Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 181

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Д.Буянтогтох нарын бүрэлдэхүүнтэйгээр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл

Улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяр

Иргэдийн төлөөлөгч Д.Гантулга,

Хохирогч Ч.Гантөгс

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0695/          

Шүүгдэгч Ж.Баасанжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жамбал овогтой Баасанжавд холбогдох эрүүгийн 201619000117 дугаартай хэргийг 2016 оны 04 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч Ж.Баасанжавын биеийн байцаалт

            Монгол улсын иргэн, 1965 оны 01 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ариутгагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг Усны аж ахуй 10-04 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Шарав овогт Жамбалын Баасанжав /РД:НЗ65011471/

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

            Шүүгдэгч Ж.Баасанжав нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 22-23 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын 5-р баг Усны аж ахуйн 10-04 тоотод иргэн Ц.Гантөгсийг үл ялих зүйлээр шалтаглан, хүч хэрэглэн заналхийлж, зэвсгийн чанартай зүйл буюу хутга хэрэглэн хөнгөн зэргийн гэмтэл учруулж, танхайн үйлдлээ зориуд удтал үргэлжлүүлэн, Ц.Гантөгсийн араас хөөж “Маргад” гэх дэлгүүрт очиж бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн заналхийж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, зэвсэг хэрэглэн танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.Баасанжав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 02 сарын 05-ны орой 09 цаг өнгөрч байхад манайд орж ирээд бид 1 шил архи хувааж уусан. Тэгээд тамхи байхгүй байна гэхээр нь жаазны араас би тамхи аваад Гантөгс рүү шидсэн чинь Гантөгс тамхи шидлээ нохойд юм өгч байгаа юм уу гээд бид 2 маргалдсан. Хийсэн хэрэгтээ харамсаж байна гэв.

 Хохирогч Ц.Гантөгс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 09 сарын 20-ны өдөр Ж.Баасанжавынд очиход Сэргэлэн гэх ах надтай зөрөөд гараад явсан. Тэгээд Ж.Баасанжав бид хоёр 0.75 граммын архи хувааж уучихаад дахин 0.33 граммын архи хувааж уусан. Би Ж.Баасанжав ахаас тамхи байна уу гэсэн чинь Ж.Баасанжав жаазны араас тамхи гаргаж ирээд над руу шидэхээр нь нохойд юм шидэж өгч байгаа юм уу гэсэн чинь гал тогоо руугаа ороод 2 хутга авч гарч ирсэн байсан. Би намайг хутгалах гэж байна гэж бодоогүй, гэр лүүгээ явах гээд гарсан чинь араас дагаад гараад ирсэн тэгээд надруу дайрахаар нь би өшиглөөд унагаасан. Тэгээд намайг ална гээд хөөгөөд байхаар нь би хашааны хаалгыг нь өшиглөөд гараад явсан. Тэгсэн чинь харин араас дагаад явж байсан байхаар нь би дэлгүүрт орсон. Миний зүүн гарын булчинд хутгалсан. Ж.Баасанжав дэлгүүрт ороогүй дэлгүүрийн худалдагч оруулаагүй цагдаа дуудахад цагдаа нар ирээд Ж.Баасанжавыг аваад явсан гэв.

Мөн Г.Чинзориг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Би тухайн өдөр Зуунмод суманд хэв журмын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 22 цагийн үед байх цагдаагийн жижүүрээс Усны Аж Ахуйн “Ундраа” дэлгүүрт хутгалуулсан хүн ирлээ гэсний дагуу очиход дэлгүүрийг нэг жижиг биетэй хүн хаалгыг нь нүдээд зогсож байсан. Бид нарыг очоод зогсоход айлын хашаа руу юм шидэх шиг болохоор нь шидсэн газар руу гэрэл тусгаж үзэхэд хар иштэй хутга байсан.  Тэгээд хутгыг нь гялгар уутанд боож аваад нөгөө хүнийг дэлгүүр рүү дагуулаад ороход нэг өндөр залуу дагуулж орсон хүнийг заагаад энэ хүн намайг хутгалчихлаа, хоёр хутгатай байсан гэж хэлсэн. Тэгээд тэр хоёрыг аваад эмнэлэгт хүргэж өгсөн. Тэнд байж байхад “Ундраа” дэлгүүрийн худалдагч утсаар яриад манай хашааны үүдэнд нэг хутга нь байна гэхээр нь очиж нэг хутгыг авсан. Тэгээд буцаж эмнэлэг очоод хэрэг бүртгэгч Булгантогтоход хутгалсан болон хутгалуулсан гэх хоёр хүнийг хүлээлгэн өгсөн. Дэлгүүрт байсан өндөр залуугийн зүүн гарын булчинд хутгалсан байсан. Шар өнгийн иштэй богино хутга байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/

 

Гэрч Ундраа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...Би Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг Усны аж ахуйн 14-01 тоот өөрийн эзэмшлийн 8 нэрийн дэлгүүр болох “Маргад” нэртэй дэлгүүрийг ажиллуулдаг юм. Намайг 2016 оны 02 дугаар сарын 05-ны орой ажил дээрээ сууж байхад 21-22 цагийн үед санагдаж байна зүс таних урд нь харж байсан /Гантөгс/ залуу орж ирээд “намайг хүн хутгалчихлаа, цагдаа дуудаад өг, надад утас алга болчихлоо гээд ороод ирсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудчихаад зогсож байсан чинь Цагаанаа гэдэг манай гэрийн урд талд амьдардаг ах орж ирээд хоёр гартаа хутга барьчихсан тэр цагдаа дуудуулсан залуу руу “ би чамайг нэг мөр ална” гээд дайраад байхаар нь нөгөө залуу нь манай дэлгүүр доторх баганыг тойрч зугтаж гүйгээд байсан. Би Цагаанаа ахыг таньдаг болохоор куртикнээс нь татаж бариад, түлхэж гаргаад хаалгаа дараад оруулахгүй байсан юм. Тэгээд удалгүй цагдаа ирээд Цагаанаа ахыг аваад явсан. Цагдаа ирэх үед Цагаанаа ах гартаа байсан 1 хутгыг манай хашаа руу давуулаад шидсэн байсныг би барьж аваад цагдаад өгсөн. Мөн нөгөө хутгаа дэлгүүрийн хаалганы ойролцоо хаясан байсныг цагдаа олж авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/

 

Гэрч А.Сэргэлэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Би 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр цагийг тодорхой санахгүй байна. 16-18 цагийн хооронд санагдаж байна. Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг УАА-н 10-04 тоотод найз Баасанжавын гэрт нь орж хоорондоо хөзөр тоглож байтал гаднаас Гантөгс ганцаараа орж ирсэн. Тухайн үед хэн нь авсан юм нэг шил архи ширээн дээр байж байсан. Тэгээд би гараад гэрлүүгээ явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-15 дугаар хуудас/

 

Эд мөрийн баримтанд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-15 дугаар хуудас/

 

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-17 дугаар хуудас/

 

 Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Дэлгэрхүүгийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №80 тоот дүгнэлтэндээ: Ц.Гантөгсийн биед баруун сарвууны 4 дүгээр хурууны ар хэсэг, 1 дүгээр хурууны уг сорви, зүүн бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Ц.Гантөгсийн биед учирсан гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна...” гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай хэлтсийн шинжилгээний хэлтсийн биологийн лабораторийн эрхлэгч, дэд хурандаа О.Болдбаатарын 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн №1811 тоот дүгнэлтэндээ: Шинжилгээнд ирүүлсэн хүрэн шаргал иштэй хутга дээр цус илэрсэн. Энэ нь А/II/ бүлгийн харъяалалтай хүний цус байна. Шинжилгээнд ирүүлсэн улаан лентээр ороосон иштэй хутга дээр цус илэрсэн. Бүлгийн харъяалалыг тогтоох боломжгүй. Ц.Гантөгс, Ж.Баасанжав нар нь АВО-н системээр А/II/  бүлгийн цустай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээч А.Владимирын 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №19 тоот дүгнэлтэнд: Хохирогч Ц.Гантөгсийн өмсөж явсан улаан өнгийн куртка, хар өнгийн жинсэн өмд, юүдэнтэй цэнхэр өнгийн ноосон цамц зэрэг хувцаснуудад зүсэгдэж цоорсон гэмтэл үүссэн байна. Уг зүсэгдэж цоорсон гэмтлүүд нь хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна...гэх дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Баасанжав нь 2016 оны 02 дугаар сарын 05-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг УАА-н 10-04 тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нийгмийн хэв журмыг зөрчин, зэвсэг хэрэглэн догшин авирлаж Ц.Гантөгсийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулан, танхайрсан гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн болох нь мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар үзлэг хийж хурааж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгө битүүмжлэх тогтоол, хохирогч Ц.Гантөгсийн мэдүүлэг, хохирогч Ц.Гантөгсийн иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт, гэрч Г.Чинзориг, Д.Энэбиш, М.Ундраа, А.Сэргэлэн нарын мэдүүлэг, шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 80 дугаартай дүгнэлт, шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 1811 дугаартай дүгнэлт, шинжээчийн 2016 оны 02 дугаар сары 27-ны өдрийн 19 дугаартай дүгнэлт, хувцсанд хийсэн үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ, Ж.Баасанжав мөрдөн байцаалтанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Ж.Баасанжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Баасанжавд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 24 см урттай хар өнгийн иштэй хутга, 19 см урттай шар өнгийн иштэй хутга 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч Ж.Баасанжав нь цагдан хоригдсон 6 хоногийг эдлэх ялд оруулан тооцох, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, Ж.Баасанжавын эзэмшлийн будаа агшаагч 1 ширхэг, цахилгаан тогоо 1 ширхэг эд зүйлсийг 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

  • рүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Шарав овогт Жамбалын Баасанжавыг зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Баасанжавыг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

           

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ж.Баасанжавд оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

           

4. Ялтан Ж.Баасанжавд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж ял эдлэх хугацааг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсгүүдэд зааснаар ялтан Ж.Баасанжавын урьдчилан цагдан хоригдсон 6 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Ж.Баасанжавын эзэмшлийн будаа агшаагч 1 ширхэг, цахилгаан тогоо 1 ширхэг эд зүйлсийг 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.

 

7. Ялтан Ж.Баасанжав нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 24 см урттай хар өнгийн иштэй хутга, 19 см урттай шар өнгийн иштэй хутга 2 ширхэгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Ж.Баасанжавд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ц.ОТГОНЖАРГАЛ

 

                                          ШҮҮГЧИД                                    Ю.ЭНХМАА 

 

                                                                                                Д.БУЯНТОГТОХ