Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2016/0523

 

  “Н*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Д.Т*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 402 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Н*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, А*******т холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 402 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 902 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тус компанийн Төв аймгийн А*******, ******* сумдын нутаг дахь Хар толгой нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан ХА-0197001-001-NE /NE-026683/дугаартай өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Одончимэг давж заалдах гомдолдоо: “...“Н*******” ХХК нь Төв аймгийн А*******, ******* сумын нутаг Хар толгой нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч, Ашигт малтмалын газарт 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өргөдөл гаргасан. А******* өргөдлийг хүлээн авч, Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан анхан шатны шүүлтийг хийсэн.

Ийнхүү хуульд заасан шаардлага хангаж байгаа эсэхийг шалгаж үзэхэд “Н*******” ХХК-ийн гаргасан МЕ-026683 дугаартай өргөдлийн талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д заасан “дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түуний хил нь уртраг, өргөргийн дагуух давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн байх” шаардлагыг хангаагүй, тодруулбал, олон өнцөгт хэлбэртэй байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн”, мөн хуулийн 5.2-д “Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэж заасан байдаг.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-т зааснаар “геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх” бүрэн эрхийг Засгийн газарт олгосон бөгөөд уг эрхийн хүрээнд Засгийн газар 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлсэн.

 Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолд зааснаар, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тухай бүр нийтэд мэдээлэн, уг тогтоолд дурдсан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг хуулийн дагуу зохион байгуулахыг Уул уурхайн сайдад үүрэг болгосон.

Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмалын газрын чиг үүргийг Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх”, мөн хуулийн 11.1.25-д “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг солбицлоор тодорхойлох” гэж тус тус заасан.

А******* дээрх хуульд заасны дагуу “Н*******” ХХК-ийн өргөдлийн талбай нь Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор тогтоосон талбайд хамаарагдаж байгаа эсэхийг хянаж үзэхэд төрөөс тогтоосон хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайд багтаагүй байсан.

Анхан шатны шүүх 2016 оны 402 дугаар шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт, “...нэхэмжлэгчийн өргөдөл гаргасан дээрх талбай нь Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор тогтоосон талбайд ороогүй хэдий ч “Х*******” ХХК нь уг талбайд тусгай зөвшөөрөл эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байгаад 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа нь цуцлагдсан, талбайг хүлээлгэн өгсөн байхад дээрх үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь Ашигт малтмалын тухай хуулипн 53 дугаар зүйлийн 53.4-т “Тусгай зөвшөөрөл дуусгавар болоход түүнийг эзэмшиж байсан этгээд тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллагад буцааж өгөх бөгөөд уг талбайд энэ хуульд заасны дагуу тусгай зввшөөрөл шинээр олгож болно” гэж заасан хуулийн шаардлагыг зөрчсөн” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 53.4-т тусгай зөвшөөрөл дуусгавар болсон тохиолдолд уг талбайд шинээр тусгай зөвшөөрөл олгож болох тухай заасан нь ойлгомжтой зохицуулалт бөгөөд гагцхүү тусгай зөвшөөрлийг олгохдоо мөн хуулийн заалтад “...энэ хуульд заасны дагуу олгох...” гэж тодорхой заасан.

Гэтэл анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуульд тодорхойлсон нөхцөл, шаардлагуудыг үл харгалзан, тухайн талбайд шинээр тусгай зөвшөөрөл олгож болох тухай хуулийн зөвхөн 1 зүйлд байгаа өгүүлэмжийг дангаар хэрэглэх мэтээр дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.

Аливаа хууль тогтоомжийг хэрэглэхдээ тухайн хуульд байгаа зохицуулалтыг иж бүрэн, системтэй, харилцан уялдаатайгаар авч үзэх буюу хуулийг нэг мөр, зөв ойлгож хэрэгжүүлэх хууль зүйн зарчмыг анхан шатны шүүх үл хэрэгсэж, хуулийн зөвхөн нэг зүйлийн доторх “шинээр олгож болно” гэсэн хэсгийг хэргийг шийдвэрлэх үндсэн дүгнэлт болгосон нь учир дутагдалтай.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 402 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Н*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 902 дугаар шийдвэрээр “Н*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан хайгуулын талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д заасан “дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн байх” шаардлагыг хангаагүй, Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор солбицол тогтоож, нийтэд мэдээлсэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайд хамрагдаагүй гэсэн 2 үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.

Хариуцагч захиргааны байгууллагын дээрх шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1-д заасан “өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж…”, 53 дугаар зүйлийн 53.4-т “Тусгай зөвшөөрөл дуусгавар болоход түүнийг эзэмшиж байсан этгээд тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллагад буцааж өгөх бөгөөд уг талбайд энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл шинээр олгож болно” гэж заасантай нийцээгүй, хууль бус шийдвэр болжээ.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Энэ хуулийн 17.2.2, 17.2.3-т заасан давхцал гаргахгүйн тулд өргөдөлд дурдсан талбайн дараах газар нутаг, талбайтай хиллэж байгаа хэсэг нь шулуун шугам биш байж болно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн өргөдөлд дурдсан талбай нь тусгай хэрэгцээний газартай хиллэсний улмаас талбайн хойд хэсгийг шулуун шугамаар тодорхойлж чадаагүй байх тул нэхэмжлэгчийг дээрх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайд өмнө нь “Х*******” ХХК ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан боловч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй учир Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 299 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалж, дуусгавар болгосон байна.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоол гарч, ашигт малтмалын хайгуул хийх боломжтой талбайг тогтоохоос өмнө маргаан бүхий талбайд “Х*******” ХХК ашигт малтмалын хайгуул хийж байсан тул хариуцагч төрийн захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4-т “Тусгай зөвшөөрөл дуусгавар болоход ... уг талбайд энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл шинээр олгож болно” гэж заасны дагуу уг талбайг өргөдлөөр олгох боломжтой байна.

Дээрх байдлаар нэхэмжлэгч хуулийн этгээд нь Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасны дагуу төрийн захиргааны байгууллагад хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө гаргасан, нэхэмжлэгчийн өргөдөлд дурдсан талбайд ашигт малтмалын хайгуул хийж байсан “Х*******” ХХК-ийн тусгай зөвшөөрөл эрх бүхий этгээдийн шийдвэрээр дуусгавар болсон байх тул хариуцагчийн “...тухайн талбайд шинээр тусгай зөвшөөрөл олгож болох хуулийн 1 зүйл доторх өгүүлэмжийг дангаар нь хэрэглэх мэтээр дүгнэсэн...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 402 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.      

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                                        Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                        Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                        Б.ТУНГАЛАГСАЙХАН