Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 198

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.С, А.М, хариуцагч Монгол Улсын С.Я-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г,  хариуцагч ХХМТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, Б.С нарыг оролцуулан “М.Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын С.Я, ХХМТГт тус тус холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийв.

Нэхэмжлэгч: “М.Н” ХХК 

Хариуцагч: Монгол Улсын С.Я

Хариуцагч: ХХМТГ

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын С.Я-ны 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 6-1/468 албан тоотыг хүчингүй болгуулах, ХХМТГ-аас 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зарласан ХХМТГ/2018******* тоот хязгаарлагдмал тендерт нэхэмжлэгч “М.Н” ХХК шалгарсан болох, тендерт шалгарсан нэхэмжлэгч “М.Н” ХХК-тай гэрээ байгуулахгүй тендерээс татгалзсан ХХМТГ-ын эс үйлдэхүйг тогтоолгох, тендерт шалгарсан нэхэмжлэгч “М.Н” ХХК-тай гэрээ байгуулахыг хариуцагч ХХМТГт даалгах, ХХМТГ/2019******* дугаартай тендер зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах”.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М.Н” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““М.Н” ХХК нь 2017 оны 07 дугаар сараас эхлэн телевизийн олон сувгийн үйлчилгээг Монгол орон даяар хиймэл дагуул ашиглан хүргэж, одоогоор Монголын 60, гадаадын 20 орчим сувгийг сарын суурь хураамжгүй буюу үнэ төлбөргүйгээр Монгол орны өнцөг булан бүрт суугаа иргэн бүрт хүргэж, өнөөдрийн байдлаар 30.000 орчим хэрэглэгчтэй болсон.

ХХМТГ-аас 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зарласан ХХМТГ/2018******* тоот хязгаарлагдмал тендерт “Д.Т” ХХК болон манай “М.Н” ХХК нар оролцсон бөгөөд тус тендерийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хүлээн авч тухайн өдрийн 10 цаг 30 минутад нээсэн.

Нээлтэд 2 байгууллагын төлөөлөл болон тендерийн үнэлгээний хорооны 3 гишүүн оролцсон бөгөөд тендерт оролцогчдоос ирүүлсэн багцуудын үнийн санал болон тендерийн баталгааны мэдээллийг тендерт оролцогчдод танилцуулсан. Энэ үед “Д.Т” ХХК-ийн хүргүүлсэн тендерийн материал нь тендерийн бичиг баримтын ТОӨЗ-ны 16.3 дугаар заалтын шаардлага хангаагүй нь нээлтийн протокол үйлдэх үед оролцогч талуудад ил тод мэдээлэгдсэн ба ТОӨЗ-ны 16.6 дугаар заалтын дагуу “Д.Т” ХХК-ийн тендерийн материалаас татгалзах үндэслэлтэй нь тодорхой болсон.

Ингээд энэ тендерт 2 компани оролцсоноос “Д.Т” ХХК-ийн тендерийн материал хасагдаж манай компани шалгарах бүрэн боломжтой болсон.

Гэтэл ХХМТГ-аас 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1/1076 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг “М.Н” ХХК-д ирүүлсэн.

Уг албан бичигт Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТШӨХ/-ийн 4.4в, 4.4д, 8.2 дахь заалтуудыг хангаагүй байна, иймд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 30.1.1 дэх заалтыг үндэслэн шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй үндэслэлээр бүх тендерээс татгалзаж байна” гэсэн байдаг.

Манай компани нь дээрх заалтуудыг хангасан гэдэг үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу Монгол Улсын С.Яанд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 01/65 дугаартай “Хязгаарлагдмал тендер шалгаруулалтын талаар гомдол гаргах тухай” албан бичгийг хүргүүлсэн.

С.Я-наас хуулийн хугацаанд нь хянаад 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 6-1/8165 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгийг ХХМТГ-т хүргүүлж манай компанид хуулбарыг ирүүлсэн.

Албан бичигт “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хянан үзлээ, тендер шалгаруулалтад оролцсон “М.Н” ХХК-ийн ирүүлсэн саналаас Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТШӨХ/-ийн 4.4в, 4.4д, 8.2-т заасан шаардлагыг тус тус хангаагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна, хуулийн 55.3.3-т зааснаар үнэлгээг дахин хийхийг үүгээр мэдэгдье” гэсэн.

Гэтэл ХХМТГ-аас 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/41 дүгээр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг манай компанид ирүүлсэн. Уг албан бичигт “С.Я-ны дээрх албан бичгийн дагуу дахин үнэлгээ хий, энэ шийдвэр эцсийн байна” гэдгийг захиалагч зөрчсөн байдаг.

“Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТШӨХ/-ийн 4.4в, 8.2 дахь заалтыг хүлээн зөвшөөрч хассан мөртлөө хянасан 4.4 дэх заалтыг дахин шаардлага хангаагүй гээд нэмээд 4.2е гэдэг заалтыг хангаагүй байна гэсэн үндэслэлээр хуулийн 30.1.1 дэх заалтаар бүх тендерээс татгалзаж байна” гэжээ.

Энэ нь ХХМТГ-ын удирдлага, тендерийн үнэлгээний хорооны гишүүд нь тус хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасан эцсийн шийдвэр болно гэснийг зөрчин манай тендерийн материалаас үндэслэлгүй шалтгаанаар татгалзаж эс үйлдэхүй гаргасан.

Мөн Монгол Улсын С.Я 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/8165 дугаартай албан тоотоороо манай тендерийн материалыг хүлээн зөвшөөрчхөөд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 6-1/468 дугаартай албан тоотоороо тендер шалгаруулах хугацаа дууссан гэдэг хариуг манай компанид өгсөн. Үнэн хэрэгтээ манай компаниас шалтгаалахгүйгээр захиргааны байгууллага өөрөө тендерийн хугацааг дуусгасан.

Энэ нь хязгаарлагдмал тендерт шалгарсан манай компанийн эрх ашгийг хөндөж байна. Монгол Улсын С.Я-ны 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/8165 дугаартай албан тоотын дагуу манай компанитай захиалагч гэрээ байгуулсан бол хуульд бүрэн нийцэх байсан.

Монгол Улсын С.Я-ны 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №6-1/255 тоот “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түдгэлзүүлэх тухай” албан бичгийг ХХМТГ-т хүргүүлсэн байдаг.

Энэхүү тендерийг дахин зарласан талаар манай компанид одоогийн байдлаар ямар нэгэн албан бичиг ирээгүй байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн олон сувгийг хиймэл дагуулаар дамжуулах тусгай зөвшөөрөлтэй хоёрхон компани байдаг. Үүний нэг нь манай компани.

Хэрэв дахин тендер зарлах юм бол энэ нь утгагүй хэрэг болно. Учир нь 2 компанийн тендерийн үнэ нийтэд ил болсон тул өрсөлдөх боломжийг байхгүй болгож байгаа юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч “М.Н” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Хариуцагч ХХМТГт 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “Хязгаарлагдмал тендер дахин зарласан талаарх лавлагаа” авах тухай хүсэлт өгсөн.

Гэтэл ХХМТГ манай албан бичгийн хариуг өгөөгүй байхдаа 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр №1/149 дугаартай “Тендерийн урилга хүргүүлэх тухай” албан тоотыг манай компанид ирүүлсэн.

ХХМТГ/2019******* дугаартай тендер зарласан гэх боловч ямар шийдвэрийг үндэслэж зарласан талаараа дурдаагүй, манай компанид ирүүлсэн урилгад шийдвэрийн дугаар болон огнооны талаар нэг ч мэдээлэл байхгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж  байх хугацаанд захиалагч буюу хариуцагч ХХМТГ нь нэхэмжлэгчийн эрх, ашгийг дахин хөндөж тендер зарласан байх тул ХХМТГ/2019******* дугаартай тендер зарласан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Монгол Улсын С.Я-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““М.Н” ХХК-иас ирүүлсэн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 04/49 дүгээр албан бичгээр ирүүлсэн гомдлын дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу ХХМТГ-аас “Сансрын холбооны Кэй юү (кu) зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ” нэртэй ХХМТГ/2018******* дугаар хязгаарлагдмал тендер шалгаруулалтыг холбогдох материалд үндэслэн хянан үзсэн.

ХХМТГ-аас “Сансрын холбооны Кэй юү (кu) зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ” нэртэй ХХМТГ/2018******* дугаар хязгаарлагдмал тендер шалгаруулалтын нээлтийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хийсэн байх бөгөөд тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан талаар тус газраас ирүүлсэн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1/47 дугаар дахин үнэлгээ хийсэн тухай албан бичигт дурдсан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэгт заасны дагуу тухайн тендер шалгаруулалт нээлт хийсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд багтаан тендерийг зохион байгуулах зохицуулалттай тул дээрх тендерийн хүчинтэй байх хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр дуусгавар болж хүчингүй болсон байна.

ХХМТГ-аас хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасны дагуу тендерийн хүчинтэй байх хугацааг сунгуулах талаар ямар нэг хүсэлт тус яаманд ирүүлээгүй тул хүчингүй болсон худалдан авах ажиллагааг хуульд нийцүүлэн дахин зохион байгуулах зөвлөмжийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 6-1/468 дугаар албан бичгээр захиалагч байгууллагад хүргүүлсэн.

Иймд нэхэмжлэгчээс Монгол Улсын С.Я-анд холбогдуулан гаргасан С.Я-ны 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 6-1/468 албан тоотыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч ХХМТГ-аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус газар нь Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Ерөнхий шалгуур үзүүлэлт батлах тухай” 310 дугаар тогтоолд үндэслэн Сансрын холбооны кэй юү (кu) зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулсан.

Захиалагч байгууллага болох ХХМТГ-ын даргын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/123 дугаар тушаалаар дээрх тендерийг зохион байгуулах Үнэлгээний хороог байгуулсан.

Монгол Улсад телевиз, радиогийн олон сувгийг дамжуулах (Хиймэл дагуулаар) ангиллын тусгай зөвшөөрөл эзэмшигч 2 байгууллага байгаа талаар мэдээлэл, харилцаа холбооны салбарын тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага болох Харилцаа холбооны зохицуулах хорооноос албан тоотоор мэдээлэл авч, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д “Мэргэжлийн өндөр ур чадвар, туршлага, техник, технологи шаардсан нарийн төвөгтэй бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх чадвартай этгээдийн тоо хязгаарлагдмал” гэж заасныг баримтлан хязгаарлагдмал тендер шалгаруулалтын аргыг хэрэглэж тендерийн сонгон шалгаруулалтыг зарласан.

Тендерийн баримт бичгийг бэлтгэхдээ Сангийн сайдын 2007 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 176 дугаар тушаалаар батлагдсан “Зөвлөхөөс бусад үйлчилгээний тендерийн жишиг баримт бичиг”-ийг үндэслэл болгосон. Тус баримт бичиг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Захиалагч, зөвлөхөөс бусад үйлчилгээний дотоодын болон олон улсын тендер шалгаруулалтад мөрдөх тендерийн жишиг баримт бичиг юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д “Тендерийн баримт бичиг гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг хэлнэ.” гэж, 5.1.1-д “Тендер гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг хэлнэ.” гэж тус тус хуульчилсан.

Мөн тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /ТОӨЗ/ нь захиалагчийн шаардлагад нийцсэн тендер бэлтгэхэд тендерт оролцогчдод шаардлагатай мэдээллийг өгдөг. Түүнчлэн тендер хүлээн авах, нээх, үнэлэх болон гэрээ байгуулах эрх олгох үйл ажиллагаатай холбогдсон мэдээллийг мөн тусгасан байдаг.

Тендерийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зарлаж, нээлтийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10 цаг 30 минутад ХХМТГ-ын хурлын танхимд хийсэн ба тендерт “Д.Т” ХХК, “М.Н” ХХК нар саналаа ирүүлсэн.

Үнэлгээний хороо тендерийг хянаж үзээд дараах шийдвэрийг гаргасан. Үүнд:

“Д.Т” ХХК нь тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа (ТОӨЗ)-ны 16.3 дахь заалтыг хангаагүй буюу тендерийн баталгааны хүчинтэй хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тасалбар болгон тооцож ирүүлсэн байсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь заалтыг баримтлан тендерийн баталгааны талаар захиалагчаас тогтоосон шаардлагыг хангаагүй гэж үзсэн тул тендерийг хянан үзэх, үнэлэх үе шат хийгдэхгүй гэж үзэж тус оролцогчийн ирүүлсэн саналаас татгалзсан.

“М.Н” ХХК-ийн хувьд тендерийн баталгааны захиалагчаас тогтоосон шаардлагыг хангаж байсан гэдгийг тендерийн нээлтэд оролцохдоо мэдсэн байсан. Тус оролцогчийн ирүүлсэн тендерийн саналыг хянан үзэх шатанд үнэлэхэд:

ТШӨХ-ийн 4.4.д “Тендерт оролцогчийн түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн тоо хэмжээ нь хамгийн багадаа эхний жилийн санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна” гэж заасан шаардлагыг хангаагүй байсан. Учир нь Төрийн банкнаас холбогдох шаардлага хангасан тохиолдолд 600 сая төгрөгийн зээлийг судлах боломжтой гэсэн тодорхойлолт ирүүлсэн нь “авах боломжтой зээл” гэсэн утгыг агуулахгүй байна гэж үзсэн.

Мөн ТШӨХ-ийн 4.2.е “2017 оны аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан, дүгнэлт, 2018 оны эхний хагас жилийн санхүүгийн баталгаажуулсан тайлан ирүүлнэ. /С.Я-ны “И-баланс” цахим системд заавал баталгаажсан байх/” гэснийг хангаагүй буюу санхүүгийн баталгаажуулаагүй дотоод тайлан ирүүлсэн. Санхүүгийн тайлангийн хуулбарыг харьяа дүүргийн төрийн сангийн хэлтэст хүргүүлж, тулгалт хийж баталгаажуулах боломжтой байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн Санхүүгийн чадавхыг үнэлэх тухай 15 дугаар зүйлийн 15.3.2-т “Тендерт оролцогчийн баталгаажуулсан санхүүгийн тайлан, шаардлагатай бол аудитын дүгнэлтийн хамт”, мөн хуулийн 15.4-т “Энэ хуулийн 15.3-т заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх баримт бичгийг тендерийн баримт бичигт заана” гэсэн байдаг бөгөөд тус компани уг нотлох баримтыг ирүүлээгүй тул захиалагчийн тавьсан шаардлагыг хангаагүй гэж үзсэн.

ТШӨХ-ийн 4.4.в заалт “Зайлшгүй байх үндсэн тоног төхөөрөмжүүдийг цаг хугацаанд нь бэлэн байлгах тухай санал (өөрийн эзэмшлийн, түрээслэх, хөлслөх, г.м) ирүүлэх” гэснийг тендерт оролцогч нь хангаагүй буюу тоног төхөөрөмжийн жагсаалтыг (ТШӨХ) 4.2.г заалтаар шаардсаны дагуу бэлдэж ирүүлсэн байгаа нь захиалагчийн тавьсан шаардлагыг хангаагүй.

ТШӨХ-ийн 8.2 дахь заалт “Тендерийн эх хувийн хуудсыг дугаарлаж, гарын үсэг зурж баталгаажуулан, үдэж хавтаслан ирүүлнэ. Эх хувийн материалын хуудасны баруун доод өнцөгт дугаарлаж, товъёогжуулна. Товъёог, хуудасны дугаар тохирч байна. Тендерийн хуулбар хувийг электрон хэлбэрээр буюу РОР форматад хөрвүүлэн ирүүлнэ” гэснийг хангаагүй буюу тендерийн баримт бичгийн зургийг гар утсаар авч “JPEG” форматаар СD дээр бичиж ирүүлсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ” гэж, 16 дугаар зүйлийн 16.2-т “Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана” гэж заасан байдаг. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалтад тусгасан “Тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”-ыг хангаагүй тул “М.Н” ХХК-ийн ирүүлсэн тендер нь шаардлагад нийцээгүй тендер байсан.

Дээрх үндэслэлүүдээр Үнэлгээний хорооноос бүх тендерээс татгалзах тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн.

Тендерт оролцогч “М.Н” ХХК нь захиалагчийн уг шийдвэрийг эс зөвшөөрч Монгол Улсын С.Яанд гомдол гаргасан. Монгол Улсын С.Я-ны 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 6-1/8165 дугаар тоотоор тус газарт ирүүлсэн тоотод дурдсан “хууль, журмын дагуу үнэлгээг дахин хийхийг үүгээр мэдэгдье” гэсний дагуу Үнэлгээний хороо нь тендерт оролцогчийн ирүүлсэн материалд 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр дахин үнэлгээг хийсэн бөгөөд Үнэлгээний хорооны гишүүд 2018 оны 12 сарын 13-ны өдрийн хурлаар илэрсэн зөрчил үндэслэлтэй гэдэгт дахин санал нэгдэж энэ тухай хурлын тэмдэглэлд тусгасан байдаг бөгөөд бүх тендерээс татгалзах тухай зөвлөмжийг дахин захиалагчид өгсөн.

Захиалагчаас Үнэлгээний хорооны дүгнэлт, тендерээс татгалзах үндэслэл, хурлын тэмдэглэл зэргийг хянаж үзээд хоёр компанийн ирүүлсэн тендерээс татгалзах нь үндэслэлтэй байна гэж үзэж, тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг тендерт оролцогч 2 компанид хүргүүлсэн. Мөн тендерээс татгалзсан тухай, тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан тухай 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1/57 тоот албан бичгээр С.Яанд хүргүүлсэн.

Иймд нэхэмжлэгчийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.1.3-д “Тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага.”, 27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана.” гэснийг, ТОӨЗ-ны 8.2-т “Тендерийн оролцогч нь тендерийн баримт бичиг дэх бүх зааварчилгаа, маягтууд, нөхцөлүүд болон тодорхойлолтуудыг шалгаж нягталсан байвал зохино. Тендерийн баримт бичигт ирүүлэхийг шаардсан бүх мэдээллийг дутуу ирүүлэх, эсхүл тендерийн баримт бичгийг томоохон зөрүүгүй хангаж чадаагүй тендер ирүүлэх нь тендерт оролцогчийн эрсдэлд хамаарах ба энэ нь түүний тендерээс татгалзах үндэслэл болж болно ...”, 26.3-д “Захиалагч ТОӨЗ-ны 26.1-д заасан шаардлагад нийцээгүй тендерээс татгалзах бөгөөд энэхүү шалтгааныг үүсгэж байгаа зөрүү болон тайлбарыг засварлан тендерийг шаардлагад нийцсэн болгож болохгүй.” гэж заасныг тус тус хангаагүй тул тус газрын шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна.

Мөн Монгол Улсын С.Я-ны 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 6-1/468 албан бичгээр ирүүлсэн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М.Н“ ХХК нь “Монгол Улсын С.Я-ны 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 6-1/468 албан тоотыг хүчингүй болгуулах, ХХМТГ-аас 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зарласан ХХМТГ/2018******* тоот хязгаарлагдмал тендерт нэхэмжлэгч “М.Н” ХХК шалгарсан болох, тендерт шалгарсан нэхэмжлэгч “М.Н” ХХК-тай гэрээ байгуулахгүй, тендерээс татгалзсан ХХМТГ-ын эс үйлдэхүйг тогтоолгох, тендерт шалгарсан нэхэмжлэгч “М.Н” ХХК-тай гэрээ байгуулахыг хариуцагч ХХМТГт даалгах, захиалагчийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн  “Сансрын холбооны кэй юү (кu) зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ үзүүлэх” ХХМТГ/2019******* дугаартай тендер зарласныг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг дараахь үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Монгол Улсын С.Я-ны 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 6-1/468 тоот[1] нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар “Сансрын холбооны Кэй юү (кu) зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ” нэртэй ХХМТГ/2018******* дугаар тендер шалгаруулалтад оролцогч  “М.Н” ХХК-ийн гомдлыг хянаад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэгт заасан хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр дуусч тендер шалгаруулалт хүчингүй болсон гэх үндэслэлээр худалдан авах ажиллагааг хуульд нийцүүлэн дахин зохион байгуулах нь зүйтэй гэсэн агуулга бүхий албан бичиг байна.

Нэхэмжлэгчээс “...С.Я 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/8165 тоот албан бичгээр[2] манай тендерийн материалыг хүлээн зөвшөөрчхөөд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 6-1/468 тоот албан бичгээр тендер шалгаруулалт дууссан гэж байгаа нь хязгаарлагдмал тендерт шалгарсан манай компанийн эрх ашгийг хөндөж байна гэж маргасанд хариуцагч Монгол Улсын С.Я-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэгт заасны дагуу тухайн тендер шалгаруулалт нээлт хийсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд багтаан тендерийг зохион байгуулах зохицуулалттай, ХХМТГ-аас тенерийн хүчинтэй байх хугацааг сунгуулах талаар ямар нэг хүсэлт тус яаманд ирүүлээгүй тул хүчингүй болсон худалдан авах ажиллагааг хуульд нийцүүлэн дахин зохион байгуулахыг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 6-1/468 дугаар албан бичгээр захиалагч байгууллагад хүргүүлсэн” гэх тайлбарыг хийсэн.

ХХМТГ-аас 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зарласан ХХМТГ/2018******* тоот хязгаарлагдмал тендерт “Д.Т” ХХК болон “М.Н” ХХК нар оролцсоноос “Д.Т” ХХК-ийн тендерийн материал нь тендерийн бичиг баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр хасагдаж, тендерийн Үнэлгээний хороо  “М.Н” ХХК-ийн тендерийн баримт бичгийг хянан үзэж, үнэлсэн шийдвэрийн дагуу захиалагч  ХХМТГ-аас 1/1076 дугаар мэдэгдэл хүргүүлэх албан бичгийг[3] “М.Н” ХХК-д ирүүлсэн байна.

Уг албан бичигт “Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТШӨХ/-ийн 4.4в, 4.4д, 8.2 дахь заалтуудыг хангаагүй тул шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй үндэслэлээр бүх тендерээс татгалзаж байна” гэжээ.

Нэхэмжлэгч компаниас тухайн тендерт холбогдуулан гомдол гаргасныг С.Я хуулийн хугацаанд хянаад 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/8165 дугаар албан бичгээр[4] “М.Н“ ХХК-ийн тендерт ирүүлсэн саналаас татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй тул дахин үнэлгээ хийхийг ХХМТГт мэдэгдсэн байна.

ХХМТГ-ын даргын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/123 дугаар тушаалаар[5] ХХМТГ/2018******* дугаар тендерийг зохион байгуулах Үнэлгээний хороог байгуулсан байх бөгөөд Үнэлгээний хороо “М.Н” ХХК-ийн ирүүлсэн тендерийн бичиг баримтад 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр дахин үнэлгээ хийж,  Үнэлгээний хорооны гишүүд санал нэгтэйгээр 2018 оны 12 дугаар сарын 12-ны  өдрийн хурлаар илэрсэн зөрчил үндэслэлтэй гэж үзэж бүх тендерээс татгалзах тухай хүсэлтийг захиалагчид дахин хүргүүлжээ. 

ХХМТГ Үнэлгээний хорооны дүгнэлт, тендерээс татгалзах үндэслэл, хурлын тэмдэглэл зэргийг хянаад  тендерээс татгалзах нь үндэслэлтэй гэж үзэж тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг тендерт оролцогчдод хүргүүлж, тендерээс татгалзсан тухай, тендер хүчинтэй байх хугацаа дууссан тухай 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1/57 тоот албан бичгийг[6] Монгол Улсын С.Я-анд хүргүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчээс “...тухайн тендерт хоёр компани оролцсоноос “Д.Т” ХХК-ийн тендерийн материал ТОӨЗ-ны 16.3 дугаар заалтын шаардлага хангаагүй хасагдсан тул  манай компани шалгарах бүрэн боломжтой байсан...” гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26, 27, 28  дугаар зүйлүүдэд тендер нээх, тендерийг хэрхэн хянан үзэх, үнэлэх зэрэг харилцааг нарийвчлан зохицуулсан бөгөөд хязгаарлагдмал тендерт оролцогч хоёр компанийн нэг нь тендер нээх шатанд шаардлага хангаагүй хасагдсан нь нөгөө компанийн тендерийн баримт бичгийг хянан үзэж, үнэлэхгүйгээр тендерт шууд шалгарсан гэж үзэх боломжгүй юм. Хэдийгээр С.Я-наас захиалагчийн “М.Н” ХХК-ийн тендерээс татгалзсаныг үндэслэлгүй гэж үзэн тендерийг дахин үнэлэхийг даалгасан боловч энэ нь тус компанийг тендерт шалгарсан гэж үзэхгүй бөгөөд тендерийг дахин хэрхэн үнэлэх нь зөвхөн Үнэлгээний хорооны гишүүдийн бүрэн эрхийн асуудал юм.

Иймд нэхэмжлэгчийн “...С.Я-ны 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/8165 дугаартай албан тоотын дагуу манай компанитай захиалагч гэрээ байгуулсан бол хуульд бүрэн нийцэх байсан...” гэх тайлбар үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчээс тендерийн Үнэлгээний хорооны тендерийн баримт бичгийг дахин үнэлсэн үнэлгээтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй мөртлөө “...ХХМТГ/2018******* тоот хязгаарлагдмал тендерт нэхэмжлэгч компани шалгарсан болохыг, “М.Н” ХХК-тай гэрээ байгуулахгүй тендерээс татгалзсан ХХМТГ-ын эс үйлдэхүйг тогтоолгох, “М.Н” ХХК-тай гэрээ байгуулахыг ХХМТГт даалгах...” шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй  байна.

ХХМТГ/2018******* тоот хязгаарлагдмал тендерт “М.Н” ХХК-ийн ирүүлсэн баримт бичгийг тендерийн Үнэлгээний хороо хянан үзэж, үнэлээд  “...ТШӨХ-ийн 4.4 в-д заасан “зайлшгүй байх үндсэн тоног төхөөрөмжүүдийг цаг хугацаанд нь бэлэн байлгах тухай санал /өөрийн эзэмшлийн, түрээслэх, хөлслөх гэх мэт/ ирүүлэх” гэснийг, 4.4-д заасан “Тендерт оролцогчдын түргэн хөрвөх чадвартай болон авах боломжтой зээлийн тоо хэмжээ нь хамгийн багадаа эхний жилийн санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна” гэснийг, мөн 8.2-т заасан “Тендерийн эх хувийн хуудсыг дугаарлаж, гарын үсэг зурж баталгаажуулан, үдэж хавтаслан ирүүлнэ. Эх хувийн материалын хуудасны баруун доод өнцөгт дугаарлаж, товъёогжуулна. Товъёог, хуудасны дугаар тохирч байна. Тендерийн хуулбар хувийг электрон хэлбэрээр буюу РDF форматад хөрвүүлэн ирүүлнэ” гэснийг хангаагүй буюу тендерийн баримт бичгийн зургийг гар утсаар авч “JPEG” форматаар ирүүлсэн  байна...” гэжээ. 

Мөн Үнэлгээний хороо 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “М.Н” ХХК-ийн ирүүлсэн баримт бичигт дахин үнэлгээ хийхэд дээрх илэрсэн зөрчил үндэслэлтэй гэдэгт Үнэлгээний хорооны гишүүд санал нэгдэж,  шийдвэрээ гаргасан нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 005 дугаар Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд[7] дараах байдлаар тусгагдсан байна. 

Тухайлбал, “...тус компанийн харилцагч банкнаас холбогдох журмыг шаардлага хангасан тохиолдолд зээлийг судлах боломжтой гэж ирүүлсэн нь авах боломжтой зээлийн нөхцөлийг хангаагүй, мөн санхүүгийн чадавхийг хангах нотолгооны хэлбэр болох харилцагч банкны дансны үлдэгдлийн тодорхойлолт, компанийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн тухай мэдээллийг ирүүлээгүй,  ... тус компани ялсан тохиолдолд харилцагч банкнаас зээлийг судлан үзэж болох хэдий ч тухайн байгууллагын санхүүгийн үзүүлэлтээс шалтгаалан боломжгүй гэх  шийдвэрийг гаргавал эрсдэл үүсэх магадлалтай, ... 2018 оны 02 дугаар улирлын санхүүгийн тайлан, 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг хянан үзэхэд үр ашиггүй, алдагдалтай ажиллаж ирсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалтад заасан “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага” зэрэг бусад санхүүгийн чадавхийг хангаагүй..” гэх зэрэг. 

Мөн шүүх хуралдаанаар хэргийн оролцогчид мэтгэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөрийн компанийн тоног төхөөрөмж нь түрээсийн байранд байдаг гэсэн тайлбар хийснийг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 310 тоот “Ерөнхий шалгуур үзүүлэлт батлах тухай” тогтоолын хавсралт “Сансрын холбооны Кэй юү (Ku) зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тавих ерөнхий шалгуур үзүүлэлт”-ийн 2-т “Газрын болон дахин дамжуулах станцыг өөрийн хөрөнгөөр иж бүрэн байгуулах, ашиглалт үйлчилгээ болон урсгал зардлыг хариуцах санхүүгийн чадвартай байх” гэж заажээ.  

Хэрэгт авагдсан нотлох баримтаар 2017 оны жилийн эцсийн аудитын тайланд урт хугацааны өр төлбөрийн дүн 2,996,235,666.68 төгрөг[8], богино хугацаат өр төлбөрийн дүн 1,810,336,843.56 төгрөг[9] байсан нь 2018 оны хагас жилийн байдлаар өсөн нэмэгдэж урт хугацаат өр-3,046,055,023.98 төгрөг, богино хугацаат өр-2,056,336,808.90 төгрөг болсон. Мөн ТШӨХ-ийн заасан 2017 оны аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан, дүгнэлт, 2018 оны эхний хагас жилийн санхүүгийн баталгаажуулсан тайлан ирүүлнэ. /С.Я-ны е-бланс цахим системд заавал баталгаажсан байх/ гэснийг хангаагүй буюу санхүүгийн баталгаажуулаагүй тайлан ирүүлсэн[10], ТШӨХ-ийн 4.4в заалтад тусгасан “зайлшгүй  байх үндсэн тоног төхөөрөмжүүдийг цаг хугацаанд нь бэлэн байлгах тухай санал /өөрийн эзэмшлийн, түрээслэх, хөлслөх гэх мэт/ ирүүлэх” гэснийг хангаагүй,  холбогдох баримт мэдээллийг хавсаргаж саналаа ирүүлээгүй[11], ТШӨХ-ийн 8.2-т[12] заасан шаардлагыг хангаагүй, тухайлбал, тендерийн хуулбар хувийг электрон хэлбэрээр буюу РDF форматад хөрвүүлэн ирүүлнэ” гэснийг хангаагүй буюу тендерийн бичиг баримтын зургийг гар утсаар авч JPEG форматаар ирүүлсэн нь тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлагыг хангаагүй зэрэг хариуцагч ХХМТГ-аас ирүүлсэн тайлбар болон тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулахаас татгалзсан гэх захиалагчийн тайлбарын  үндэслэл тогтоогдож байна. 

Мөн нэхэмжлэгчээс “М.Н” ХХК-ийн тендерийн үнийн санал   нээлттэй болсон тул дахин тендер зарлаж байгаа нь буруу гэх тайлбарын тухайд, тус компаниас ирүүлсэн тендерт өгөх мэдэгдлээр захиалагч тендерт оролцогчид өгөх зааварчилгааны Ерөнхий зүйлийн 4.2а-д дурдсанаар захиалагч тендерт  оролцогчийн ирүүлсэн үнийн саналыг олон нийтэд мэдээлэхэд татгалзах зүйлгүй тухайгаа мэдэгдсэн байна.[13]

Ийнхүү Үнэлгээний хорооны гишүүдийн саналаар 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж,  “М.Н” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтад тусгасан “Энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага, мөн хуулийн 27.1.3-д заасан “Тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлага” гэснийг хангаагүй тул хуулийн 27.4 дэх заалтад “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана.” гэснийг үндэслэн тус компанийн ирүүлсэн тендерээс татгалзаж, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтад зааснаар “Шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй” гэсний дагуу захиалагч нь бүх тендерээс татгалзаж, сонгон шалгаруулалтыг дахин зарлах тухай мэдэгдэл  хүргүүлснийг холбогдох хууль, журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. 

Хэдийгээр “М.Н” ХХК нь тухайн тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр, гаргасан зөвлөмжтэй маргадаггүй боловч ХХМТГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь тендерийн Үнэлгээний хорооны шийдвэртэй харилцан хамааралтай тул  дүгнэлт өгөх нь зүйтэй байна. Үнэлгээний хорооны чиг үүргийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлд зохицуулсан байх бөгөөд хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно.” гэж заасан. Мөн хуулийн 46 дугаар зүйлд захиалагчийн эрх, үүргийг зохицуулсан бөгөөд 46.1.3-д “үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах” гэж зааснаар захиалагч нь тендерийн Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэж гэрээ байгуулах эрх олгохоор байх тул  “М.Н” ХХК-тай гэрээ байгуулахгүй тендерээс татгалзсан ХХМТГ-ын эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулахыг хариуцагч ХХМТГ-т даалгах, захиалагчийн ХХМТГ/2019******* дугаартай тендер дахин зарласныг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 27 дугаар зүйлийн 27.4, 46 дугаар зүйлийн 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “М.Н“ ХХК-ийн “Монгол Улсын С.Я-ны 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 6-1/468 албан тоотыг хүчингүй болгуулах, ХХМТГ-аас 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зарласан ХХМТГ/2018******* тоот хязгаарлагдмал тендерт нэхэмжлэгч “М.Н” ХХК шалгарсан болох, тендерт шалгарсан нэхэмжлэгч “М.Н” ХХК-тай гэрээ байгуулахгүй, тендерээс татгалзсан ХХМТГ-ын эс үйлдэхүйг тогтоолгох, тендерт шалгарсан нэхэмжлэгч “М.Н” ХХК-тай гэрээ байгуулахыг хариуцагч ХХМТГт даалгах, ХХМТГ-аас 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн  “Сансрын холбооны кэй юү (кu) зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ үзүүлэх”  ХХМТГ/2019******* дугаартай тендерийн урилга хэлбэрээр гаргасан шийдвэрийг  хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.    

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДОЛГОРСҮРЭН

 


[1] 1-р хавтаст хэргийн 31 хуудас

[2] 1-р хавтаст хэргийн 25 хуудас

[3] 1-р хавтаст хэргийн 15 хуудас

[4] 1-р хавтаст хэргийн 25 хуудас

[5] 1-р хавтаст хэргийн 80 хуудас

[6] 1-р хавтаст хэргийн 189 хуудас

[7] 1-р хавтаст хэргийн 170 хуудас,

[8] Нотлох баримт /”Монголсат нэтворкс” ХХК-ийн СД/-ын 3-р бүлэг 299 хуудас, 307 хуудас,

[9] Нотлох баримт /”Монголсат нэтворкс” ХХК-ийн СД/-ын 3-р бүлэг 279 хуудас, 2.1.1, 2.1.2.6, 286 хуудас,

[10] Нотлох баримт /”Монголсат нэтворкс” ХХК-ийн СД/-ын 3-р бүлэг  277-296 хуудас,

[11] 1-р хавтаст хэргийн 148 хуудас 8 дахь мөр, 113 хуудасны 1.7, 1.8, 

    Нотлох баримт /”Монголсат нэтворкс” ХХК-ийн СД/-ын 3-р бүлэг 265 хуудас,

[12] Нотлох баримт /”Монголсат нэтворкс” ХХК-ийн СД/-ын 1-р бүлэг 79  хуудас,

[13] Нотлох баримт /”Монголсат нэтворкс” ХХК-ийн СД/-ын 2-р бүлэг 260  хуудас,