Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2033

 

 

“У.Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2017/01548 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “У.Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ө.З” ХХК-д холбогдох

 

Гэрээний үүргийн биелэлт, хохиролд 54 893 202 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.О.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “У.Б” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 22/2015 тоот бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу “Ө.З” ХХК-д Монгол Улсын стандарт шаардлагад нийцсэн 35 390 860 төгрөгийн үнэ бүхий авто замын борооны ус зайлуулах сувгийн материалыг нийлүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн. “Ө.З” ХХК нь гэрээний 1.4-т заасны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нийт төлбөрийн 50 хувийг, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үлдсэн 50 хувийн төлбөрийг төлөх үүрэгтэй байсан боловч өдийг хүртэл гэрээний үүргээ биелүүлсэнгүй. “У.Б” ХХК нь “Ө.З” ХХК-д удаа дараа албан бичгээр шаардлага хүргүүлж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар арга хэмжээ аваагүй төдийгүй, тус компанийн хүргүүлсэн шаардлагад хариу өгөлгүй 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүргэсэн. Ингээд “Ө.З” ХХК-иас 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 19/16 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн нь ...”У.Б” ХХК-ийн нийлүүлсэн бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй байна гэжээ. Тус компани “Ө.З” ХХК-д Монгол Улсын чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн бөгөөд бүтээгдэхүүн хүлээлгэн өгөхдөө тээвэрлэх буулгах, ашиглах, зааварчилгааг бүрэн өгсөн. Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээнд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдагч бүтээгдэхүүнээ нийлүүлсэн байхад худалдан авагч үнийг төлөх үүргээ биелүүлээгүй. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.2, 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт заасны дагуу худалдан авагчийн ирүүлсэн автомашины жолоочид "бүтээгдэхүүний ачих, буулгах, тээвэрлэх зааварчилгааг өгөн" хүлээлгэн өгснөөр худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсанд тооцно. Уг гэрээнд “Ө.З” ХХК-ийг төлөөлөн ерөнхий нягтлан бодогч н.Э гарын үсэг зурж, тамга дарсан байдаг бөгөөд н.Э-д гэрээ байгуулах эрхийг захирал Ж.О.Э өгсөн гэдэг нь хавтаст хэргийн 89 дүгээр хуудаст авагдсан гэрч Б.О-ийн мэдүүлгээр нотлогддог. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасны дагуу бичгээр байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна. Төлөөлөл Иргэний хуульд заасан шаардлага хангаж буй тул тэднийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасны дагуу өмгөөлөгчид төлсөн хөлсийг нэхэмжилж байна. Энэ хугацаанд нэхэмжлэгчид зардал чирэгдэл гарч, эргэлтийн хөрөнгөгүйгээс үйлдвэрлэл, үндсэн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, эдийн засгийн энэ хүнд үед хохирч байна. Худалдагч удаа дараа бүтээгдэхүүний үнийг нэхсэн боловч хариуцагч нь холбоо барихгүй, хариу өгөлгүй алга болсны эцэст 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр нийлүүлсэн бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй тухай албан бичиг ирүүлсэн. Худалдагч "манай бүтээгдэхүүн чанартай, шаардлага хангасан, уулзалт зохион байгуулж уулзъя" гэсэн боловч мөн хариу өгөлгүй, утсаа caлган сураггүй болсон. Худалдагчийн бүтээгдэхүүн чанарын шаардлага хангасан гэдэг нь гэрээ байгуулах үед худалдан авагчид бүтээгдэхүүнтэй дагалдуулан эх хувиар өгдөг "Барилга архитектур корпораци" итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгүүдээр нотлогддог. Худалдагч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн тутамдаа энэхүү чанарын шинжилгээг өгч гэрчилгээ авдаг юм. Мөн худалдагч нь бүтээгдэхүүнийг худалдан авагчийн ирүүлсэн жолоочид хүлээлгэн өгч, бүтээгдэхүүнийг ачих, буулгах, ашиглах зааварчилгааг өгдөг гэдгийг өмнө тайлбарласан бөгөөд дээрх гэрчийн мэдүүлгээр мөнгөө нэхэж очиход чанарын доголдлын талаар худалдан авагч шаардлага гаргаагүй, мөнгөө төлнө гэдэг нь нотлогддог. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан боловч энэ хугацаанд, шүүхийн шатанд ч худалдагч шаардлага гаргаагүй. Мөн худалдан авагч уг бүтээгдэхүүнээр 2015 оны 11 сард улсаас авдаг тендерийн ажлаа гүйцэтгэсэн байдаг. Худалдан авагчийн дээрх албан бичиг нь бүтээгдэхүүний үнийг төлөх шаардлагын эсрэг, үнэ төлөхөөс зайлсхийсэн үйлдэл юм. Иймд 2015 оны 10 дугаар сарык 28-ны өдрийн 22/2015 тоот бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээний үнэ 35 390 860 төгрөг, алданги 14 510 253 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 4 992 089 төгрөг, нийт 54 893 202 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй болно.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар Ө.З ХХК-иас 54 893 202 төгрөгийг гаргуулж, У.Б ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 432 416 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.З ХХК-иас 432 416 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч У.Б ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.О.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд шүүхээс нэг талд үйлчилж гаргасан шийдвэр гэж үзэж байна. Учир нь манай компаниас итгэмжлэгдсэн төлөөлөгчийг удаа дараа томилон шүүхэд хүргүүлэхэд шүүгчийн туслах элдэв янзаар загнаж зандран буцаадаг байсан бөгөөд бид яах учраа олохгүй байсаар түүний шаардсанаар улсын бүртгэлийг хийлгэсэн. Тус компаний төлөөлөгч 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр шүүхээс нэхэмжлэлийг гардан авсан бөгөөд тус өдрийн шүүгчийн 183/Ш32017/07061 дүгээр захирамжаар шүүх хуралдааныг хойшлууж 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 11 цагт хэлэлцэхээр захирамжилсан. Шүүх хуралд оролцохоор 11 цагт шүүхийн байранд ирэн шүүх хуралдаанд оролцогчдын нэрээр дуудахыг хүлээсэн боловч дуудахгүй байсан тул 11 цаг 10 минутанд шүүгчийн туслахад ирсэн байгаа гэдгээ мэдэгдэхэд "шүүх хурал орсон байгаа шүүх хуралдааны дундуур орохгүй шүү" гэж хэлсэн. Тодруулж асуухад тухайн өдрийн шүүх хуралдааны зарыг 10 цаг 30 минут болгон өөрчилсөн байх бөгөөд энэ талаар компаний төлөөлөгчид мэдэгдэлгүйгээр шүүх хуралдааныг хийсэн. Шүүхээс нэгэнт шүүх хуралдааны зарыг товлон захирамж гарган мэдэгдсэн учраас бид дахин шүүхээс тодруулж лавлаагүй. Иймд бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргах эрхээ хэрэгжүүлэхэд шүүхээс саад учруулсан гэж үзэж байх тул гомдлыг хүлээн авч асуудлыг шалган тодруулж хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “У.Б” ХХК нь хариуцагч “Ө.З” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн биелэлт, хохиролд 54 893 202 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Талуудын хооронд 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 22/2015 тоот бүтээгдэхүүн бэлтгэн бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр “У.Б” ХХК нь стандартын шаардлага хангасан авто замын борооны ус зайлуулах сувгийн материалыг нийлүүлэх, “Ө.З” ХХК 2015 оны 11 дүгээр сарын 15-ны дотор нийт төлбөрийн 50 хувийг, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үлдсэн 50 хувийн төлбөрийг төлөхөөр тохиролцсон болох хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар шүүх зөв дүгнэжээ.

 

Дээрх бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээг байгуулахад “Ө.З” ХХК-ийн ерөнхий нягтлан Г.Э гэрээнд гарын үсэг зурж компанийн тамга дарсан, гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүнийг хүлээн авсан, тухайн үед энэ талаар маргаж байгаагүй уг компанийг төлөөлөх эрх бүхий этгээдтэй гэрээг байгуулсан тул талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч “У.Б” ХХК нь хариуцагч “Ө.З" ХХК-д 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 19-ний хооронд 7 удаа 35 395 860 төгрөгний бүтээгдэхүүнийг нийлүүлсэн болох нь зарлагын баримтууд, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 03/220, 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 01/081, 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 04/092, 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 04/096 тоот албан бичиг, 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тооцоо нийлсэн актаар тогтоогдсон байна.

 

Иймд нэхэмжлэгчид хариуцагчаас нийлүүсэн бүтээгдэхүүний үнэ 35 390 860 төгрөг гаргуулж шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Талууд гэрээний 1.4.3-т гэрээгээр тохирсон хугацаанд ажлын төлбөрийг төлөөгүй тохиолдолд гэрээт ажлын дүнгээс 1-30 хоног тутамд 0.2 хувиар, 30-60 хоногт 0.3 хувиар 60-аас дээш хоног тутамд 0.4 хувиар алданги төлөхөөр тохиролцжээ.

 

Хариуцагч 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс гэрээний үүргээ зөрчиж 234 хоног хугацаа хэтрүүлсэнийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй алдангид 14 510 253 төгрөг нэхэмжлэгчид хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв байв. Шүүх нэхэмжлэгч нь хариуцагчаас эрх зүйн туслалцаа авч өмгөөлөгчид төлсөн 4 992 089 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар гарсан зардал гэж уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснийг залруулах боломжтой.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал, буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор зохицуулсан нь мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийн үндэслэлд хамаарах хохирлын хүрээг тодорхойлсон байх тул нэг тал гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон үүссэн хохирлыг арилгахаар хэрэглэгдэх зохицуулалт юм.

 

Нэхэмжлэгч хариуцагчаас талуудын байгуулсан гэрээний дагуу үндсэн үүрэг болон уг гэрээний нэмэлт үүрэг болох алданги төлөхтэй холбоотой шаардлага гаргасан байхад шүүх уг шаардлагыг гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирол арилгуулах шаардлага гэж дүгнэн шийдвэрлэсэн нь буруу.

 

Нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнтэй холбоотой учирсан хохирлыг арилгуулахаар шаардах хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан бөгөөд ийнхүү учирсан хохирлын хүрээг Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тодорхойлсон.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч хөлсөлж оролцуулах, эрх зүйн туслалцаа авсан нь эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олон ёстой байсан орлого гэж тооцогдохгүй буюу шууд шалтгаант холбоотой үүссэн хохирол биш байх тул нэхэмжлэлээс өмгөөллийн хөлс 4 992 089 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй бөгөөд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн талаарх баримт хэрэгт авагдсан байна. Иймд хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг шүүх хязгаарласан, эрхийг нь зөрчсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл талуудад шүүхэд нотлох баримт гаргах хангалттай хугацаа байсан, хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад солигдсон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг үндэслэлгүйгээр сунгах, шүүх хуралдааныг хийхгүй байх үндэслэл болохгүй юм.

 

Иймээс нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргах эрхээ хэрэгжүүлэхэд шүүхээс саад учруулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн энэ талаарх гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2017/01548 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Ө.З” ХХК-иас 49 901 113 төгрөгийг гаргуулж “У.Б” ХХК-д олгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 992 089 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “432 416” гэснийг “407 455” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Ө.З” ХХК-ийн төлсөн 432 417 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     Г.ДАВААДОРЖ

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ