Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 101/2018/05429/И |
Дугаар | 001/ХТ2020/00125 |
Огноо | 2020-03-05 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 001/ХТ2020/00125
“... банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/00323 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 665 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: “... банк” ХХК
Хариуцагч: Б.Б-
Хариуцагч: Г.А- нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 86,095,022.42 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг
Хяналтын журмаар гаргасан хариуцагч талын гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Лхагвасүрэн, нарийн бичгийн даргад Б.Уранзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Хариуцагч нартай 2017-02-02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 78 сая төгрөгийг жилийн 19,20%-н хүүтэй, 240 сарын хугацаатай зээлдүүлсэн. БЗД, ..-р хороо, .. тоот хаягт байрлах 80 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалахаар тохирсон. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчид гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж байсан хэдий ч 2018-04-17-с эхлэн үүргээ ноцтой зөрчих болсон. Бид зээлдэгч нарт амаар болон бичгээр мэдэгдэл өгч байсан. Гэрээнд зааснаар хариуцагч нар сар бүр 1,271,068.48 төгрөгийг тогтмол төлөх ёстой байснаас үндсэн зээлд 843,574.55 төгрөг, зээлийн хүүнд 18,058,682.83 төгрөгийг тус тус төлсөн. Энэ хугацаанд бодогдсон нийт хүүгийн төлбөр 26,985,779.80 төгрөгөөс 18,058,682.83 төгрөгийг төлсөн ба хамгийн сүүлд төлсөн төлбөрөөс үндсэн зээлд 202,357 төгрөг, 2018-05-07-г хүртэл хуримтлагдсан хүүгийн төлбөрт 599,950 төгрөгийг суутгасан. Иргэний хуулийн 225, зээлийн гэрээний 9.2-т зааснаар нэг талын санаачлагаар гэрээг цуцалж, 2018-11-28-ны байдлаар үндсэн зээл 77,156,425.45 төгрөг, зээлийн хүү 8,924,400.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,696.25 төгрөг, нотариатын зардал 11,500 төгрөг, нийт 86,095,022.42 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр шаардлагыг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Б- тайлбартаа: БЗД, ..-р хороо, .. тоот хаягт байрлах 80 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг “.. констракшн” ХХК-иас худалдан авахаар “... банк” ХХК-иас 78 сая төгрөгийн зээл авч, уг орон сууцыг барьцаалсан. 2018-05-26-аас зээлийн эргэн төлөлтийн график зөрчигдсөн нь үнэн. 2017-02-26-с 2018-04-26-ны өдөр хүртэл 15 сарын төлбөрөөс хүүнд 18,209,562 төгрөг, үндсэн зээлд 856,464 төгрөг, нийт 19,066,027 төгрөг төлсөн. 2018-04-27-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 77,143,535 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Эхнэр Г.А-гийн бие өвдөж, олон сараар эмчилгээ хийлгүүлж, эмнэлэгт хэвтэж, одоо ч бие сайн тэнхрээгүй байгаа. 77,143,535 төгрөгийг төлж дуусгахад татгалзах зүйлгүй. Хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардлаас чөлөөлж өгөхийг нэхэмжлэгчээс хүсье гэжээ.
Хариуцагч Г.А- тайлбартаа: .. констракшн ХХК-иас 87 м.кв талбайтай 4 өрөө байрыг худалдан авсан ба ... банкнаас гаргадаг 8%-н зээлд хамрагдахаар байрны талбайг 80 м.кв болгож гэрчилгээг гаргуулсан. 1 м.кв талбайг 1,4 сая төгрөгөөр бодож, 112,000,000 төгрөгөөр үнэлэн 78 сая төгрөгийн зээл гаргаж өгсөн. Зээлийг хугацаа алдалгүй төлж байгаад 2018-05 сараас хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлөлт хийгдээгүй. Гэрээнд заасан графикийн дарааллаар 2018-05-26-ны өдрийн байдлаар үндсэн зээл 77,143,535 төгрөг, зээлийн хүү 8,416,064 төгрөг болж байна. Өөрөөр хэлбэл, үндсэн зээл 12,890 төгрөгөөр, хүү 508,335 төгрөгөөр илүү бодогдсон байна гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 101/ШШ2019/00323 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3.-д заасныг баримтлан Б.Б-, Ч.А- нараас 86,095,022 төгрөгийг гаргуулж, ... банк ХХК-нд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, .. тоот орон сууцыг хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 658,625 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 658,625 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 665 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/00323 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын төлөөлөгч гомдол гаргахдаа төлсөн 39 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.
Хариуцагч талаас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлийн үнийн дүн болох 86,095,022.49 төгрөгөөс 1,527,618.19 төгрөг хасагдаж тооцогдох ёстой. Тухайлбал 86,095,022.49 төгрөгний задаргаа болох үндсэн зээлийн үлдэгдэл 77,156,425.45 төгрөгөөс 77,143,535.18 төгрөгийг төлөх үүргийг хүлээх ёстой. Харин нэмэгдүүлсэн хүү 2696 төгрөг мөн шүүхэд нэхэмжлэлтэй холбогдон гарсан зардал 11,500 төгрөгийг төлөх ёсгүй гэж үздэг. Хариуцагч нар зээлийн гэрээний дагуу нийт 20,150,425.27 төгрөг төлсөн атал, 86,095,022.42 төгрөгийг төлөхийг шаардаад байгааг зөвшөөрөхгүй. 20,150,425 төгрөг нь 2017-02-26-с эхлэн 2018-05-26-н хүртэл 15 сарын зээлийн эргэн төлөлтийн мөнгө юм. Шүүх баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлээгүй нь ИХШХШТХ-н 41.1,41 2-т нийцээгүй. 1,527,618.19 төгрөг зөвшөөрөөгүй үндэслэл нь:1/. нийт 15 сарын төлөлт хийхэд үндсэн зээлийн үлдэгдэл 77,143,535.18 төгрөг болсон. 15 сарын төлөлт хийснийг нэхэмжлэгч үгүйсгэхгүй мөртлөө 12,890.27 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл дээр нэмж шаардсан; 2/.Зээлдэгчид гэрээний нөхцөлийг 2018-05-27-с зөрчиж эхэлсэн. Нэхэмжлэгч үндэслэлдээ 2018-05-26-с 11-26-ны өдрийн хүү 8,924,400.72 төгрөг гэдэг. Гэтэл, уг сард хуваагдсан 7 сарын хүү нийт 8,672,036.9 төгрөг байтал үндэслэлгүйгээр 252,363.82 төгрөгийг нэмээд 8,924,400.72 төгрөгийг шаардаад байна. 3/. нэмэгдүүлсэн хүү 2,696.25 төгрөг нь аль сарын хэдэн төгрөгний хүүгийн хүүд тооцогдож нотлогдохгүй, тогтоогдохгүй байгаа. 4/. 11,500 төгрөгийн зардлыг гэрээний нөхцөлийн ямар зүйл, заалт, хэсгээр шаардаад байгааг нотлож чадаагүй. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлээс 1,248,167.85 төгрөг хасаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
“... банк” ХХК 2018-11-29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл Б.Б-, Г.А- нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нийт 86,095,022 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг шаардсан бөгөөд үндэслэлээ “...зээлийн гэрээ байгуулж эд хөрөнгө барьцаалсан боловч үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 77,156,425.45 төгрөг, зээлийн хүү 8,924,400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2696 төгрөг, нотариатын зардал 11,500 төгрөг авна...” гэжээ.
Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...тооцоог буруу хийсэн..” гэж маргахдаа 77,143,535 төгрөг төлөхийг зөвшөөрсөн байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагч нарын гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
“... банк” ХХК нь 2017-02-02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 78,000,000 төгрөгийг нэг сарын 1.60 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлүүлэх, Б.Б-, Г.А- нар зээлийг хүлээн авч заасан хугацаанд буцааж төлөх үүрэг тус тус хүлээж, үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүрэг, .. дугаар хорооны .. тоот Б.Б-ын өмчлөлийн орон сууцыг барьцаалжээ.
Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээ хүчин төгөлдөр байх тул гэрээнд заасан үүргээ зохигч биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.
Зээлдэгч нар 78,000,000 төгрөгийг хүлээн авсан, энэ талаар зохигч маргаагүй тул “... банк” ХХК зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
Гэрээнд заасан үүргээ хариуцагч нар биелүүлээгүй буюу заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй, нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан /хх28,37-39,102/ хэдий ч өөрийн үндэслэл болон тооцоогоо гаргаж өгөөгүй байна.
Шаардлага болон татгалзлаа нотлох үүргийг хэргийн оролцогч хүлээнэ. Иймд шүүх талуудын гаргаж өгсөн баримтын хэмжээнд шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйл болон 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсгийн зохицуулалтад нийцжээ.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтын хэмжээнд Иргэний хуулийн 451,211,242 дугаар зүйл, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/00323 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 665 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 34,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ