Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2020/00101

 

УБСК ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/00445 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 617 дугаар магадлалтай,

УБСК ХХК-ийн нэхэмжлэлтэй,

ДЭУ ХЗХ-д холбогдох

Гэрээний үүрэгт 3.292.790 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч УБСК ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ДЭУ ХЗХ-той карт борлуулах, цэнэглэх үйлчилгээ үзүүлэх 02/295 тоот гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр ДЭУ ХЗХ нь өөрийн карт борлуулах, цэнэглэх цэгүүдээрээ дамжуулан U-money цахим картыг борлуулах, цэнэглэх үйлчилгээг үзүүлэхээр, УБСК ХХК нь карт борлуулсны хөлс, карт цэнэглэх үйлчилгээ үзүүлсний шимтгэлийг төлөхөөр тохирсон байна. Энэхүү гэрээгээр гэрээт борлуулагч нь борлогдсон картын төлбөрийг 7 хоног бүрийн Лхагва, Баасан гаригуудад шилжүүлж байх, өөрийн цэгүүдийн өмнөөс энэхүү гэрээнд заагдсан бүхий л үүрэг хариуцлагыг УБСК ХХК-ийн өмнө бүрэн хариуцах, гэрээнд заагдсан нөхцөл, шаардлагыг өөрийн цэгүүдэд шаардаж, хэрэгжүүлэх, гэрээтэй холбоотой аливаа асуудал үүсвэл зөвхөн гэрээт борлуулагчтай хариуцлагыг тооцох, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирлыг бүрэн хариуцах зэрэг үүргийг хүлээж гэрээ байгуулсан. Гэвч гэрээний дагуу нийт 3 900 ширхэг буюу 12.480.000 төгрөгийн карт авсан ба өнөөдрийг хүртэл дээрх төлбөрөөс 9.187.210 төгрөгийг төлж 3.292.790 төгрөгийг төлөөгүй байна. Иймд ДЭУ ХЗХ-ноос цахим картын үлдэгдэл төлбөр болох 3.292.790 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ДЭУ ХЗХ-ны шүүхэд гаргасан тайлбарт: ...УБСК ХХК нь 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ДЭУ ХЗХ-оор дамжуулан, Баянзүрх дүүргийн ХЗХ-дод автобусны карт борлуулах гэрээ байгуулж, нэг бүрийн үнэ нь 3.200 төгрөгний 3.300 /энгийн карт 2 750 ширхэг, хүүхдийн карт 5 50/ 10.560.000 төгрөгний картыг хүлээлгэн өгсөн. Манай хоршоо нь 2015 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн нэр бүхий 10 ХЗХ-той гэрээ байгуулж, смарт картыг борлуулахаар өгсөн. ХЗХ-дууд гэрээгээр үүргээ биелүүлээгүйгээс болж, УБСК ХХК нь 3.292.790 төгрөгийг нэхэмжилжээ. С.Сарангоо нэхэмжлэлд хавсаргасан 1.920.000 төгрөгний баримтад гарын үсэг зураагүй, ХЗХ-ны тамга тэмдэг байхгүй учраас хариуцлагыг хүлээхгүй. УБСК ХХК, иргэн Б.Байган нарын хоорондын асуудал байна. Ирээдүйн саятан ХЗХ-ны гүйцэтгэх захирал Б.Дөлгөөнжаргал 180 ширхэг картын төлбөр 576.000 төгрөгийг Смарт ХХК-ийн дансанд төлсөн гэдэг ба уг гүйцэтгэх захирал нь Солонгос улсад ажиллаж байгаа ба 2019 оны 01 дүгээр сарын 01-нд гэхэд Монгол улсад ирнэ гэсэн тайлбар өглөө. Иргэн Ц.Сарантуяа 193 картын 617.600 төгрөг төлөөгүй байна гэжээ. Гэрээ хэрэгжих явцад үлдэгдэл 3.292.790 төгрөг байснаас манай хоршооны гишүүн Б.Байган 1.920.000 төгрөг мөн гишүүн Ц.Сарантуяа нь 617.600 төгрөгний мөнгөний картыг өгсөн. Үлдэгдэл 755.190 мөнгөний картыг Ирээдүй саятан ХЗХ өгсөн. Тэд үүнийг барагдуулна гэсэн. Иймд 755.190 төгрөгийг барагдуулна. Энэ мөнгөн дотор өмнөх авсан карт орсон. Харин Б.Байган, Ц.Сарантуяа нарт холбогдох тооцоог би хариуцахгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/00445 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Дарь эх ундарга хоёр ХЗХ-ноос 1 372 790 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч УБСК ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 920 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67 635 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 36 914,64 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 617 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/00445 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 670 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Алтанзул хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар “зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний харилцаа үүссэн гэж хуулийн заалтыг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн. Талуудын хооронд 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан 02/295 дугаар бүхий “Карт борлуулах, цэнэглэх үйлчилгээ үзүүлэх гэрээ” нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулахгүй. Шүүхийн шийдвэр, магадпалд зааснаар тус гэрээний 5.1.2-т заасан “лхагва, баасан” гаригуудад борлогдсон картын үнийг төлнө гэж зааснаар зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй юм. Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээгээр нийлүүлэх картын үнэ нэмэгдээгүй, хүү тооцоогүй. Мөн “УБСК” ХХК-аас нийлүүлэх картыг хариуцагч Дарь эх ундарга хоёр ХЗХ нь өөрөө худалдан аваагүй, харин түүний нэрийн өмнөөс буюу гэрээний 1.1-д зааснаар “тус компаниас нийлүүлсэн U mоnеу цахим картыг өөрийн гишүүн ХЗХ-оор /гэрээт цэгүүдээр/ тогтоосон үнийн дагуу U mоnеу-г төлөөлж борлуулах, мөн гэрээний 9.1, 9.2-т зааснаар карт борлуулах, цэнэглэх үйлчилгээг явуулахдаа “УБСК” ХХК-ийн U mоnеу лого карт борлуулах цэнэглэх үйлчилгээ үзүүлсэний хөлс, шимтгэл төлөх зэрэг харилцааг тус тус зохицуулахаар тохиролцсон бөгөөд энэ нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлд заасан даалгаврын гэрээ талуудын хооронд байгуулагдсан гэж үзэж байна. Хариуцагч Дарь эх ундарга хоёр ХЗХ нь тус компаниас авсан картуудаа өөрийн гишүүн ХЗХ-дод өгсөн бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй төлбөрийг тэдгээр ХЗХ-ууд төлөх ёстой гэж маргаж, үүнийг нотлуулахаар өөрийн ХЗХ-ны гишүүн Байганг гэрчээр асуулгах хүсэлтийг гаргасан. Шүүх энэхүү хүсэлтийг хангаж гэрчээр Байганг асуусан байдаг. Гэвч Иргэний хуульд заасан даалгаврын гэрээний зохицуулалтаар даалгавар гүйцэтгэгч нь даалгаврыг өөр этгээдэд шилжүүлж гүйцэтгүүлэх бол түүний талаарх мэдээллийг даалгавар өгөгчид мэдэгдэх үүрэгтэй, ийнхүү мэдэгдээгүй бол Иргэний хуулийн 404 дүгээр зүйлийн 404.3 болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.2-т зааснаар гэрээт борлуулагч буюу Дарь эх ундарга хоёр ХЗХ нь өөрийн цэгүүдийн өмнөөс энэхүү гэрээнд заасан бүхий л үүрэг хариуцлагыг УБСК ХХК-ийн өмнө бүрэн хариуцах үүрэгтэй билээ. Гэвч шүүх хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй Байганг гэрчээр дуудаж асуусан боловч түүний мэдүүлэг болон нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, гаргаж өгсөн нотлох баримтыг бүх талаас нь бодитойгоор үнэлж дүгнэж чадаагүй. Дарь эх ундарга хоёр ХЗХ-нд нийт 3900 ширхэг карт өгсөн, үүний 3300 ширхэгийг Дарь эх ундарга хоёр ХЗХ-ны захирал С.Сарангоо өөрийн биеэр гарын үсэг зурж хүлээж авсан, жарин 600 ширхэг картыг хариуцагч ХЗХ-ны гишүүн Б.Байган нь тухайн өдөр өөрийн биеэр төлбөрөө төлж гарын үсэг зурж авсан, хэдийгээр төлбөрөө төлж авсан боловч УБСК ХХК-тай гэрээ байгуулаагүй байсан, мөн карт авахдаа Дарь эх ундарга хоёр ХЗХ-оос гэж хэлж авсаныг үндэслэн хариуцагч ХЗХ-ны нэр дээр санхүүгийн баримт үйлдэгдсэн. Иймд хэдийгээр дээрх 600 ширхэг картын төлбөр төлөгдсөн ч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тухайн үеийн баримтанд үндэслэн нийт 3900 ширхэг карт өгсөнөөр нэхэмжпэл гаргасан. Улмаар картын төлөгдөөгүй үлдэгдэл төлбөрийг тооцохдоо дээрх 600 ширхэг картын 1.920.000 төгрөг төлөгдсөнийг нийт төлөгдсөн төлбөрт оруулан тооцож, шүүхэд төлөгдсөн гэж мэдүүлсэн 9.187.210 төгрөгт /Б.Байганы төлсөн 1.920.000 төгрөг/ төлөгдсөнөөр оруулж, энэ талаарх баримтыг гаргаж өгсөн. Иймд Б.Байганы авсан 600 ширхэг карт, түүний төлөгдсөн төлбөр 1.920.000 төгрөгийг хасаж тооцсон ч нэхэмжлэгчийн нэхэмжлэх мөнгөн дүнд өөрчлөлт орохгүй гэж нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд тайлбарласан. Харин хариуцагч нь 3300 ширхэг карт авсан гэж, энэхүү авсан 3300 ширхэг картнаасаа 600 ширхэг картыг Б.Байганд өгсөн гэж, улмаар төлөгдсөн гэх 1.920.000 төгрөгийг өөрийн авсан 3300 ширхэг картын төлбөрөөс хасуулах талаар тайлбар гаргаж үүнийг нотлуулахаар гэрчээр Б.Байганыг асуулгах хүсэлт гаргасан. Хариуцагчийн энэхүү хүсэлтийг хангаж шүүх гэрчээр Б.Байганыг шүүх хуралдаан дээр асуусан бөгөөд гэрч нь хариуцагчийн 3300 ширхэг картнаас карт аваагүй УБСК-аас Дарь эх ундарга хоёр ХЗХ-оос хэмээн хэлж гарын үсэг зуран 1.920.000 төгрөгийг төлж 600 ширхэг картыг авсан гэдгээ мэдүүлсэн юм. Иймд шүүх эдгээр нотлох баримтыг үндэслэж шийдвэр гаргахаар бол хариуцагчийн авсан 3300 ширхэг карт, түүний төлөх ёстой төлбөр 10.560.000 төгрөг, түүнээс төлөгдсөн нь “хариуцагч өөрөө дээрх төлбөрөөс хэдийг төлсөн гэдгээ төлбөрийн нотлох баримтаа гаргаж ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн төлөгдсөн гэж мэдүүлсэн 9.187.210 төгрөгөөс Б.Байганы төлсөн 600 ширхэг картны үнэ 1.920.000 төгрөгийг хасаж ёстой байсан. Ингээд улмаар хариуцагч нь үлдэгдэл /10.560.000-7.267.210=3.292.790/ төгрөгийг гэрээний үүргийн дагуу нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй юм. Энэ нь нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн санхүүгийн баримт, харилцагч банкны хуулга, төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр өгсөн тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдоно. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

УБСК ХХК, ДЭУ ХЗХ-д холбогдуулан гэрээний үүрэгт 3.292.790 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч “755.190 төгрөг төлнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй” гэж маргасан байна.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж, гэрээний үүрэгт хариуцагчаас 1.372.790 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүх гэрээний төрлийг зөв тодорхойлоогүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу үнэлж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан” гэх гомдол үндэслэлтэй байна.

1. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь алдаатай Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Зохигчийн хооронд 2015.08.03-ны өдөр 02/295 тоот “карт борлуулах, цэнэглэх үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулагдсан бөгөөд зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр гэрээний зүйл болсон хөрөнгийг худалдагч худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг, худалдан авагч хүлээн авсан хөрөнгийн үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ ийм шинжгүй байна.

2. Гэрээний нийтлэг үндэслэл, гэрээгээр хүлээсэн талуудын эрх, үүрэг хариуцлагыг тодорхойлсон зохицуулалтаас үзвэл уг гэрээ Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан даалгаврын гэрээний шинжийг агуулжээ.

Даалгаварын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг хүлээнэ. Даалгавар гүйцэтгэгч нь даалгаврыг даалгавар өгөгчийн зааврын дагуу гүйцэтгэх үүрэгтэй.

Тухайлбал, зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний зорилгыг, Umoney-с нийлүүлсэн цахим картыг гэрээт борлуулагч нь өөрийн цэгүүдээр тогтоосон үнийн дагуу Umoney-г төлөөлж борлуулах, Umoney-гийн  дансанд төлбөрөө урьдчилан хийсний үндсэн дээр Umoney-с олгосон электрон мөнгөн хэлбэрийг Umoney-г төлөөлж үйлчлүүлэгчийн цахим картад төлбөртэйгээр цэнэглэх болон үүнтэй холбоотой U-money болон гэрээт борлуулагчийн хооронд үүсэх аливаа харилцааг зохицуулна гэж заасан байна.

Гэрээний холбогдох зохицуулалтаас үзвэл, гэрээт борлуулагч нь гэрээнд заасан нөхцлийн дагуу шаардлага хангасан цэгүүдэд, тухайн цэгийн дотор, гадна талд Umoney-н барааны тэмдгийг ил тод харагдахуйцаар байрлуулж, өглөөний 08 цагаас оройны 18 цаг хүртэл ажиллаж, карт цэнэглэх үйлчилгээг нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс явуулж, картыг дээд тал нь 3.600 төгрөгөөр борлуулж, тооцоог 3.200 төгрөгөөр хийж, зөрүү мөнгийг хөлс болгон авахаас гадна борлуулалтын хэмжээнээс хамаарч шимтгэлийг хөлс болгон авахаар, компани гэрээт борлуулагчийн ажил үйлчилгээтэй холбоотой шаардлагатай мэдээлэл, зааврыг гэрээт борлуулагчид өгөх, хяналт тавих, шаардлага гаргах, тайлан гаргуулах, тохиролцсон нь тогтоогджээ.

3. Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа “3900 ширхэг картын үнэ 12.480.000 төгрөгөөс төлөгдсөн 9.187.210 төгрөгийг хасч, 3.292.790 төгрөг гаргуулах” шаардлага гаргасныг хариуцагч 3.300 ширхэг карт хүлээн авсан гэж маргасан ба хоёр шатны шүүх  хариуцагч ДЭУ ХЗХ-ны нэр дээр Б.Байганы 1.920.000 төгрөг төлж, 600 ширхэг карт авсныг  оруулж тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүйг зөв дүгнэсэн байна. Гэсэн хэдий ч шүүх  хариуцагч хүлээн авсан 3.300 ширхэг картын үнэд 10.560.000 төгрөг төлөх үүрэг хүлээснээс 7.267.210 төгрөг төлснийг анхаараагүй, Б.Байганы төлсөн 1.920.000 төгрөгийг хариуцагчийн төлсөн дүнд оруулж, нийт 9.187.210 төгрөг төлсөн гэж зөрүү 1.372.790 төгрөг гаргуулсан нь хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 617 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/00445 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д зааснаар ДЭУ ХЗХ-с 3.292.790 /гурван сая хоёр зуун ерэн хоёр мянга долоон зуун ерэн/ төгрөг гаргуулж, УБСК ХХК-д олгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтад “36.914.64 төгрөг” гэснийг “67.635 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 45.670 төгрөг төлснийг  шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ