Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 142/2019/00049/И |
Дугаар | 001/ХТ2020/00104 |
Огноо | 2020-02-18 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 001/ХТ2020/00104
“... цагаан” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2019/00215 дугаар шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 48 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: “... цагаан” ХХК
Хариуцагч: “...-Инвест” ХХК-д холбогдох
14,193,260 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Ундрахжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян, өмгөөлөгч Г.Орхон, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: “...-Инвест” ХХК-д 2007-2008 онд .хайрга нийлүүлсэн. Энэ хайрганы тооцооноос 2008-10-31-ний өдрийн байдлаар “...-Инвест” ХХК “... цагаан” ХХК-д 29,905,820 төгрөгийн өртэй гарсныг харилцан зөвшилцөж хоёр талын гарын үсэг, тэмдэг бүхий тооцооны үлдэгдлийн баталгааг хийсэн. Энэ тооцооны хүрээнд “...-Инвест” ХХК тус компанид 2009 онд 712,610 төгрөгийн материал нийлүүлж, 2011 онд 15 сая төгрөгийг шилжүүлсэн. 2011-12-31-ний байдлаар үлдэгдэл тооцоо 14,193,260 төгрөг болж, харилцан баталгаажуулсан. Ингээд 2012-02-02-с хойш “...-Инвест” ХХК нь тооцооны үлдэгдэл өрөө барагдуулахгүй өдийг хүрлээ. Иймд үлдэгдэл 14,193,260 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тухайн асуудлыг нарийвчлан судалж үүссэн өглөгийн дүн, манай авсан материалын орлого болон төлбөрийн баримтыг судлах шаардлагатай байна. 2010-02-02-ны өдөр тооцоо нийлсэн баримт үйлдсэн. Иргэний хуулийн 71-р зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 142/ШШ2019/00215 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг баримтлан “...-Инвест” ХХК-с 14,193,260 төгрөг гаргуулах тухай “... цагаан” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 48 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2019/00215 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1.-д заасныг баримтлан “...-Инвест” ХХК-с буталсан хайрганы үлдэгдэл үнэ 14,193,260 төгрөг гаргуулж “... цагаан” ХХК-д олгох, 228,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 228,920 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээх, нэхэмжлэгч гомдол гаргахдаа төлсөн 228,920 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: 2007-2008 оны хооронд хайрга худалдах-худалдан авах хэлцэл хийгдсэн бөгөөд хуульд заасан хэлбэрээр гэрээ байгуулагдаагүй. Хариуцагч 2008-10-31-ний өдрийн байдлаар 29,905,820 төгрөгийн хайрга авсан. 2011-06-15-ны өдөр “...-Инвест” ХХК-н захирал 2007-2008-оны хайрганы үнэ гэх агуулгаар 15 сая /хх4/ төлсөн нь тогтоогдох ба 2012-02-02-ны өдөр хайрганы үнэ 29,905,820 төгрөгөөс 2011-06-15-ны өдөр төлсөн 15 сая төгрөг, мөн 712,610 төгрөгний материалыг хариуцагчаас нэхэмжлэгч тал авсан хэмээх тооцоо нийлсэн баримт хэрэгт авагдсан /хх8/. Давж заалдах шатны шүүх “...худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулсан, гэрээний гол нөхцөл буюу бэлтгэн; нийлүүлсэн барааны төлбөрийг ... хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх ерөнхий хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзнэ..” гэсэн нь үндэслэлгүй. Шүүх тусгайлан зохицуулсан буюу хуульд өөрөөр заасан Иргэний хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж төлбөрийг төлж дуусах хугацааны талаар тохиролцоогүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь шүүх дээрх харилцааг ИХ-ийн худалдах-худалдан авах харилцаа хэмээн дүгнэчхээд хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа хэмээн дүгнэж буй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 75.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа арван жил байхаар заасан бөгөөд энэ хуулийн үзэл санаа нь гэрээний бус үүрэгтэй холбоотой харилцааг зохицуулахад чиглэсэн болно. Мөн хуулийн 4.2-т тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэхгүй байхаар зохицуулсан байдаг бөгөөд Иргэний хуулийн 75.2-т заасан үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Өөрөөр хэлбэл шүүх нэгэнт тухайн хэлцэлийг тогтоох хэсэгтээ Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах харилцаа хэмээн дүгнэсэн ба тус харилцаа нь Иргэний хуулийн 75.2.1-т гэрээнээс үүдэлтэй шаардах эрх 3 жил байхаар зохицуулсан хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй байна. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн шаардах эрх нь 2008-10-31-с мөн 2012-02-02-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт үйлдсэн цагаас хөөн хэлэлцэх хугацаа тоологдож эхлэхээр байна. Нэхэмжлэгчийн шаардах эрх нь дээрх баримтуудыг үйлдсэнээс хойш үүссэн бөгөөд нэхэмжлэгч тус баримтыг үндэслэн шаардах эрхээ хэрэгжүүлэх үүрэгтэй. Иргэний хуулийн 76.2-т ..заасан эрхээ хэрэгжүүлээгүй буюу энэ нь эрх бүхий этгээд энэ зөрчлийн талаар тухайн өөрийн хайнга хариуцлагагүй ажиллагаанаас болж хожим мэдсэн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг мэдэх ёстой байсан үеэс тоолох тухай ойлголт юм. Иргэний хуулийн 82.1. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй хэмээн хуульчилсан учир бид хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн анхан болон давж заалдах шатны шүүхэд маргасан болов ч давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэн тайлбарлаж чадаагүй. Мөн нэхэмжлэгч нь хэн ч бай хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхдээ хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлүүлэх бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөх явдал нь эрх зүйн хугацааг зогсоож байгаа хэрэг биш, харин энэ харилцаанаас үүсэх шаардлагыг албадан хангуулах эрхийг хязгаарлаж байгаа юм. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөр нэхэмжлэгч шаардлагаа төрийн байгууллага буюу шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гэх мэт байгууллагуудаар албадан хангуулах эрхээ алдаж байгаа болохоос биш нэхэмжлэгчийн субъектив эрх үгүй болж буй мөн тухайн эрхэнд халдаж буй асуудал биш болохыг дурдах нь зүйтэй. Дээрх нөхцөл байдлаас харгалзан үзэхэд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн мөн хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэж чадаагүй гэж үзнэ. Иймд магадлалыг хүчингүй болгож шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
“... цагаан” ХХК 2018-12-27-ны өдөр шүүхэд хандаж, “...-Инвест” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл 14,193,260 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн..” гэж маргасан байна.
Анхан шатны шүүх “...-Инвест” ХХК-ийн татгалзал үндэслэл бүхий гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...талууд худалдах-худалдан авах гэрээний төлбөрийг төлж дуусах хугацааг тохиролцоогүй... нэхэмжлэгч шаардлага гаргах хөөн хэлэлцэх ерөнхий хугацааны дотор нэхэмжлэл гаргасан байна...” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангасан байна.
Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...шүүх тусгайлан зохицуулсан буюу хуульд өөрөөр заасан Иргэний хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж... төлбөр төлж дуусах хугацааны талаар тохиролцоогүй... гэсэн нь буруу... Иргэний хуулийн 75.1-т хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байхаар заасан нь гэрээний бус үүрэгтэй холбоотой харилцааг зохицуулахад чиглэсэн болно....Иргэний хуулийн 4.2-т тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэхгүй байхаар зохицуулсан... нэгэнт худалдах-худалдан авах харилцаа үүссэн тул Иргэний хуулийн 75.2.1-т заасан хугацааг хэрэглэх байсан... түүнчлэн 2008-10-31-нээс, мөн 2012-02-02-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа тоологдож эхлэхээр байгаа... хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй... хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөх явдал нь эрх зүйн хугацааг зогсоож байгаа биш, харин энэ харилцаанаас үүсэх шаардлагыг албадан хангуулах эрхийг хязгаарлаж байгаа...” гэсэн үндэслэл заажээ.
Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
“...-Инвест” ХХК нь “... цагаан” ХХК-иас 2007-2008 онд буталсан хайрга худалдан авч, 2008-10-31-ний өдрийн байдлаар хариуцагч 29,905,820 төгрөгийн төлбөртэй гарсан, 2009, 2011 онд төлбөрийн зарим хэсгийг барагдуулснаар 14,193,260 төгрөг төлөгдөөгүй үлдсэн, уг нөхцөл байдлыг талууд 2012-02-02-ны өдөр баталгаажуулан баримт үйлдсэн нь тогтоогджээ.
Зохигчийн хооронд 2007-2008 онд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан талаар зохигч маргаагүй, гэрээг хүчин төгөлдөр бус гэх баримт хэрэгт байхгүй тул гэрээний үүргийг талуудын хэн аль нь биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлж барааг худалдсан байх бөгөөд худалдан авагч үлдэгдэл 14,193,260 төгрөг төлөх үүрэг хүлээсэн нь тогтоогдсон байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил юм.
Зохигч нар 2012-02-02-ны өдөр тооцоо нийлж, худалдан авагч 14,193,260 төгрөг төлөх талаар акт үйлдэж баталгаажуулснаас хойш нэхэмжлэгч 2018-12-27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас үзвэл гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах гурван жилийн хугацаа дууссан байна. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон гэж үзэх эсхүл хугацааг сэргээх нөхцөл байдал үүссэн гэх баримт хэрэгт байхгүй байна.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243, 71-82 дугаар зүйлийн зохицуулалтад нийцсэн гэж хяналтын шатны шүүх үзлээ.
Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн хэрэглэх ёсгүй зүйл заалтыг хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 48 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2019/00215 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 228,920 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ