Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 57

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, П.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор С.Мөнхтулга

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг

          Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2018/ШЦТ/158 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор А.Б д холбогдох 1728000690099 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Монгол улсын иргэн, Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд 1994 онд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Гурвантэс сум, Урт баг, Бригадын байранд оршин суух, урьд Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор А.Б г урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн, машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь хэсэгт зааснаар эцэг, эхийнх нь хяналтанд өгөх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан, Тасран овгийн А.Б , регистрийн дугаар ..........................,

          Шүүгдэгч А.Б  нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн гаалийн хилийн боомтоор 29-96 ӨМӨ улсын дугаартай

фургон маркийн автомашинд 18,1 кг ногоон хас нэртэй хуулиар хязгаарлалт тогтоосон эрдэнэсийн чулууг хууль бусаар Монгол улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Б д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Б д хуулиар хориглосон барааг Монгол Улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.Б д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А Баатарсүрэн нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 18,1 кг ногоон хас чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний зохих байгууллагад шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, 2001 онд үйлдвэрлэгдсэн, саарал өнгийн, арлын 10031512 дугаартай, УАЗ фургон маркийн, 29-96 ӨМӨ улсын дугаартай, 5000000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг улсын орлогод оруулж, УАЗ фургон маркийн 29-96 ӨМӨ улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн эзэмшигчийн гэрчилгээ шүүгдэгч А.Б д байгаа болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б  нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б гээс 129712 төгрөгийг гаргуулж Өмнөговь аймгийн Шүүхийн тамгын газарт олгохоор,

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүх А.Б г 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хуулиар хориглосон барааг Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн бөгөөд шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн ойлголт, шинжийг тайлбарлаж хэрэглэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн “Гэм буруугүйд тооцох” зарчмыг удирдлага болголгүй шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

          Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “...тусгай ангид заасан ...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж мөн зүйлийн 3-т ... тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй... гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж, гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан бөгөөд хууль, Монгол Улсын олон улсын гэрээний аль алинд нь А.Б гийн авч явсан ногоон хас чулууг хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан зохицуулалт байхгүй байхад шүүх “... Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, газрын гадаргуу, түүний хэвлий, газрын баялаг нь төрийн өмч болох талаар Үндсэн хууль болон бусад салбар олон хуулиудад хуульчилсан бөгөөд газар, түүний баялгийн өмчлөгч болох төр, төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй эрх бүхий төрийн байгууллагаас зөвшөөрөл аваагүй, төрөөс улсын хилээр нэвтрүүлэх эрх олгоогүй байхад улсын гаалийн хилээр дээрх чулууг нэвтрүүлж буй нь шүүгдэгч А.Б гийн үйлдлийн гэмт хэргийн шинжийг бий болгож байна” гэж дүгнэн үйлдэл, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж, тусгай ангид заагаагүй үйлдлийг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн гэж үзэж байна.

          Иймээс анхан шатны шүүхийн 2018/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож А.Б д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

          Прокуророос шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолын дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчид үндэслэлтэй ял халдаасан. Хуулийн зохицуулалтыг харахад тариф болон тарифын бус хязгаарлалт тогтоосон бараа бүтээгдэхүүнд ногоон хас чулуу нь ордоггүй боловч Гаалийн ерөнхий газрын даргын эрх хэмжээ нь Гаалийн тухай хуульд зохицуулагдсан. Гаалийн ерөнхий газрын даргын 462 тоот албан тушаалаар зарим нэр төрлийн онцлог барааны жагсаалтад хамааруулж, хэрхэн хилээр гарах ёстой шаардлагыг журамлаж өгчээ. Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зарчим бол хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны актыг ашиглаж болно гэж хуульчлагдсан байгаа учраас тодорхой зохицуулалтын шинж чанартай зүйлүүдээс харахад хязгаарлалт тогтоосон хориглосон бараа бүтээгдэхүүнийг тодорхой эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч хилээр гаргаж байгаа зүйлд  шинжилгээний баримт, хилээр нэвтрүүлэх эрхтэй бараа зэргийг үндэслэн хилээр нэвтрүүлэх боломжтой. А.Б гийн хувьд тодорхой эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан, шинжилгээ хийлгэсэн, бараа бүтээгдэхүүнээ гаальд  мэдүүлсэн үйлдэл зэргийг  гаалийн хилээр гаргахдаа Гаалийн тухай хуульд зааснаар мэдүүлсэн баримт байхгүй. Тээврийн хэрэгсэл ашиглаж,  хилээр гаргаж байгаа үйлдэл нь хууль бус гэж гэмт хэрэгт тооцсон анхан шатны шийтгэх тогтоол нь үндэслэлтэй байна. Харин гэмт хэрэг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гарч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 18.5, дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусч Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол үүсч байна. Шийтгэх тогтоолын 2, 3, 4, 10 дахь заалтуудад хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох гэж шийдвэрт өөрчлөлт оруулах хууль үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагаас шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 зүйлд хууль буюу Монгол улсын, олон улсын гэрээнд заасны дагуу гэж заасан. Захиргааны хэм хэмжээний актаар зохицуулна гэж хориглосон, гаргасан, нэвтрүүлнэ гэж заагаагүй. Хэрэг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр үйлдэгдсэнээс хойш  жил гаруй хугацаа өнгөрч байхад энэ хуулиар хас чулууг хилээр нэвтрүүлэхийг хязгаарлаад байна. Энэ хуулиар хориглоод байна гэсэн зүйл заалтаар өнөөдрийг хүртэл нотолж чадаагүй. Энэ хүний хилээр нэвтрүүлээд байгаа үйлдэл нь буруу учраас заавал энэ хүнд хариуцлага хүлээлгэх ёстой гээд хуулийг төсөөтэй хэрэглээд гаргаж ирж байна. Яг хуулиар хориглоод хязгаарлаад байгаа хуулийн  зохицуулалтаар тогтоосон зүйл байхгүй. Иймд нотлогдохгүй байхад хуулинд тайлбарласнаар хэрэглэхэд эргэлзээ төрөх юм бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж болно. Улсын яллагчийн зүгээс хязгаарласан бараанд ордог гэсэн боловч нотлоогүй. Гэтэл анхан шатны шүүх улсын яллагчийн яллах дүгнэлтээс өөр үндэслэлээр хориглосон бараанд орж байна гэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Эрдэнэсийн сангийн тухай хуульд үнэт металл, үнэт чулуу гэдгийг тодорхой хуульчилсан. Засгийн газрын 281 дүгээр тушаалын хавсралтад үнэт чулуу, эрдэнийн чулууны ангиллыг оруулж ирсэн. Эрдэнийн чулуунд хамааруулан ойлгож улсын яллагчийн зүгээс хязгаарлалт тогтоож оруулсан юм болов уу гэж бодож байна. Гэтэл хуульд өөр байдлаар тайлбарласан байгаа учраас шийдвэр гаргахдаа эдгээрийн анхаарч үзээрэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, А.Б д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэв.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

             Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзсэн болно.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан үйл баримт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

             Шүүгдэгч А.Б  нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн гаалийн хилийн боомтоор 29-96 ӨМӨ улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хойд хэсэгт суудлын доогуур багаж хийдэг хувин дотор байгалийн чулуу хийж дээгүүр нь сэлбэг багажнууд хийж, мөн хойд суудлын хажуугаар хоёр ширхэг оймсонд чулуу хийж гаалийн хяналт шалгалтаас нуун далдалж 18,1 кг ногоон өнгийн хас нэртэй байгалийн чулууг хууль бусаар Монгол улсын хилээр нэвтрүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

          А.Б гийн гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

          Шүүгдэгч А.Б д Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын хэмжээнд нийцүүлэн анхан шатны шүүхээс торгох ял шийтгэсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд нийцжээ.

           Шүүгдэгч А.Б  нь Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, мөн хуулийн 4 дүгээр зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн заалтуудыг зөрчиж 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн гаалийн хилийн боомтоор 29-96 ӨМӨ улсын дугаартай, фургон маркийн автомашинд 18,1 кг ногоон хас нэртэй чулууг Монгол улсын гаалийн хилээр нэвтрүүлсэн болох нь Геологийн төв лабораторын 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 826 дугаар шинжилгээний дүгнэлтээр тогтоогдож байна гэж хэргийн нөхцөл байдал, тухайн үйл баримтад хийсэн анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

             Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн “шүүгдэгч А.Б гийн үйлдлийн гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж, тусгай ангид заагаагүй үйлдлийг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” давж заалдах гомдлын үндэслэл нь Монгол улсын Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Валютын зохицуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 5 дахь хэсэг, Гаалийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.1, 7 дугаар зүйлийн 7.5, 8 дугаар зүйлийн 8.2, 24, 55 дугаар зүйл, Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолын заалтуудаар болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан гэрч Б.М ын ...чулуу нь зохих байгууллагын зөвшөөрөлтэйгээр Монгол улсын хилээр нэвтрүүлж болох бараа гэж үзнэ. А.Б  нь зохих байгууллагын зөвшөөрөлгүй чулуу хилээр нэвтрүүлэхийг завдсан. 29-96 ӨМӨ улсын дугаартай жолооч А.Б гийн автомашинаас зорчигчийн хэсгийн хойшоо харсан суудлын доор, буруу талын хананаас оймстой ногоон өнгийн 18 кг чулуунууд тус тус гарч ирсэн. Уг эрдэнэсийн чулуу нь хязгаарласан бараа бүтээгдэхүүнд орно /хх-49-50/, шүүгдэгч А.Б гийн ...машин дотор хойшоо харсан суудлын доор хайрцаганд хийж тавьсан. Бас оймсонд чулуу хийгээд хананд нь хийсэн байсан. Чулууг нууж авч явсан /хх-212-213/ гэсэн мэдүүлгүүд, бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-13-14/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-15-16, 25-28, 32-34, 40-41/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-24/, Геологийн төв лабораторын шинжилгээний дүгнэлт /хх-52-55/ зэрэг нотлох баримтуудаар тус тус үгүйсгэгдэн няцаагдаж байх тул түүний гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

          Харин шүүгдэгчийн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн гаалийн хилийн боомтоор 29-96 ӨМӨ улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалтаас нуун далдалж 18 килограмм ногоон өнгийн хас нэртэй байгалийн чулууг хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэл нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр болсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “хугацааг жилээр тоолоход дараа оны тухайн сарын тухайн өдөр уг хугацаа дуусна.

           Хэрэв хугацааны төгсгөл ажлын бус өдөр тохиолдвол хугацааны сүүлийн өдрийг түүний дараагийн ажлын эхний өдрөөр тоолно” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг тоолох журамд зааснаас үзэхэд А.Б д холбогдох Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол бий болсон байна. 

            Иймд Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг , мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр А.Б д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2, 1.5, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2018/ШЦТ/158 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

            А. Шийтгэх тогтоолын 1 дэх заалтын “Тасран овгийн А.Б д” гэснийг “Тасран овгийн А.Б г” гэж,

            Б. Шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б д 600 /зургаа зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаа зуу мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар хуулийн 1.2-т зааснаар А.Б д холбогдох Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

            В. Шийтгэх тогтоолын 10 дахь заалтын “шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож” гэж тус тус өөрчилсүгэй.

            2. Шийтгэх тогтоолын 4, 5 дахь заалтуудыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

            3. Шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн “гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгосугай.

 4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          Х.ГЭРЭЛМАА    

                                                                                                                                         П.ДОЛГОРМАА