Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 1327

 

Н.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/00703 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Оюунбилэгийн хариуцагч “Орон сууцны нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ, “Амар инвест” ХХК-д холбогдуулан гаргасан шугамын ашиглалтад хяналт тавих, дахин ус алдуулахгүй байлгах арга хэмжээ авахыг даалгах, учирсан хохиролд 12 990 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 8 643 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч “Амар инвест” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тунгалагийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болормаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг, хариуцагч “Орон сууцны нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн С.Буман-Аюуш, хариуцагч “Амар Инвест” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тунгалаг, хариуцагч “Амар Инвест” ХХК-ийн өмгөөлөгч Д.Гэрэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: БГД-ийн 18-р хорооны нутаг дэвсгэрт, “Амар инвест” ХХК-ийн дэлгүүрийн баруун талд үйлчилгээний зориулалттай, зоорийн давхарт 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн барилгын суурь, зоорийн давхарт бүлээхэн, их хэмжээний ус орж ирсэн. Нэхэмжлэгч энэ усыг шугамын алдагдал гэж үзсэн боловч мэргэжлийн байгууллагууд учрыг нь олж өгөөгүй. Энэ байдлыг шийдвэрлүүлэхээр орон сууцны контор, баруун түгээх гэх мэт олон газруудад хандсан. Олон удаа дуудлага өгсөн боловч шалтгааныг нь тогтоож чадаагүй. Орон сууцны конторын зүгээс манай барилгын дотуур явдаг айлын шугамын алдагдал байж магадгүй гэж үзэн шугамыг хаахад хүрэхэд үр дүнд нь тэр айлын шугам хөлдсөн. Үүнийг иргэн н.Баттогтохоор мөнгийг нь төлж гаргуулсан, баруун түгээх төвийн шугамаа хаалгуулсан бөгөөд шугамыг хаасны хөлс, эвдэрхий крант зассан гэх мэт зардал гарч 400 000 төгрөгийг авсан. Тухайн үед зүүн талын “Амар Инвест” ХХК-ийн шугамнаас ус алдсан байж магадгүй гэж орон сууцны 12 дугаар конторын ажилтанд хэлсэн боловч тус компани болон шугам ашиглалтыг хариуцдаг орон сууцны контор “үгүй” гэдэг хариултыг өгсөн. 2014 оны 12 дугаар сард 17 м худаг ухуулж, усыг нь гаднаас нь соруулах арга хэмжээ авсан. Байрны суурь газрын гадаргаас 8 м тул түүнээс доош худгийг “Экос” ХХК-иар 7 000 000 төгрөгөөр ухуулсан. Өнөөдрийг хүртэл худаг ажиллаж байгаа бөгөөд тогонд залгагдсан. 2015 оны 02 дугаар сард Орон сууцны контор, баруун түгээх төвөөсАмар Инвест “ХХК-ийн дулааны шугам хагарсан, түүнээс болж ус алдсан болохыг тогтоосон. Гэвч тэдний шугам хөлдөнө гэдэг шалтгаанаар усыг нь хаагаагүй. Хавар болсны дараа хаасан. 2015 оны зун компанийг дулааны шугаманд засвар хийхийг орон сууцны контороос сануулсан. Тухайн үед засвар хийж байх шиг байсан. 2015 оны 10 сард дулаан авахтай зэрэгцээд дахин ус алдсан. Энэ үед нэхэмжлэгч ус алдсан шалтгааныг тогтоолгох, зогсоолгох тухай хүсэлт гаргахад орон сууцны контороос усыг хаасан боловч хариуцагч байгууллагын зүгээс орон сууцны конторын слесарьтай хуйвалдан дулааны шугамыг нээлгэсэн. Улмаар дахин гомдол гаргаж хаалгасан. Шугамыг хааснаас хойш ус ороогүй. 2016 оны зун хариуцагч “Амар Инвест” ХХК шугамаа бүрэн сольж байсан боловч түүний дараа намар дулааны шугамыг нээх үед нэхэмжлэгчийн гэр рүү ус ороогүй. Энэ талаар хариуцагчид хэлэхэд өөр шугамнаас ус орсон байж болно, эсхүл борооны ус орсон байх гэсэн. 2014 оны 10 дугаар араас 2015 оны 4 cap хүртэл, 2015 оны 10 дугаар сараас хойш бороо ороогүй. Зөвхөн тэдний шугамыг нээхээр ус алддаг, хаахаар зогсдог. Гэхдээ үүнийг мэргэжлийн байгууллага болох орон сууцны 12 дугаар төв, баруун түгээх төв, Мэргэжлийн хяналтын газар зэрэг албан ёсны байгууллага нь тогтоосон. Иймд дулааны шугамын эзэн болон хуулиар ашиглалтыг нь хариуцдаг орон сууцны контороор уг шугамыг засуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Нэхэмжлэл гаргаж байх үед тухайн барилгад одоогоор 2 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт орсон бөгөөд ашиглалтад ороход дахин 2-3 тэрбум төгрөг орохоор байсан. Бид барилгыг суурь устай, хөрс нь элэгдсэн, хазайлт, нуралт өгч магадгүй гэж бодон одоогоор хөрөнгө оруулалтаа зогсоосон. Гэвч хариуцагч “Амар Инвест” ХХК-ийн шугамнаас ус алдахаа больсон тул бид хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн хийж байна. Хариуцагч "Амар Инвест" ХХК-ийн шугамын алдагдал гэдгийг хариуцагч “Орон сууцны нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх 12 дугаар төвийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн албан тоот, 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн албан тоот, хариуцагч “Орон сууцны нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын Баруун түгээх төвийн 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн албан тоот, хариуцагч “Орон сууцны нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх 12 дугаар төвийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн албан тоот, Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн албан шаардлагаар нотлогдож байна. Мөн хариуцагч “Орон сууцны нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын 12-р төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, мэдүүлэг, баримтыг судлахад 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “Амар Инвест” ХХК-ийн шугаманд гэмтэл гарсан тул заасан хугацаанд засварлах тухай албан тоот, 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 62 тоот албан тоотоор шаардлага өгч, засварлаагүй тул хаасан тухай мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Мөн хариуцагч “Орон сууцны нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын төлөөлөгч 2015 оны 10 дугаар сарын 04-ны өдөр дур мэдэн нээсэн шугамыг нь хааж, ус алдалтыг тогтоосон тухай шүүхэд мэдүүлэг өгчээ. Иймд бидний зүгээс дулааны шугамаа засахыг хариуцагчид даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, “Амар Инвест” ХХК-ийн шугамнаас ус алдсаныг шүүхийн журмаар тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан. Ус алдсаныг нь мэргэжлийн байгууллагууд тогтоосон боловч уг компани хүлээн зөшөөрөхгүй байгаа тул шүүхээр шийдвэрлүүлж байна. Харин ус алдсаны улмаас бидэнд учруулсан гэм хор, ус зайлуулсантай холбоотой гарсан зардлыг нэхэмжилсэн нэхэмжлэл хэвээр болно. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8, 5.31.3-т тус тус заасныг баримтлаагүй хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас дараах хохирол учирсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар худаг ухуулсан 7 000 000 төгрөг, өдөр бүр ус соруулах хүн ажиллуусан 4 250 000 төгрөг, ус соруулах насос 3 ширхэгийг худалдан авсан 540 000 төгрөг, хөлдсөн шугамыг гэсгээсэн 1 200 000 төгрөг, нийт 12 990 000 төгрөгийг хариуцагч "Амар Инвест" ХХК-иас нэхэмжилж байна. Мөн "Амар Инвест" ХХК-ийн эзэмшлийн шугамын ашиглалтанд хяналт тавих, дахин ус алдуулахгүй байлгах талаар арга хэмжээ авахыг хариуцагч “Орон сууцны нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх 12-р төвд даалгах хүсэлттэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Өмнөх анхан шатны шүүхээс н.Алтанхуягт 4 250 000 төгрөгийг ус шавхах, зайлуулах, шугам гэсгээсэн 1 200 000 төгрөгийг төлсөн гэх баримтгүй нэхэмжлэгч ийм хэмжээний зардал гарсан гэдэг нь тогтоогдохгүй тул нэхэмжпэлийн шаардлагааас 5 450 000 төгрөгийг хангаж шийдвэрлээгүй. Хувь хүнээр ажил хийлгэхэд заавал бичгээр гэрээ байгуулахыг хуульд заагаагүй. Нэг нь нөгөөгөөсөө мөнгө авснаа өөрөө гэрчилж шүүхэд бичиж өгсөн ба үүнийг өөрөө гараараа бичсэн гэдгийг нотариатч гэрчилсэн. “Амар Инвест” ХХК нь Эрчим хүчний тухай хуулийн 31.8-д өөрийн эзэмшлийн шугам сүлжээ тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангана, мөн Дулааны тоног төхөөрөмжийн ээлжит болон урсгал засварыг хугацаанд нь чанартай хийх, Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зэргэлдээ барилга байгууламж ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулахгүй гэсэн заалтуудыг “Амар Инвест ХХК нь зөрчсөн гэжээ.

 

Хариуцагч “Амар Инвест” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тунгалаг хариу тайлбар болон хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Н.Оюунбилэгийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай хүсэлтийг хариуцагч “Амар Инвест” ХХК-ийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай компанийн эзэмшлийн дулааны шугамнаас 2014, 2015 онуудад ус алдаагүй. Нэхэмжлэгчийн барилгын орчинд олон төрлийн шугам хоолой байдаг. Тухайлбал, төвийн 500-ын магистрал шугам, үүнийг огтлолцсон, давхцсан, дагуу гэх мэт олон шугам байдаг. Энэ олон шугамны ямар шугамнаас, хаанаас нь ус алдсаныг тогтоогоогүй байж зөвхөн манай компанийг онцлон, манай шугамнаас ус алдсан мэтээр хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжпэгч нь анх барилга барьж эхлэхдээ төвийн 500-ын магистрал шугам байрлаж байсан траншэйны хуучин суурин дээр барилгын сууриа тавьж, барилгаа барьсан. Барилга барихдаа шугам сүлжээнээс тодорхой зайнд барилгаа барих, шугам сүлжээг хэвийн ашиглах нөхцөлийг бүрдүүлэх нь тухайн барилгыг бариулж байгаа захиалагч, эздийн үүрэг байдаг. Энэ үүргийг зөрчсөн. Хөрсний ус болон ямарваа нэг сантехникийн алдаанаас үүссэн ус зайлуулах системийг бүрдүүлж, аюулгүй байдлыг хангах нь мөн тухайн барилгын эзний үүрэг юм. Гэтэл энэ нь нэхэмжлэгчийн барилгад бүрэн хангагдаагүй. Тус барилга нь үерийн усны зам дээр баригдсан бөгөөд энэ талаар хэрэгт фото зураг авагдсан болно. Мөн ийм газарт баригдсан болохыг нь тухайн барилгын ойр орчмын бүх хүмүүс гэрчилнэ. Хөрсөнд нэвчсэн ус, газар хөлдөж эхлэх үеэр хөрсний тэлэлт явагдаж хөрсний ус шахагдаж, дулааны шугам руу орж хуучин траншэйгаар дамжин нэхэмжлэгчийн барилгын суурь руу орох магадлал маш өндөр юм. Анх хөрсний ус орж ирсэн болохыг нь нэхэмжлэгч өөрийн гаргасан тайлбартаа хэлсэн. Хөрсний ус буюу шар ус зайлуулах ус авагч хоолойг нэхэмжлэгч нь барилга барих явцдаа барилгын ажлын шороо, хогоор дарсан байсныг хариуцагч цэвэрлэж, уг нүхийг нээсэн. Ингэснээр нэхэмжлэгчийн барилгын суурь руу ус орохоо больсон. Энэ нүхийг нээсэн фото зургийг хэрэгт хавсаргасан. Нэхэмжлэгч нь 2015 оны зун манай компанийг дулааны шугамдаа засвар хийж байсан гэж нэхэмжлэлдээ дурддаг. Үүнээс харвал манай компани нь 2015 он болон 2016 онуудад дулааны шугамаа байнга хаалттай байлгасан мэтээр харагддаг. Гэтэл бид ус, дулааны хангамжаа таслуулаагүй. Бид 2015 оны зун өөрсдийн саналаар засвар, үйлчилгээ хийгээгүй бөгөөд Улаанбаатар дулааны шугам сүлжээ компанийн захиалгаар “Цаст-Констракшн” ХХК нь манай байгууллагын эзэмшлийн ус дулааны шугамтай огтлолцдог Улсын эзэмшлийн төвийн дулааны шугамын засвар хийхдээ манай шугамын ихэнхийг нь ухаж гаргах үед нь бид өөрсдөө үлдсэн шугамаа ухаж ил гарган, манай шугамнаас ус алдаагүй болохыг нэхэмжлэгч Н.Оюунбилэгийн инженер н.Батболдод үзүүлсэн. Мөн хөндлөнгийн инженер н.Одонхүүгээр ус алдаж байгаа эсэхийг тогтоолгуулах зорилгоор гэрчээр асуулгасан. Нэхэмжлэгч нь биднийг хууль бусаар гүтгэн, ус хаалгах, шүүхэд нэхэмжлэл гаргах зэргээр бидний ажилд дарамт үзүүлсээр байсан тул 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр өөрийн эзэмшлийн шугамаа ил гарган, ус шахаастай байхад нь н.Батмөнх менежерийг дуудан үзүүлэх гэхэд ирж үзээгүй. Харин нэхэмжлэгч Н.Оюунбилэгийн нөхөр манай энэ байдлыг шалгаж өгнө үү гэсэн хүсэлт бичигт "хүлээн авлаа" гэж бичиж, гарын үсгээ зурж үлдээсэн. Үүнийг бид нотлох баримтаар хэрэгт хавсаргасан. Бид удаа дараа манай байгууллагын эзэмшлийн шугамнаас ус алдаагүй болохыг нотлон харуулсаар байтал нэхэмжлэгч нь манай ус дулаан хангамжийн усыг хаалгах, шүүхэд нэхэмжлэл гаргах, мөн нэхэмжлэгч нь танай буруугаас болж манай барилгын суурь хазайх, суулт өгөх, улмаар нурах зэрэг аюул тохиолдвол бид танай байгууллагаас хохирлыг гаргуулна гэж хууль бусаар, хууль шүүхийн нэр барьж дарамт шахалт үзүүлж байсан тул бид холбогдох хууль журмаар 30 жил ашиглагдах ёстой ус, дулаан хангамжийн шугамаа 10 жил хүрэхгүй хугацаанд ашигласны дараа иж бүрнээр нь бүрэн солиход хүрсэн. Энэ нь манай компанийн хувьд тодорхой хэмжээний бодит алдагдал юм. Өөрөөр хэлбэл зардал гаргахад хүрсэн бөгөөд энэ зардлаа бид нэхэмжилж, сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс манай компанийн дулааны шугамыг хагарсан гэж нэхэмжлэл гаргаж, тус шугамыг 2015 оны хавар хаасан мэтээр нэхэмжлэлдээ дурддаг. Гэтэл манай компани нь дулааны шугамаа нэг ч өдөр хаалгаж байгаагүй бөгөөд дулааны болон хэрэглээний халуун, хүйтэн усны төлбөрөө cap бүр, цаг тухайд нь тогтмол нэхэмжлэлийн дагуу төлж байсан. Энэ баримтаа бид сөрөг нэхэмжлэлдээ хавсаргасан. Мөн хариуцагч “Орон сууцны нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх 12-р төвөөс шүүхэд удаа дараа гаргаж өгсөн баримтад манай компанийн дулааны шугамыг хаагаагүй болохыг дурдсан. Иймд нэхэмжпэгчийн гаргасан нэхэмжпэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү" гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч В.Гэрэлт-Од шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Мэргэжлийн хяналтын хяналтын байцаагчийн гаргаж өгсөн тодорхойлолт зэрэг баримтууд нь 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гаргаж өгсөн хариу тайлбараар тайлбарлагддаг. “Амар Инвест” ХХК нь гаргаж өгсөн сөрөг нэхэмжлэлдээ дурдсан байгаагаар халуун, хүйтэн ус, дулааны төлбөрөө байнга төлж ямар нэгэн ус дулааны алдагдалгүй явж ирсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Мөн ус, дулааны мэргэжлийн хүмүүсийн тодорхойлж байгаагаар ус, дулааны алдагдал хүлээж байгааг шинжээч томилж хий шахах замаар шугамын алдагдал байгаа эсэхийг мэргэжлийн хүмүүс тусгай техникийн хэрэгсэл ашиглан тогтооно, мөн хамгийн энгийн арга нь далд байгаа шугамыг ухаж ил гаргаж ус шахаж үзэж, нүдээр харж дүгнэлт гаргадаг. Энэ хоёр аргын аль алинийг нь хэрэглээгүй ба Хэрэглэгчдэд үйлчлэх 12 дугаар төвөөс хэрэгт авагдсан нотлох баримтад 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 56 тоот албан бичигт гомдлын дагуу 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ажилтнуудтай хамт газар дээр нь шалгаж үзэхэд дулааны шугамыг стандартын дагуу угсраагүй болон бусад зөрчил илэрлээ гэсэн агуулгатай албан бичгийг хавсаргасан. Энэ албан бичиг нь тухайн үед ийм ажил хийгдээгүй бөгөөд бидэнд энэ талаар мэдэгдээгүй. Өвлийн хүйтэнд ямар хүмүүс, яаж гэмтэлтэй байсан эсэхийг тогтоосон нь нотлогдохгүй. Манай байгууллагыг анх ашиглалтад оруулахад “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь 2004 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн техникийн нөхцөл олгох комиссын хурлаар хэлэлцэж дулаанд холбохыг зөвшөөрсөн бичгийг тухайн үед манай компанийн өмчлөгч байсан Д.Буяндэлгэрт албан ёсоор өгсөн. Мөн хариуцагч “Орон сууцны нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх 12 дугаар төвийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 062 тоот “Амар Инвест” ХХК-д өгсөн албан бичигт танай байгууллагын мэдлийн шугам цоорсны улмаас иргэн Н.Оюунбилэгийн барилгын зоорийн хэсэг рүү их хэмжээний ус орж байгааг тогтоож, 2015 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 25-ний өдөр хүртэлх хугацаанд танай халуун усыг хаасан болно гэсэн. Гэтэл бид хүнсний дэлгүүр ажиллуулж байсан болон бусад үйл ажиллагаанд зайлшгүй ус, дулаан хэрэгтэй байсан тул очиж нээсэн. Үүнээс хойш манай ус, дулааны шугам байнга нээлттэй байсан. 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 54 тоот “Амар Инвест” ХХК гэсэн албан бичигт танай мэдлийн шугам цоорч гэмтэл гарсан тул бид хаасан. Гэтэл 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр орон сууцны 80 дугаар байрны зоорийн давхарт их хэмжээний ус алдаж байна гэсэн дуудлагын дагуу газар дээр нь шалгахад Гурванбилэг дэлгүүрийн зоорийн давхарт байдаг халуун усны таслах хаалтыг дур мэдэн нээснээс болж ус алдаж байсныг хаасан гэсэн албан бичигт болон дээр дурдаж байгаа тайлбартай уялдаж байна. Иймд манай байгуулагын буруу биш байсныг цаг хугацааны хувьд нотлон харуулж байна. Мөн Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын шинжээч нь ямар ч ажил хийгээгүй ба зүгээр “Амар Инвест” ХХК-ийн барилгын гадна байдлыг хараад дүгнэлт хийсэн. “Орон сууцны нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-аас явуулсан албан бичигт халуун ус хааснаас биш, дулааны шугам хаасантай холбоотой ямар нэгэн зүйл тусгагдаагүй. Нэхэмжлэгч Н.Оюунбилэгийн гаргаж байгаа нэхэмжлэлээс болж хариуцагч “Амар Инвест” ХХК нь хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байна. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд зааснаар барилга, байгууламжийг ашиглах хугацаа 40 жил, Дэд бүтцийн сайдын 2003 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний загвар ашиглалтын тушаалаар баталсан нөхцөлд 30-25 жил ашиглагдана гэж тус тус заасан. Гэтэл нэхэмжлэгчийн гаргасан зүй бус шаардлагаас болж хариуцагч “Амар Инвест” ХХК нь тухайн үед хэвийн ашиглаж байсан дулааны шугамаа зассан төлбөрөө шүүхэд гаргаж өгснөөр 8 000 000 төгрөгөө нэхэмжилж байна. Мөн нэхэмжлэгчийн барьсан барилга нь 500-ийн магистрал шугам байсан. Шугамыг өөрчилж тухайн суурин дээр барьсан байдаг. Нэхэмжлэгч барилгаа барихдаа үерийн ус дамжуулах хоолойг барилга барихдаа дарсан. Мөн хариуцагч “Амар Инвест” ХХК нь өөрийн зардлаар тухайн нүхний хогийг цэвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Амар Инвест” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бум-Аюуш хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн Н.Оюунбилэгийн барилгын зоорийн хэсэг рүү их хэмжээний ус алдаад байна гэсэн гомдлыг тус газрын Хэрэглэгчдэд үйлчлэх 12 дугаар төвд өгч байсан байна. Энэ гомдлын дагуу газар дээр нь шалгаж үзэхэд ус алдаж байсан шугам нь "Амар инвест" ХХК-ийн эззмшлийн халуун усны шугам байсан бөгөөд манай төвийн ажилтан тус шугамын усыг хааж 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 62 тоот албан бичгээр зөвлөгөөг хүргүүлсэн. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8, Дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийн 31 дүгээр хэсгийн 3 дахь заалтаар "Дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээний ээлжит болон урсгал засварыг дамжуулагч, түгээгчийн төв шугамын засвартай уялдуулан хугацаанд нь чанартай хийх үүрэгтэй. Гэтэл тус компани нь зөвшөөрөлгүйгээр өөрсдөө дур мэдэн очиж хаалтыг нээж, ус дахин алдсан. Манай байгууллагын зүгээс олон удаа шаардлага гаргаж байсны үр дүнд тус компани нь 2016 оны 5 дугаар сард өөрийн эзэмшлийн хос шугамаа сольж, Баруун түгээх төв болон Хэрэглэгчдэд үйлчлэх 12 дугаар төвийн инженер, “Амар инвест” ХХК болон иргэн Н.Оюунбилэгийн төлөөлөл болох ажилчдын бүрэлдэхүүнийг байлцуулан газар дээр нь шалгаж шахалтын акт үйлдсэн байна. “Амар инвест” ХХК-ийн эзэмшлийн шугам сүлжээний засвар үйлчилгээ нь манай байгууллагатай хамааралгүй болно гэжээ.

 

Хариуцагч "Амар Инвест" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тунгалаг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Оюунбилэг нь 2015 оноос эхлэн танай (манай) компанийн эзэмшлийн ус дулаан хангамжийн шугамнаас ус алдаж бидний бариулж буй барилгын зоорийн давхар руу ус ороод байна гэж үндэслэлгүйгээр хардан, удаа дараа бидний дулааны болон хэрэглээний халуун, хүйтэн усны шугамыг Орон сууцны контороор хаалгаж бидний ажилд ихээхэн төвөг, хүндрэл учруулах болсон. Улсын эзэмшлийн төвийн дулааны шугам солих ажил нь “УБДС” ХК-ийн төлөвлөгөөт ажлын хүрээнд хийгдсэн бөгөөд энэ ажлын хүрээнд төвийн шугамын шуудуу хоолойг ухаж гаргах, бусад байгууллагын эзэмшлийн шуудуу хоолойг ухаж гаргах үүргийг байгууллагууд нь даалгаж байсан бөгөөд үүнийг нотлох “УБДС” ХК-ийн 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 56-07-003/08 тоот албан бичгийг мөн хэрэгт хавсаргаж өгөх болно. Тухайн үед буюу 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс мөн оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл уг шугамыг солиход гарсан зардлаар нь нийт 8 643 100 төгрөгийг хариуцагч Н.Оюунбилэгээс нэхэмжилж байна. Иймд уг шугамыг солихтой холбогдон гарсан зардал болох 8 643 100 төгрөгийг хариуцагч Н.Оюунбилэгээс гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Хариуцагч өөрсдийн эзэмшлийн шугамд гэмтэл гарснаа засварласан зардлаа нэхэмжлэгчээс нэхэмжилснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь “Амар инвест” ХХК-ны шугамын алдагдал гэдгийг ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх 12-р төвийн 2015.2.25-ны албан тоот, ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх 12-р төвийн 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн албан тоот, ОСНААУГ-ын Баруун түгээх төвийн 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн албан тоот, ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх 12-р төвийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн албан тоот, Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн албан шаардлага, хариуцагч ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх 12-р төвийн төлөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбар, шүүхэд өгсөн мэдүүлэг, шүүхэд өгсөн баримтыг судлахад 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “Амар Инвест” ХХК-ийн шугаманд гэмтэл гарсан тул заасан хугацаанд засварлах тухай “Амар инвест” ХХК-д явуулсан албан тоот хариуцагч “Орон сууцны нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх 12-р төвийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 62 тоот албан тоотоор шаардлага зэрэг бичгийн баримтаар нотлогдож байна. Мөн түүнчлэн хариуцагч “Орон сууцны нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх 12-р төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан манай байгууллагын инженер техникийн ажилтнууд “УБДС” ХХК-ийн хүмүүстэй ус гоожиж байгаа шалтгааныг шалгахад “Амар инвест” ХХК-ийн мэдлийн гадна халуун усны шугамд гэмтэл гарсныг тодорхойлж, тус компани гэмтэлтэй шугамыг засварлах тухай албан тоотыг 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өгсөн боловч засвар хийгдээгүй тул 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр албан бичгээр анхааруулж байгаад халуун усыг зогсоож, ус алдахыг зогсоосон. Мөн “Амар Инвест” ХХК нь өөрсдөө дур мэдэн халуун усны шугамыг нээж дахин ус алдаж 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр манайхаас газар дээр нь шалгаж, халуун усыг нь хааж, барилгын зоорийн давхарт ус орохыг бүрэн зогсоосон бөгөөд халуун усны шугам нь хаалттай байгаа болно" гэсэн тайлбараар мөн нотлогдож байна. Иймд “Амар инвест” ХХК-ийн шугам гэмтэлтэй гэдгийг нэхэмжлэгч биш, хариуцагч “Орон сууцны нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх 12-р төв, Баруун түгээх төв, Мэргэжлийн Хяналтын байгууллага нар тогтоосон. Эдгээр байгууллагууд ус алдалтыг зогсоосныхоо дараа засварлах үүргийг мөн өгсөн. Цаашилбал, “Амар Инвест” ХХК нь мэргэжлийн байгууллагын шаардлага, хууль, дүрмээр хүлээсэн үүргийнхээ дагуу сольсон шугамынхаа үнийг биднээс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Усны алдагдалтай шугам энэ компаний өмч, сольсон шугам мөн энэ компанийн өмч, солиод гаргасан шугам мөн энэ компанийн өмч юм. Солихыг шаардсан хүн нь бид биш мэргэжпийн байгууллага юм. Харин бусдад учруулсан хохирлоо төлөхгүй, цаг хожиж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжпэлийн хариу тайлбарт: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч өөрсдийн эзэмшлийн шугамд гэмтэл гарсныг засварласан зардлаа нэхэмлэгчээс нэхэмжилж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд сөрөг нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Амар Инвест" ХХК-иас гэм хорд нийт 10 395 714 /арван сая гурван зуун ерэн таван мянга долоон зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Оюунбилэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2 594 286 /хоёр сая таван зуун ерэн дөрвөн мянга хоёр зуун наян зургаа/ төгрөгийг, хариуцагч хариуцагч “Орон сууцны нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-т шугамын ашиглалтад хяналт тавих, дахин ус алдуулахгүй байлгах арга хэмжээ авахыг даалгах, нэхэмжлэгч Н.Оюунбилэгээс 8 643 100 /найман сая зургаан зуун дөчин гурван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулах хариуцагч "Амар Инвест" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Н.Оюунбилэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Амар Инвест" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 181 281 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Оюунбилэгт олгож, хариуцагч "Амар Инвест" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153 240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Амар инвест” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талуудын хоорондын маргааныг шүүх шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй” гэж үзээд "Амар Инвест" ХХК-ийн өмчлөлийн халуун усны шугам гэмтсэний улмаас нэхэмжлэгчийн барилгын зоорийн давхрын ханаар ус нэвчиж ус алдсан болох нь Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №02 07-378/1335 албан шаардлагын хуулбар болон, Хэрэглэгчдэд үйлчлэх 12 дугаар төвийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №62, 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн № 66, 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн №96 тоот албан бичгийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна" хэмээн дурдсан. Нэхэмжлэгч анх барилга барихдаа төвийн 500-ын магистрал шугам байрлаж байсан хуучин суурин дээр барилгын сууриа тавьсан ба барилгын стандарт, норм дүрмийн дагуу шугам сүлжээнээс тодорхой зайнд барилга барих, шугам сүлжээг хэвийн ашиглах нөхцөлийг бүрдүүлэх, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй барьсан байдалд нь дүгнэлт хийж шударга шийдвэрлэж чадаагүйд гомдолтой байна. Тухайн орчинд олон төрлийн халуун, хүйтэн усны шугам хоолой байдаг, аль шугамнаас ус алдсан эсэхийг хуульд заасан арга хэрэгслээр цугларсан нотлох баримтыг үндэслэн тогтоохгүйгээр “Орон сууцны нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-аас дарамталж авсан хэдэн албан тоотод үндэслэн зөвхөн манай компанийн эзэмшлийн шугам хоолойноос ус алдсан мэтээр дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн, хуульд нийцээгүй байна. Шүүх нэхэмжлэгчид илэрхий зөвлөгөө өгч орон сууцны конторыг хариуцагчаас чөлөөлж зөвхөн манай компаниас үндэслэлгүй төлбөр гаргуулсан. Хэргийн жинхэнэ нэхэмжлэгч Н.Оюунбилэг биш, Н.Оюунбилэгээр халхавчлан ард нь н.Батжав гэгч байдаг. Нэхэмжлэгч хэнийг сонгох нь түүний эрх хэдий ч гэрчээр иргэн н.Батжавыг оролцуулах хүсэлтийг хангахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь шударга зарчимд нийцэхгүй байна. "Амар Инвест" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөгч С.Тунгалаг миний бие дээрх үндэслэл болгож байгаа нотлох баримтуудыг эс зөвшөөрч, шинжээчийн дүгнэлт гаргуулах талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч хүлээж авахгүйгээр нэг талын эрх ашгийг илүүд үзэж манай компанийн эрх зүйн байдлыг хэтэрхий дордуулж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Энэ талаар мэргэжлийн шинжээчтэй хамт хэргийн газарт үзлэг хийх боломжтой байсан боловч гаргасан хүсэлтийг ч хүлээж авалгүй шийдвэрлэсэн нь мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, талуудын тэгш эрхийн зарчимд үндэслэн явагдаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-д заасныг зөрчсөн. Мөн хэргийн бодит үнэнийг гэрчилсэн н.Одонхүү болон бусад гэрчүүдийн мэдүүлэгт дүгнэлт хийгээгүй нотлох баримтыг үнэлсэн, хассан эсэх нь тодорхой бус байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.8, 38.9, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж, шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн барьсан барилгын зоорийн давхарт ус орсон нь хэний эзэмшлийн шугам, хаанаас ус алдсан, өөрсдийнх нь гэм буруу байгаа эсэх нь бүрэн тотоогдоогүй байхад: худаг ухуулсан хөлс 7 000 000 төгрөг, ус соруулсан хүний ажилласан хөлс 4 250 000 төгрөг, насос худалдан авсан 540 000 төгрөг, хөлдсөн шугам гэсгээсэн хөлс 1 200 000 төгрөг нийт 12 000 000 төгрөгийг гаргуулахаас 12 00 000 төгрөг тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн атлаа бусад шаардлага хангаагүй баримтыг үнэлж, жишээ иргэн Б.Алтанхуягийн ажлын хөлсөнд 4 250 000 төгрөг авсан гэж бичиж өгсөн тодорхойлолтыг үндэслэл болгосон нь хуульд нийцээгүй, хэргийн оролцогчийн нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах тухай хуулийн заалтыг зөрчиж, өөрөөр хэлбэл хууль сануулж мэдүүлэг аваагүй баримтыг үнэлсэн нь шударгаар шийдвэрлэсэн гэдэгт эргэлзээ төрж байна. Шүүхийн зүгээс маргааны үйл баримтад бууруу дүгнэлт хийж, холбогдох нотлох баримтыг үнэлээгүй, хариуцагчийн зүгээс гаргасан хүсэлтийг хангаагүй, тул шийдвэрийг хүчингүй болгож манай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой юм. Манай компанийн хувьд иргэн Н.Оюунбилэгтэй иргэний эрх зүйн харилцаа үүсгээгүй бөгөөд Н.Оюунбилэгийн нэрээр шүүхийн шийдвэр гарч байгаа гэдгийг ч мэдээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                ХЯНАВАЛ:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг хангаагүй, үүний улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Н.Оюунбилэг нь хариуцагч “Орон сууцны нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ, “Амар Инвест” ХХК-д холбогдуулан шугамын ашиглалтад хяналт тавих, дахин ус алдуулахгүй байлгах арга хэмжээ авахыг даалгах, учирсан хохиролд 12 990 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг эс зөвшөөрч хариуцагч “Орон сууцны нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ хариуцагч “Амар Инвест” ХХК-ийн эзэмшлийн шугам сүлжээний засвар үйлчилгээтэй холбоотой гэм хор гэж, хариуцагч “Амар Инвест” ХХК шугам сүлжээтэй холбоотойгоор хохирол учраагүй гэмтэлгүй байхад шугамыг солиулсан гэх үндэслэлээр шугамыг солихтой холбоотой шууд гарсан зардал болох 8 643 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган шаардсан.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “...нэхэмжлэгч барилгын суурийн усыг шавхах зорилгоор 2014 оны 12 дугаар сард 17 м худаг ухуулж, усыг нь гаднаас нь соруулах арга хэмжээ авсан. Энэхүү худгийн мөнгийг хариуцагчаас нэхэж байгаа бөгөөд худгийг газар дээр нь үзэж танилцуулахыг хүсэж байна. Иймд шүүхийн журмаар ухуулж гаргуулсан худаг дээр үзлэг хийж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг шүүх ач холбогдолгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх.I-32, 51/ Үүний дараа шүүх хуралдаан болохоос өмнө хариуцагч “Амар Инвест” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тунгалагаас өмнө гаргасан тэрхүү хүсэлтүүдийг шүүх хуралдааны явцад шийдвэрлээгүй талаар тодруулж /хх.I-101/, шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг шүүх агуулгыг нь буруу тодорхойлсон гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагчийн зүгээс ус алдалт буюу нэхэмжлэгч талын суурийн давхарт усны хуримтлал үүссэн шалтгаанд хамааралтай нөхцөл байдлыг тодруулах зорилгоор хүсэлт гаргасан байхад шүүх уг хүсэлтийг маргааны үйл баримтад ач холбогдолгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон нь буруу юм. /хх.I-107-108/ Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан ажиллагааг шүүх бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг аюултай эд зүйл өмчлөгч, эзэмшигчийн хувьд эсхүл гэм буруутайгаар гэм хор учруулсан аль үндэслэлээр гэм хорын хохирлыг арилгуулахаар шаардаж байгааг шүүх тодруулаагүй байхад Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхгүй. Хэрэв хариуцагчийг шугам хоолойны өмчлөгч, эзэмшигчийн хувьд гэм хорыг хариуцах ёстой гэж үзсэн тохиолдолд тухайн шугам хоолой гэмтэлтэй байсан эсэх, тэр нөхцөл байдал, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд ус алдаж, учруулсан гэх гэм хохирлын асуудал, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоог тодорхойлоход шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт ач холбогдолтой байсан гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр хэргийн үйл баримт, хууль хэрэглээний хувьд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7, 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/00703 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334 540 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.ОТГОНЦЭЦЭГ

      ШҮҮГЧ                                    Т.ТУЯА

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ