Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 719

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагч Ч.Б нарыг оролцуулан “Т.Ү” ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ч.Б-д  холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийв.

Гомдол гаргагч: “Т.Ү” ХХК /РД:50633../

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, .. дүгээр хороолол, Намъяанжу гудамж, ..-. тоот,

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ч.Б,

Хаяг: НМХГ,

Гомдлын шаардлага: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ч.Б-ын “Т.Ү” ХХК-д З сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүхэд гаргасан гомдол болон нэмэлт тайлбартаа: “ “Т.Ү “ХХК нь Баянзүрх дүүргийн 14 хороо, 41 дүгээр байрны зоорийн давхрын өргөтгөлийг 2010 оны 08 дугаар сараас өнөөдрийг хүртэл түрээслэн үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд оршин суугчдаас ямар нэгэн гомдол санал гаргаж байгаагүй бөгөөд манай ажлын байрны дээд талд хүүхдийн тоглоомын талбай, хил залгаад автомашины зогсоол байрладаг. Гэтэл тус байрны оршин суугч Б.П-ийн гомдлын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч Ч.Б шалгаад Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Нийтийн зориулалттай орон сууцны байшинд барилгын төлөвлөлт, эрүүл ахуй, аюулгүй байдлын норм зөрчсөн, эсхүл хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг үндэслэн 3 сая төгрөгөөр манай компанийг торгох шийтгэлийг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан.

Энэхүү шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул манай компани гомдлоо Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Э, Нийслэлийн прокурорын газарт тус тус гаргасан. Нийслэлийн прокурорын газар, НМХГ Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргах нь зүйтэй гэсэн хариу мэдэгдэх хуудсыг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гардан аваад энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Улсын байцаагч шийтгэл оногдуулах хуудсандаа орон сууцанд байрласан, дуу шуугиан ихтэй нь нотлох баримтаар тогтоогдож Орон сууцны тухай хууль зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Орон сууцны тухай хуульд заасан 40 дБА-аас их чимээ гаргах гэдэг зохицуулалт нь иргэн өөрийн орон сууцандаа болон нийтийн эзэмшлийн газарт бусад оршин суугчдын эрх ашиг, сонирхлыг зөрчихөөр хориглосон үйл ажиллагааг журамласан зохицуулалт.

Манай компанийн үйл ажиллагаа явуулж байгаа байр нь тухайн барилгын орон сууцны хэсэг биш бөгөөд суурийн давхрын өргөтгөл буюу дээд талдаа хүүхдийн тоглоомын талбай байрладаг оршин суугчдын орон байртай шууд харьцдаггүй Барилгын тухай хуулийн 3.1.11-д заасан барилгын орчны тохижилтод хамаарах учраас манай үйл ажиллагаа Орон сууцны тухай хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй.

Хэвлэх үйлдвэрийн үйл ажиллагааг бид мэргэжлийн хяналтын байгууллагын зохих зөвшөөрлийг авч ажлын байрны дүгнэлтийн үндсэн дээр явуулж байгаа бөгөөд тухайн байрны оршин суугчдын хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй.

Оршин суугчдын гомдолд ямар дуу чимээ ямар хугацаанд гарч Эйг нь хэрхэн зөрчиж байгаа талаараа огт дурдаагүй бөгөөд мэргэжлийн хяналтын улсын байцаагч энэ талаар тогтоох шалгах ажиллагаа хийгээгүй хэт нэг талыг баримтлан манай компанийг 3 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд тус компанийн эд хөрөнгийн эрхэд хууль бусаар халдаж хохирооход хүрээд байна.

Иймд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ч.Б-ын “Т.Ү” ХХК-д З сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан 2018 оны 10 сарын 25-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ч.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Нэг. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр хороолол зоорийн давхартаа 25 машины автомашины зогсоолтой үйлчилгээтэй 60 айлын орон сууц буюу 41 дүгээр байрыг “Э ц” ХХК-ийн захиалгаар “Э” ХХК ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан ба 2010 оны 02 сарын 11-ний өдөр улсын комиссод хүлээлгэн өгч, улсын комисс 25 автомашины зогсоол бүхий үйлчилгээтэй 60 айлын орон сууцыг 047/2010 тоот актаар байнгын ашиглалтад хүлээн авсан.

Тус байрны зоорийн давхар нь зураг төсөлдөө 25 автомашины зогсоолтой төлөвлөгдсөн бөгөөд зураг төслийн дагуу баригдсан. “Т.Ү” ХХК тус зоорийн давхрын зориулалтыг өөрчлөн зориулалт бусаар буюу хэвлэх үйлдвэр ажиллуулсан нь Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т “мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр үндсэн хийц, бүтээц, төлөвлөлт, зориулалтыг өөрчлөх, тухайн барилга байгууламжид байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж болзошгүй үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн. Зураг төслөөс үзэхэд 25 автомашины зогсоолтой автограж тул үйлдвэрлэл эрхлэх боломжгүй.

Хоёр. Нэхэмжлэл гаргагч нь “улсын байцаагч шийтгэл оногдуулах хуудсандаа орон сууцанд байрласан, дуу шуугиан ихтэй нь нотлох баримтаар тогтоогдож Орон сууцны тухай хууль зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Орон сууцны тухай хуульд заасан 40 дБА-аас их чимээ гаргах гэдэг зохицуулалт нь иргэн өөрийн орон сууцандаа болон нийтийн эзэмшлийн газарт бусад оршин суугчдын эрх ашиг, сонирхлыг зөрчихөөр хориглосон үйл ажиллагааг журамласан зохицуулалт гэж дурджээ.

Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “нийтийн зориулалттай орон сууцны байшинд барилгын төлөвлөлт, эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын норм зөрчсөн, мөн дор дурдсан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглоно”, 17.1.1-д “Химийн хорт бодистой харьцах, 17.1.2-д ахуйн хэрэглээнд шаардагдахаас бусад тэсэрч дэлбэрэх, галд амархан шатдаг материал хадгалах, худалдах”, 17.1.7-д “...40 дБА-аас их хэмжээний дуу чимээ гаргасан үйлдвэрлэл үйлчилгээ явуулахыг хориглоно” гэж тус тус заасан байна.

“Б” СӨХ-өөс ирүүлсэн гомдлын дагуу 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр “Т.Ү ХХК-ийн хэвлэх үйлдвэрт хяналт шалгалт хийж, менежер Н.Э.А-г байлцуулан ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлд хэмжилт шинжилгээ хийхэд:

1. Хэмжилтээр дуу шуугианы түвшин 56-87 дБА буюу орон сууцанд зөвшөөрөгдөх хэмжээнээс 13-46 дб-ээр их байгаа нь “Хөдөлмөр хамгаалал, шуугиан, орон сууц, иргэний барилгын шуугианы байж болох түвшин” МNS 12.1.009-1985 стандартыг зөрчсөн,

2. Үйлдвэрийн 1 м3 агаарт агуулагдах органик дэгдэмхий нэгдэл ксилол, толуолын агууламжийг тодорхойлох шинжилгээгээр тухайн үед 50-100 мг/мЗ хэмжээтэй илэрсэн нь ажлын байранд байх эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарсан байна. Лабораторит шинжлүүлэхэд ксилол, толуол нь дэгдэмхий нэгдэл учир ууршиж, 30-40 мг/мЗ болж буурсан байна.

Эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.1-д “Хүний амьдрах, ажиллах, суралцах орчны агаар нь хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөргөөр нөлөөлөхгүй, агаарын чанарын нөхцөл, шаардлагыг хангасан, бохирдоогүй байна” гэж зааснаар хүн оршин амьдарч буй орон сууцанд ямар нэгэн химийн бодисын агууламжтай зүйл агаарт илрэх ёсгүй.

3. Агуулахад их хэмжээний хаяг шошгогүй химийн бодис хадгалсан зөрчил илэрсэн нь “Химийн хорт болон аюултай бодисын тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Химийн хорт болон аюултай бодисыг түүний онцлог шинж чанарыг нь харгалзан зориулалтын тусгай агуулахад энэ хуулийн 6.1.2-т заасны дагуу батлагдсан журмыг баримтлан хадгална”, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Химийн хорт бодисын шошго, тэмдэглэгээ" МNS 5029:2001, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Химийн хорт болон аюултай бодис, бүтээгдэхүүний агуулах. Ерөнхий шаардлага” МNS 6458:2014 стандартуудыг тус тус зөрчиж байна.

Иймд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7-д “Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж цэвэршүүлэх, тухайн барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах буюу зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх” гэж заасан бүрэн Эйн дагуу тус хэвлэх үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох саналыг прокурорт хүргүүлж, прокурорын 70 тоот тогтоолоор үйл ажиллагааг зогсоосон.

Гурав. Нэхэмжлэл гаргагч “өөрийн үйл ажиллагаа явуулж буй зоорийн давхрыг оршин суугчдын орон байртай шууд харьцдаггүй, Барилгын тухай хуулийн 31.11-д заасан барилгын орчны тохижилтод хамаарах учраас манай үйл ажиллагаа Орон сууцны тухай хуулийг зөрчөөгүй гэж үзжээ.

Нэхэмжлэлд дурдахдаа Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтыг баримталсан нь үндэслэлгүй, хуулийн заалт буруу хэрэглэсэн байна.

Дөрөв. Нэхэмжлэл гаргагч нь “Хэвлэх үйлдвэрийн үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагын зохих зөвшөөрлийг авч ажлын байрны дүгнэлтийн үндсэн дээр явуулж байгаа бөгөөд тухайн байрны оршин суугчдын хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй” гэжээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2-т “Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлд хэмжилт шинжилгээ хийж, дүгнэлт гаргах эрхтэй” гэж заасан. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч тоног төхөөрөмжийн аюулгүй байдлын талаас дүгнэлт гаргасан байх боломжтой.

Тав. Нэхэмжлэл гаргагч нь “Оршин суугчдын гомдолд ямар дуу чимээ ямар хугацаанд гарч Эйг нь хэрхэн зөрчиж байгаа талаар огт дурдаагүй, хэт нэг талыг баримтлан манай компанийг 3 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд тус компанийн эд хөрөнгийн эрхэд хууль бусаар халдаж хохирооход хүрээд байна” гэжээ.

Тус байрны “Б” СӨХ-өөс ирүүлсэн гомдлын дагуу хяналт шалгалт хийсэн бөгөөд шалгалтаар дээрх нөхцөл байдлууд тогтоогдсон, мөн ажлын байрны агааржуулалтын систем стандартын шаардлага хангахгүй, ажилтнууд ажлын хувцас хамгаалах хэрэгсэл хэрэглэж хэвшээгүй, хэвлэх үйлдвэрийн нэг хүн, нэг тоног төхөөрөмжид ногдох талбай хангалтгүй зэрэг зөрчил илэрсэн тул зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасны дагуу холбогдогч С.О, гомдол гаргагч нарт эрх үүргийг бүрэн танилцуулан гарын үсэг зуруулсан, холбогдогч “Т.Ү” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.От гаргасан зөрчилтэй нь холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 12.4.4 дэх заалтын дагуу захиргааны шийтгэл ногдуулна гэж албан ёсоор танилцуулсан. Зөрчлийн хэргийн оролцогч нараас мэдүүлэг авч, зөрчлийг нотлон баримтжуулж, холбогдох хуулийн дагуу шийтгэлийн арга хэмжээ ногдуулж, прокурорт хянуулсан. Зөрчлийн хэргийн материалыг холбогдогч болон хохирогчид албан ёсоор танилцуулж, эрх бүхий албан тушаалтны зөрчлийн үр дагаврыг арилгах албан даалгаврыг “Т.Ү ХХК-ийн гүйцэтгэх захирал С.От гардуулан өгч, Зөрчлийн тухай хуулийн 12.4.4 заалтаар торгосон шийтгэлийн хуудсыг С.Оын гэрийн хаягаар буюу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 41 дүгээр байрны 12 тоот хаягаар 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 02-03/4141 тоот албан бичгээр баталгаат шуудангаар хүргүүлсэн болно.

“Т.Ү” ХХК-ийн хэвлэх үйлдвэртэй холбоотой гомдол оршин суугчдаас удаа дараа ирж байсан бөгөөд “Б” СӨХ хэвлэх үйлдвэрийн удирдлагатай уулзахад удахгүй гарна гэдэг хариу өгдөг байсан байна. Мөн “Б” СӨХ нь Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гаргаж байсан байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“Т.Ү” ХХК нь “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ч.Б-ын “Т.Ү” ХХК-д З сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж гомдлын шаардлагаа тодорхойлсон бөгөөд шүүх хуульд заасан журмаар хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын шүүхэд бичгээр болон амаар гаргасан тайлбарыг үндэслэн, гомдлын шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж дараахь үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Гомдол гаргагчаас “... улсын байцаагч шийтгэл оногдуулах хуудсандаа орон сууцанд байрласан, дуу шуугиан ихтэй нь нотлох баримтаар тогтоогдож, Орон сууцны тухай хууль зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Манай компанийн үйл ажиллагаа явуулж байгаа байр нь тухайн барилгын орон сууцны хэсэг биш бөгөөд суурийн давхрын өргөтгөл буюу дээд талдаа хүүхдийн тоглоомын талбай байрладаг, бид хэвлэх үйлдвэрийн үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагын зохих зөвшөөрлийг авч ажлын байрны дүгнэлтийн үндсэн дээр явуулж байгаа бөгөөд тухайн байрны оршин суугчдын хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж, хариуцагчаас “... тус байрны “Б” СӨХ-өөс ирүүлсэн гомдлын дагуу хяналт шалгалт хийсэн бөгөөд шалгалтаар ажлын байрны агааржуулалтын систем стандартын шаардлага хангахгүй, ажилтнууд ажлын хувцас хамгаалах хэрэгсэл хэрэглэж хэвшээгүй, хэвлэх үйлдвэрийн нэг хүн, нэг тоног төхөөрөмжид ногдох талбай хангалтгүй зэрэг зөрчил илэрсэн тул зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасны дагуу холбогдогч С.О, гомдол гаргагч нарт эрх үүргийг бүрэн танилцуулан гарын үсэг зуруулсан, “Т.Ү” ХХК тус зоорийн давхрын зориулалтыг өөрчлөн зориулалт бусаар буюу хэвлэх үйлдвэр ажиллуулсан нь Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх зөрчсөн гэж тус тус маргасан. 

Баянзүрх дүүргийн 14 хороо, 41 дүгээр байрны зоорийн давхрын объект нь авто зогсоолын зориулалттай Ц.А-ын өмч байх бөгөөд Ц.А “Т.Ү” ХХК нарын 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 3 жилийн хугацаатай байгуулсан “Ажлын байр түрээслэх гэрээ”-ний үндсэн дээр “Т.Ү” ХХК нь хэвлэх үйлдвэрийн үйл ажиллагаа явуулдаг байна.

Улмаар хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ч.Б нь “Б” СӨХ-ноос бичгээр ирүүлсэн гомдол, Б.П-ийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдлыг хүлээн авч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-д заасан Эйн хүрээнд шалгаад, 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1802000426 дугаартай зөрчлийн хэргийг нээж холбогдох ажиллагааг явуулснаар “Т.Ү” ХХК нь орон сууцанд хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн гэж үзэж мөн хуулийн 7.2-т заасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 3,000,000 төгрөгийн шийтгэлийг ногдуулжээ. 

Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 4-т "Нийтийн зориулалттай орон сууцны байшинд барилгын төлөвлөлт, эрүүл ахуй, аюулгүй байдлын норм зөрчсөн, эсхүл хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заажээ.

“Т.Ү” ХХК нь авто зогсоолын зориулалттай объектод зориулалтын бусаар буюу хэвлэх үйлдвэр ажиллуулж Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т “мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр үндсэн хийц, бүтээц, төлөвлөлт, зориулалтыг өөрчлөх, тухайн барилга байгууламжид байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж болзошгүй үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” гэх заалтыг  зөрчсөн, мөн үйлдвэрийн дуу шуугианы түвшин 56-87 дБА буюу орон сууцанд зөвшөөрөгдөх хэмжээнээс 13-46 дб-ээр их, үйлдвэрийн 1 м3 агаарт агуулагдах органик дэгдэмхий нэгдэл ксилол, толуолын агууламжийг тодорхойлох шинжилгээгээр тухайн үед 50-100 мг/мЗ хэмжээтэй илэрсэн нь ажлын байранд байх эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнээс их, /Лабораторит шинжлүүлэхэд ксилол, толуол нь дэгдэмхий нэгдэл учир ууршиж, 30-40 мг/мЗ болж буурсан/, агуулахад их хэмжээний хаяг шошгогүй химийн бодис хадгалсан зөрчил гаргасан болох нь дараах байдлаар тогтоогдож байна. Үүнд: 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хохирогч Б.П-ийн ... оршин суугчид удаа дараа арга хэмжээ авч өгөөч гэж шаарддаг, гражийн байрлалыг өөрчлөн үйлдвэр байгуулсан тул машин орж гарахад хэцүү байдаг, агааржуулалтын хоолой гаднах цонхоор ил гаргасан учир маш их үнэртэй, галын аюул гарахад гарах гарцгүй болсон, үйлдвэр байгуулахдаа оршин суугчдаас зөвшөөрөл аваагүй...” гэх мэдүүлэг, мөн өдрийн холбогдогч С.Оын “...талбай багатай байгаа, химийн бодис илэрсэн, дуу чимээ ихтэй гэдгийг хүлээ зөвшөөрч байна, орон сууцанд хориглосон үйл ажиллагаа явуулсан гэдгийг мэдээгүй, одоо мэдэж авлаа...” гэх мэдүүлэг, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Ц.Ч-ийн өгсөн “... чийгтэй үед спиртний үнэр шиг үнэр үнэртдэг” гэх мэдүүлэг, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 02-06-061/1281 тоот дүгнэлт, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн шалгалт хийсэн тухай тэмдэглэл, хариуцагчийн гэрэл зургаар баримтжуулсан болон шүүхийн үзлэгээр илэрсэн баримт зэргээр нотлогдож байна.

Гомдол гаргагчаас анх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг зөрчсөн гэх заалтаар зөрчлийн хэрэг нээсэн боловч маргаан бүхий ******* тоот шийтгэлийн хуудсаар Орон сууцны тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр шийтгэл ногдуулсан гэж маргасан тухайд. Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “нийтийн зориулалттай орон сууцны байшинд барилгын төлөвлөлт, эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын норм зөрчсөн, мөн дор дурдсан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглоно”, 17.1.1-д “Химийн хорт бодистой харьцах, 17.1.2-д “Ахуйн хэрэглээнд шаардагдахаас бусад тэсэрч дэлбэрэх, галд амархан шатдаг материал хадгалах, худалдах”, 17.1.7-д “...40 дБА-аас их хэмжээний дуу чимээ гаргасан үйлдвэрлэл үйлчилгээ явуулахыг хориглоно”, 17.1.9-д “Хууль тогтоомжоор хориглосон бусад үйлдвэрлэл, үйлчилгээ.” гэж тус тус заасныг дээр дурдсан байдлаар зөрчсөн болох нь тогтоогдсон тул Орон сууцны тухай хуулийн холбогдох заалтыг баримталж шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй.

Мөн гомдол гаргагчаас манай компанийн үйл ажиллагаа явуулж байгаа байр нь тухайн барилгын орон сууцны хэсэг биш учраас Орон сууцны тухай хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй, хохирогчийг шалгаж тогтоогоогүй, оршин суугчдын эрх ашгийг хэрхэн хөндсөн нь тодорхойгүй, хариуцагч хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан, шийтгэлийн хуудсыг албан журмын дагуу танилцуулж, гардуулаагүй гэх тухайд. “Т.Ү” ХХК нь орон сууцны барилга, тодруулбал, авто зогсоолын зориулалттай объектод хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан болох нь дээрх байдлаар нотлогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж заасны дагуу хариуцагчаас шийтгэл оногдуулсан нь холбогдох хууль тогтоомжид нийцжээ гэж шүүх дүгнэв.  

Дээрхээс үзэхэд гомдол гаргагчаас маргаан бүхий Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ч.Б-ын “Т.Ү” ХХК-д З сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй энэ тохиолдолд уг акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д захиргааны акт илт хууль бус болох шинжүүдийг нэрлэн заасан, маргаан бүхий захиргааны актын хувьд уг заалтад тодорхойлсон ... утга агуулгын илЭй алдаатай, ... бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, ... тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, ... захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, ... хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, ... иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, ... түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэх шинжүүдийн аль аль нь хамаарахгүй байна.

Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны актыг “илт хууль бус”-д тооцох үндэслэл нь илЭй, ноцтой хор уршиг бүхий, засах боломжгүй алдааг ойлгох бөгөөд 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэг нь захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл огт байхгүй, эсхүл акт ямар ч хуульд үндэслээгүй гарсныг ойлгоно.

Иймд дээрх үндэслэлүүдээр “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ч.Б-ын “Т.Ү” ХХК-д З сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 4, Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.9, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10, 7.2 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус баримтлан “Т.Ү” ХХК-ийн “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ч.Б-ын “Т.Ү” ХХК-д З сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ДОЛГОРСҮРЭН