Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2264

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, эмнэлэг 3 дугаар гудамж, 103В тоотод оршин суух, Морьтон овогт Нямсүрэнгийн Бямбасүрэн /РД: ИЮ85011968/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 27 дугаар байр, 48 тоотод оршин суух, Боржигон овогт Цэвэгмэдийн Лхагвадонид /РД:ЙЮ83070477/-д холбогдох,

 

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Бямбасүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ариунаа, хариуцагч Ц.Лхагвадонид, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Бямбасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2006 онд Ц.Лхагвадонидтой танилцан улмаар 2008 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Биднийг хамтран амьдрах хугацаанд охин Л.Буянжарал 2009 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр, охин Л.Мандахжарал 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр тус тус төрсөн. Ц.Лхагвадонид нь ажил хийхдэггүй, амьдралдаа хувь нэмэр оролцоогүй, архи их уудаг. 2009 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн надад хүч хэрэглэн зодож эхэлсэн. Улмаар гэр бүл болон амьдрах хугацаандаа ихэнхдээ ажилгүй байсан. Мөн бусадтай гадуур нууцаар дотно харилцаатай байсан. Хүүхдүүдийн хүмүүжил, боловсролд сэтгэл тавих нь байтугай нэг төгрөг ч гаргаж үзээгүй, бүгдийг би өөрөө төлж хүүхдээ цэцэрлэг, сургалт дугуйланд сургадаг, эмчилүүлдэг, сургууль цэцэрлэгт нь хүргэдэг, өөрийн ээж ар гэрийнхэнтэйгээ хамжиж асран халамжилдаг. Хамгийн сүүлд 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр намайг зодож миний бие болон нүүрийг гэмтээж, хамарын яс цөмөрч чихэгдэн, хамрын доторхи таславч зүүн талруугаа хазайж дарагдсан. Энэ мэт байдлаар сэтгэл санаа тавгүй, олон тэвчсэн ч гомдол ихээр хуримтлагдаж, бие махбодь, охидын маань хүмүүжил, амьдрал ахуйд минь сөргөөр нөлөөлдөг, энэ хүнтэй тайван амьдрах нөхцөлгүй тул гэрлэлтийг цуцлуулахыг хүсч байна. Би 2 охиноо өөрийнхөө асрамжинд авч эцэг Ц.Лхагвадонидоос хүүхдүүдийг 18 насанд хүртэл тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Монгол дахь чих хамар хоолойн эмнэлгийн хамрын эмчилгээний зардалд нийт 2 365 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн бид гэр бүл болон амьдрах болсон хугацаанаас хойш бидний дундын өмчлөлд бий болсон эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар хороололын 27 дугаар байр 48 тоотын 3 өрөө орон сууцнаас, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Хоршоодын 64-ийн 2 дугаар байрны 24 тоот орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Бямбасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагдаа: Нэхэмжлэлийн шаардлагаа гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах болгон өөрчилж байна гэжээ. 

 

Нэхэмжлэгч Н.Бямбасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагдаа: Нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардал гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдуулах хэсэг гаргуулах шаардлагаа багасгаж, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох болгон өөрчилж байна. Мөн хүүхдүүдийг миний асрамжинд үлдээж, хүүхдүүдэд хуульд заасан тэтгэлгээс гадна 18 нас хүртэл нь тус бүр 120 000 төгрөгийн нэмэлт тэтгэлэг гаргуулахаар хариуцагчтай тохиролцсон гэв.    

 

Хариуцагч Ц.Лхагвадонид шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2006 онд Н.Бямбасүрэнтэй танилцаж, 2008 онд гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд охин Л.Буянжаргал 2009 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр, охин Л.Мандахжаргал 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр тус тус төрсөн. Бидний амьдрах хугацаанд сайндаж муудах үе бишгүй байсан. Хэдий ийм байсан ч үр хүүхдүүдтэйгээ элэг бүтэн сайхан байсан. Надад алдаа дутагдал цөөнгүй байдагыг би үгүйсгэхгүй. Н.Бямбасүрэн нь өмнө нь гэрлэлтээ цуцлуулах талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд тухайн үед бид эвлэрсэн. Одоо дахин гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тул гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна. Мөн хүүхдүүдийг түүний асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлнө. Түүнчлэн, хүүхдүүдэд хуульд заасан тэтгэлгээс гадна 18 нас хүртэл нь тус бүр 120 000 төгрөгийн нэмэлт тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Бямбасүрэн нь хариуцагч Ц.Лхагвадонид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг болон эмчилгээний зардал гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах болгон өөрчилсөн ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Н.Бямбасүрэн болон хариуцагч Ц.Лхагвадонид нар 2006 онд танилцаж, 2008 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гэрлэлтээ батлуулан гэр бүл болж, тэдний дундаас 2009 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр охин Лхагвадонидийн Буянжаргал, 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр охин Лхагвадонидийн Мандахжаргал нар төрсөн нь 0003504 Г-2537 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний болон 0230534 Г-558, 0000156440 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байхаас гадна гэрлэгчид энэ талаар маргаагүй байна.

 

Талууд хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2016 оноос өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байхаас гадна гэрлэгчдийн хооронд тодорхой хэмжээний хүчирхийлэл байсан нь тэдний шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мөн Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт, Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 42 дугаар тодорхойлолтоор тус тус нотлогдож байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж заасны дагуу мөн зүйлийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар талуудад эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

 

Гэрлэгчдийг тусдаа амьдрах үеэс эхлэн охин Л.Буянжаргал, Л.Мандахжаргал нар эхийн асрамжинд байгаа нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Түүнчлэн, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх... тухайгаа ...харилцан тохиролцож болно” гэж заасан байх бөгөөд хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээх талаар талууд харилцан тохиролцсон байх тул хүүхдүүдийн насны онцлог, өсөж торнисон орчин болон хүүхдүүдийн санал зэргийг харгалзан тэднийг эхийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хариуцагчаас тэтгэлэг гаргуулан хүүхдүүдэд олгох нь хүүхдүүдийн эрх ашигт нийцэхээр байна. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдүүдийг тэжээн тэтгэх талаар харилцан тохиролцож болох тул тэдгээрт хуульд заасан тэтгэлгээс гадна 18 нас хүртэл нь тус бүр 120 000 төгрөгийн нэмэлт тэтгэлэгийг хариуцагчаас гаргуулан олгох талуудын тохиролцоо нь хуульд харшлаагүй байна.

 

Дээрх үндэслэлээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээж, хүүхдүүдэд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээ, хугацаагаар, мөн 18 нас хүртэл нь хүүхэд тус бүрт 120 000 төгрөгийн нэмэлт тэтгэлгийг хариуцагчаас гаргуулан олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Морьтон овогт Нямсүрэнгийн Бямбасүрэн, Боржигон овогт Цэвэгмэдийн Лхагвадонид нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2009 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин Л.Буянжаргал, 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Л.Мандахжаргал нарыг эх Н.Бямбасүрэнгийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2009 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин Л.Буянжаргал, 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Л.Мандахжаргал нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Ц.Лхагвадонидоос гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан охин Л.Буянжаргал, охин Л.Мандахжаргал нарыг 18 нас хүртэл, сар болгон тус бүрт нь 120 000 төгрөгийг эцэг Ц.Лхагвадонидоос тус тус гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар зохигчид эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 122 990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 52 790 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

10. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Дөлгөөнд даалгасугай.

       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             М.БАЯСГАЛАН