Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2017/01548

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2017/01548

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Ажилчдын гудамж, өөрийн байранд байрлах, 2040182 тоот регистрийн дугаартай, Улаанбаатар барилга ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, ЧӨЧ, 25 дугаар гудамж, 40 тоотод байрлах, 5324823 тоот регистрийн дугаартай, Өгөөмөр зам ХХК-д холбогдох

 

Гэрээний үүргийн биелэлт, хохиролд 54.893.202 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч  Улаанбаатар барилга ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Отгончимэг нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

                           

 Нэхэмжлэгч Улаанбаатар барилга ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар барилга ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 22/2015 тоот бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу Өгөөмөр зам ХХК-д Монгол Улсын стандарт шаардлагад нийцсэн 35.390.860 төгрөгийн үнэ бүхий авто замын борооны ус зайлуулах сувгийн материалыг /авто замын хашлага, сувгийн таг, авто замын борооны ус зайлуулах суваг, холбох худаг, худгийн таг/ нийлүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн. Өгөөмөр зам ХХК нь гэрээний 1.4-т заасны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нийт төлбөрийн 50 хувийг, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үлдсэн 50 хувийн төлбөрийг төлөх үүрэгтэй байсан боловч өдийг хүртэл гэрээний үүргээ биелүүлсэнгүй. Улаанбаатар барилга ХХК тус ХХК-д удаа дараа албан бичгээр шаардлага хүргүүлж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар огт арга хэмжээ аваагүй төдийгүй, тус компанийн хүргүүлсэн шаардлагад огт хариу өгөлгүй 2016 оны 3 дугаар сарын 25-ныг хүргэсэн. Ингээд Өгөөмөр зам ХХК-иас 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 19/16 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн нь... Улаанбаатар барилга ХХК-ийн нийлүүлсэн бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй байна гэжээ. Тус компани Өгөөмөр зам ХХК-д Монгол Улсын чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн бөгөөд бүтээгдэхүүн хүлээлгэн өгөхдөө тээвэрлэх буулгах, ашиглах, зааварчилгааг бүрэн өгсөн. Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээнд Иргэний хуулийн 243-273 зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний зохицуулалт үйлчлэх бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т... “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу худалдагч бүтээгдэхүүнээ нийлүүлсэн байхад худалдан авагч үнийг төлөх үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.2-т... “Худалдагч худалдсан эд хөрөнгийг худалдан авагчийн хүсэлтээр гэрээнд зааснаас өөр газар хүргүүлэхээр илгээсэн бол тухайн эд хөрөнгийг тээвэрлэгчид, эсхүл эрх бүхий этгээдэд шилжүүлсэн үеэс худалдан авагчид үр шим, эрсдэл нь шилжинэ”, 248 дугаар зүйлийн 248.2-т... “Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно” гэж тус тус заасны дагуу худалдан авагчийн ирүүлсэн автомашины жолоочид “бүтээгдэхүүний ачих, буулгах, тээвэрлэх зааварчилгааг өгөн” хүлээлгэн өгсөнөөр худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсанд тооцно. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т... “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, 232.6-д: “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” тус тус заасны дагуу дээрх гэрээний 1.4.3-т алданги тооцохоор заасан. Уг гэрээнд Өгөөмөр зам ХХК-ийг төлөөлөн ерөнхий нягтлан бодогч н.Энхманлай гарын үсэг зурж, тамга дарсан байдаг бөгөөд н.Энхманлайд гэрээ байгуулах эрхийг захирал Ж.Оюун-Эрдэнэ өгсөн гэдэг нь хавтаст хэргийн 89 дүгээр хуудаст авагдсан гэрч Б.Оюунсуурийн мэдүүлгээр нотлогддог. Мөн энэ үед Ж.Оюун-Эрдэнэ өөрийгөө Өгөөмөр зам ХХК-ийн ерөнхий захирал байгаа юм, Э.Амгаланбаярыг гүйцэтгэх захирал гэж танилцуулсан байдаг. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т... “Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно” гэж заасны дагуу бичгээр байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна. Хариуцагч Өгөөмөр зам ХХК-ийн захирал хамт ирсэн боловч өөрөө гарын үсэг зуралгүй, ерөнхий нягтлан бодогчоо “чи ороод зурчих, би бичиг цаас ойлгохдоо муу, яриад тохирчихсон байгаа” гэсэн байдаг /нэхэмжлэгчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэл бөгөөд Өгөөмөр зам ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч энэ нөхцөл байдлыг ярьсан, өөрөө ажлаасаа гарсан, хөдөө ажлаар явж байгаа хэмээж байсан билээ/. Энэ төлөөлөл нь Өгөөмөр зам ХХК, түүний удирдлагын зориуд хийсэн ажиллагаа байсан бөгөөд төлөөлөл ИХ-д заасан шаардлага хангаж буй тул тэднийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д... “Худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана” гэж заасны дагуу өмгөөлөгчид төлсөн хөлсийг нэхэмжилж байна. Хариуцагчийн учруулсан хохирол үүгээр хязгаарлагдахгүй бөгөөд энэ удаан хугацаанд нэхэмжлэгчид зардал чирэгдэл гарч, эргэлтийн хөрөнгөгүйгээс үйлдвэрлэл, үндсэн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, эдийн засгийн энэ хүнд үед маш их хохирлыг амсаж байгааг шүүх анхаарч үзэхийг хүсч байна. Худалдагч удаа дараа бүтээгдэхүүний үнийг нэхсэн боловч хариуцагч нь холбоо барихгүй, хариу өгөлгүй алга болсоны эцэст 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нийлүүлсэн бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй тухай албан бичиг ирүүлсэн юм. Худалдагч “манай бүтээгдэхүүн чанартай, шаардлага хангасан, уулзалт зохион байгуулж уулзъя” гэсэн боловч мөн хариу өгөлгүй, утсаа салган сураггүй болсон. Худалдагчийн бүтээгдэхүүн чанарын шаардлага хангасан гэдэг нь гэрээ байгуулах үед худалдан авагчид бүтээгдэхүүнтэй дагалдуулан эх хувиар нь өгдөг “Барилга архитектур корпораци” итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгүүдээр нотлогддог. Худалдагч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн тутамдаа энэхүү чанарын шинжилгээг өгч гэрчилгээ авдаг юм. Мөн худалдагч нь бүтээгдэхүүнийг худалдан авагчийн ирүүлсэн жолоочид хүлээлгэн өгч, бүтээгдэхүүнийг ачих, буулгах, ашиглах зааварчилгааг өгдөг гэдгийг өмнө тайлбарласан бөгөөд дээрх гэрчийн мэдүүлгээр мөнгөө нэхэж очиход чанарын доголдлын талаар худалдан авагч шаардлага гаргаагүй, мөнгөө төлнө гэдэг нь нотлогддог. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д... “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж заасан боловч энэ хугацаанд, шүүхийн шатанд ч худалдагч шаардлага гаргаагүй. Мөн худалдан авагч уг бүтээгдэхүүнээр 2015 оны 11 сард улсаас авдаг тендерийн ажлаа гүйцэтгэсэн байдаг. Худалдан авагчийн дээрх албан бичиг нь бүтээгдэхүүний үнийг төлөх шаардлагын эсрэг, үнэ төлөхөөс зайлсхийсэн үйлдэл юм. Иймд 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 22/2015 тоот бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээний үнэ 35,390,860 төгрөг, алданги 14,510,253 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 4,992,089 төгрөг, нийт 54.893.202 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хариуцагчийн шүүхийг үл хүндэтгэж, нэхэмжлэгчийн эрх ашгийг удаа дараа хохироож байгаа талаар ярих хэрэгтэй байна. Улаанбаатар барилга ХХК нь 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр тус компанид холбогдуулан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр” тус шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 20114 дүгээр захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэвч шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө Өгөөмөр зам ХХК нь хаягтаа байсан. Ингээд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасны дагуу тус шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 04219 дүгээр шийдвэр гарсан. Гэрээ байгуулах үед Өгөөмөр зам ХХК-ийн ерөнхий захирал Ж.Оюун-Эрдэнэ өөрийгөө ерөнхий захирал нь, Э.Амгаланбаяр гүйцэтгэх захирал гэж тайлбарласан байдаг ба эрэн сурвалжлах шийдвэр гарахад нотлох баримтаар авагдсан Улсын бүртгэлийн албаны лавлагаанд 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төлөөлөх эрх бүхий этгээд Ж.Оюун-Эрдэнийг, Э.Амгаланбаяр болгон өөрчилсөн байдаг. Тахарын албанд Э.Амгаланбаяр ирж тайлбар /тайлбартаа “би захирал нь мөн” гэсэн байдаг/ өгөн хаягийг тодорхойлсон байдаг юм. Эрэн сурвалжлах ажиллагаа хийж, хариуцагчийн хаяг тодорхой болсон тул нэхэмжлэгч нь 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хариуцагчийг дуудах ажиллагаа хийсэн боловч хариуцагч нэг сарын хугацаанд шүүхэд ирээгүй. Энэ хугацаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд шүүгчийн туслах руу утасдан хариуцагчийг албадан ирүүлэх, хариуцлага хүлээлгэх тухай хүсэлтийг удаа дараа тавьж байсан. 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батчимэгт эрх, үүргийг нь тайлбарлан өгч, нэхэмжлэлийг гардуулсан байдаг ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ИХШХШТХ-ийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг татгапзсан үндэслэл, нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул ИХШХШТХ-ийн 76.1.1-д зааснаар шүүх хурапдааныг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр товлосон юм. Хариуцагчийн олгосон итгэмжлэлд “Ерөнхий захирал Ж.Оюун-Эрдэнэ” гэж гарын үсэг зурсан байдаг бөгөөд шүүх хуралдаан болох өдөр мөн түүний олгосон он сар өдөргүй итгэмжлэлээр Д.Болормаа ирсэн. Уг итгэмжлэл нь олгосон он сар өдрийг заагаагүй үндэслэлээр Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.3-т заасан шаардлагыг хангаагүй тул хариуцагчийн төлөөлөгчийг оролцуулалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажилллагааг явуулсан. Нэхэмжлэгч нэгэнт хариуцагчийн итгэмжлэл нь хуулийн шаардлага хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан, хариуцагч хариу тайлбар өгөөгүй, шүүхийн дуудсан цагт ирэлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зориуд саад учруулж байсан, шүүх хурапдааныг хангалттай хугацааны өмнө буюу нэг сар гаруйн өмнө мэдэгдсэн, хэрэгт ажиллагаа хийгдэлгүй 3 сар гаран болсон тул хурлаа үргэлжлүүлэх саналтай байсан. Нэхэмжлэгч хариуцагчийн төлөөлөх эрх бүхий этгээдийн тухай маргаагүй, нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаагүй байхад шүүгч 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж, Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас Өгөөмөр зам ХХК-ийн төлөөлөх эрх бүхий этгээдийн лавлагааг гаргуулахаар захирамжилсан. Хариуцагч шүүхийг үл хүндэтгэн, ажиллагаанд зориуд санаатайгаар саад учруулж байхад шүүх “хариуцагчийн эрхийг хангаж байна, төлөөлөх эрхтэй этгээдийг тогтоож байж ажиллагаа явуулна” гэх нь шүүх хөндлөнгийн байх зарчим, түүний бүрэн эрх, ИХШХШТХ-д нийцэхгүй. Хариуцагчийн итгэмжлэл нь ИХ-ийн 64 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байхад шүүх төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх ёстой. Харин итгэмжлэл дээр гарын үсэг зурсан этгээдийг эрх бүхий төлөөлөгч гэж тооцохоос /хариуцагч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх, нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй/ түүнийг шалган тогтоох нь шүүхийн ажил, тэр дундаа маргааны гол зүйл биш юм. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6-д зааснаар гүйцэтгэх удирдлагатай гэрээ байгуулан томилсоноор түүний эрх, үүрэг үүснэ. Харин гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх асуудал нь түүний төлөөлөх бүрэн эрхийг үгүйсгэх нөхцөл болохгүй бөгөөд энэ нь тусдаа захиргааны хариуцлагын асуудал юм. Иймд гүйцэтгэх захирлын өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй асуудал нь түүнийг төлөөлөх эрхгүй гэж үзэх үндэслэл болохгүй, мөн шүүх компанийн дотоод асуудалд хяналт тавих, оролцох боломжгүй, ёсгүй. Нэхэмжлэгчийн хувьд хэн нэгэн этгээдийн эрхэнд сөргөөр нөлөөлж болох маргааныг шүүхэд үүсгэх гэж байгаа тул ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар төлөөлөх эрхийг шалгах нь зүйн хэрэг. Харин хариуцлага хүлээхгүй, зугтан зайлсхийж, шүүхийн шат хүртэл маргааныг даамжруулж байгаа хариуцагчийн хувьд төлөөлөл шалгах нь ИХШХШТХ-ийн зорилго, зарчимд нийцэхгүй, хариуцагч өөрийн төлөөллөө нотлох нь түүний үүрэг юм. Энэ асуудалд, талууд маргаагүй байхад шүүх шалгах ажиллагаа явуулж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг алдагдуулж, хариуцагч шүүхийн шатанд ч залилан мэхлэх, хариуцлагаас зайлсхийх боломжийг олгож байна. Шүүх улсын бүртгэлийн өөрчлөлтийг үндэслэж, ач холбогдол өгч байгаа энэ үед хариуцагч үүнийг ашиглан улсын бүртгэлд зохих өөрчлөлтийг оруулахгүй байх, эсвэл дахин дахин өөрчлөлт оруулах гэх мэт зориуд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж, шүүхийг төөрөгдүүлж байна. Энэ нь компанийн үүрэг, хариуцлагын асуудал тул гадна харилцаанаас үүдсэн аливаа хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл, нөхцөл болохгүй ёсгүй. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хуралдсан шүүх хуралдаанд мөн хариуцагч ирээгүй тул нэхэмжлэгч хариуцагчийг албадан ирүүлэх арга хэмжээ авахыг хүссэн. Шүүхээс удаа дараа дуудсаны дараа 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь итгэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай хүсэлт ирүүлсэн байдаг бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүх хуралдаан явагдаагүй. Шүүх хариуцагчийн төлөөлөх эрх бүхий этгээдийг тогтоох, эрхийг нь хангах нэрийдлээр хэт нэг талыг барьсан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дордуулсан үйлдлүүдийг хийсээр байсан тул нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахын тул Өгөөмөр зам ХХК-иас гүйцэтгэх захирлаар Ж.Оюун-Эрдэнийг томилсон тушаал, компанийн дүрмийг гаргуулах хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гаргаж, хариуцагчийн төлөөлөх эрх бүхий этгээдийн талаар маргаагүй гэдгээ дахин тайлбарласан. Энэ хугацаанд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хоёр удаагийн захирамж гарсан боловч компанийн эд хөрөнгө тогтоогдохгүй үндэслэлээр өдийг хүртэл биелээгүй байна. Мөн хариуцагч хаягтаа байгаа боловч дотроос нь түгжин үйл ажиллагаагаа явуулдаг, хаалгаа нээж өгдөггүй /шийдвэр гүйцэтгэгчтэй очсон болно/, 3, 4 шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөртэй, шийдвэрийг биелүүлдэггүй, Ж.Оюун-Эрдэнэ, Э.Амгаланбаяр гээд хоёр захиралтай, эдгээр нь өөр компаниуд дээрээ үйл ажиллагаа явуулдаг зэргийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хариуцсан шийдвэр гүйцэтгэгч н.Самъяа тайлбарладаг. Ингээд шүүгчийн хэргийг түдгэлзүүлэх, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамжид нэхэмжлэгч гомдол гарган тус тус хүчингүй болгуулсон бөгөөд хариуцагч дуудсан цагт ирэхгүй байсан тул шүүх хуралдааныг зарлан хуралдуулах хүсэлтийг удаа дараа гаргасан. Шүүх энэ хүсэлтийг шийдвэрлэлгүй 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүргэсэн бөгөөд туслах руу ярихад танайх улсын бүртгэлээс хариуцагчийн дүрмийг гаргуулах хүсэлтээ өг” гэдэг, нэхэмжлэгч “хүсэлт өгөх шаардлага байхгүй, манайх маргаагүй, хариуцагч өөрийн төлөөлөх эрхтэй этгээд гээд итгэмжлэл ирүүлсэн байхад түүнийг нь үнэн зөвд тооцох ёстой” тухай маргасаар ирсэн. Гэвч ажиллагааг явуулахын тулд нэхэмжлэгч аргагүйдэн хүсэлт өгсөн. Дээрх нөхцөл байдлууд үүсээд байсан тул шүүгчийг татгалзан гаргах, ёс зүйн хороонд гомдол гаргах зэргээр арга хэмжээ аваад үр дүнд хүрээгүй билээ. Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын лавлагаанд Өгөөмөр зам ХХК нь Ж.Оюун-Эрдэнийн 100 хувийн өмч, гүйцэтгэх захирлын бүртгэлд өөрчлөлт оруулж Ж.Оюун-Эрдэнэ болгосон байсан тул шүүх ажиллагаа хийж, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хурлын тов мэдэгдсэн. Гэвч энэ хугацаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийн материалтай танилцаагүй бөгөөд тэрээр 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр шүүх хуралдаанд ирсэн. Шүүгч шүүх хуралдааны өмнө нэхэмжлэлийг гардуулах ажиллагаа хийсэн бөгөөд нэхэмжлэгч 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батчимэгт гардуулах ажиллагаа хийсэн, хариу тайлбар ирүүлээгүй, хариуцагч нь компани гэдэг зохион байгуулалтыг нэгдэл, хэн нэгэн хувь этгээд биш” тухай тайлбарласан. Шүүх хуралдаан “хариуцагчийн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах хугацаа, хариу тайлбар өгөх эрхийг нь хангаж” хойшилсон бөгөөд шүүгчийн заасан хугацаанд хариуцагч хариу тайлбар ирүүлээгүй юм. 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 11.00 цагт эхэлсэн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн л ирээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.                   

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Улаанбаатар барилга ХХК Өгөөмөр зам ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн биелэлт, хохиролд 54.893.202 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.  

 

   Улаанбаатар барилга ХХК 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Өгөөмөр зам ХХК-тай 22/2015 тоот бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, нийлүүлэгч Улаанбаатар барилга ХХК нь стандартын шаардлагад нийцсэн авто замын борооны ус зайлуулах сувгийн материалыг нийлүүлэх, худалдан авагч гэрээний 1.4-т заасны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нийт төлбөрийн 50 хувийг, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үлдсэн 50 хувийн төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн болох нь зохигчдын тайлбар, тэдний хооронд байгуулсан бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээгээр тогтоогдож байна.

          Зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээг бичгээр байгуулж, Улаанбаатар барилга ХХК-ийн ерөнхий захирал Ж.Батнасан, Өгөөмөр зам ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Г.Энхманлай нар гарын үсэг зурж баталгаажуулжээ.       

    Уг гэрээнд захиалагч Өгөөмөр зам ХХК-ийг төлөөлөн ерөнхий нягтлан бодогч Г.Энхманлай гарын үсэг зурж, тамга дарсан байх бөгөөд Г.Энхманлайд компанийг төлөөлөн гэрээ байгуулах эрхийг тус компанийн захирал Ж.Оюун-Эрдэнэ өгсөн гэдэг нь хавтаст хэргийн 89 дүгээр талд авагдсан гэрч Улаанбаатар барилга ХХК-ийн технологич, инженер Б.Оюунсуурийн тайлбар, мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т... “Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно” гэж заасны дагуу Г.Энхманлай захиалагчийг төлөөлж дээрх гэрээг бичгээр байгуулсан нь хүчин төгөлдөр гэрээ гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв.

    Нэхэмжлэгч Улаанбаатар барилга ХХК нь Өгөөмөр зам ХХК-ийг бэлтгэн нийлүүлсэн авто замын борооны ус зайлуулах сувгийн төлбөрийг төлөөгүй гэж 35.390.860 төгрөг, алданги 14.510,253 төгрөг, өмгөөлөгчийн зардал /хохирол/ 4.992.089 төгрөг нийт 54.893.202 төгрөг нэхэмжилж дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.          

    Улаанбаатар барилга ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 06-наас 2015 оны 11 дүгээр сарын 19-ний хооронд нийт 7 удаа 35.395.860 төгрөгийн бүтээгдэхүүнийг Өгөөмөр зам ХХК-д нийлүүлсэн болох нь зарлагын баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Улаанбаатар барилга ХХК-ийн ерөнхий захирал Ж.Батнасан, ерөнхий менежер М.Энхбат, ерөнхий санхүүч Ж.Урнаа нар тус компанид төлөх 35.395.860 төгрөгийг төлөх эс төлвөл гэрээнд зааснаар алданги тооцохыг анхааруулж, Өгөөмөр зам ХХК-д хүргүүлсэн нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 03/220, 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01/081, 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 04/092, 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 04/096 тоот албан бичгүүдээр нотлогдож байгаагаас гадна тус компани, Улаанбаатар барилга ХХК-д 35.395.860 төгрөгийн өртэй талаар талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “тооцоо нийлсэн акт”-аар тогтоогдож байна.

     Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 1.4.3-т… Захиалагч тал нь заасан хугацаанд ажлын төлбөрийг төлөөгүй тохиолдолд гэрээт ажлын нийт дүнгээс 1-30 хоногт хоног тутамд 0.2 хувиар, 30-60 хоногт 0.3 хувиар, 60-аас дээш хоногт хоног тутамд 0.4 хувиар алданги төлөхөөр тохирчээ.

    Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2015 оны 12 дугаар сарын 15-наас гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж мөн өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 08 /шүүхэд нэхэмжлэл гаргах/ хүртэл 7 сар, 24 хоног буюу 234 хоногоор /60-аас дээш хоногт хоног тутамд 0.4 хувиар/ тооцоход 33.130.525 төгрөг болж байх бөгөөд нэхэмжлэгч алдангид 14.510.253 төгрөг нэхэмжилж байх тул /35.390.860+14.510.253/=49.901.113 төгрөгийг хариуцагч Өгөөмөр зам ХХК-иас гаргуулж, Улаанбаатар барилга ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т… Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т… Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтлийг… хохиролд тооцно гэж заажээ.     

          Хариуцагч Өгөөмөр зам ХХК төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Улаанбаатар барилга ХХК худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, хариуцагчаас төлбөр гаргуулан авахаар шүүхээр шийдүүлэх ажиллагаанд өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаар өмгөөлөгчтэй гэрээ байгуулж, өмгөөлөгчийн хөлсөнд төлбөр төлсөн нь Улаанбаатар барилгаа ХХК-д учирсан хохирол /зардал/ байх тул шаардах эрхтэй гэж үзлээ.

 

         Эдгээр нь Улаанбаатар барилга ХХК-ийн ерөнхий захирал Ж.Батнасан, өмгөөлөгч Д.Энхцэцэг нарын хооронд байгуулсан 2016 оны 4 дугаар сарын 20-ны өдрийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Улаанбаатар барилга ХХК-иас өмгөөлөгч Н.Энхцэцэгт олгосон 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01/132 тоот итгэмжлэл, Д.Энхцэцэгт өмгөөллийн хөлсөнд 4.992.089 төгрөг төлсөн нь  тус компанийн бэлэн мөнгөний зарлагын /хх-ийн 58 дугаар тал/ баримтууд зэргээр тогтоогдож байх тул хариуцагчаас өмгөөллийн хөлсөнд 4.992.089 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

    Шүүх Өгөөмөр зам ХХК-ийн ерөнхий захирал Ж.Оюун-Эрдэнээс 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батчимэгт олгосон итгэмжлэлийн дагуу нэхэмжлэлийн хувийг хариуцагчид 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гардуулсан байх бөгөөд Оюуны өмч, Улсын бүртгэлийн газраас 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ирүүлсэн лавлагаагаар тус компанийг шууд төлөөлөх эрх бүхий этгээд нь Ж.Оюун-Эрдэнэ биш, Э.Амгаланбаяр байсан тул компанийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээдийг дахин тодруулахад Оюуны өмч, Улсын бүргэлийн газраас 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн лавлагаагаар тус компанийг шууд төлөөлөх эрх бүхий этгээд нь Ж.Оюун-Эрдэнэ байна.

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Өгөөмөр ХХК-ийн захирал Ж.Оюун-Эрдэнийн Н.Батчимэгт олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байхад шүүх төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх ёстой байсан, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6-д... “гүйцэтгэх удирдлагатай гэрээ байгуулан томилсоноор түүний эрх, үүрэг үүснэ”, харин гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх асуудал нь түүний төлөөлөх бүрэн эрхийг үгүйсгэх нөхцөл болохгүй бөгөөд Ж.Оюун-Эрдэнэ,   Э.Амгаланбаяр нар компанийг ээлжлэн удирдаж, улсын бүртгэлд зохих өөрчлөлтийг оруулахгүй байх, дахин дахин өөрчлөлт оруулах гэх мэт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байсан гэж тайлбарлаж байгаа боловч шүүх Оюуны өмч,  Улсын бүртгэлийн албанаас лавлагаа авч, дээрх лавлагаанаас харахад Ж.Оюун-Эрдэнэ 2009 оны 9 дүгээр сарын 04-нөөс 2016 оны 4 дүгээр сарын 01 хүртэл, 2016 оны 4 дүгээр сарын 01-нээс 2017 оны 02 дугаар сарын 23 хүртэл Э.Амгаланбаяр, 2017 оны 02 дугаар сарын 23-наас эхлэн Ж.Оюун-Эрдэнэ тус компанийн захирлаар буюу компанийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэгдсэн байна.

    Иймд шүүх Өгөөмөр зам ХХК-ийн ерөнхий захирал Ж.Оюун-Эрдэнээс 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батчимэгт олгосон итгэмжлэлийн дагуу нэхэмжлэлийн хувийг хариуцагчид 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гардуулах үед тус компанийн захирал нь Э.Амгаланбаяр байсан тул хариуцагчид нэхэмжлэлийн хувийг дахин гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсныг дурдах нь зүйтэй.  

   Улмаар Өгөөмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Оюун-Эрдэнээс компанийг төлөөлж оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр О.Баяржаргалд итгэмжлэл олгосоны дагуу нэхэмжлэлийн хувийг хариуцагчид 2017 оны 6 дугаар сарын 20-нд гардуулж, хариуцагч шүүгчээс тогтоосон хугацаа буюу 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргийг хүлээсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3‑т зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж, үгүйсгэж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргах үүргээ биелүүлээгүй, нөгөө талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т…"зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ", хариуцагч нь хэргийн материал танилцах, нэхэмжлэлийн шаардлага татгалзлаа нотлох, шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх зэрэг эрхтэйг тайлбарлаж танилцуулсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй, шүүх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болоогүйг дурдах нь зүйтэй байна.

     Өгөөмөр зам ХХК-д холбогдох хэргийг 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 11.00 цагт хэлэлцүүлэхээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргалд мэдэгдэхэд тэрээр тов дээр гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, ямар шалтгаанаар ирээгүй талаар шүүхэд мэдэгдээгүй байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэснийг тэмдэглэв.     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар Өгөөмөр зам ХХК-иас 54.893.202 төгрөгийг гаргуулж, Улаанбаатар барилга ХХК-д олгосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 432.416 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өгөөмөр зам ХХК-иас 432.416 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Улаанбаатар барилга ХХК-д олгосугай.

 

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ДАВААСҮРЭН