Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 1781

 

         П.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй,

       иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг  даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,    

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2017/01858 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч П.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Бямбацогтод холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 39 712 500 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг

Хариуцагч Д.Бямбацогт

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгч П.Энхцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: П.Энхцэцэг нь Д.Бямбацогттой 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 15 000 000 төгрөгийг 4.5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл 0.5 хувийн алданги тооцож төлөхөөр тохиролцон зээлийн гэрээ байгуулж, барьцаанд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол 86 дугаар байрны 51 тоот 1 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна. Миний хувьд 3 хувиас дээш хүүтэй зээлийн маргаанд орох дургүй гэдгээ үйлчлүүлэгчид хэлснээр үйлчлүүлэгч надад нэхэмжлэлийн шаардлагыг багасгах эрхийг олгосон. Иймд хариуцагчтай тохиролцож үнийн дүнг багасгах боломжтой. Хариуцагчийн тайлбарт П.Энхцэцэг залилсан гэсэн утгатай зүйл бичигдсэн байсан. П.Энхцэцэг хүүхэддээ зориулж хадгалсан 40 000 000 төгрөгөөс зээл олгосон. Зээл болон барьцааны гэрээний дагуу хариуцагч Д.Бямбацогтоос 39 712 500 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Бямбацогт шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эх тэргүүн” ХХК-д менежерийн ажилтай төрсөн ах Д.Бямбасүрэн компанид хөрөнгө оруулалт орж иртэл 15 000 000 төгрөг хэрэгтэй байна, чи байраа 1 сарын хугацаатай барьцаалаад өгөөч гэхээр нь зөвшөөрсөн. Ингээд 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр “Эх тэргүүн” ХХК-д менежер ажилтай, гэрч Д.Болдбаатар утсаар ярьж ах чинь чамд хэлсэн байх ёстой  Ганзам зочид буудлын дэргэдэх нотариатын газар хүрээд ир гэсэн. Тэгээд тэр газар нь очиход П.Энхцэцэг гэх танихгүй эмэгтэй зээлийн гэрээ хийж баталгаажуулна гээд нотариатын газар орж гэрээ байгуулаад тэндээс гарч Баянгол дүүргийн үл хөдлөх хөрөнгийн газар очсон. Дараа нь Барс зах руу явж тэндэхийн Хаан банк руу П.Энхцэцэг, түүний нөхөр Д.Болдбаатар гурав ороод Д.Болдбаатар мөнгө аваад гарч ирсэн. Энэ хугацаанд би өөрийн машинтай дагаж явсан. Хаан банк руу мөнгө авах үед би дагаж ороогүй гадаа байсан. Зээлийн гэрээний дагуу би мөнгийг хараагүй, гардаж аваагүй.

Зээлийн гэрээний 5-д мөнгийг гараас гарт өгч авалцсан тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр болно гэж мөн энэ талаар Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгийг зээлдүүлэгчид шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно гэж заасан байна. Би мөнгө хүлээж аваагүй тул энэ гэрээ хүчин төгөлдөр бус. Өнгөрсөн хугацаанд П.Энхцэцэг мөнгө төлөхийг “Эх тэргүүн” ХХК-ийн захирал н.Ганболдоос шаардаж байснаас надаас нэг ч удаа шаардаж байгаагүй. Би П.Энхцэцэгийг огт танихгүй. Харин нэг удаа П.Энхцэцэгийн нөхөр гэх хүн надруу ярьж “Эх тэргүүн” ХХК-ийн захирал н.Ганболдыг хүү, мөнгөө төл гэж хэлээд өгөөч гэхээр нь надад хамаагүй та нар мөнгө өгсөн хүнтэйгээ учраа ол гэж хэлсэн. Миний байрнаас гадна “Эх тэргүүн” ХХК нь өөр хүний байрыг П.Энхцэцэгт барьцаалж 20 000 000 төгрөг зээлсэн асуудал Хан-Уул дүүргийн шүүхэд хянагдаж байгаа. н.Ганболд хүмүүсээс мөнгө залилсан хэргээр цагдаагийн газар шалгагдаж байна. Би П.Энхцэцэгээс зээлийн гэрээний дагуу 15 000 000 төгрөг гардаж аваагүй, “Эх тэргүүн” ХХК авч ашигласан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Бямбацогтоос 39 712 500 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах тухай нэхэмжлэгч П.Энхцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356 600 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...15 000 000 төгрөгийг Д.Болдбаатарт банкнаас авч өгсөн болох үйл явдал нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон" гэжээ. Нэхэмжлэгч Д.Болдбаатарт мөнгө өгсөн гэж хэлээгүй, Д.Болдбаатарыг огт танихгүй. Хариуцагчийн авч ирсэн гэрч Д.Болдбаатар гэдэг хүнтэй эрх зүйн ямар ч харилцаанд орж байгаагүй. "Эх тэргүүн" ХХК гэдгийг нэхэмжлэгч мэдэхгүй. Тиймээс шүүх хэрэгт хамааралгүй нэхэмжлэгчийн огт танихгүй гэрчийг ямар баримтыг үндэслэн тухайн үйл явдлыг гэрчлэгч гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Иймд шүүгч таньдаг байж болох, хэргийн оролцогчийн огт танихгүй этгээдийг гэрчээр оруулан түүний мэдүүлгийг ямар ч нотлох баримтгүйгээр шийдвэрлэсэн тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Гэрчийн мэдүүлэг дараах байдлаар худал гэдэг нь нотлогдоно. “30 жил санхүүгийн ажил эрхэлсэн хүн шүүхэд “тухайн зээлийг барьцаа хөрөнгөөр төлүүлдэгийг мэдэх үү” гэхэд ”мэдэхгүй” гэж хэлсэн. П.Энхцэцэгийн нөхөр н.Батсүх хамт байсан гэж худлаа гэрчилдэг ба түүний нөхрийг н.Энхтөр гэдэг юм гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч П.Энхцэцэг хариуцагч Д.Бямбацогтод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 39 712 500 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээний дагуу 15 000 000 төгрөгийг хүлээн аваагүй, хүү төлөөгүй гэж маргажээ.

Талуудын хооронд 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 15 000 000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл сарын 4,5 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаанд зээл, хүүгийн хамт төлөгдөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон зээлийн гэрээ байгуулагдсан талаар талууд маргаагүй байна.

Хариуцагч Д.Бямбацогт дээрх гэрээний дагуу 15 000 000 төгрөг хүлээж аваагүй, гэрч Д.Болдбаатарт мөнгө өгсөн, зээлийн гэрээний хүүг “Эх тэргүүн” ХХК-ийн захирал н.Ганболдоос шаардаж байсан гэж тайлбар гаргасан мөн нэхэмжлэгч талаас гэрч Д.Болдбаатарыг танихгүй, түүнд мөнгө өгөөгүй гэж гомдол гаргасан зэргээс үзэхэд анхан шатны шүүх зохигчдын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2017/01858 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Энхцэцэгээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ         

                                                ШҮҮГЧИД                                       А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                        Д.БАЙГАЛМАА