Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2172

 

Н.Б-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,       

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/02264 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Л-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.А

Хариуцагч Ц.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2006 онд Ц.Л-той танилцаж, 2008 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2009 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр охин Л.Б, 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр охин Л.М нар төрсөн. Ц.Л ажил хийдэггүй, амьдралдаа хувь нэмэр оролцоогүй, архи их уудаг. 2009 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн надад гар хүрч эхэлсэн бөгөөд бусадтай дотно харилцаатай болсон. Хүүхдүүдийн хүмүүжил, боловсролд анхаарал тавьдаггүй. 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр надад гар хүрч миний бие болон нүүрийг гэмтээж, хамрын яс цөмөрч чихэгдэн, хамрын доторхи таславч зүүн талруугаа хазайж дарагдсан. Энэ мэт сэтгэл санаа тавгүй, охидын хүмүүжил, амьдрал ахуйд сөргөөр нөлөөлдөг, тайван амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, 2 охиноо өөрийнхөө асрамжид авч, тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна.

Монгол дахь чих хамар хоолойн эмнэлгийн хамрын эмчилгээний зардалд 2 365 000 төгрөг гаргуулж өгнө үү. Бидний дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар хороололын 27 дугаар байрны 48 тоот 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоодын 64-ийн 2 дугаар байрны 24 тоот орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд эмчилгээний зардал болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах шаардлагаа багасгаж, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор өөрчилсөн байна.

Хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээж, хуульд заасан тэтгэлгээс гадна 18 нас хүртэл тус бүр 120 000 төгрөгийн нэмэлт тэтгэлэг гаргуулахаар хариуцагчтай тохиролцсон гэжээ.   

Хариуцагч Ц.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2006 онд Н.Б-тэй танилцаж, 2008 онд гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд охин Л.Б 2009 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр, охин Л.М 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төрсөн. Бидний амьдрах хугацаанд сайндаж муудах үе байсан хэдий ч үр хүүхдүүдтэйгээ элэг бүтэн сайхан байсан. Надад алдаа дутагдал цөөнгүй байдгыг үгүйсгэхгүй. Н.Б өмнө нь гэрлэлтээ цуцлуулах талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд тухайн үед бид эвлэрсэн. Одоо дахин гэрлэлтээ цуцлахыг зөвшөөрч байна. Мөн хүүхдүүдийг түүний асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлнө. Түүнчлэн, хүүхдүүдэд хуульд заасан тэтгэлгээс гадна 18 нас хүртэл тус бүр 120 000 төгрөгийн нэмэлт тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан М овогт Н.Б, Б овогт Ц.Л нарын гэрлэлтийг цуцалж, 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2009 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин Л.Б, 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Л.М нарыг эх Н.Б-ийн асрамжид үлдээж,  

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2009 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин Л.Б, 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Л.М нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эцэг Ц.Л-оос гаргуулан тэжээн тэтгүүлж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан охин Л.Б, охин Л.М нарыг 18 нас хүртэл, сар болгон тус бүрт 120 000 төгрөгийг эцэг Ц.Л-оос тус тус гаргуулан тэжээн тэтгүүлж, 

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар зохигчид эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдаж,

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 122 990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 52 790 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож,  

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээс тэтгэлэг тогтоолгох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие цалингаас өөр орлогогүй гэдгээ шүүх хурал дээр хэлсэн нэхэмжлэгч мэдэж байгаа. Тэтгэлэг тогтоолгох асуудал дээр ажлын газрынхаа цалингийн тодорхойлолтыг гаргуулж амжаагүй байхад тохир гэсэн байдалтай шууд тулгаж асуудлыг судлаагүй шийдсэн гэж үзэж байна.

Миний бие Төрийн өмчит компанид ажилладаг бөгөөд сард татвар суутгалаа хасаад гар дээрээ 960 000 төгрөг авдаг.  Үүнээс орон сууцны зээлэнд сард 454 000 төгрөг тогтмол төлж, орон сууцны урсгал зардал байрны төлбөрт сард 150 000 төгрөг, өөрийн сарын хэрэглээний зардалд 300 000 төгрөг хүрэлцэхгүй байдаг. Миний бие 2 хүүхдийн тэтгэмжид сар бүр 120 000 төгрөг өгөх боломжгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар тогтоосон тэтгэлэг өгөх боломжтой. Би хүүхдүүдийнхээ ахуй хэрэгцээнд зориулан өөрийн бололцоогоор мөнгөн тэтгэмж өгч байсан бөгөөд хойшид ч хуулиар тогтоосон тэтгэлэгийг цаг тухайд нь өгч боломжоорооо дэмжинэ гэдгээ анхан шатны шүүх хуралдлаан дээр тайлбарласан. Нэхэмжлэгч Н.Б бид xoёp 2015 оны 9 дүгээр сард Toyota Hilux 20-50 УНИ улсын дугаартай автомашиныг 12 500 000 төгрөгөөр 50, 50%-ийн оролцоотой худалдаж авсан. Түүнээс хойш 1 жилийн дараа буюу 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр тухайн автомашинд зарцуулсан мөнгөө авахгүйгээр нэхэмжлэгчийн төрсөн дүү Н.Т-ийн нэр дээр шилжүүлж, Н.Б-д өгсөн. Одоо би эзэмшлийн машингүй, банкны лизинтэй, цалингаас өөр орлогогүй үлдсэн. Иймд анхан шатны шүүх миний цалингийн орлого, зарлагын бодит байдалд тулгуурлаж шийдвэр гаргаагүй тул, шийдвэрийн тэтгэмжид хамаарах хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Ц.Л-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

Гэрлэгчид 2008 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гэр бүл болж, тэдний дундаас 2009 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр охин Л.Б, 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Л.М нар төрсөн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд талууд цаашид эвлэрч хамтран амьдрах хүсэл сонирхолгүй болж, 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хариуцагч  Ц.Л  2 хүүхэддээ хуульд заасны дагуу тэтгэлэг төлөх, мөн сар бүр хүүхэд тус бүрт 120 000 төгрөг төлөхөөр нэхэмжлэгчтэй тохиролцсон эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байна. /хх -112 хуудас/

Дээрх эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд талууд сар бүр хүүхэд тус бүрт 120 000 төгрөгийн нэмэлт тэтгэлэг төлөхөөр тохиролцсон гэж үзэхээргүй байхад анхан шатны шүүх талуудын тохиролцоог нэмэлт тэтгэлэг гэж дүгнэж, хуулиар тогтоосон тэтгэлэг дээр сар бүр хүүхэд тус бүрт 120 000 төгрөгийн нэмэлт тэтгэлэг гаргуулжээ.

Хүүхдийн тэтгэлэгийг эцэг эх харилцан тохиролцож гэрээ байгуулан тогтоож болох бөгөөд гэрээ байгуулаагүй бол шүүх хуульд зааснаар тогтоохоор Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3 дахь хэсэгт заасан. Гэтэл шүүх хариуцагчаас сар бүр хүүхдүүдэд төлөхөөр тохиролцсон тэтгэлэгийг нэмэлт тэтгэлэг гэж дүгнэн шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна. 

Учир нь: шүүх хүүхдүүдэд тэтгэлэг төлөх онцгой нөхцөл байдал тохиолдсон буюу хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт нэмэлт зардал зайлшгүй гарах тохиолдолд нэмэлт тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэх бөгөөд хэргийн баримтаар тэжээн тэтгүүлэх онцгой нөхцөл байдал үүссэн гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

           Иймээс хариуцагчийн ахуй амьдралын нөхцөл байдлаас шалтгаалан хүүхэд тус бүрт сар бүр 120 000 төгрөг төлөх боломжгүй, Гэр бүлийн хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг төлнө гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэрийн 4 дэх заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

         Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/02264 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, “5” гэснийг “4” гэж, “6” гэснийг “5” гэж, “7” гэснийг “6” гэж, “8” гэснийг “7” гэж, “9” гэснийг “8” гэж, “10” гэснийг “9” гэж дугаарлан тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Л-оос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ц.ИЧИНХОРЛОО

                                       ШҮҮГЧИД                                             Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                      Д.БАЙГАЛМАА