Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2152

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо бага тойруу, 15 дугаар байрны 10 тоотод оршин суух, эрэгтэй, Анчин овогт Нарангэрэлийн Ариунзаяагийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, Сөүлийн гудамж, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох,

 

Ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Ариунзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Дашравдан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Ариунзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын “Хөдлөх бүрэлдэхүүний засварын төв”-д Хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад, Замын даргын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б-1-108 тоот тушаалаар орон тоо цомхотгосон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд энэ тушаалыг 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр гардаж авсан. Уг тушаалын дагуу байгууллагыг татан буулгах ажлыг зохион байгуулахдаа ажилнуудыг анх шилжүүлэн авч байсан байгууллагад нь буцаах зарчмаар хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэж байсан бөгөөд манай хэлтсийн үүрэг функцыг ТЧ-2 буюу Улаанбаатар татах хэсэг /Зүтгүүрийн депо/-т шилжүүлэн шийдвэрлэсэн байтал намайг ажлаас халсан нь үндэслэлгүй гэж би үзэж байна. Иймд УБТЗ-н даргын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б-1-108 тоот тушаал нь үндэслэлгүй хууль бус болохыг тогтоолгох, ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Дашравдан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн замын даргын А-71 дугаар тушаал гарсан ба уг тушаалын дагуу 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн хөдлөх бүрэлдэхүүнт инженерийн төвийг татан буулгасан тушаал гарсан. Энэ тушаалын дагуу Н.Ариунзаяагийн ажиллаж байсан байгууллага нь татан буугдсан. Замын даргын 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А-74 дүгээр тушаалаар хөдлөх бүрэлдэхүүнт инженерийн төвд ажиллаж байсан хүмүүсийн анх ажиллаж байсан байгууллага руу нь албан тушаалтай нь томилох тушаал гарсан. Энэ тушаалын хавсралтад Н.Ариунзаяагийн ажиллаж байсан ажлын байр буюу засварийн хөгжлийн цогц инженер ийм албан тушаалыг зүтгүүрийн депод ажиллах байдлаар хавсралт дээр гаргасан атлаа Н.Ариунзаяагийн хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасны дагуу цуцалж байна гэсэн мэдэгдлийг 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр өгч, 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг тасалбар болгон Н.Ариунзаяаг ажлаас халсан. Замын даргын А71, А74 гэх хоёр тушаал хууль бус гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дахь хэсэгт зааны дагуу 40.1.1, 40.1.2 дэх хэсэгт заасны дагуу ажилтанд 45 хоногийн өмнө мэдэгдэж, хэлэлцээр хийнэ гэсэн заалтыг зөрчсөн. Учир нь: Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төв гэсэн салбар байгууллагыг татан буулгасан. Татан буулгасан тохиолдолд тус төвд ажиллаж байсан хүмүүсийг бүгдийг нь халах тушаал гаргасан. Тиймээс бөөнөөр нь ажлаас халж байгаа үед 45 хоногийн өмнө ажилчдын төлөөлөгчид мэдэгдэх ёстой байсан. Хамтын хэлэлцээр хийх ёстой байсан гэтэл энэ үйл ажиллагаа огт хийгдээгүй. Хуульд заасан журмын дагуу 45 хоногийн өмнө мэдэгдэх ёстой гэсэн хуулийн заалтыг хариуцагч тал биелүүлээгүй. Замын даргын А74 дугаар тушаалаар анх ажиллаж байсан салбар нэгжүүдэд нь томилож байгаа бол Н.Ариунзаяагийн ажлын байр нь зүтгүүрийн депо дээр хадгалагдсан үлдсэн байгаа. Тиймээс зүтгүүрийн депо дээр түүний ажил үүргийн хувиартай дүйцэхүйц инженерийн тушаал байгаа. Тиймээс энэ албан тушаал дээр томилж болохоор байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх хэсгийг үндэслэн ажлаас халсан нь нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Ариунзаяа нь УБТЗ-ын даргын 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б-1-223 тоот тушаалаар анх Замын даргын туслахаар томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. УБТЗ-ын даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ны А-02 тоот “Зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох тухай” тушаалаар Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төвийг мөн өдрөөс бие даасан баланстай, хөдөлгөөнтэй шууд холбоотой албаны зэрэглэл бүхий салбар нэгж болгон шинээр байгуулж, зохион байгуулалтын бүтцийг хавсралтаар баталсан. Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төв байгуулагдсантай холбогдуулан УБТЗ-ын харьяа салбар нэгжүүд болох Татах хэсгүүд, Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депо, Улаанбаатар дах Вагон депо, Вагон ашиглалтын деподын орон тоонд өөрчлөлт, зохицуулалтууд хийгдэж, эдгээр байгууллагуудаас ажилтнууд татан, тус инженерийн төвийн орон тоог бий болгосон болох нь дор дурдсан хоёр тушаалаар тогтоогдоно. Үүнд, УБТЗ-ын Улаанбаатар татах хэсгийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 41 тоот тушаалаар татах хэсгийн нэр бүхий 45 ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлан, Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төвийн мэдэлд шилжүүлсэн байдаг. Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны 01 тоот тушаал, түүний хавсралтаар нэр бүхий 102 ажилтныг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс инженерийн төвд ажилд авсан байна. УБТЗ-ын даргын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны А-146 тоот “Орон тоог шилжүүлэх тухай” тушаалаар Замын даргын туслахын орон тоог хасч, тухайн орон тоог шилжүүлэх замаар Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төвд “Үйлдвэрлэлийн хөгжил, нийлүүлэлт хариуцсан орлогч дарга” гэж орон тоо нэмсэн. Энэхүү тушаалын 2 дахь заалтаар замын даргын туслах ажилтай Н.Ариунзаяаг 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төвд Үйлдвэрлэлийн хөгжил, нийлүүлэлт хариуцсан орлогч даргаар томилсон. Өөрөөр хэлбэл, Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төвийг байгуулах үед батлагдсан бүтэц, орон тоонд Үйлдвэрлэлийн хөгжил, нийлүүлэлт хариуцсан орлогч даргын орон тоо байгаагүй бөгөөд А-146 тоот тушаалаар тус төвийн орон тоонд өөрчлөлт оруулж, УБТЗ-ын Захиргаа удирдлагын албаны замын даргын туслахын орон тоог хасч, инженерийн төвд орлогч даргын орон тоог нэмэх замаар Н.Ариунзаяад ажлын байр бий болгосон байдаг. УБТЗ-ын даргын 2016 оны 8 дугаар сарын 12-ны А-256 тоот “Орон тоо хасах тухай” тушаалаар УБТЗ-ын харьяа зарим салбар нэгж байгууллагын орлогч даргын орон тоог хассан бөгөөд үүний дотор Н.Ариунзаяагийн ажиллаж байсан Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төвийн Үйлдвэрлэлийн хөгжил, нийлүүлэлт хариуцсан орлогч даргын орон тоо мөн хасагдсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу 1 сарын өмнө мэдэгдэл өгч, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б-1-211 тоот тушаалаар орлогч даргаар ажиллаж байсан Н.Ариунзаяагийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Гэвч УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатарт хандан Н.Ариунзаяагаас хувийн өргөдөл гаргасан болон Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төвөөс 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 100/469 тоот албан бичгээр тус төвд үйлдвэрлэлийн хөгжлийн хэлтэс шинээр бий болгон, хэлтсийн даргаар орон тооны цомхотголоор халагдсан Н.Ариунзаяаг томилуулах тухай хүсэлт гаргасныг Замын дарга тухайн үед нь дэмжсэн байдаг. Үүний дагуу УБТЗ-ын даргын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны А-294 тоот “Зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох тухай” тушаал гарч, Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төвийн бүтцэд дахин өөрчлөлт оруулж, Үйлдвэрлэлийн хөгжлийн хэлтэс шинээр байгуулж, бүтцийг баталсан байна. Ийнхүү УБТЗ-ын даргын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны Б-1-215 тоот тушаалаар Н.Ариунзаяаг инженерийн төед Үйлдвэрлэлийн хөгжлийн хэлтсийн даргаар томилсон. Замын даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А-71 тоот “Зохион байгуулалтын бүтцийг өөрчлөх тухай” тушаалын тушаалын 3 дахь заалтаар хөдлөх бүрэлдэхүүн, инженерийн төвийг 2017 03 дугаар сарын 02-ны өдрөөс татан буулгасан. Хөдлөх бүрэлдэхүүн, инженерийн төв татан буугдсантай холбогдуулан УБТЗ-ын даргын 2017 оны 3 дугаар сарын 06-ны А-74 тоот тушаалаар тус төвийг анх үүсгэн байгуулахад Зүтгүүрийн аж ахуйн алба, Дархан татах хэсэг, Улаанбаатар татах хэсэг, Сайншанд татах хэсэг, Вагоны аж ахуйн алба, Зүүнхараа дахь Ачааны загон засварын депо, Вагон ашиглалтын депо, Зорчигч тээврийн алба, Улаанбаатар дахь Вагон депогоос татан авсан орон тоог буцаан шилжүүлж, орон тооны өөрчлөлтүүдийг хийсэн. Харин Н.Ариунзаяагийн хувьд ажиллаж байсан хэлтсийн даргын орон тоог өөрийнх нь хүсэлт, өргөдлийн дагуу сүүлд нэмэлтээр бий болгосон тул тухайн ажлын байрыг ажиллаж байсан байгууллагад нь буцаан шилжүүлэх боломжгүй байсан тул Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төвд Үйлдвэрлэлийн хөгжийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Ариунзаяад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан сарын өмнө мэдэгдэх үүргийн дагуу түүнд 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдэл гардуулсан. Замын даргын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б-1-108 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42.1, Хамтын гэрээний 3.14 дэх заалтуудыг удирдлага болгон, Н.Ариунзаяагийн хөдөлмөрийн гэрээг 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний ажлаас халагдсаны тэтгэмж олгосон. Иймд Н.Ариунзаяагийн ажиллаж байсан Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төв татан буугдсан болох нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Ариунзаяа нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд “ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль бус болохыг тогтоолгох” хэсэг нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагын үндэслэл болж байх тул түүнийг бие даасан шаардлага гэж үзэх боломжгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Ажилтан Н.Ариунзаяа 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс ажил олгогч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төвийн үйлдвэрлэлийн хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан болох нь ажил олгогчийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б-I-215 дугаар тушаалаар нотлогдож байхаас гадна ажилтын ажиллаж байсан үйл баримтын талаар талууд маргаагүй байх тул тэдний хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхээр байна. /хх-48 дугаар тал/

 

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийн Б-I-108 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн “а”, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны 2016-2017 оны хамтын гэрээний 3.14 дэх заалт, УБТЗ-ын даргын А-71 дүгээр тушаалыг үндэслэн Хөдлөх бүрэлдэхүүн, инженерийн төв татан буугдсан гэж үзэн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөр цуцалжээ. /хх-5/

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тохиолдолд мөн зүйлийн 40.5-д зааснаар ажил олгогч нь энэ тухайгаа ажилтанд нэг сарын өмнө, ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, мөн хуульд заасны дагуу хэлэлцээ хийх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс цуцлах болсныг нэхэмжлэгчид 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдсэн нь мэдэгдэх хуудсаар нотлогдож байх бөгөөд талууд уг үйл баримтын талаар маргаагүй байна. /хх-52 дугаар тал/

 

Хөдөлмөрийн гэрээг цуцалсан дээрх 2017 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийн Б-I-108 дугаар тушаал нь УБТЗ-ын даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А-71 дүгээр тушаалыг үндэслэсэн байх бөгөөд уг А-71 дүгээр тушаалын 3 дахь заалтаар Хөдлөх бүрэлдэхүүн, инженерийн төвийг татан буулгаж, мөн даргын 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А-74 дүгээр тушаалаар уг төв байгуулахаад бусад салбар, нэгжээс татан авсан орон тоог буцаан шилжүүлсэн байх бөгөөд харин нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /хх-49, 53 дугаар тал/

 

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн А-71 болон А-74 дүгээр тушаалын агуулга нь ажилтнуудыг бөөнөөр халсан үндэслэлд хамаарч байх тул хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар энэ тухайгаа ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, хуульд заасны дагуу хэлэлцээ хийх үүрэгтэй. Гэтэл хариуцагч нь 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа нэхэмжлэгчид 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасантай нийцээгүй байхаас гадна хариуцагч нь хуульд заасан уг ажиллагааг хэрэгжүүлсэн эсэхээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлоогүй байх тул ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Түүнчлэн, хариуцагч нь 2017 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийн Б-I-108 дугаар тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөр цуцалсан буюу ажлаас халсан өдрийг 3 хоногоор хойшлуулан тооцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтын ач холбогдлыг алдагдуулсан гэж үзэхээр байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтанд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заасан байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 611 520 төгрөг /2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс хэргийг хянан шийдвэрлэсэн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажлын нийт 80 хоног, 2017 оны 1, 2, 3 дугаар сарын үндсэн цалин болон хоол, унааны зардлын дундаж 1 239 350 төгрөг/21.5 хоног=1 хоногийн 57 644 төгрөг х 80 хоног/-ийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ажил олгогч нь ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх, мөн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй. Хэдийгээр нэхэмжлэгч нь энэ талаар шаардлага гаргаагүй боловч нэхэмжлэгчийн дээрх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговороос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасантай нийцэхээр байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 611 520  төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгон, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Ариунзаяаг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төвийн үйлдвэрлэлийн хөгжлийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 4 611 520 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Ариунзаяад олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Ариунзаяагийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 88 734 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.БАЯСГАЛАН