| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/06766/И |
| Дугаар | 1808 |
| Огноо | 2017-06-19 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 1808
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консулын 11-216 тоотод оршин байх, “Сүм их бүрд” ХХК /РД:5219272/
Хариуцагч: Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 20 дугаар байр 93 тоотод оршин суух, 1954 онд төрсөн 63 настай, Тайж нар овогт Төмөрхүүгийн Загдсүрэн /РД-ЧЛ54103102/
Хариуцагч: Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 20 дугаар байр 93 тоотод оршин суух, 1983 онд төрсөн 34 настай, Тайж нар овогт Сүхбаатарын Баттулга /РД-ЧЛ83062515/
74.212.500 төгрөг гаргуулах тухай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд “Сүм их бүрд” ХХК-ийн захирал О.Эрдэнэ-Очир, өмгөөлөгч Б.Борхүү, А.Батбаатар, хариуцагч С.Баттулга, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, гэрч О.Сүхбат, Ц.Дашбалжир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Сүм их бүрд” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон захирал О.Эрдэнэ-Очир шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Сүм их бүрд” ХХК нь Т.Загдсүрэнтэй 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүрэг 5 дугаар хороонд байрлах 119 дүгээр байранд гэрээт харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээний дагуу харуул хамгаалалтын ажлыг 2016 оны 04 дүгээр сарын 15-ныг хүртэл 3 ээлжээр хийж гүйцэтгэсэн. Гэрээгээр харилцан тохирсноор хамгаалалтын үйлчилгээний 1 сарын хөлсийг 1 хамгаалалтын албан хаагч 450.000 төгрөг, нийт 3 хамгаалалтын албан хаагч 1.350.000 төгрөг байхаар тогтоон төлбөрийг сар бүрийн 25-ны дотор бэлнээр “Сүм их бүрд” ХХК-ийн санхүүд тушааж байхаар заасан. Гэтэл иргэн Т.Загдсүрэн 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 15-ныг дуусталх хугацааны харуул хамгаалалтын үйлчилгээний төлбөр 55.475.000 төгрөгийг төлөөгүй. Сүм Их бүрд ХХК нь гэрээгээр ажил үйлчилгээ үзүүлж байхдаа тус объектын гражийн орлого 5.000.000 төгрөгийг суутган авсан. Мөн С.Баттулгын эхнэрээс 1.000.000 төгрөг авсан. “Сүм их бүрд” ХХК нь гэрээний дагуу хөлсөө шаардахад Т.Загдсүрэн түр хүлээж бай өгнө, эсвэл орон сууц, газар өгнө гэж итгэл хүлээлгэсээр байсан. Анх С.Баттулга гэрээ хийх санал гаргасан тул түүнийг хамтран хариуцагчаар татсан. Гэхдээ гэрээг Т.Загдсүрэнтэй байгуулсан тул түүнээс гэрээний дагуу олгох хөлс 49.475.000 төгрөг, гэрээнд зааснаар алданги 24.737.500 төгрөг нийт 74.212.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Т.Загдсүрэн, С.Баттулга нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сүм Их бүрд ХХК-ийн захирал О.Эрдэнэ-Очирт нэг ч төгрөгний хохирол учруулаагүй. Нэхэмжлэлийн шаардлага 74.212.500 төгрөг нь хаанаас гарч ирсэн хохирол гэдэг нь ойлгомжгүй. Уг компанитай ямар нэгэн хүү, алданги тооцсон гэрээ байгуулаагүй. О.Эрдэнэ-Очир банкнаас зээл авах хэрэгтэй байна, гэрээн дээр гарын үсэг зураад өгөөч гэж гуйгаад байхаар нь зурсан. Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээгээр “Сүм их бүрд” ХХК, Т.Загдсүрэн нарын хооронд гэрээгээр гэрээний зүйлээ тохиролцсон зүйлгүй, хамгаалуулах гэж буй нь тодорхойгүй, хамгаалалтын ямар үйлчилгээ авах, хамгаалалтын үйлчилгээ авах талаар харилцан тохиролцсон зүйл огт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Сүм их бүрд” ХХК нь хариуцагч Т.Загдсүрэн, С.Баттулга нарт холбогдох гэрээний үүрэгт 74.212.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
“Сүм их бүрд” ХХК нь хариуцагч Т.Загдсүрэнтэй 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр үйлчлүүлэгч талын объктыг гэмт халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг таслан зогсоож хамгаалах үйлчилгээг үзүүлэх, хамгаалалтын үйлчилгээний 1 сарын хөлсийг 450.000 төгрөг, нийт 3 хамгаалалтын албан хаагчид 1.350.000 төгрөгийг сар бүрийн 25-ны дотор төлөхөөр тохиролцон Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээг байгуулжээ.
Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр заажээ.
Шүүх хуралдаанд хариуцагч нь “тус гэрээг нэхэмжлэгч нь банкнаас зээл авах зорилготой гарын үсэг зуруулсан. Гэрээний дагуу ямар ажил үйлчилгээ явуулсан нь тодорхойгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан маргасан боловч тухай объект маргаантай байсны улмаас хариуцагч нь харуул хамгаалалтын албыг ажиллуулж байсан, нэхэмжлэгч гэрээгээр тохирсон объектод ажил үйлчилгээг явуулсан болох үйл баримт нэхэмжлэгчийн тайлбар, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон О.Сүхбат, Ц.Дашбалжир нарын “Баянгол дүүрэг 5 дугаар хороонд байрлах 119 дүгээр байранд гэрээт харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж 3 ээлжээр ажилласан. Ажлаа рапортын дэвтрээр хүлээлцэж, цалинг “Сүм их бүрд” ХХК-ийн санхүүгээс авч байсан” гэсэн мэдүүлэг, 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 119 дүгээр байрны гражийн объектын рапорт дэвтэрт Баянгол дүүрэг 3 дугаар эмнэлгийн урд байрлах 119 дүгээр байрны 15-н зогсоолтой граж болон С.Баттулгын портер машиныг Есөн-Эрдэнэ гэрээт харуул хамгаалалтын захирал О.Эрдэнэ-Очир, албаны дарга н.Баатарсүрэн, н.Баянбадрах, С.Баттулга, түүний жолооч байлцаж хүлээлцсэн тухай тэмдэглэгээ, ажил хүлээлцсэн талаарх хамгаалагч нарын 2016 оны 03 дугаар сарын 25-ныг хүртэлх ажил хүлээлцсэн 4 ширхэг дэвтэр, Сүм Их бүрд ХХК-ийн ажилчидын цалингийн хүснэгт, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст С.Баттулга хохирогчоор “Баянгол дүүрэг 5 дугаар хороо 119 дүгээр байрны подвал, 2 давхарт байрлах 200 мкв бүхий 6, 7 тоот үйлчилгээний оффис, 12 машины зогсоолтой холбоотой маргаан байсан. Энэ объектийн цахилгаан, дулаан, ус, СӨХ, харуул хамгаалалтын зэрэг зардлыг бүгдийг би төлсөөр ирсэн. н.Дамдинсүрэнгийн гаргасан зан авир болон хаалганы цоож солих байдал зэргийг харуул хамгаалалтын дарга О.Эрдэнэ-Очир гар утас дээрээ бичсэн байсныг сидинд хуулж авчирч өгсөн. Бид нарын дунд болсон асуудлыг харуул хамгаалалтын ажилтан О.Эрдэнэ-Очир, миний эцэг эх сайн мэдэж байгаа”, О.Эрдэнэ-Очир гэрчээр “манай компани С.Баттулга, түүний ээж Т.Загдсүрэнтай Баянгол дүүрэг 119 дүгээр байрны гражийн авто зогсоол, өмчийн маргаан дуустал харуул хамгаалалтыг нь хариуцахаар гэрээ хийсэн. Уг объектыг манаж байх хугацаанд буюу 2012, 2013, 2014 онуудад иргэн н.Дамдинсүрэн граж руу машинтайгаа дайрч орон машинаа голлуулж тавьдагаас ажилд саад учруулдаг гэж харуулын ажилтнууд хэлдэг байсан. н.Дамдинсүрэн нь Т.Загдсүрэнгийн дүү бөгөөд эдний хооронд уг объектыг булаацалдан, маргаан шүүх дээр үүсээд явж байгаа гэж байсан. С.Баттулга гражийн хаалганы цоож сольж байхад н.Дамдинсүрэн ирж эдний хооронд маргаан болсонг би өөрийн гар утсаар бичиж түүнийгээ байцаагчид өгсөн”, Т.Загдсүрэн гэрчээр “Баянгол дүүргийн 5 хороонд байрлах 3 дугаар эмнэлгийн урд орон сууцны барилгын асуудлаар н.Дамдинсүрэнтэй холбоотой маргаан байсан. н.Дамдинсүрэн 119 дүгээр байрны 6 тоот хаалгыг цоожыг нь эвдэж архичин найзыгаа оруулсан байсан. Энэ асуудлаар шүүх дээр маргаан үүсээд явж байна гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.
“Сүм их бүрд” ХХК нь гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс нэг жилийн хүчинтэй хугацаагаар жил бүр сунгуулан, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нэг жилийн хүчинтэй хугацаатайгаар дахин олгогдсон талаарх бүртгэлийн гэрчилгээ, “Сүм их бүрд” ХХК нь 1 гишүүнтэй, үүсгэн байгуулагч нь О.Эрдэнэ-Очир болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрмээр тогтоогдсон тул тэрээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хариуцагч Т.Загдсүрэнтэй харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулсан гэсэн үндэслэлээр түүнээс гэрээний үүргийг шаардсан, хариуцагч үнийн дүнд маргаагүй болно.
Хариуцагч Т.Загдсүрэн нь гэрээний 4.2.2-т заасан хамгаалалтын үйлчилгээний хөлсийг гэрээнд заасны дагуу саадгүй төлөх, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т заасан үүргийг тогтоосон хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй буруутай тул түүнээс 49.475.000 төгрөг, гэрээний 3.2-т зааснаар алданги 24.737.500 төгрөг нийт 74.212.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Сүм их бүрд” ХХК-д олгож, хариуцагч С.Баттулгад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т.Загдсүрэнгээс хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний Хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Т.Загдсүрэнгээс 74.212.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Сүм их бүрд” ХХК-д олгож, хариуцагч С.Баттулгад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 529.012 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т.Загдсүрэнгээс 529.012 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Сүм их бүрд” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА