Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2020/00097

 

ХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/00185 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 564 дугаар магадлалтай,

ХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

ИА ХХК, Б.А-, Д.Т- нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 259.169.605 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч ИА ХХК, Б.А- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагч Д.Т-, түүний өмгөөлөгч З.Х, хариуцагч ИА ХХК, Б.А- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч нарын өмгөөлөгч Л.Б, нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов.

Нэхэмжлэгч ХБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Зээлдэгч Б.А-, Д.Т- нар нь ХБ ХХК-тай 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 10500112622 дугаартай барьцаат зээлийн гэрээг байгуулж, 100.000 ам.долларын зээлийг 36 сарын хугацаатай, 365 хоногт 15,6 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1050026165 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 50.000.000 төгрөгийн зээлийг, 48 сарын хугацаатай, 365 хоногт 24 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар тус тус авсан. Банк 1050012622 дугаартай ам.долларын зээлд ханшийн өсөлт, эдийн засгийн хямрал, орлогын бууралт зэргээс шалтгаалан зээлийн эргэн төлөлтөд хүндрэл үүссэн шалтгаанаар зээлдэгчийн зүгээс зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах, зээлийн хугацааг сунгах хүсэлт гаргасны дагуу дараах нөхцөл өөрчлөлтүүдийг хийсэн байна. Үүнд 2013 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нөхцөл өөрчилж үндсэн зээлийн төлөлтөөс 6 сар чөлөөлж, зээлийн дансны дугаарыг 1050014591 болгож өөрчилсөн. 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нөхцөл өөрчилж гэрээний зээлийн хугацааг 12 сараар сунгаж зээлийн дансны дугаарыг 1050021758 болгож өөрчилсөн. 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дахин нөхцөл өөрчилж гэрээний зээлийн хугацааг 44 сараар сунгаж зээлийн дансны дугаарыг 1050026161 болгож өөрчилсөн. Зээлдэгч 1050012622 болон 1050026165 дугаартай зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 05/860 дугаартай баталгаат ипотекийн гэрээнд заагдсан дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд: Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 45 дугаар гудамж 50б тоот, улсын бүртгэлийн Ү-2203019931 дугаар бүхий 517,75 м.кв хувийн сууц, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 45 дугаар гудамж 50б тоот, улсын бүртгэлийн Г-2203004514 дугаар бүхий 553 м.кв өмчлөх эрхтэй газар, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн задгайд байрлах улсын бүртгэлийн Ү-2203009279 дугаар бүхий 96 м.кв дэлгүүрийн барилга, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо 50а тоот, улсын бүртгэлийн Г-2203004515 дугаар бүхий 612 м.кв өмчлөх эрхтэй газар, 04-90 УНН улсын дугаартай сувдан өнгийн Ланд крузер-100 маркийн автомашин. Харин ИА ХХК нь Б.А-, Д.Т- нарын 1050026161, 1050026165 дугаартай зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн тохиолдолд түүний өмнөөс үүрэг гүйцэтгэхээр ХБтай 1050026161-01, 105002665-01 дугаартай батлан даалтын гэрээ байгуулсан. Зээлдэгч Б.А-, Д.Т-, ИА ХХК нар нь зээлийн гэрээний гол нөхцөл болох эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр зээл, зээлийн хүү төлөх үүрэгтэй боловч 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн нөхцөл өөрчлөлтөөс хойш дахин зээлийн төлөлтийн хугацаа хэтрүүлж улмаар банк ам.долларын зээлийг зээлдэгчтэй хамааралтай бус эрсдэл үүссэн гэж үзэн зээлдэгчид дахин боломж олгож, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 49.632,27 ам.долларын зээлийг төгрөгт хөрвүүлж төгрөгийн зээлийн үлдэгдэл 50.000.000 төгрөгтэй нэгтгэн 168.968.551,19 төгрөгийн 1050031259 дугаартай дансыг шинээр үүсгэж мөн эргэн төлөлтийн хуваарийг шинээр гаргаж, зээлийн хүүг 24 хувиас бууруулан 16,5 хувийн хүүтэй болгосон. Уг нөхцөл өөрчлөлтийг хийхдээ шинээр байгуулсан гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчөөгүй нөхцөлд 1050026165 дугаартай төгрөгийн зээлийн хуримтлагдсан хүү төгрөгийг төлүүлж, 1050026161 дугаартай ам.долларын зээлийн хуримтлагдсан хүү 9.854,09 ам.доллараас чөлөөлж үндсэн зээлээс 12.408 ам.долларыг ЗТУБЭХ сангаас хаахаар шийдвэрлэсэн. Гэсэн ч зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаа хэтрүүлж банкны зүгээс тавьсан удаа дараагийн мэдэгдэл шаардлагыг үл тоомсорлон төлбөр төлөх талаар арга хэмжээ авахгүй үүргээ биелүүлэхгүй, биелүүлэхээс санаатай зайлсхийж, гэрээний үүргээ ноцтой зөрчин өнөөдрийг хүрлээ. Иймд банк нэг талын санаачилгаар гэрээгээ цуцалж, одоогийн идэвхтэй байгаа зээл хүүгийн төлбөрийг, 2016 оны 10 сард чөлөөлөхөөр шийдвэрлэсэн зээл, зээлийн хүүгийн хамт нэхэмжилж байгаа болно. 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар талуудын хооронд байгуулагдсан 1050031259 дугаартай зээлийн төлбөрт үндсэн төлбөр, 168.968.551 төгрөг, хүү 24.528.513 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 265.599 төгрөг, нийт 193.762.662 төгрөг, 1050026165 дугаартай зээлийн хүү 10.730.136,98 төгрөг, 1050026161 дугаартай зээлийн үндсэн төлбөр 12.408 ам.доллар, хүү 9.854,09 ам.доллар, нийт 22.262,09 ам.доллар буюу 54.676.806,14 төгрөг, нийт 259.169.605 төгрөгийг зээлдэгч Б.А-, Д.Т-, ИА ХХК нараас гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдээр хангуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ...Б.А- Д.Т- нар нь 2011 онд ХБ, Хаан банканд 100.000.000 төгрөгийн зээл олгож өгөөч гэсэн хүсэлтийг аль алинд нь хүсэлт өгч зээлийн судалгаа хийлгэсэн. Зээлийн судалгаа хийлгээд байж байтал Хаан банк нэг өдрийн өмнө, дараа өдөр нь ХБны 100.000.000 төгрөг авах боломжтой гэсэн хариу гарсан. ХБнаас Хаан банк 0.2 хувиар хүү бага байсан учраас Хаан банктай харилцаж Хаан банкнаас 100.000.000 төгрөгийн зээл авсан. Хаан банканд 100.000.000 төгрөгийн зээлийн төлөлт хийгээд 50-60 хувийн төлөлт хийгээд хэвийн хэмжээнд явж байхад ХБнаас бидний байнгын харилцдаг байсан зээлийн мэргэжилтэн Алтансувд утсаар яриад та нар яагаад манай банктай харилцахаа больсон бэ гэхэд нь Хаан банктай харилцаж байгаа танайхаас 0.2 хувийн хүү бага учраас 100.000.000 төгрөгийн зээл авсан төлөлт явагдаж байгаа гэж хэлсэн. Тэгэхэд Алтансувд хэлэхдээ та нар мөнгөний хэрэгцээ байгаа бол манай банктай дахин харилцаарай би боломж олгоно гэж хэлсэн. Би Хаан банк дээр 45.888.653 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, бид малтай гэхдээ мал дээрээ фермийн аж ахуй байгуулах сонирхолтой байгаа гэхэд та нар манай банктай харилцаач гэсэн. Бид ХБтай очиж уулзахад та нарт зээл олгох боломжтой байна, Хаан банкны үлдэгдэл мөнгийг бид хааж өгье, та нар зээл авч болно гэж хэлсэн. ХБанд 150.000.000 төгрөгийн зээл хүссэн хүсэлт өгсөн. 150.000.000 төгрөгийн хүсэлт өгөөд байж байхад ХБ манайд монгол мөнгөний нөөц бага байна долларын нөөцтэй байна та нар дээр 100.000 долларын зээл батлагдсан гэж хэлсэн. ХБны эдийн засагч та нар найдвартай зээлдэгч тул манай банктай хамтарч ажиллаад Хаан банкны зээлийн үлдэгдэлээ ХБнаас авах зээлээсээ төлчих гээд ХБнаас 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Хаан банкны үлдэгдэл 45.888.593 төгрөгийн зээлийг хааж, үлдэгдэл мөнгийг долларт шилжүүлэн бидний дансруу хийсэн байсан. Бид эргэн төлөлтийг дандаа төгрөгөөр хийдэг байсан. ХБ үндсэн төлөлтөөс хийхгүйгээр 6 сарын хүү төлөх болгон өөрчилж биднийг хүндрэлтэй болгосон. Бид удаа дараа үүрэг үүсэх үеийн ханшаар бодож төгрөгт шилжүүлж өгөхийг хүсэж байхад банк зээл, зээлийн хүүгээ авахын тулд 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 30.000.000 төгрөг батлаад бидний зөвшөөрөлгүйгээр өмнөх эргэн төлөлт хүү болох 9.113.200 төгрөгийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр суутгаж, үлдэгдэл 18.800.000 төгрөгийг бид хоёрын гар дээр өгсөн. Үүний дараа дахиад хүндрэлд орлоо бид дийлэхгүй байна гэхэд зөвхөн 6 сарын долларын хүүг төл тэр хугацаанд доллар бууж эхэлнэ тэр үед төлөлт хий гэсэн. Доллар буухгүй бол яах юм гэж хэлэхэд 6 сард хангалттай бууна та нар зөвхөн хүүгээ төл гэж хэлсэн. Ингээд 6 сарын хугацаанд зөвхөн хүү төлсөн. Дахиад үндсэн мөнгө рүү орж эхлэхэд төлж чадахаа больж 2-3 сар төлөлт хийгдээгүй. Их хэмжээний эргэн төлөлтөөс болж уналтад орлоо гэсэн хүсэлт өгөхөд 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 50.000.000 төгрөг баталж бидний зөвшөөрөлгүйгээр 15.363.372 төгрөгийг өмнөх зээл, зээлийн хүүд, 9.232.984 төгрөгийг долларт шилжүүлэн өмнөх зээл, зээлийн хүүд буцааж татаад бид нарын гар дээр 21.612.500 төгрөг гаргаж өгсөн. Ийм байдлаас болж бид хоёрын бизнес хүндэрч хаалгаа барьсан. Бид ХБанд нийт 160.000.000 орчим төгрөг төлсөн. Бидний авсан хэмжээний зээлийг төлж дөхүүлсэн гэж үзэж байна. Дахиж 168.000.000 төгрөгийг нэхэж байгаа хүний амьдралд байхгүй, хэд дахин нугалсан бизнес байхгүй нөхцөлд ХБны нэхэмжлэлийг ойлгохгүй байна. ХБ байнга утасдаж, гэр, ажлын байранд ирж төлбөр төл гэж байнга дарамталж байсан учраас 30.000.000, 50.000.000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурахад хүргэсэн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/00185 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1 453.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.А-, Д.Т-, ИА ХХК нараас 259 169 605 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, ХБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 45 дугаар гудамж 502б тоот, улсын бүртгэлийн Ү-2203029931 дугаар бүхий 517,75 м.кв хувийн сууц, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 45 дугаар гудамж 502б тоот, улсын бүртгэлийн Г-2203004514 дугаар бүхий 553 м.кв өмчлөх эрхтэй газар, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн задгайд байрлах улсын бүртгэлийн 2203009279 дугаар бүхий 96 м.кв дэлгүүрийн барилга, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо 5а тоот, улсын бүртгэлийн Г-2203004515 дугаар бүхий 612 м.кв өмчлөх эрхтэй газар зэргийн үнийн дүнгээс хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53.1.1.,56.1.-т зааснаар шинжээчийн ажлын хөлс 343 946,5 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж шинжээч А.Шижирмаад /Голомт банкны 1109188336 тоот данс/ олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар ХБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.523.998 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1.523.998 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч ХБ ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 564 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/00185 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 460 дугаар зүйлийн 460.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.А-, Д.Т-, ИА ХХК нараас 259 169 605 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч ХБ ХХК-д олгосугай гэж, 2 дахь заалтын а хэсгийн ... 502б ... гэснийг 50б гэж, ... Ү-2203029931 ... гэснийг Ү-2203019931 гэж, б хэсгийн ... 502б тоот ... гэснийг 50б тоот гэж, в хэсгийн ... улсын бүртгэлийн 2203009279 ... гэснийг улсын бүртгэлийн Ү-2203009279 гэж, г хэсгийг Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, 45 дугаар гудамж, 50а тоот, улсын бүртгэлийн Г-2203004515 дугаар бүхий 612 м.кв өмчлөх эрхтэй газар зэргийн үнийн дүнгээс хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.524.000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч ИА ХХК, Б.А- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд ...шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна. ХБ ХХК 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага 2-т “Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” гэж тодорхойлсон байхад анхан шатны шүүх дээрх барьцаа хөрөнгийг дурьдаагүй бөгөөд тогтоох хэсэгтээ энэ талаар дүгнэлт өгөөгүй байна. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн щаардлагаа өөрчлөөгүй бөгөөд хэрэв нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тохиолдолд хариуцагчид гардуулах, хариу тайлбар, хүсэлт, холбогдох нотлох баримт гаргаж өгөх зэрэг хариуцагчийн эрх, үүргээ хэрэгжүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах үндэслэлтэй байсан болно. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн бөгөөд давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна. Хариуцагч нар нь шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа анх ХБнаас төгрөгийн зээл хүссэн бөгөөд тухайн үед зэрэг хүсэлт гаргасан Хаан банкны зээл бүтэж зээлээ авчихаад 45.888.593 төгрөгийн үлдэгдэлтэй байхад ХБны зээлийн эдийн засагч Алтансувд 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 32,740.21 ам.долларыг 46.000.000 төгрөгт хөрвүүлж банкнаас гаргуулан Хаан банкны зээлийг нь тухайн өдрөө буюу 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хаасан гэдгээ илэрхийлдэг бөгөөд энэ талаарх холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байдаг. Харин 66,749 ам.долларыг зээлийн гэрээний зориулалтын дагуу ашигласан бөгөөд 510.79 ам.доллар нь зээл олголтын шимтгэл нэрээр банк татаж авсан байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ХБ нь анхнаасаа 100.000 ам.долларын зээлийг олгохдоо төгрөгийн зээл хүсч байхад ам.долларын зээл батлаад. энэхүү зээлийг зээлдэгч зөриулалтын дагуу ашиглаагүй бөгөөд эргэн төлөх нөхцөл нь хангагдах боломжгүй байсан гэдгийг мэдэж байсан байдаг. Мөн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгүүд нь гэр бүлийн дундын хөрөнгө буюу хариуцагч нар нь тухайн гэрээг байгуулахдаа хуулийн мэдлэг дутмагын улмаас гэр бүлийн насанд хүрсэн хоёр ч гишүүний зөвшөөрлийг нотриатаар батлуулан авах шаардлагыг хангаагүй буюу мэдээгүй гэрээ байгуулсан бөгөөд энэ талаар шүүхэд зөвшөөрөл олговол зохих этгээдүүдийн холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөөр байтал талуудын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл барьцаат зээлийн гэрээ нь гуравдагч этгээдийн ашиг сонирхол хөндөгдсөн хүчин төгөлдөр бус гэрээ байсанд мөн хоёр шатны шүүх дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй болно. Улмаар 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан барьцаат зээлийн гэрээний хугацаа 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дуусах ёстой байхад зээлдэгчийн 2013 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн ам.доллапын зээлийг төгрөгт шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг үндэслэн үндсэн 100,000 ам.долларын зээлийн үлдэгдэл 88,500 ам.долларын зээлийг 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хааж, шинээр 1050014591 данс нээж 88,500 ам.долларын зээлнээс 0,3 хувиар зээл олголтын шимтгэлийг сууттаж зээлийн шинэ түүх бий болгосон нь зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт бус шинээр дахин зээлийн гэрээ байгуулагдсан байх нөхцөлийг бүрдүүлсэн байдаг. Түүнчлэн зээлийн гэрээний хугацааг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр болгож сунгахдаа зээлийн дансийг 1050021758 тоот болгон өөрчилж 88,500 амлолларын зээлийг хаасан гэж, дахин зээлийн гэрээний хугацааг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр болгож сунгахдаа зээлийн дансыг 1050026161 тоот болгон өөрчилж 62.040.27 ям.лолларын зээлийг телөв гэж зээл эргэн төлөгдөж дахин шинээр зээл авсан мэтээр Хасбанк нь зээлийн түүхүүдийг бий болгож байсан байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд эдгээр зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтүүд нь үнийн дүнгээрээ зээл хаав, шинээр зээл олгов гэсэн дансны хуулгуудийн хамт байхад үүнд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл Хасбанк нь эрсдэлтэй зээлийн мэдээллийг бий болгохгүйн тулд зээлдэгчээс зээл олголтын шимтгэлийг нэг гаргасан зээл дээрээ дахин дахин авч дансуудыг өөрчлөн зээлдэгч нарт дахин зээл олгож өмнөх зээлийг хааж байсан нь нотлох баримт, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсоор байтал 2 шатны шүүх энэ талаар дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна. Зээлдэгч өмнөх 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр авсан 100.000 ам.долларын зээлийн эргэн төлөлтөө хийж чадахгүй нөхцөл байдал үүсч удаа дараа банкинд хүсэлт гаргасаар байтал дахин зээл олгож өмнөх зээлийг хэсэгчлэн хаасан баримтууд нь огноо, хөлийн дүнгээрээ таарч байхад шүүх зээлийн гэрээний эргэн төлөлтийн нөхцөлийг ч харгалзан үзэлгүй хүчин төгөлдөр зээлийн гэрээ, авсан нь үнэн, өгсөн нь үнэн гэсэн байдалтай дүгнэсэнд гомдолтой байна. Хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч Б.А- нь 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1050017179 дугаар зээлийн эргэн төлөлтөд 15,363,372.46 төгрөгийг, 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн №1050012622 тоот Барьцаат зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2-т заасан 5000902366 дугаар харилцах дансруу 19,950 төгрөгийг дансанд байх үлдэгдэл гэсэн зориулалтаар, мөн тоот дансанд зээлийн эргэн төлөлтөнд 4,636.66 ам.долларыг тус тус төлсөн баримт, 9,621,885 төгрөгийг 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн №1050012622 тоот Барьцаат зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2-т заасан 5000902366 дугаар харилцах данс руу төлбөрийн баримтаар бэлэн бусаар шилжүүлсэн байдаг. Өорөөр хэлбэл банк уг данснаас үл маргах журмаар өмнөх 100.000 ам.долларын зээл, зээлийн хүүг суутган авах зориулалтаар данс хооронд гүйлгээ хийсэн байна. Мөн зээлийн гэрээний барьцаа хөрөнгүүдийг Хасбанк даатгалд хамруул гэсэн шийдвэр гаргаж, зээлдэгч нарт шаардлага тавьсны дагуу 630.000 төгрөгийг 150109100070 барилга, 507.500 төгрөгийг 150109100071 барилга гэсэн зориулалтаар мөн өдөр Тэнгэр даатгалд төлбөрийн баримтаар буюу бэлэн бусаар шилжүүлсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх ямар баримтуудыг үндсэн дээр дээрх 1050017179 дугаар зээлийн үндсэн төлбөрт 14,072,546.37 төгрөгийг, зээлийн хүүд 1,290,826.09 төгрөгийн тооцооллыг гаргасан нь ойлгомжгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх тоо тооцоолол хэрэгт огт хамааралгүй байхад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл гарсан гэж дүгнэсэнд гомдолтой байна. өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагад хамаарал бүхий холбогдох баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгөөгүй орхигдуулсаныг давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах хүрээнд дүгнэлт өгөөгүй болно. Нэхэмжлэгч ХБ ХХК, хариуцагч Б.А-. Д.Т- нарын хооронд ам.долларын Барьцаат зээлийн гэрээний 50 хувь нь зээлийн гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглагдаагүй, мөн эргэн төлөгдөх нөхцөл хүндэрсэн талаар зээлдэгч нь удаа дараа зээлдүүлэгчид хүсэлт гаргасаар байтал дахин 2 удаагийн буюу 30.000.000 төгрөгийн, 50.000.000 төгрөгийн зээл олгож дараагийн зээлээр өмнөх зээл, зээлийн хүүг төлүүлэн, хүүнээс хүү бодож байгаа банкыг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийг үндэслэн зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэнд гомдолтой байна. Гэтэл шүүх 2016 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 2015 оны 1050026165 дугаартай Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт №1050026165/НӨ-1 тоот хэлцлийг хүчин төгөлдөр зээлийн гэрээ гэж дүгнэчихээд энэхүү гэрээний 1.1-т “...50,000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 50.000.000 төгрөг.... 100,000 ам.долларын зээлийн үлдэгдэл 49.632.27 ам.долларын зээлийг шилжүүлж ...168,968,551.19 төгрөгийн зээлд шилжүүлэн бүртгэв.” гэсэн заалтад дүгнэлт өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч нь зээлдэгч нарт дээрх нэмэлт өөрчлөлтийг байгуулахын тулд хөнгөлөлттэй нөхцөл санал болгосон байдаг бөгөөд үүнд 10,730,136.98 төгрөгөөс чөлөөлөх, 12,408 ам.долларыг эрсдлийн сангаас хааж, 9,854.09 ам.доллар орлогын данснаас буцааж /бланснаас гадуур бүртгэсэн/ зээлдэгч нар дээрх нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зурсан байдаг. Энэ талаарх нотлох баримтууд хангалттай хэрэгт авагдсан байтал үлдэгдэлгүй гэж хаасан гэрээний зээл, зээлийн хүүг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай" 181\Ш32018\01138 дугаар шүүгчийн захирамж гарч Монголбанкыг шинжээчээр томилсон байдаг. Уг шүүгчийн захирамжид “...зээлийн гэрээний бодолт, эргэн төлөлтийн хүваариудыг Монгол банкны аргачлалаар зөв бодсон эсэх* гэж шүүхээс асуусан байхад шинжээчийн дүгнэлтэд "... шинжээчийн дүгнэлтийн хавсралтаас харна уу” гэж зөв бодсон эсэхэд дүгнэлт өгөлгүй зөвхөн бодолтыг харуулсан байдаг. Энэхүү бодолтыг хэргийн оролцогчид буюу мэргэжлийн бус хүн ойлгох боломжгүй. Мөн Монголбанкны 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-1а\834 тоот албан бичигт дурьдагдсан хүү бодох аргачилалыг ашигласан байх бөгөөд энэхүү шинжилгээнд ашигласан нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн шаардлага хангаагүй зохигчийн өөрөө буюу ХБ хуулбар үнэн гэсэн дардастай баримтанд үндэслэн гаргасан байдаг. Мөн захирамжид “...зээлийг дахин олгох шалтгаан байсан эсэх, ...зээлдэгчийн хүсэлт харгалзахгүйгээр хүү, алданги нэрийдлээр өмнөх зээлрүү татсан нь зөв эсэх” гэж асуусан байхад шинжээчийн дүгнэлтэд зээлийг дахин олгох шалтгаан байсан эсэхэд дүгнэлт өгөөгүй байх бөгөөд харин “Эрсдэлтэй зээлийн талаар хэрэгжүүлэх үйл ажиллагааны заавар”-ын дагуу нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээлийг төлүүлсэн байна гэжээ. Гэтэл шинжээчийн ашигласан баримт гэх “Эрсдэлтэй зээлийн талаар хэрэгжүүлэх үйл ажиллагааны заавар”-ыг баталсан тушаал нь гарын үсэг, тамгагүй, хавсралт заавар нь нотлох баримтын шаардлага мөн л хангаагүй байдаг. Шинжээч томилсон захирамжид “...зээлийг ямар үндэслэлээр, ямар аргачлалаар бодож хэдэн хувийн хүүтэйгээр бодсон болох” гэж шүүх асуусан бөгөөд шинжээч нь энэ талаар гаргасан дүгнэлтдээ ашигласан ХБны “Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам”, “Банкны хүү бодох аргачлал, хүү бодох шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам” зэрэг нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримтад тулгуурласан байна. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтэнд хавсаргасан шинжилгээнд ашигласан гэх санхүүгийн анхан шатны 100 гаруй хуудас баримтууд нь нэхэмжлэгч ХБ ХХК-ийн тамга эсхүл өөрийнх нь хуулбар үнэн тэмдэгтэй эсхүл хуулбар хувь баримтууд байх бөгөөд мөн хэрэгт байхгүй материалыг ашиглахдаа шүүхээр дамжуулан хэргийн оролцогчоос гаргуулалгүй, шинжээч нь шууд ХБнаас гаргуулан дүгнэлтдээ ашигласан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинжээчийн үйл ажиллагаанд тогтоосон хориглох заалтыг зөрчсөн байдаг. Мөн дээрх шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн хууль дээдлэх, хараат бус байх, шинжилгээг тал бүрээс нь, бүрэн бодитой хийх үндсэн зарчимд тулгуурлаж чадаагүй нь уг шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, үнэн зөв болох нь эргэлзээтэй байхад шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг шинжлэн судлаагүй буюу үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хэрэгт авагдаагүй баримтын тоо, тооцооллыг тусгасан байх тул хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            ХБ ХХК нь ИА ХХК болон  Б.А-, Д.Т- нараас зохигчийн хооронд байгуулагдсан 1050031259 дугаартай гэрээний зээлийн төлбөрт үндсэн төлбөр 168.968.551 төгрөг, хүү 24.528.513 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 265.599 төгрөг, нийт 193.762.662 төгрөг, 1050026165 дугаартай зээлийн төлбөрт зээлийн хүү 10.730.136,98 төгрөг, 1050026161 дугаартай зээлийн үндсэн төлбөр 12.408 ам.доллар, хүү 9.854,09 ам.доллар, нийт 22.262,09 ам.доллар буюу 54.676.806,14 төгрөг, нийт 259.169.605 гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан байна.

            Хариуцагч нар нэхэмжлэлд хариу тайлбар гаргахдаа анх ам.доллараар зээл олгосноос ханшийн өөрчлөлтөөс шалтгаалж зээлээ төлж чадахаа больсон, дарамт шахалтаас болж дахин зээл авахад хүрсэн, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний болон барьцааны хөрөнгийн хаягийг буруу бичсэн алдааг залруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсэн байна.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. ХБ ХХК, Б.А-, Д.Т- хооронд 2013.03.27-ны өдөр зээлийн гэрээ болон баталгаат ипотекийн гэрээ байгуулагдсан, эдгээр гэрээгээр хариуцагч нар 100.000 ам.долларыг, жилийн 15.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж, зээл, зээлийн хүүг тогтоосон хуваарийн дагуу төлөх, хугацаа хэтрүүлбэл дутуу гүйцэтгэсэн зээлийн үлдэгдлээс үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон, зээлийн үүргийг хангуулахаар хувийн сууц, дэлгүүрийн барилга, 553 м.кв болон 612 м.кв талбай бүхий 2 өмчлөлийн газар, автомашин тус тус барьцаалсан нь тогтоогдсон байна.

           Зохигч ам.долларын ханшийн өсөлттэй холбоотой үндсэн зээлийн төлөлтийг хойшлуулах, зээл төлөх хуваарьт өөрчлөлт оруулах, зээлийн гэрээний хугацааг сунгах зэргээр дээрх гэрээний нөхцлийг нийт 4 удаа өөрчилж нэмэлт гэрээ байгуулжээ.

            Зохигч 2015.10.26-ны өдөр 1050026165 дугаартай зээлийн гэрээ байгуулж Б.А-, Д.Т- нар нь 50.000.000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцож зээлсэн, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өмнөх барьцааг хэвээр байлгах, ИА ХХК нь батлан даалт гаргаж гэрээ байгуулсан нь хэргийн баримтад авагдсан байна.

            Эдгээр зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаархи шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 458 дугаар зүйлийн 458.1, 459 дүгээр зүйлийн 459.1, 460 дүгээр зүйлийн 460.2-т заасан шаардлагад нийцжээ.   

          Зээлдэгч нарын хүсэлтийн дагуу зохигч 2013.03.27-ны өдрийн ам.долларын зээлийн үлдэгдлийг төгрөгт шилжүүлж, 2015.10.26-ны өдрийн 50.000.000 төгрөгийн төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэлтэй нэгтгэж, 2016.11.02-ны өдөр 168.968.551.19 төгрөгийн зээлийг жилийн 16.5 хувийн хүүтэй болгож шинээр гэрээ байгуулсан бөгөөд нэхэмжлэлийн нэг шаардлага нь энэхүү гэрээний үүргийн биелэлт байна.

         Түүнчлэн дээрх гэрээг байгуулахдаа ХБ ХХК нь хариуцагч нар гэрээний хуваарийг зөрчөөгүй нөхцөлд 50.000.000 төгрөгийн зээлийн хуримтлагдсан хүү  10.730.136,98 төгрөгийг төлүүлж, харин ам.долларын зээлийн гэрээний хуримтлагдсан хүү 9.854.09 ам.долларын төлбөрөөс чөлөөлж, үндсэн зээлээс 12.408 ам.долларыг ЗТУБЭХ сангаас хаахаар шийдвэрлэсэн боловч зээлдэгч нар 2015.10.26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу төлбөрөө хугацаанд нь төлөөгүй байна.

        Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан болон тэдний хүсэлтээр шүүхээр бүрдүүлсэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсний үндсэн дээр хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж зээлийн үүргийн биелэлт шаардсан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн  байна.

           Үндсэн зээлийн үлдэх төлбөр, гэрээний хугацаанд болон хэтэрсэн хугацаанд төлбөл зохих зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаарх нэхэмжлэгчийн гаргасан болон шинжээчийн тооцооллыг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй тул энэ хэмжээнд шүүх дүгнэлт хийсэн нь хууль зөрчихгүй.

           2. Шүүх батлан даалтын гэрээний зохицуулалт болон 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2-т зааснаар батлан даагч ИА ХХК-г зээлийн үүргийг хамтран хариуцуулахаар шийдвэрлэжээ. Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй болох нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т заасан ба зээлийн эргэн төлөх хуваарийг өөрчилсөн, зарим зээлийн төлбөрөөс чөлөөлөх, өөр эх үүсвэрээс хаах, гэрээний хугацааг сунгаж удаа дараа боломж олгосон боловч зээлдэгч нар төлбөрөө төлөөгүй тул зээлийг батлан даагчаас шаардах эрх үүссэн гэж үзнэ. Иймд төлбөрийг зээлдэгч нар болон батлан даагчаас хамтад нь гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

         3. Барьцааны гэрээ хүчин төгөлдөр, нэхэмжлэгч барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан байх тул шүүх энэ шаардлагын хүрээнд хэрэв зээлдэгч нар үүргээ сайн дураар биелүүлээгүй бол хувийн сууц, дэлгүүрийн барилга, 2 өмчлөлийн газрыг худалдан борлуулж үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг зөрчихгүй байна. Харин барьцааны гэрээнд заасан хөдлөх хөрөнгө буюу Ланд круйзер маркийн автомашин байгааг зохигч шүүх хуралдаанд тайлбарласан боловч уг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй нь шүүх хуралдааны тэмдэглэлд бичигджээ.

         4. Анх төгрөгийн зээл хүсэхэд ам.долларын зээл өгсөн, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү эхэлж төлүүлсэн, дахин зээл олгож өмнөх зээлийг төлүүлж байснаас санхүүгийн хүндрэлд орсон гэж хариуцагчийн төлөөлөгч гомдолдоо дурджээ. Гэрээ нь хоёр талын хүсэл зоригийн илэрхийллээр хийгддэг, гэрээг байгуулах, өөрчлөх, дуусгавар болгохыг гэрээний талууд шийдвэрлэх тул зохигчийн удаа дараагийн тохиролцоог үгүйсгэх боломжгүй, эдгээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл тогтоогдоогүй байна.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нарын хүсэлтээр 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 181\Ш32018\01138 дугаар шүүгчийн захирамжаар Монгол банкыг шинжээчээр томилон, шүүхээс хэргийн баримтыг шинжээчид хүргүүлжээ. Шинжээч хэргийн баримтад авагдсан зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, нэмэлт гэрээнүүд, нэхэмжлэгчийн гаргасан зээлийн тооцоолол болон хариуцагч нарын зээл олгохыг хүссэн хүсэлт, ХБ ХХК-ийн зээл олгох тухай шийдвэрүүд болон тус банкнаас шинжээчид нэмж өгсөн хариуцагч нарын зээл төлсөн баримтууд, Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам, Банкны хүү бодох аргачлал, хүү бодох шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам зэргийг үндэслэн дүгнэлтээ гаргасан нь тогтоогджээ.

         Шинжээч ХБ ХХК-ийн зээл олгосон үйл ажиллагаа болон зээлийн гэрээний биелэлт шаардахдаа хийсэн тооцоолол нь энэ талаархи Монгол банк болон ХБ ХХК-ийн гаргасан журам, аргачлалыг зөрчөөгүй гэж үзжээ.

        Нөгөө талаар шинжээчийн ашигласан дээр дурдсан баримтаас ямар баримтыг хариуцагч нар шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болохгүй баримт гэж тухайлан заагаагүй  байна.

           Иймээс дээрх баримтад үндэслэн гаргасан шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй болно.

          Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т заасан гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг барьцаалахдаа насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг авах тухай зохицуулалт нь уг гишүүн тухайн хөрөнгийн хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдлыг зохицуулсан ба улсын бүртгэлийн гэрчилгээнд барьцаанд буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нар нь Б.А-, Д.Т- нар байна. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар улсын бүртгэл нь үнэн зөвд тооцогдох тул ХБ ХХК нь Б.А-, Д.Т- нартай барьцааны гэрээ байгуулсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй. Иймд эд хөрөнгийг барьцаалах зөвшөөрлийг гэр бүлийн насанд хүрээгүй гишүүдээс аваагүй гэх гомдол үндэслэлгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх магадлалдаа тодорхой заажээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 564 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Хариуцагч нар нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1.524.000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ