Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 445

 

           

 

 

 

 

                            2019 оны 02 сарын 01 өдөр

 Дугаар  101/ШШ2019/00445

 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: У ХХК

 

Хариуцагч: Д ХХК холбогдох

 

гэрээний үүрэгт 3,292,790 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “У” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр нэг талаас “У” ХХК, түүнийг төлөөлж үйл ажиллагаа хариуцсан хэлтсийн дарга Р., нөгөө талаас “Д” ХЗХ, түүнийг төлөөлж С.С нар Карт борлуулах, цэнэглэх үйлчилгээ үзүүлэх 02/295 тоот гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр "Д” ХЗХ /цаашид “Гэрээт борлуулалагч” гэх/ нь өөрийн карт борлуулах, цэнэглэх цэгүүдээрээ дамжуулан U-money цахим картыг борлуулах, цэнэглэх үйлчилгээг үзүүлэхээр, “У" ХХК нь карт борлуулсны хөлс, карт цэнэглэх үйлчилгээ үзүүлсний шимтгэлийг төлөхөөр тохирсон байна. Энэхүү гэрээгээр Гэрээт борлуулагч нь борлогдсон картын төлбөрийг 7 хоног бүрийн Лхагва, Баасан гаригуудад шилжүүлж байх, өөрийн цэгүүдийн өмнөөс энэхүү Гэрээнд заагдсан бүхий л үүрэг хариуцлагыг “У”-ийн өмнө бүрэн хариуцах, гэрээнд заагдсан нөхцөл, шаардлагыг өөрийн цэгүүдэд шаардаж,   хэрэгжүүлэх, гэрээтэй холбоотой аливаа асуудал үүсвэл зөвхөн Гэрээт борлуулагчтай хариуцлагыг тооцох, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирлыг бүрэн хариуцах зэрэг үүргийг хүлээж гэрээ байгуулсан. Гэвч гэрээний дагуу “Д” ХЗХ нь нийт 3900 ширхэг буюу 12 480 000 төгрөгийн карт авсан ба өнөөдрийг хүртэл дээрх төлбөрөөс 9 187 210 төгрөгийг төлж 3 292 790 төгрөгийг төлөөгүй байна. Иймд “Д” ХЗХ-с цахим картын үлдэгдэл төлбөр болох 3,292,790 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

          Хариуцагч “Д” ХЗХ нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Д” ХЗХ нь 2015 оны 01 сарын 21-ны өдөр ХЗХ ажиллуулах тусгай зөвшөөрөлөө авч үйл ажиллагаагаа явуулаж байна. 2015 оны 08 сард тухайн үеийн Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Б, У ХХК-ны үйл ажиллагаа хариуцсан хэлтсийн дарга Р.Г нар нь Баянзүрх дүүргийн ХЗХ-ны удирдлагуудтай уулзаж, У борлуулах санал тавьсан. У ХХК нь 2015 оны 08 сарын 03-ны өдөр “Д” ХЗХ-оор дамжуулан, Баянзүрх дүүргийн ХЗХ-дод автобусны карт борлуулах гэрээ байгуулж, нэг бүрийн үнэ нь 3200 төгрөгний 3300 /энгийн карт 2750 ширхэг, хүүхдийн карт 550 / 10,560,000 төгрөгний картыг хүлээлгэн өгсөн. Манай хоршоо нь 2015 оны 08 сард Баянзүрх дүүргийн нэр бүхий 10 ХЗХ-той гэрээ байгуулж, Смарт картыг борлуулахаар өгсөн. ХЗХ-дууд гэрээгээр үүргээ биелүүлээгүйгээс болж, У ХХК  нь 3,292,790 төгрөгийг Д ХЗХ-оос нэхэмжилжээ. С.С миний бие /Нэхэмжилэлд хавсаргасан 1920,000 төгрөгний баримтад гарын үсэг зураагүй, ХЗХ-ны тамга тэмдэг байхгүй учраас хариуцлагыг хүлээхгүй. У ХХК, иргэн Б.Б нарын хоорондын асуудал байна. Ирээдүйн саятан ХЗХ-ны гүйцэтгэх захирал Б.Д 180 ширхэг картын төлбөр 576,000 төгрөгийг Смарт ххк-н дансанд төлсөн гэдэг ба уг гүйцэтгэх захирал нь Солонгос улсад ажиллаж байгаа ба ирэх 2019 оны 01 сарын 1-нд гэхэд Монгол улсад ирнэ гэсэн тайлбар өглөө. Иргэн Цаян овогтой Сарантуяа 193 картын 617,600 төгрөг төлөөгүй байна гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015.8.3-нд гэрээ байгуулсан. Гэрээний дагуу хариуцагч 3900 карт авсан. 1 бүр нь 3600 төгрөгөөр борлуулж нэг картаас 400 төгрөг авах байсан. 9 187 210 төлсөн ба үлдэгдэл 3 292 790 төгрөг төлөөгүй байна. Иймд хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагчийн төлөөлөгч С.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчтэй хийсэн гэрээг НЗД орлогч Буяндалай гэж хүн дуудаж хийлгэсэн. Очиход нэхэмжлэгчийг нийслэлийн хөтөлбөр гээд гэрээ хийчих гэж хүсэлт тавьсан. Дүүрэг дүүргээр нь гэрээ хийнэ гэсэн. Би ойлгохдоо бусад хоршоодтой дамжуулан гэрээ хийнэ гэж ойлгосон. Би өгсөн мөнгөөр нь бусад хүмүүст өгсөн. Гэрээний загварыг нэхэмжлэгч мэйлээр явуулсан. Гэрээ хэрэгжих явцад үлдэгдэл 3 292 790 төгрөг байснаас манай хоршооны гишүүн Байган 1 920 000, мөн гишүүн Сарантуяа нь 617 600 төгрөгний мөнгөний картыг өгсөн. Үлдэгдэл 755 190 мөнгөний картыг Ирээдүй саятан ХЗХ өгсөн. Тэд үүнийг барагдуулна гэсэн. Ажлын байр, захирал нь солигдож байгаатай холбоотой удааширч байна. Иймд 755 190 төгрөгийг би барагдуулна. Энэ мөнгөн дотор өмнөх авсан карт орсон байна лээ. Харин Байган Сарантуяа нарт холбогдох тооцоог би хариуцахгүй гэв.

 

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт 3,292,790 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 755,190 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсэг нь бусдад дамжуулан өгсөн тул төлөхгүй гэж маргаж байна.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Зохигчид 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр карт борлуулах, цэнэглэх үйлчилгээ үзүүлэх гэсэн нэртэй гэрээ байгуулсан байна. Гэрээний агуулга болон гэрээний 5.1.2-т долоо хоног бүрийн лхагва, баасан гаригуудад борлогдсон картын үнийг төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.2-т нийцэж байх тул зохигчид зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна.

 

            Мөн нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.4-т нийцэхгүй байх боловч шүүх хуралдаанд хуулийн энэхүү заалтад нийцсэн итгэмжлэлийг ирүүлсэн. Уг итгэмжлэл нь “Д” ХЗХ-д холбогдох 3,292,790 төгрөг гаргуулах хэрэгт гэж заасан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжсэн, агуулгыг хожим зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

 

            Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 5.1.4-т картыг 3,600 төгрөгөөр худалдаж, 400 төгрөгийг карт худалдсаны хөлсөнд авахаар зохицуулжээ. Иймд нэхэмжлэгч нь өөрийн картыг нэг бүрийг нь 3,200 төгрөгөөр худалдсан байна.

 

            Нэхэмжлэгч нь 3,900 ширхэг карт өгсөн гэж, хариуцагч нь 3,300 ширхэг карт авсан гэж шүүхэд тайлбар гаргасан. Гэвч 3,300 ширхэг карт худалдсан болох нь зарлагын падаан /хэргийн 24 дүгээр тал/, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна. Харин үлдэх 600 ширхэг картын хувьд хэргийн 23 дугаар талд байгаа баримтад хэдийгээр “Д” ХЗХ гэж бичигдсэн байх боловч хүлээн авсан гэдэгт хариуцагчийг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй байна. Мөн энэхүү 600 ширхэг картыг гэрч Б.Б худалдаж авсан болох нь түүний “би өөрөө У ХХК дээр очоод дансаар мөнгөө шилжүүлээд 600 ширхэг карт авсан, баримтад зурагдсан гарын үсэг миний гарын үсэг мөн” гэх тайлбар, хэргийн 46 дугаар талын ард байгаа нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банк дахь дансны хуулганд 1,920,000, Б.Б картны мөнгө гэх бичилт, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд “Б нь тусдаа мөнгөө төлөөд карт авсан” гэх тайлбар, “3,300 ширхэг карт авсанаа зөвшөөрч байна уу” гэх асуултаар тус тус тогтоогдсон. Эдгээрээс хариуцагч нь 3,300 ширхэг картны төлбөрт 10,560,000 төгрөг төлөх үүрэгтэй. Хэдийгээр хариуцагч нь төлбөр төлсөн баримт шүүхэд ирүүлээгүй боловч нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийн 9,187,210 төгрөг төлөгдсөн гэх тайлбарыг үгүйсгэж, маргаагүй. Иймд хариуцагч нь 1,372,790 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

            Хариуцагч нь эдгээр картыг гэрч Б.Б болон бусад этгээдүүдэд өгсөн гэж тайлбарласан боловч өөрийн тайлбарыг нотлоогүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд гэрч Б.Б нь хариуцагчаас карт аваагүй гэж тайлбарласан. Түүнчлэн бодит байдал дээр хариуцагч нь бусад этгээдүүдэд нэхэмжлэгчээс авсан картыг заруулахаар өгсөн байсан хэдий ч энэхүү нөхцөл байдал нь хариуцагчийг өөрийн авсан картын төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

            Дээрх үндэслэлээр хариуцагчаас 1,372,790 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,920,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч “Д” ХЗХ-с 1,372,790 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “У” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,920,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67,635 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 36,914.64 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД