Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 39

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Б, Ч.П, Б.Д, Ц.Ц нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Б, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                            Б.Батсайхан

            Яллагдагч нарын өмгөөлөгч            Н.Энхжаргал, М.Алтанчимэг

            Хохирогчийн өмгөөлөгч                   Ц.Бат-Эрдэнэ

            Нарийн бичгийн дарга                      Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 657 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн, Л.Б, Ч.П, Б.Д, Ц.Ц нарт холбогдох 1712002630028 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ,,, оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй ам бүл 5, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, З овогт Лгийн Б

 

Монгол Улсын иргэн, ,, оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 5, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Х овогт Цийн Ц

 

Монгол Улсын иргэн, ,, оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, М овогт Чы П

 

Монгол Улсын иргэн, ,,, оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Ш овогт Бгийн Д

 

Л.Б, Ц.Ц, Ч.П нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Хуучин хүнсний үйлдвэрийн Өлөнгийн цехийн хашаанд оршин суух иргэн Ч.Оийг гэртээ унтаж байхад нь онц харгис хэрцгийгээр, иргэн Л.Доржгочоо, Б.Д, Л.Галбадрах, Н.Саранцэцэг нарын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бензин цацан шатааж, иргэн Ч.Оийн бие махбодид зовиур үүсгэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Б.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Хуучин хүнсний үйлдвэрийн Өлөнгийн цехийн хашаанд иргэн Л.Б, Ч.П нарыг гал тавьж, хүн шатаалаа гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас бие махбодид нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Б.Дт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Л.Б, Ц.Ц, Ч.Пт нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 657 дугаартай шүүгчийн захирамжаар: “Яллагдагч Л.Б, Ц.Ц, Ч.П, Б.Д нарт холбогдох 1712002630028 тоот эрүүгийн хэрэгт 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шинжээч А.Бямбажав хохирогч Ч.Оийн шатсан эд зүйлийн үнэлгээ тогтоож дүгнэлт гаргасныг хохирогч Ч.О эс зөвшөөрч өөрийн эд зүйлийг худалдаж авсан үнийн эх сурвалжаа зааж гомдол гаргасны дагуу дахин А.Бямбажавыг шинжээчээр томилж нэмэлтээр 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн байна.

Мөн хэрэгт яллагдагч Л.Б, Ч.П, Ц.Ц нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, сэдэлт санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг ялгамжтай шалгаж, бусдын гэрт хүн рүү бензин цацаж шатаасан үйлдэл нь хүнийг алахыг завдсан гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг шалгах шаардлагатай байх ба уг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж чадаагүй байна гэж шүүх үзэв.

Иймд дээрх мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна гээд

Яллагдагч З овогт Лгийн Б, Х овогт Цийн Ц, М овогт Чы П, Ш овогт Бгийн Д нарт холбогдох 1712002630028 дугаартай эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол яллагдагч Л.Б, Ц.Ц, Ч.П, Б.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Захирамжийг хүлээн авснаас хойш прокурор эс зөвшөөрвөл ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.”

 

Прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцэлд: “Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогтбаяр би тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 657 дугаартай шүүгчийн захирамжийг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянавал:

Яллагдагч Л.Б, Ц.Ц, Ч.П нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Хуучин хүнсний үйлдвэрийн Өлөнгийн цехийн хашаанд оршин суух иргэн Ч.Оийг гэртээ унтаж байхад нь онц харгис хэрцгийгээр, иргэн Л.Д Б.Д, Л.Г, Н.С нарын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бензин цацан шатааж, иргэн Ч.Оийн бие махбодид зовиур үүсгэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Б.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Хуучин хүнсний үйлдвэрийн Өлөнгийн цехийн хашаанд иргэн Л.Б, Ч.П нарыг гал тавьж, хүн шатаалаа гэх хувййн таарамжгүй харилцааны улмаас бие махбодид нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Тус аймгийн прокурорын газраас Л.Б, Ц.Ц, Ч.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т заасан, Б.Дийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Л.Б нарт холбогдох хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд:

1. Хэрэгт 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шинжээч А.Бямбажав хохирогч Ч.Оийн шатсан эд зүйлийн үнэлгээ тоггоож дүгнэлт гаргасныг хохирогч Ч.О эс зөвшөөрч өөрийн эд зүйлийг худалдаж авсан үнийн талаар эх сурвалжаа зааж гомдол гаргасны дагуу дахин А.Бямбажавыг шинжээчээр томилж нэмэлтээр 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн байна.

2. Мөн хэрэгт яллагдагч Л.Б, Ч.П, Ц.Ц нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, сэдэлт санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг ялгамжтай шалгаж, бусдын гэрт хүн рүү бензин цацаж шатаасан үйлдэл нь хүнийг алахыг завдсан гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг шалгах шаардлагатай байх ба уг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж чадаагүй байна гэж тус тус дүгнэн мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна.

1. Эд хөрөнгийн үнэлгээчин, шинжээч А.Бямбажав нь 2018 оны 01 дүгээр сарын 05- ны өдөр гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Оийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг тогтоож, дүгнэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч хохирогч Ч.О нь тухайн эд хөрөнгийн үнийн талаарх эх сурвалжийг зааж гомдол гаргасан бөгөөд дээрх нөхцөл байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн.27.8 дугаар зүйлийн 1-т заасан шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон гэж үзнэ. Энэ тохиолдолд нэмэлт шинжилгээ хийлгэх зорилгоор тухайн шинжээчид даалгаж, түүнийг дахин томилсон нь үндэслэлтэй юм.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар яллагдагч Л.Б, Ц.Ц, Ч.П нарт хохирогч Ч.Оийг алах гэсэн субьектив санаа зорилго тогтоогдоогүй, тэдгээр нь өөрсдийн нөхөр болох Б.Д, н.Д, н.Г нарыг хохирогч Ч.Отэй хардаж, хувийн сэдэлтээр гэрт нь очиж, бие махбодид нь халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т “гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно" гэж хуульчилсан бөгөөд хэрэгт цугларсан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 235 /нэмэлт/ дугаартай дүгнэлт /хх-256-257/-ээр хохирогч Ч.Оийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь нотлогдсон тул яллагдагч Л.Б, Ц.Ц, Ч.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан нь үндэслэлтэй байна.

Иймд Л.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 657 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд прокурор оролцох болно.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсайхан би Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйл, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүлийн 4, 5 дахь хэсэгт тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Л.Б, Ч.П, Б.Д, Ц.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах хянан хэлэлцэх шүүх хуралдаанд прокуророор төрийн нэрийн өмнөөс оролцож байна. Л.Б, Ц.Ц, Ч.П нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Хуучин хүнсний үйлдвэрийн Өлөнгийн цехийн хашаанд оршин суух иргэн Ч.Оийг гэртээ унтаж байхад нь онц харгис хэрцгийгээр, иргэн Л.Д, Б.Д, Л.Г, Н.С-г нарын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бензин цацан шатааж, иргэн Ч.Оийн бие махбодид зовиур үүсгэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Б.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Хуучин хүнсний үйлдвэрийн Өлөнгийн цехийн хашаанд иргэн Л.Б, Ч.П нарыг гал тавьж, хүн шатаалаа гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас бие махбодид нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс дээрх хэргийг хянаж үзээд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 657 дугаартай захирамжаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан. Дээрх захирамж нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэгдээгүй, хууль ёсны болж чадаагүй байгаа учраас шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Ч.Пын өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа: " Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 657 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү." гэв.

 

Шүүгдэгч Л.Бгийн өмгөөлөгч М.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: " Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 657 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү." гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан саналдаа: " Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 657 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, эсэргүүцлийг хүчингүй болгож өгнө үү." гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Тухайлбал:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дах хэсэгт шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана гэж шүүхэд хуулиар эрх хэмжээ олгожээ. Хэрэв шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзвэл шүүх шинжээч томилж, дүгнэлт гаргуулах эрх нээлттэй байх тул хэргийг шинжээч томилж, дүгнэлт гаргуулах гэсэн үндэслэлээр мөрдөн байцаалтанд буцаах  шаардлагагүй байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх хүрээ, хэмжээ хязгаарыг хуулиар тогтоосон бөгөөд шүүх тухайн шүүгдэгч нарт холбогдох хэргийг яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх, шүүх хэн нэгэн этгээдийг өөр гэмт хэрэгт холбогдуулах, яллах дүгнэлтэнд зааснаас хүндрүүлэх зэрэг үндэслэлээр мөрдөн байцаалтанд хэргийг буцааж байгаа нь үндэслэлгүй байна.

 Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хангаж, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 657 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

 Л.Б, Ч.П, Б.Д, Ц.Ц нарын холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан хэргийг анхан шатны шүүхэд очтол тэдгээрт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.

 

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т тус тус заасныг удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 657 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол Л.Б, Ц.Ц, Ч.П, Б.Д нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Т.ДАВААСҮРЭН

 

                             ШҮҮГЧИД                                         Д.БЯМБАСҮРЭН

 

                                                                                       В.ЦЭЦЭНБИЛЭГ