Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2020/00079

 

Л.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн     

          2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00124 дүгээр шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 567 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Л.Д-

          Хариуцагч: Б.Н-

          Хариуцагч: “...пропертиз” ХХК-д холбогдох

          5,204,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагч Б.Н-ийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Би 2015-09-р сард .. караокены тохижилт үйл ажиллагааг Б.Н-т зарсан бөгөөд ингэхдээ .. караокед байршуулсан гэрээний барьцаа болох 5,204,000 төгрөгийг Б.Н-ээс дараа нь бэлнээр авахаар тохиролцон уг мөнгийг тэр дүнгээр нь “...пропертиз” ХХК-ийн дансанд нь үлдээж дурдсан хугацаа өнгөрөхөд Б.Н-ээс нэхэмжилсэн юм. Гэтэл Б.Н- нь барьцааны мөнгө өө “...пропертиз” ХХК-иас ав би аваагүй гэсэн ингээд “...пропертиз” ХХК дээр очиж уулзтал түрээслэгч Б.Н- нь уг мөнгөөр түрээсийн төлбөрөө төлөн гэрээгээ хаасан болохыг нотолсон санхүүгийн баримт гарган гарын үсэг зурж тамга дарж өгсөн. Б.Н-ээс авах байсан караокены тохижилт, зарсны үлдэгдэл мөнгөн дээрээ барьцааны мөнгө 5,204,000 төгрөгөө нэмэн хамтад нь нэхэмжилж шүүхэд хандахад барьцааны мөнгө 5,204,000 төгрөгийг “...пропертиз” ХХК-аас эхлээд нэхэмжилж шүүхэд хандах ёстой гэсэн шүүхийн шийдвэр гарсан. “...пропертиз” ХХК-ийн байгуулсан түрээсийн гэрээг 2015-05-31-ний өдөр тасалбар болгож, цаашид манай эхнэр Ч.Мөнхтуяа нь үргэлжлүүлэн түрээсэлсэн. Би “...пропертиз” ХХК-д байршуулсан барьцааны төлбөр 5,204,000 төгрөгийг хариуцагч Б.Н-т өгсөн. Түрээсийн хугацаа 2015-08-31-нд дуусгавар болсон. Би “...пропертиз” ХХК-д 2015-09, 10 сард түрээсийн төлбөр төлөх ямар ч шаардлага байхгүй байсан. Иймээс Б.Н-ээс 5,204,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч “...пропертиз” ХХК-иас 5,204,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв.

       Хариуцагч “...пропертиз” ХХК тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2015 онд “... инженеринг энд констракшн ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж ажиллаж байсан. Түрээслэгч тал нь үйл ажиллагаа эрхлэн явуулж байх явцдаа иргэн Б.Н-тэй хэлцэл байгуулж тухайн караокег засвар, тохижилттой нь хамт шилжүүлэхээр тохиролцсон гэх бөгөөд тухайн гэрээний дагуу түрээслүүлэгч талд хадгалуулж байсан барьцаа хөрөнгө буюу 5 сая орчим төгрөгийг манай компанийн дансанд үлдээж, Б.Н- түрээсийн гэрээ байгуулж, хамтран ажиллаж байна. Тус компанийг хариуцагчаар татсан нь ойлгомжгүй байна. Иймд Б.Н-тэй хэрхэн хэлцэл хийж үйл ажиллагаа явуулж байсныг тодруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл түрээслүүлэгч талын оролцоогүйгээр иргэд хооронд хийсэн хэлцлийн үр дүнд бий болсон, харилцаанд манай байгууллага ямар нэгэн хариуцлага хүлээх үндэслэлгүй гэжээ.

       Хариуцагч Б.Н- тайлбартаа: Нэхэмжлэгч нь тухайн үед надтай хэлцэл хийж өөрийн ажиллуулж байсан караокег тохижилтын хамт зарж, түрээслүүлэгч талтай үргэлжлүүлэн түрээслүүлсэн нь үнэн боловч нэхэмжлэлд дурдсан мөнгийг өгөх үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн түрээсийн барьцаа болох 5,204,000 төгрөгийг түүнийг зөвшөөрсний дагуу хүлээн авсан нь үнэн. Л.Д-гийн “...пропертиз” ХХК-д төлөх 09, 10-р сарын түрээсийн төлбөр болох 5,300,000 төгрөгийг өмнөөс төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Төлсөн нь Капиталбанкны кассын орлогын баримтаар нотлогдох болно. Л.Д-гийн түрээсийн хугацаа 2015 оны 09, 10-р сард дуусаагүй байсан гэжээ.

      Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 182/ШШ2019/00124 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Б.Н-ээс 5,204,000 төгрөг гаргуулан Л.Д-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “...пропертиз” ХХК-иас 5,204,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс Л.Д- татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Л.Д-гээс төлсөн 98,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  Б.Н-ээс 98,214 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 567 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00124 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “..281 дүгээр зүйлийн 281.1..” гэснийг “..496 дугаар зүйлийн 496.1..” гэсэн өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн  гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,214 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна. 

     Хариуцагч Б.Н- хяналтын гомдолдоо: Би 2015-09-р сард Л.Д-гээс ЧД-ийн 3-р хороонд байрлах … караокены тохижилтыг худалдаж авсан. 2015-09-04-ний өдөр гэрээ хийн дээрх тохижилтыг худалдан авсан боловч Л.Д- нь микрофон нэмж өгөх, 00-ын өрөөний эвдэрхий суултууруудыг шинээр сольж өгөх, дутуу телевизоруудыг шинээр авч өгөх гэсэн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан билээ. Л.Д- нь гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас би 2015-09-25-ны өдөр “...пропертиз” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн болно. Иймд 2015-09-01-с 25-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөрийг Л.Д-гийн барьцаа мөнгөнөөс хасч (5,204,000 : 30=173,000) (173,000x25=4,325,000) (5,204,000 – 4,325,000= 879,000) зөрүү төлбөр болох 879,000 төгрөгийг төлөх хүсэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

       Л.Д- 2018-10-26-ны өдөр шүүхэд хандан Б.Н-, “...пропертиз” ХХК нараас 5,204,000 төгрөг гаргуулахыг шаардахдаа “...түрээслүүлэгчид үлдээсэн барьцааны мөнгийг хожим Б.Н-ээс бэлнээр авахаар тохирсон...гэтэл  Б.Н- нь уг мөнгөөр түрээсийнхээ төлбөрийг төлсөн байна..иймд мөнгийг Б.Н-ээс гаргуулж өгнө үү... “...пропертиз” ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзаж байна...” гэжээ.

     Хариуцагч Б.Н- нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...нэхэмжлэгч нь 2015-09-04-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул караоке-г ажиллуулж чадалгүй 2015-10-31-нээс үйл ажиллагаагаа эхэлсэн...энэ хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг барьцааны 5,204,000 төгрөгөөс “...пропертиз” ХХК-д төлсөн... нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэжээ. 

       Анхан шатны шүүх Б.Н-т холбогдох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “... зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна... Б.Н- 5,204,000 төгрөгийг авсан байна...хариуцагч татгалзлаа баримтаар нотлож чадаагүй..” гэсэн дүгнэлт хийсэн байна.    

       Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...Б.Н-ээс барьцааны мөнгийг гаргуулсан нь үндэслэлтэй байх боловч шүүх зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь буруу...” гэжээ.  

      Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...2015-09-01-ний өдрөөс  2015-09-25-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөрийг Л.Д-гийн барьцаа мөнгөнөөс хасч тооцон үлдэх 879,000 төгрөгийг төлнө...” гэжээ.   

      Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

     Л.Д- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3-р хороо ... байрлах .. караокены тохижилт, эд хөрөнгийг Б.Н-т 2015-09-04-ний өдөр гэрээ байгуулан худалдаж мөн өдрөө гэрээний зүйлийг хүлээлгэн өгсөн нь тогтоогдсон байна.

    Түүнчлэн, түрээсийн байрыг Л.Д- нь 2015-06-25-ны өдөр түрээслүүлэгчид хүсэлт гаргаж Ч.Мөнхтуяад, Ч.Мөнхтуяа нь 2015-08-30-ны өдөр Б.Н-т тус тус шилжүүлэн өгсөн бөгөөд Б.Н- 2016-04-01-ний өдөр хүсэлт гаргаж гэрээг цуцалсан үйл баримт нотлогджээ. 

   Л.Д- нь түрээслүүлэгч болох “...пропертиз” ХХК-д байршуулсан барьцааны мөнгийг Б.Н-ээс хожим авахаар зохигч нар 2015-09-04-ний өдөр гэрээ байгуулахдаа тохиролцсон, барьцааны мөнгийг Б.Н- авч түрээсийн төлбөртөө суутгуулсныг хариуцагч зөвшөөрсөн бөгөөд энэ талаар маргаангүй байна. 

    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017-12-05-ны өдрийн 1547 дугаар тогтоолоор “...барьцааны мөнгийг түрээслүүлэгч эсвэл хариуцагчаас шаардах эрх нээлттэй...” гэж дүгнэжээ.

    Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас 5,204,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж хоёр шатны шүүх үзсэн нь буруу биш байна. 

    Харин давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 496 дугаар зүйлийг үндэслэсэн нь оновчгүй болжээ. 

   Нэхэмжлэлд заасан 5,204,000 төгрөг нь түрээсийн гэрээний барьцааны мөнгө болохыг хариуцагч үгүйсгээгүй байна. Л.Д- түрээсийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр барьцааны мөнгө түрээслүүлэгчид төлсөн байх бөгөөд уг мөнгийг хариуцагч төлбөртөө тооцон суутгуулсан нь тогтоогдсон, нэхэмжлэгч нь хариуцагчид эд хөрөнгө буюу мөнгө барьцаалах ямар нэг үүрэг үүсээгүй байна. 

    Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.  

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

   1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 567 дугаар магадлалын нэг дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00124 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын “281 дүгээр зүйлийн 281.1” гэснийг “492 дугаар зүйлийн 492.1.1” гэж өөрчлөн, шийдвэр магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 84,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ