Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2173

 

Н.А-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,    

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2017/02152 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.А-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч УТЗ-д холбогдох

Ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай  иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “УТЗ”-ын “Хөдлөх бүрэлдэхүүний засварын төв”-д Хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад Замын даргын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б-1-108 дугаар тушаалаар орон тоо цомхотгосон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд энэ тушаалыг 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр гардаж авсан. Уг тушаалын дагуу байгууллагыг татан буулгах ажлыг зохион байгуулахдаа ажилтнуудыг анх шилжүүлэн авч байсан байгууллагад нь буцаах зарчмаар хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэж байсан бөгөөд манай хэлтсийн үүрэг функцыг ТЧ-2 буюу Улаанбаатар татах хэсэгт шилжүүлсэн байтал намайг ажлаас халсан нь үндэслэлгүй гэж зэж байна. Иймд УТЗ-ын даргын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б-1-108 тоот тушаал үндэслэлгүй хууль бус болохыг тогтоолгох, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.А УТЗ-ын даргын 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б-1-223 тоот тушаалаар анх Замын даргын туслахаар томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Замын даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А-02 тоот “Зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох тухай” тушаалаар Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төвийг мөн өдрөөс бие даасан баланстай, хөдөлгөөнтэй шууд холбоотой албаны зэрэглэл бүхий салбар нэгж болгон шинээр байгуулж, зохион байгуулалтын бүтцийг хавсралтаар баталсан. Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төв байгуулагдсантай холбогдуулан Улаанбаатар төмөр замын харьяа салбар нэгжүүд болох Татах хэсгүүд, Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депо, Улаанбаатар дахь Вагон депо, Вагон ашиглалтын деподын орон тоонд өөрчлөлт, зохицуулалтууд хийгдэж, эдгээр байгууллагуудаас ажилтнууд татан, тус инженерийн төвийн орон тоог бий болгосон УТЗ-ын Улаанбаатар татах хэсгийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 41 тоот тушаалаар татах хэсгийн нэр бүхий 45 ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлан, Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төвийн мэдэлд шилжүүлсэн байдаг.

Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот тушаал, түүний хавсралтаар нэр бүхий 102 ажилтныг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс инженерийн төвд ажилд авсан. УТЗ-ын даргын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А-146 тоот “Орон тоог шилжүүлэх тухай” тушаалаар Замын даргын туслахын орон тоог хасч, тухайн орон тоог шилжүүлэх замаар Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төвд “Үйлдвэрлэлийн хөгжил, нийлүүлэлт хариуцсан орлогч дарга” гэж орон тоо нэмж, тушаалын 2 дахь заалтаар замын даргын туслах ажилтан Н.А-г 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төвд Үйлдвэрлэлийн хөгжил, нийлүүлэлт хариуцсан орлогч даргаар томилсон. УТЗ-ын даргын 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А-256 тоот “Орон тоо хасах тухай” тушаалаар УТЗ-ын харьяа зарим салбар нэгж байгууллагын орлогч даргын орон тоог хассан бөгөөд үүний дотор Н.А-ийн ажиллаж байсан Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төвийн Үйлдвэрлэлийн хөгжил, нийлүүлэлт хариуцсан орлогч даргын орон тоо хасагдсан бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б-1-211 тоот тушаалаар орлогч даргаар ажиллаж байсан Н.А-ийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан боловч Н.А-ийн хувийн өргөдөл болон Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төвөөс 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 100/469 тоот албан бичгээр тус төвд үйлдвэрлэлийн хөгжлийн хэлтэс шинээр бий болгон, хэлтсийн даргаар орон тооны цомхотголоор халагдсан Н.А-г томилуулах тухай хүсэлт гаргасны дагуу УТЗ-ын даргын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б-1-215 тоот тушаалаар Н.А-г инженерийн төвд Үйлдвэрлэлийн хөгжлийн хэлтсийн даргаар томилсон. Замын даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А-71 тоот “Зохион байгуулалтын бүтцийг өөрчлөх тухай” тушаалын тушаалын 3 дахь заалтаар хөдлөх бүрэлдэхүүн, инженерийн төвийг 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс татан буулгасан. Хөдлөх бүрэлдэхүүн, инженерийн төв татан буугдсантай холбогдуулан УТЗ-ын даргын 2017 оны 3 дугаар сарын 06-ны А-74 тоот тушаалаар тус төвийг анх үүсгэн байгуулахад Зүтгүүрийн аж ахуйн алба, Дархан татах хэсэг, Улаанбаатар татах хэсэг, Сайншанд татах хэсэг, Вагоны аж ахуйн алба, Зүүнхараа дахь Ачааны загон засварын депо, Вагон ашиглалтын депо, Зорчигч тээврийн алба, Улаанбаатар дахь Вагон депогоос татан авсан орон тоог буцаан шилжүүлж, орон тооны өөрчлөлтүүдийг хийсэн.

Харин Н.А-ийн хувьд ажиллаж байсан хэлтсийн даргын орон тоог өөрийнх нь хүсэлт, өргөдлийн дагуу сүүлд нэмэлтээр бий болгосон тул тухайн ажлын байрыг ажиллаж байсан байгууллагад буцаан шилжүүлэх боломжгүй тул Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төвд Үйлдвэрлэлийн хөгжийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.А-д Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан сарын өмнө мэдэгдэх үүргийн дагуу түүнд 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдэл гардуулсан. Замын даргын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б-1-108 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Хамтын гэрээний 3.14 дэх заалтуудыг удирдлага болгон, Н.А-ийн хөдөлмөрийн гэрээг 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх ажлаас халагдсаны тэтгэмж олгосон.

Иймд Н.А-ийн ажиллаж байсан Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төв татан буугдсан нь дээрх баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.А-г УТЗ-ын Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төвийн үйлдвэрлэлийн хөгжлийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч УТЗ-аас 4 611 520 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.А-д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.А-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч УТЗ-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 88 734 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

1. Шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. УТЗ-ын даргын А-71 тоот "Зохион байгуулалтын бүтцийг өөрчлөх тухай" тушаалын 3 дахь заалтаар Хөдлөх бүрэлдэхүүн, инженерийн төвийг 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс татан буулгасан,  мөн замын даргын 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А-74 тоот "Орон тоо шилжүүлэх тухай" тушаалд "А-71 тоот тушаалын 3 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Хөдлөх бүрэлдэхүүн инженерийн төвийг үүсгэн байгуулахад Зүтгүүрийн аж ахуйн алба, Дархан татах хэсэг, Улаанбаатар татах хэсэг, Сайншанд татах хэсэг, Вагоны аж ахуйн алба, Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депо, Вагон ашиглалтын депо, Зорчигч тээврийн алба, Улаанбаатар дахь Вагон депогоос татан авсан орон тоог буцаан шилжүүлж, орон тооны өөрчлөлтүүдийг хийх"-ийг холбогдох дарга нарт үүрэг болгосон. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төвийг 2016 оны 01 дүгээр сард байгуулахдаа харьяа салбар нэгж байгууллагуудаас холбогдох мэргэжлийн ажилтнуудын орон тоог татаж, шилжүүлэн ажиллуулах замаар тус төвийн орон тоог бий болгосон бөгөөд ажилтнуудын хуучин ажиллаж байсан байгууллагад нь буцаан шилжүүлэх замаар Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төвийн үйл ажиллагааг нь зогсоож, татан буулгасан тул ажилтнуудыг бөөнөөр нь халсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн хэрэгт авагдсан УТЗ-ын даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А-02 тоот тушаал, УТЗ-ын Улаанбаатар татах хэсгийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 41 тоот тушаал , УТЗ-ын Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот тушаал, УТЗ-ын Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төвийн даргын 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 51 тоот тушаал, УТЗ-ын Улаанбаатар татах хэсгийн даргын 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 222 тоот тушаал зэрэг баримтуудаар ажилтнуудыг бөөнөөр нь ажлаас халаагүй, ажиллаж байсан байгууллагууд руу шилжүүлсэн болох нь тогтоогдоно.

2. Шүүх хэт нэг талыг барьж, хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэр нь үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад байгууллагыг татан буулгаж, ажилтнуудыг бөөнөөр нь ажлаас халсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заасныг зөрчсөн гэж тайлбар гаргасныг хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 31, 32 дугаар зүйлд заасны дагуу Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төв татан буугдаагүй, түүний эрх үүрэг, ажилтнуудыг өөр байгууллагуудад шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагааг нь зогсоож, УТЗ-ын бусад салбар нэгжүүдэд нэгтгэн, эрх үүргийг нь хэрэгт авагдсан тушаалуудаар тогтоогддог.

Гэтэл шүүх хуралдааны явцад хариуцагчийн гаргасан тайлбар, татгалзлыг шүүхийн шийдвэрт тусгаагүй байх төдийгүй ямар ч дүгнэлт хийгээгүй нэг талыг барьж, хэргийг шийдвэрлэсэн гэж дүгнэхээр байна. Түүнчлэн шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахыг хүссэн боловч давж заалдах гомдол гаргах өдөр буюу 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл тэмдэглэл бичгээр гараагүй байсан.

3. Нэхэмжлэгч Н.А-ийн хувьд Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төвийг анх байгуулахад орон тоогоор шилжиж ирээгүй бөгөөд төвийг байгуулагдснаас хойш 2016 оны 4 дүгээр сард орлогч даргын орон тоог нэмэлтээр гаргуулан ирсэн бөгөөд тухайн орлогч даргын орон тоо 2016 оны 8 дугаар сард цомхотголд ороход өөрийнх нь хүсэлт, өргөдлийн дагуу хэлтсийн даргын орон тоог мөн нэмэлтээр бий болгож ажиллаж байсан тул нэхэмжлэгч Н.А-ийн ажлын байрыг ажиллаж байсан байгууллагад нь буцаан шилжүүлэх боломжгүй байсан тул орон тоо нь цомхотгогдсон. Нэхэмжлэгч Н.А-д Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны  дагуу 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдэл гардуулж, хөдөлмөрийн гэрээг 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны дотор ажлыг хүлээлцүүлэн, ажил хүлээлцсэн сүүлийн өдрөөр цалин хөлс олгон, 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний ажлаас халагдсаны тэтгэмж олгосон үндэслэлтэй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондох маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 Нэхэмжлэгч Б.А хариуцагч УТЗ-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч УТЗ-ын даргын 2017 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийн Б-I-108 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, УТЗ нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн “а”, “УТЗ” нийгэмлэг, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны 2016-2017 оны хамтын гэрээний 3.14 дэх заалт, УБТЗ-ын даргын А-71 дүгээр тушаалыг үндэслэн Хөдлөх бүрэлдэхүүн, инженерийн төв татан буугдсан гэж үзэн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгон нэхэмжлэгч Б.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх-3/

Дээрх Б-I-108 дугаар тушаалд УТЗ-ын даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А-71 дүгээр тушаалыг үндэслэсэн бөгөөд уг тушаалын 3 дахь заалтад Хөдлөх бүрэлдэхүүн, инженерийн төвийг татан буулгаж, мөн даргын 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А-74 дүгээр тушаалаар уг төв байгуулахад бусад салбар, нэгжээс татан авсан орон тоог буцаан шилжүүлж, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 222 дугаар тушаалаар нэр бүхий этгээдүүдийг буцаан ажилд авсан үйл баримт тогтоогдсон талууд энэ талаар маргаагүй. /хх-49, 53, 55-56/

Хариуцагч байгууллагын А-71, А-74 дүгээр тушаалуудын агуулга нь ажилтнуудыг бөөнөөр халсан үндэслэлд хамаарч байна. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар энэ тухай ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, хуульд заасны дагуу хэлэлцээ хийх үүргээ биелүүлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасантай нийцээгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь хэсэгт заасантай нийцээгүй тул ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй бөгөөд уг тушаал нь хуулиар тогтоосон мэдэгдэл өгөх хугацаа, журамд нийцээгүй тул нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон нь зөв болжээ.

Иймд шүүх  хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгч Б.А-г УТЗ-ын Хөдлөх бүрэлдэхүүний инженерийн төвийн үйлдвэрлэлийн хөгжлийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 611 520 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2017/02152 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88 734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ИЧИНХОРЛОО

                                                    ШҮҮГЧИД                                          Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                               Д.БАЙГАЛМАА