зоорийн 1 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух Г.Мөнгөний гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж, “LG” загварын 42 инчийн LCD зурагт, орны даавуу зэргийг хулгайлан авч, 505.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
  1. 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчиний 1 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух Н.Нарангийн байшингийн цонхны шилийг хагалан нэвтрэн орж, 40 инчийн LCD зурагт, зөөврийн компьютер зэргийг хулгайлан авч, 1.020.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
  2. 2016 оны 1 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны 5 дугаар орцны гадна зогсоол дээр байсан Б.Дэмчигнямын эзэмшлийн 97-34 УБЕ улсын дугаартай “Toyota prius-20” загварын автомашины эд зүйлсийг хулгайлан авч, 660.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
  3. 2016 оны 1 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байрны гадна ил зогсоол дээр байсан Э.Оюуны эзэмшлийн 02-44 УНЗ улсын дугаартай “Toyota Land Gruiser” загварын автомашины арын салхины шилийг хагалан нэвтэрч эд зүйлсийг нь хулгайлан авч, 850.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирлыг тус тус учруулан, бусдад нийт 16.575.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Мөн хулгайн гэмт хэрэгт шалгагдаж байх хугацаандаа 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр цагдан хорих хугацааг сунгахаас татгалзах тухай шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 58 хоног мөрдөн байцаалтад ирэхгүй мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэх хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Наранбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хууль.”-ийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Наранбаатарын тэнсэн суллагдсан хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Наранбаатарт холбогдох хэргээс О.Оюуны 850.000 төгрөгийн эд зүйлийг хулгайлсан гэх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Б.Наранбаатарыг урьд дээрмийн гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.Наранбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Наранбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялын зарим болох 5 сарын хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Наранбаатарт оногдуулсан 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Наранбаатарт цагдан хоригдсон 299 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Наранбаатараас 16.575.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Баасанбатад 900.000 төгрөг, хохирогч Э.Батцэцэгт 390.000 төгрөг, хохирогч Д.Цэцэгмаад 2.160.000 төгрөг, хохирогч Д.Гэрэлтэд 800.000 төгрөг, Б.Тунгалагт 1.200.000 төгрөг, хохирогч Б.Ганзоригт 4.260.000 төгрөг, хохирогч Д.Оюунд 1.500.000 төгрөг, хохирогч Н.Бямбабаярт 1.350.000 төгрөг хохирогч Л.Пүрэвдоржид 980.000 төгрөг, хохирогч Г.Мөнгөнд 505.000 төгрөг, хохирогч Н.Наранд 1.020.000 төгрөг, хохирогч Д.Дэмчигнямд 660.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.Оюунд 850.000 төгрөгийг тус тус олгож, Б.Наранбаатарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Наранбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ялтан Б.Наранбаатар давж заалдах гомдолдоо: “…Миний бие 2015 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гарсан хулгайн хэрэгт холбогдон 2015 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдсон. Анхан шатны шүүхээс 10 жил 6 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Уг хэрэгт холбогдох хүмүүсийг мөрдөн байцаах шатанд шалгаагүй. Үүнд:

            Энэ гэмт хэргийг хийх үед хамт явж байсан хохирогч Тунгалаг гэх айлын гэрийн хаягийг болон гэрт байгаа эд хөрөнгө болох 10 ширхэг мөнгөн аягыг зааж өгч захиалга өгөн хулгай хийлгэсэн. Алт мөнгөний ченж Оюун гэх эмэгтэй энэ айлаас 10 ширхэг мөнгөн аягыг хулгай хийгээд өгөөч гэж уг айлын гадаа өөрийн машинаар хүргэж өгөөд энэ айл одоо хүнгүй байгаа гэхээр нь уг айлд ороод тавиур дээрээс нь 10 ширхэг мөнгөн аягыг нь аваад Оюун эгчид 400.000 төгрөгөөр өгсөн.

2015 оны 6 дугаар сарын 16-нд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэмүүлэл” караокены текний араас Батцэцэг гэх эмэгтэйн паскатай 350.000 төгрөгийг хулгайлж авахад хамт явж байсан Г.Мөнхзаяаг энэ хэрэгт холбогдуулан шалгаагүйд гомдолтой байна. Мөн энэ хэрэгт өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр хулгай хийсэн эд зүйлсийг борлуулалцсан жолооч Бат-Оргилыг нэг ч удаа байцаалт аваагүйд гомдолтой байна. Дээр дурдсан гурван хүнийг давж заалдах шатны шүүхээр шалгуулж, шүүхээр дахин хэлэлцүүлэх хүсэлттэй байна. Мөрдөн байцаагч Б.Наранбаатар тамхи, архи, мөнгө зэргийг өгдөг байсан тул би хийгээгүй үйлдлээ хийсэн гэж мэдүүлсэн бөгөөд мөрдөн байцаагч хэлсэн үгэндээ хүрээгүй учир би өгсөн мэдүүлгээсээ буцаж байна. Иймд мөрдөн байцаагч Б.Наранбаатар болон дээр дурдсан 3 хүнийг нь тусад шалгуулж шийдүүлмээр байна…” гэв.

Ялтан Б.Наранбаатарын өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ялтны гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Мөрдөн байцаалтын шатанд Б.Наранбаатар энэ талаар мэдүүлсэн. Сүүлд Мөнхзаяатай холбоотой асуудал яригдаж эхэлсэн. Мөнхзаяа хулгайн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа бөгөөд түүний өмгөөлөгчөөр давхар оролцож байгаа. Мөнхзаяа уг хэрэгт оролцсон талаараа хэлдэг. Нэгэнт ялтны гаргасан давж заалдах гомдолд нэр бүхий хүмүүс дурдагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд зааснаар хэргийн байдлыг бүрэн нотлох шаардлагатай. Нэр бүхий этгээдүүдийг шалгаж, тэдний оролцоо байгаа эсэхийг эцэслэн шалгах нь ялтны эрх зүйн байдалд эерэгээр нөлөөлнө. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Прокурор Г.Золзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Оюун гэх ченжийн тухай мөрдөн байцаалтын шатанд огт яригдаагүй. Харин анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт энэ тухай мэдүүлсэн. Батцэцэгийн “Тэмүүлэл” гэх караокений текний араас  мөнгө хулгайлсан гэх үйлдэлдээ Мөнхзаяаг оролцсон гэх боловч гэрчийн мэдүүлгээр Б.Наранбаатар ганцаараа байсан нь тогтоогдсон. Мөрдөн байцаалтын шатанд энэ тухай яригдаагүй. Бат-Оргил гэх хүний нэрийг ялтан давж заалдах гомдолдоо дурдсан. Мөн эрүүгийн төлөөлөгч Б.Наранбаатарыг гэмт хэргийг нэг мөр шалгаагүй гэж байгаа бөгөөд түүний үйлдэл оролцоо байгаа бол тусад нь шалгах боломжтой...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Б.Наранбаатарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явуулснаас хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гарахад сөргөөр нөлөөлжээ.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Бямбабаяр “Гэрээс 42 инчийн LCD зурагт, нөөтбүүк, эхнэрийн мөнгөн хос ээмэг, бөгж, гинж алга болсон байсан” /1-р хх-227-228/ гэж мэдүүлсэн байхад мөнгөн  хос ээмэг, бөгж, гинжийг,

хохирогч Н.Нарангийн “гэрээс хананд өлгөөтэй байсан 40 инчийн LCD зурагт, зөөврийн компьютер, улаан эрээн өнгийн орны бүтээлэг зэргийг хулгайлсан байсан” /2-р хх-194/ гэж мэдүүлсэн байхад орны бүтээлгийг,

хохирогч Б.Тунгалаг “Гэрээс дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, бага гарын 6 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг монетон бөгж, үнэртэй ус зэрэг эд зүйлс алдагдсан байсан” /1-р хх-103-104/ гэж мэдүүлсэн байхад үнэртэй усыг,

хохирогч Б.Дэмчигням “машины хучлагыг сөхтөл жолооч талын хаалгыг хөшөөд арын цонхны хагалаад дотор нь байсан стандарт обудтой өвлийн запас дугуй 1 ширхэг, цагаан өнгийн Sky загварын гар утас, гоо сайханы бүтээгдэхүүн зэрэг хулгайлсан байсан” /2-р хх-134/ гэж мэдүүлсэн бөгөөд Б.Наранбаатар сэжигтнээр “Болдбаатар хучлаган доогуур нь шургаад орчихсон. Би тэднийг түшээд орц руу нь оруулж өгчихөөд гарч ирэхэд Болдбаатар хучлаган доороос тортой зүйл, запас дугай, камер аваад гарч ирсэн. Орифлеймийн барааг нь гадуур хүмүүст зарсан.” /2-р хх-136/ гэж тус тус мэдүүлсэн мэдүүлгээр давхар нотлогдож байхад гоо сайханы бүтээгдэхүүнийг,

хохирогч Д.Гэрэлт “гэртээ иртэл хаалганы хавтас цөм цохигдож эвдэрсэн, 42 инчийн LCD зурагт алдагдсан байсан” /1-р хх-192/ гэж мэдүүлсэн байхад хаалгыг,

хохирогч Д.Ганзориг “Манай гэрээс гэрийн түлхүүр, гар утас, болор зүүлт 2 ширхэг, 32 инчийн LCD зурагт, 41 размерын хромон гутал, үүргэвч зэрэг зүйл алдагдсан” /хх-145/ гэж мэдүүлсэн байхад гэрийн түлхүүр, гар утас, үүргэвчийг тус тус үнэлэлгүй гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бодитой тогтоож чадаагүй байна.

Түүнчлэн яллах дүгнэлтэд хохирогч Г.Мөнгөн гэрээс “LG” загварын 42 инчийн LCD зурагт, орны даавуу зэргийг хулгайлсан гэсэн байхад шийтгэх тогтоолд Г.Мөнгөний гэрээс LG” загварын 42 инчийн LCD зурагт, зөөврийн компьютер зэргийг хулгайлсан хэмээн дүгнэсэн нь хохирогчийн “...42 инчийн  LG загварын зурагт, орны даавуу зэрэг алдагдсан байсан...” гэх мэдүүлгээс эрс зөрүүтэй дүгнэлт хийж, хохирлын тооцоог буруу тооцож ойлгомжгүй дүгнэсэн.

Мөн хохирогч Э.Оюуны эзэмшлийн 02-44 УНО улсын дугаартай “Toyota Land Gruiser” загварын автомашины шилийг хагалсан байхад 02-44 УНЗ улсын дугаартай “Toyota Land Gruiser” загварын автомашины арын салхины шилийг хагалан эд зүйл хулгайлсан гэж,

хохирогч Б.Ганзориг “...2015 оны 6 дугаар сарын 4-ний өглөө гэртээ сэртэл гэрийн эд хогшлыг нэг бүрчлэн задлаад онгичоод хаячихсан байсан...” /1-р хх-145/ гэж мэдүүлсэн байхад 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 47 дугаар байрны 28 тоотод оршин суух Б.Ганзоригийн гэрээс ...эд зүйлсийг нь хулгайлсан гэж яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд эрс зөрүүтэй бичсэн алдаа зөрчлүүд байна.

Б.Наранбаатар нь урьд нь 5 удаа ял шийтгүүлсэн байх боловч түүнийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцох эсэх ажиллагааг шалгалгүйгээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан “яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцөлүүд”, мөн зүйлийн 80.1.5 дахь хэсэг “гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ”-г нягтлан шалгах нь хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болно.

Дээрх нөхцөл байдлын талаар шаардлагатай байцаан шийтгэх ажиллагаа явуулсаны эцэст Б.Наранбаатарын гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Наранбаатарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах нь зүйтэй.

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан тул ялтан Б.Наранбаатарын давж заалдах гомдлыг тус шүүх хуралдаанаар шийдвэрлээгүй болохыг дурдаж байна.

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Наранбаатарт холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраар дамжуулан нэмэлт мөрдөн байцаалтад буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Б.Наранбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧИД                                           Б.ЗОРИГ

                                                                                    Н.БАТСАЙХАН