Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 1858

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана  даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 4 дүгээр хороо 50 мянгат гудамж 20 дугаар байр 74 тоотод оршин суух, 1957 онд төрсөн 60 настай, Боржигон овогт Пүрэвцэрэнгийн Энхцэцэг /РД-ЦЗ57021565/

            Хариуцагч: Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 86/2 дугаар байр 51 тоотод оршин суух, 1965 онд төрсөн 52 настай, Огой овогт Довдонгийн Бямбацогт /РД-ХЗ65020614/.

            Гэрээний үүрэгт 39.712.500 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагч Д.Бямбацогт, гэрч Д.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Энхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: П.Энхцэцэг нь хариуцагч Д.Бямбацогттой 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 15.000.000 төгрөгийг 4.5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл 0.5 хувийн алданги тооцож төлөхөөр тохиролцон зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн барьцаанд Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 86 дугаар байр 51 тоот 1 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна. Миний хувьд 3 хувиас дээш хүүтэй зээлийн маргаанд орох дургүй гэдгээ үйлчлүүлэгчид хэлснээр үйлчлүүлэгч надад нэхэмжлэлийн шаардлагыг багасгах эрхийг олгосон. Иймд хариуцагчтай тохиролцож үнийн дүнг багасгах боломжтой. Хариуцагчийн тайлбарт П.Энхцэцэг залилсан гэсэн утгатай зүйл бичигдсэн байсан. П.Энхцэцэг нь хүүхэддээ зориулж хадгалсан 40.000.000 төгрөгнөөс зээлийг олгосон. Зээл болон барьцааны гэрээний дагуу хариуцагч Д.Бямбацогтоос 39.712.500 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Бямбацогт шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эх тэргүүн ХХК-д менежерийн ажилтай төрсөн ах Д.Бямбасүрэн компанид хөрөнгө оруулалт орж иртэл 15.000.000 төгрөг хэрэгтэй байна, чи байраа 1 сарын хугацаатай барьцаалаад өгөөч гэхээр нь зөвшөөрсөн. Ингээд 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Эх тэргүүн ХХК-д менежер хийдэг, одоо гэрчээр асуугдах гэж байгаа энэ Д.Болдбаатар нь утсаар ярьж ах чинь чамд хэлсэн байх ёстой  Ган зам зочид буудлын дэргэдэх нотариатын газар хүрээд ир гэсэн. Тэгээд тэр газар нь очиход энэ П.Энхцэцэг гэх танихгүй эмэгтэй зээлийн  гэрээ хийж баталгаажуулна гээд нотариатын газар орж гэрээ хийгээд тэндээс гарч Баянгол дүүргийн үл хөдлөх хөрөнгийн газар очсон. Дараа нь Барс зах руу явж тэндхийн Хаан банк руу П.Энхцэцэг, түүний нөхөр, Д.Болдбаатар гурав ороод Д.Болдбаатар мөнгө аваад гарч ирсэн. Энэ бүх хугацаанд би өөрийн машинтай дагаж явсан. Хаан банк руу мөнгө авах үед би дагаж ороогүй гадаа байсан. Зээлийн гэрээний дагуу би мөнгийг хараач үгүй, гардаж ч аваагүй. Зээлийн гэрээний 5 дугаар зүйлд мөнгийг гараас гарт өгч авалцсан тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр болно гэж заасан. Энэ талаар Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгийг зээлдүүлэгчид шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно гэж заасан байна. Би мөнгө хүлээж аваагүй тул энэ гэрээ хүчин төгөлдөр бус. Энэ өнгөрсөн хугацаанд П.Энхцэцэг мөнгө төлөхийг Эх тэргүүн ХХК-ийн захирал н.Ганболдоос шаардаж байсан болохоос надаас нэг ч удаа шаардаж байгаагүй. Би П.Энхцэцэгийг огт танихгүй. Харин нэг удаа П.Энхцэцэгийн нөхөр гэх хүн надруу ярьж Эх тэргүүн ХХК-ийн захирал н.Ганболдыг хүү, мөнгөө төл гэж хэлээд өгөөч гэхээр нь надад хамаагүй та нар мөнгө өгсөн хүнтэйгээ учраа ол гэж хэлсэн. Миний байрнаас гадна Эх тэргүүн ХХК нь өөр хүний байрыг П.Энхцэцэгт барьцаалж 20.000.000 төгрөг зээлсэн асуудал Хан-Уул дүүргийн шүүхэд хянагдаж байгаа. н.Ганболд хүмүүсээс мөнгө залилсан хэргээр цагдаагийн газар шалгагдаж байна. Би П.Энхцэцэгээс зээлийн гэрээний дагуу 15.000.000 төгрөгийг гардаж аваагүй, Эх тэргүүн ХХК авч ашигласан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч П.Энхцэцэг нь хариуцагч Д.Бямбацогтод холбогдох зээлийн гэрээний үүрэгт 39.712.000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүцэтгэлийг хангах тухай нэхэмжлэлийг гаргажээ.  

            Нэхэмжлэгч П.Энхцэцэг нь хариуцагч Д.Бямбацогттой 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 15.000.000 төгрөгийг нэг сарын хугацаатай, 4.5 хувийн хүүтэй зээлдүүлэх зээлийн гэрээ, Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 86 дугаар байрны 51 тоот 1 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээ тус тус байгуулсан болох нь зохигчийн тайлбар, зээл болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна.  

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцоно гэж заажээ. 

            Нэхэмжлэгч П.Энхцэцэг, хариуцагч Д.Бямбацогт нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч, зээлдүүлэгч П.Энхцэцэг нь зээлдэгч Д.Бямбацогтод гэрээний 5-д зааснаар мөнгийг гардуулж өгөөгүй, 15.000.000 төгрөгийг Д.Болдбаатарт банкнаас авч өгсөн болох үйл баримт нь нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно, зээлийн гэрээний 5-д гэрээ нь зээлдүүлэгчээс зээлсэн мөнгийг зээлдэгчид гардуулан өгсөн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно гэж зааснаар зээлдүүлэгчид мөнгийг шилжүүлээгүй байна.

            Хэдийгээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч гэрээний зүйл болох мөнгийг зээлдэгчид, зээлдүүлэгч Д.Энхцэцэг шилжүүлээгүй тул мөнгийг эргүүлэн төлөх үүрэг хариуцагч Д.Бямбацогтод үүсэхгүй юм.

 

Хууль буюу гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний дагуу мөнгийг шилжүүлээгүй тул хариуцагч Д.Бямбацогтоос 39.712.500 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах тухай нэхэмжлэгч П.Энхцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж  шийдвэрлэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон                          

                                                                                                    

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.Бямбацогтоос 39.712.500 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах тухай нэхэмжлэгч П.Энхцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356.600 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.КУЛЬДАНА