Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2015/0306/З |
Дугаар | 221/МА2016/0159 |
Огноо | 2016-03-09 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2016/0159
2016 оны 3 сарын 09 өдөр | Дугаар 221/МА2016/0159 | Улаанбаатар хот |
Д.С-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч О.Номуулин, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Д.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Ж, М.Ц, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 928 дугаар шийдвэртэй, Д.С-н нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн өмчийн харилцааны газарт тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд: ...Д.С-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б би өөрийн эзэмшилд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжаар 372 м.кв газрыг аваад дараа нь охин Б.Б-д уг 372 м.кв газраа шилжүүлэхээр Нийслэлийн газрын албанд хүсэлт өгөхөд Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжаар 124 м.кв болгон багасгаж шилжүүлсэн байна. Үүнийг тухайн үедээ анзаараагүй өнгөрсөн байна. Дараа нь охин Б.Б-с 372 м.кв газар Д.С-д шилжүүлнэ гэж бодож байтал 124 м.кв газар шилжсэн гэж Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамж гарч 000515118 гэрчилгээ олгосон байна. Иргэн Д.С-н нэр дээр гарсан эзэмших 000515118 тоот эрхийн гэрчилгээг хараад Нийслэлийн Өмчийн харилцааны газар м.кв нь буруу байна гэж хандахад хэргийн газар очоод хэмжилтээ зөв хийгээд зохицуулах байтал өөрөөсөө зайлуулж 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Мэргэжлийн хяналтын газраар дүгнэлт гаргуулахаар бичиг хийж өгсөн гэж намайг явуулаад байна. Мэргэжлийн хяналтын газар нь өнөөдрийг хүртэл дүгнэлт гаргаж өгөлгүй намайг болон газар эзэмшигчийг чирэгдүүлж хохирооход хүрээд байна. Энэ нөхцөл байдал нь Нийслэлийн Өмчийн харилцааны газрын газар зохион байгуулагч нарын газрын хэмжилт буруу хийсэн, асуудалд бодитой хандаагүй буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой гэж үзэж байна. Учир нь Нийслэлийн Өмчийн харилцааны албаныхан өргөдлийг хүлээн аваад газрын кадастрын зураг буруу хийснээс Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжийн Б.Б-д олгох газрын хэмжээ 124 гэж буруу гарсан, Нийслэлийн Засаг даргын2014 оны А/947 дугаар захирамжийн Д.С-д холбогдох хэсэг 124 гэж буруу гарсан байна. 372 м.кв газрыг танаж хасаж С ХХК-д ашигтай байдал бий болгосон байна. Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Засаг даргын хууль зөрчсөн шийдвэрийн улмаас Д.С-н эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. Д.С нь маргаан бүхий газар 372 м.кв эзэмших ёстой юм.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжийн Б.Б-д газар олгосон хэсэгт, мөн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжийн Д.С-д газар олгосон хэсгийн газрын хэмжээнд өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж, Д.С-н эзэмших газрын хэмжээг 372 м.кв болгон тогтоож, маргаан бүхий газрын кадастрын зураглалыг өөрчилж 372 м.кв болгон өөрчлөхийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгах шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ...Тус шүүхээс 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Д.С-н нэхэмжлэлээр Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн. Энэ шүүхийн ажиллагаа явагдаж байх үед Нийслэлийн Өмчийн харилцааны газраас маргаан бүхий газарт дүгнэлт гаргуулахаар Мэргэжлийн хяналтын газарт уг газартай холбоотой баримт, материалыг хүргүүлсэн байдаг ба 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 02-04-126/512 тоот дүгнэлт гарсан байна. Мэргэжлийн хяналтын газраас уг дүгнэлтийг гаргахын тулд Геодези зураг зүйн үйлчилгээ үзүүлдэг тусгай зөвшөөрөлтэй "Х" ХХК-аар кадастрын зураглалыг шинээр гүйцэтгүүлсэн байна. Дээрх кадастрын зураглалаас харахад "С" ХХК-ийн эзэмшил газар иргэн Д.С-н эзэмшилд шилжсэн 372 м.кв газартай давхацсан байна.2011 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэн Д.Б нь өөрийн эзэмшил 1772 м.кв газраас С ХХК-д 1400 м.кв газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Гэрээ байгуулахаас өмнө С XXК нь кадастрын зураглал хийдэг "О" ХХК-аар 1772 м.кв газрыг 1400х372 -оор хуваасан кадастрын зураглал хийлгэж уг зураглалыг үндэслэн гэрээгээ байгуулсан юм. Энэхүү газрын хэмжээг талууд тогтоохдоо 2009-2010 онд баригдсан 2 давхар улаан тоосгон байшингаар баримжаалж уг байшингаас урагшаа 1400 м.кв газар нь С ХХК-ийн газар гэж, тоосгон улаан бор байшингаас хойших төмөр хашааны хаалга хүртэлх газар нь Д.Б-н эзэмшилд 372 м.кв үлдээхээр гэрээнд тохиролцож Нийслэлийн Өмчийн харилцааны газар мэдээллийн санд оруулсан. Мөн талууд хамт сууж байгаад дээрх хувийн тохиролцоогоо хийж тамга дарж, гарын үсэг зуран баталгаажуулсан. Газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон талуудын хүсэлт бусад холбогдох баримтыг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэргэжилтэн хүлээн авч мэдээллийн санд оруулан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 494 дүгээр захирамжаар бидний газрын эрхийг баталгаажуулсан. Бид хөрш зэргэлдээ үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Гэтэл С ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шөнө миний нэр дээр үлдсэн эзэмшил 372 м.кв газарт бүлэглэн дайрч орж ирэн уг газар дээр байсан арав гаруй сая төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг устгаж, эзэмшил газрыг зөвшөөрөлгүйгээр эзэгнэж өөрсдийн төмрийн лангуу, төмрөө байрлуулсан ба өнөөдрийг хүртэл үйл ажиллаагаагаа явуулж байна. Энэ талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газар гомдол гаргахад шийдэж чадахгүй Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраар дүгнэлт гаргуулахаар шилжүүлсэн. Өнөөдөр "С" ХХК нь Д.Б-н эзэмшилд үлдсэн 372 м.кв газар хүч түрэн орж үйл ажиллагаа явуулж байгаагаас үзэхэд "О" ХХК-аар 1772 м.кв газрын кадастрын зураглалыг санаатай буруу хийлгэж явцын дунд газрыг авна гэсэн төлөвлөгөөтэй байсан гэж үзэхээр байна. 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийхэд "С" ХХК Д.С-н эзэмшилд шилжих ёстой 372 м.кв газарт үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхой байсан. “С" ХХК нь "О" ХХК-аар хуурамч кадастрын зураглал хийлгэж 1772 м.кв газрыг буруу хуваалгасан гэж үзэхээр байна.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжийн "С" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, түүний үндэслэл: ...Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд иргэн Д.С-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-н нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжийн Б.Б-д газар олгосон хэсэг, нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжийн Д.С-д газар олгосон хэсгийн газрын хэмжээнд өөрчлөлт оруулахыг нийслэлийн Засаг даргад даалгах, мөн нийслэлийн өмчийн харилцааны газарт газрын кадастрын зураглалыг 372 м.кв болгон даалгах нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Анх нийслэлийн Засаг даргын 2008 оны 239 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газрыг иргэн Д.Б-д төмрийн захын зориулалтаар 1772 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн байна. Өөрийн эзэмшиж байсан газраа 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжаар "С" ХХК-нд 1400 м.кв талбай бүхий газрыг шилжүүлсэн ба үлдсэн 372 м.кв газрыг өөрийн нэр дээр болон хүү болох Б.Ц-н нэр дээр хамтран эзэмшсэн ба уг газар эзэмших эрхээ 2012 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн А/455 тоот захирамжаар өөрийн охин болох Б.Б-д 124 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг шилжүүлсэн, үлдсэн 248 м.кв газар эзэмших эрхээ 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлсэн ба иргэн Б.Б нь газар эзэмших эрхээ 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжаар иргэн Д.С-д газар эзэмших эрхийг шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбар, түүний үндэслэл: Д.С-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-н нэхэмжлэлтэй хэрэгт Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжийн "С" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Анх Нийслэлийн Засаг даргын 2008 оны 239 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газрыг иргэн Д.Б-д төмрийн захын зориулалтаар 1772 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Өөрийн эзэмшиж байсан газраас 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжаар "С" ХХК-д 1400 м.кв талбай бүхий газрыг шилжүүлсэн, үлдсэн 372 м.кв газрыг өөрийн нэр дээр болон хүү болох Б.Ц-н нэр дээр хамтран эзэмшсэн, уг газар эзэмших эрхээ 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 тоот захирамжаар өөрийн охин болох Б.Б-д 124 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг шилжүүлсэн, үлдсэн 248 м.кв газар эзэмших эрхээ 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг У.Баярсайханд шилжүүлсэн ба иргэн Б.Б нь 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжаар иргэн Д.С-д газар эзэмших эрхийг шилжүүлсэн ба холбогдох хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн. Иргэн Д.Б болон “С” ХХК-ийн хооронд байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Газрын албанд гаргаж байсан хүсэлтийн дагуу шийдвэрлэж гэрээ байгуулж гэрчилгээ олгосон байгаа тул Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нэмэлт шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. гэжээ.
Хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газрын хариу тайлбар, түүний үндэслэл: ...Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд иргэн Д.С-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-н нэхэмжлэлтэй Д.С-д газар олгосон хэсгийн газрын хэмжээнд өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт газрын кадастрын зураглалыг 372 м2 болгон даалгах нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Анх Нийслэлийн Засаг даргын 2008 оны 239 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газрыг иргэн Д.Б-д төмрийн захын зориулалтаар 1772 м2газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн байна. Өөрийн эзэмшиж байсан газраа 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжаар “С” ХХК-нд 1400 м2 талбай бүхий газрыг шилжүүлсэн ба үлдсэн 372 м2 газрыг өөрийн нэр дээр болон хүү болох Б.Ц-н нэр дээр хамтран эзэмшсэн ба уг газар эзэмших эрхээ 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 тоот захирамжаар өөрийн охин болох Б.Б-д 124 м2 талбай бүхий газар эзэмших эрхийг шилжүүлсэн, үлдсэн 248 м2 газар эзэмших эрхээ 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлсэн ба иргэн Б.Б нь газар эзэмших эрхээ 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжаар иргэн Д.С-д газар эзэмших эрхийг шилжүүлсэн өөрийн холбогдох хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. гэжээ.
Гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл: ...Манай “С” ХХК нь анх иргэн Д.Б-с Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус газрыг худалдаж авахаар харилцан тохиролцож 1400.19 м2 газрыг төмрийн захын зориулалтаар ашиглахаар 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хуулийн дагуу нотариат дээр байгуулсан бөгөөд энэхүү гэрээгээр 1400.19 м.кв газрыг шилжүүлэхээр тодорхой заасан. Ингээд мөн өдөр талууд тус газрыг шилжүүлэхтэй холбоотой хүсэлтээ Нийслэлийн газрын албанд гаргасан болно. Дээрх байдлыг үндэслэж Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжаар “С” ХХК-д Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт төмрийн захын зориулалтаар 5 жилийн хугацаатай 1400 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэр гаргасан байна. Шийдвэрийг үндэслэн ”С” ХХК-д Нийслэлийн газрын албанаас 8030/0071 дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хийж, 0231822 дугаартай аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдөр олгосон. Тэгэхээр манай “С” ХХК нь анхнаасаа хуулийн дагуу тус газрыг эзэмшсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 494 дүгээр тоот захирамж бол талуудын хүсэл зориг, хуульд заасан журмын дагуу хоорондоо хийсэн 1400 м.кв газрыг шилжүүлсэн эрх шилжүүлэх гэрээг үндэслэн гаргасан болохоор хууль зүйн хувьд хүчингүй болгох ямар ч үндэслэл байхгүй юм. "О" ХХК-ийн хийсэн кадастрын зураглал болон сүүлд Мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гаргахдаа хийлгэсэн "Х" ХХК-ийн хийсэн кадастрын зураглал хоорондоо давхцаж, зөрсөн зүйл огтхон ч байхгүй болно. гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 928 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.3, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.С-н нэхэмжлэлийн шаардлагаас Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжийн С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, газрын хэмжээг 372 м.кв болгон тогтоолгох, маргаан бүхий газрын кадастрын зураглалыг өөрчилж зөвтгүүлэхийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжийн Д.С-д холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, газрын хэмжээг 372 м.кв болгон тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
1. Иргэн Б-д Б-с 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 87,7 м.кв шилжүүлсэн гэрээ хэрэгт авагдсан байдаг. Гэтэл Нийслэлийн Өмч газрын харилцааны алба Баянзулын нэр дээр 124 м.кв газрыг хэрхэн яаж шилжсэн нь тодорхойгүй байх ба баримтаар нотлогддоггүй. Баримтаар нотлогдож байгаа зүйл бол Нийслэлийн өмч, газрын харилцааны газар ямар нэгэн баримтгүй Баянзулд 124 м.кв газар шилжүүлсэн хууль бус үйлдэл баримтаар хэрэгт авагдсан байдаг.
2. Б миний хүсэлтээр газрыг Б-д шилжүүлэхдээ 372 м.кв ч биш, 87,7 м.кв ч биш 124 м.кв гэж шийдвэрлэсэнтэй танилцаад 2012 оны 6 сард Нийслэлийн газрын албанд өргөдөл өгөхөд Нямдаваа гэгч залруулаад өгнө тантай маргах хэн байгаа юм бэ гээд л явуулаад байдаг байсан. Дараа нь Д.С-д шилжүүлэх асуудлаа мөн Нямдаваад хэлэхэд тэр хүн дээр чинь шилжүүлэх захирамж дээр залруулна гээд л чирэгдүүлээд байдаг байсан. Гэтэл Д.С-н нэр дээр газар шилжүүлэх шийдвэртээ 124 м.кв гэж гарч ирсэн үүнээс хойш Д.С бид нар нэгдээд удаа дараа холбогдох байгууллага албан тушаалтанд бидний хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчиж байгаад гомдол гаргаж байсан болно.
3. С ХХК-ийн эзэмшиж байгаа газар 1400 м.кв биш түүнээс их байгаагаас 372 м.кв газрын кадастрын зураг 124 м.кв болж гарсан байх магадлалтай мэргэжлийн байгууллагаар дахин газрын хэмжилт хийлгүүлж 2 өөр зураглал хэмжилтийн зөрүүг гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасныг шүүх зөвхөн кадастрын солбицлын цэгүүдийн байршил дээр дүгнэлт гаргуулаад харин бидний хүсэж байсан газрын нийт хэмжээ түүнээс С ХХК, Д.С нарын газрын нийт хэмжээ болон тус тусын газрын хэмжээ зэргээр дүгнэлт гаргуулаагүй нь ойлгомжгүй байна.
4. Д.С газар шилжүүлж авахдаа Баянзулын аав Бямбажав “С” ХХК-тай гэрээ хийгээд өөрөө 372 м.кв газар эзэмшихээр боллоо гэсэн ойлголтыг төрүүлсэн. Гэтэл гэрчилгээ 124 м.кв байсан учир Д.С 2014 оны 10 дугаар сарын 20-ны үед Нийслэлийн өмчийн харилцааны газарт өргөдөл гаргасныг хүлээн аваад 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх газар барилгажилтын зөвлөлийн хурлаар хэлэлцэж Эс зөвшөөрөв шийдвэр гаргасан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт Тухайн үед иргэн Б-н эзэмшилд үлдэж байгаа улаан тоосгон байшингийн арын хэсэг буюу 372 м.кв газрыг С ХХК-ийн эзэмшилд 1400 м.кв газарт хамааруулан буруу бүртгэсэн байх тул залруулж “С” ХХК-ийн газраас хасалт хийж, Д.С-д эзэмшүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан тул холбогдох дүгнэлтийг гаргуулахаар шилжүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд Д.С газрын маргааныг эрх бүхий байгууллагад хандан удаа дараа тавьж байсан. Өөрөөр хэлбэл, 372 м.кв газар биш 124 болчихлоо энэ нь миний хууль ёсны эрх ашгийг хөндөөд байна гэдгийг илэрхийлээд холбогдох байгууллага албан тушаалтанд шат шатанд нь хандсаар ирснийг нотолдог.
5. Шүүх газрын маргааныг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, хэрэгт авагдсан нотлох баримтыг бүх талаас нь шинжлэн судлаагүй. Маргаан бүхий газрын кадастрын зураглал бодит байдалтай нийцээгүй байхад маргаан бүхий талбайд газрын маргаан байхгүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийж Кадастрын байгууллагуудын зураглал нь зөрүүтэй байгааг анхаарч үзээгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл, маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг зөв шийдвэрлэсэн байна.
Анх иргэн Д.Б нь нийслэлийн Засаг даргын 2008 оны 239 дүгээр захирамжаар Баянгол дүүрэг, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт төмрийн захын зориулалтаар 1772 м.кв газар эзэмшиж байгаад өөрийн эзэмшил газраасаа 1400 м.кв газрыг нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжаар “С” ХХК-д шилжүүлсэн байх ба мөн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжаар өөрт үлдсэн 372 м.кв газраас өөрийн охин Б.Б-д 124 м.кв газрыг шилжүүлж, үлдэх 248 м.кв газрыг иргэн Б.Ц-тай хамтран эзэмшиж байгаад мөн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамжаар уг газраа иргэн У.Б, Б.Т нарт тус тус шилжүүлэн эзэмшүүлсэн байна.
Улмаар нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжаар иргэн Б.Б-н хүсэлтээр 124 м.кв газрыг иргэн Д.С т шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогджээ.
1.Нэхэмжлэгч Д.С аас “...С” ХХК нь Б-н эзэмшилд үлдсэн 372 м.кв газар хүч түрэн орж, үйл ажиллагаа явуулж байна” гэсэн үндэслэлээр нийслэлийн Засаг даргын 2011 оны 494 дүгээр захирамжийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Б.Баянзулаас 372 м.кв газрыг Сангажавт шилжүүлнэ гэж бодож байтал 124 м.кв шилжүүлсэн” гэсэн үндэслэлээр 2012 оны А/455 дугаар захирамжаар Б.Б-д 124 м.кв газар эзэмшүүлснийг 372 м.кв болгон тогтоолгож, кадастрын зураглалд өөрчлөлт оруулуулахаар тус тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байх ба анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэсэн нь зөв байна.
Учир нь иргэн Д.Б болон иргэн Б.Б нар өөрийн эзэмшил газартай холбоотойгоор газар эзэмших эрхээ зөрчигдсөн гэж үзвэл дээрх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохоос бус 2014 онд Б.Б-с 124 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан нэхэмжлэгч Д.С нь иргэн Д.Б-н газар эзэмших эрх зөрчигдөж байгаа гэсэн үндэслэлээр “С” ХХК-д 1400 м.кв эзэмшүүлсэн 2011 оны 494 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар, мөн 2012 оны А/455 дугаар захирамжаар Б.Б-д олгосон газрын хэмжээ 124 м.кв гэж буруу гарсан хэмээн кадастрын зураглалд өөрчлөлт оруулахаар бусдын өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй юм.
Өөрөөр хэлбэл иргэн Д.Б-н өмнөөс нэхэмжлэгч Д.С түүний эзэмшлийн 372 м.кв газарт “С” ХХК үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргах, мөн 2012 оны А/455 дугаар захирамжаар иргэн Б.Б-д 124 м.кв газар эзэмшүүлснийг дээрх үндэслэлээр Б.Б-н өмнөөс түүний газар эзэмшүүлсэн захирамжид өөрчлөлт оруулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд нийслэлийн Засаг даргын 2011 оны 494 дүгээр захирамж болон 2012 оны А/455 дугаар захирамжуудын холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдалгүй, нэхэмжлэгчид шууд хамааралтай гэж үзэх үндэслэлгүй байна.
Энэ талаар нэхэмжлэгч Д.С шүүх хуралдаанд уг захирамжууд өөрт хамааралгүй болохоо үгүйсгээгүй болно.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэлд дурдсан үйл баримт болон нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар төлөөлүүлэгчийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хамгаалан шүүхэд төлөөлөн оролцохоос бус өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлүүлэгчийн өмнөөс нэхэмжлэн шаардах боломжгүй бөгөөд шүүх зөвхөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч шийдвэрлэдгийг дурдах нь зүйтэй гэж үзэв.
2. “2014 оны А/947 дугаар захирамжийн Д.С т холбогдох хэсэг 124 м.кв гэж буруу гарсан. Д.С 372 м.кв газрыг эзэмших ёстой” хэмээн маргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тухайд:
Иргэн Б.Бямбажав өөрийн эзэмшлийн 372 м.кв газраас охин Б.Б-д 87.7 м.кв газрыг шилжүүлэхээр хүсэлт гаргасан боловч нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжаар Б.Б-д 124 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн болохыг дээр дурдсан бөгөөд энэ шийдвэрт хэн аль нь гомдол гаргаагүй, улмаар Б.Б өөрийн эцэг Д.Б-д итгэмжлэл өгснөөр өөрийн эзэмшлийн 124 м.кв газар эзэмших эрхийг нэхэмжлэгч Д.С т шилжүүлэхээр тохиролцож, Д.Б болон Д.С нар 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулж, уг гэрээнд газрын хэмжээг 124 м.кв гэж тусгасан байгаагаас үзэхэд тухайн үед нэхэмжлэгч Д.С шилжүүлэн авч байгаа газрын хэмжээг мэдээгүй байсан, надад 372 м.кв газар эзэмшүүлэх ёстой байсан” гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.
Иймд нийслэлийн Засаг даргын 2014 оны А/947 дугаар захирамжаар 124 м.кв газрыг Б.Б-с нэхэмжлэгч Д.С-д шилжүүлэн эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байх бөгөөд энэ захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 928 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ