Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2016/0151

 

2016 оны 03 сарын 03 өдөр                      Дугаар 151                                        Улаанбаатар хот

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Р.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0009 дүгээр шийдвэртэй, “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ”Н” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “...Тус компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан шаардлагыг бүрэн хангасан хуулийн этгээд болохын хувьд Төв аймгийн Заамар сумын нутагт орших Уулс-2 нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж, цахимаар өргөдлийн дугаар авч, бүртгэгдсэн.

Гэтэл Кадастрын хэлтсээс манай компанийн ХА-019651-001-NЕ (NE-026639) дугаартай өргөдлийг хянаж үзээд 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 6/8125 тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр"Танай компаниас Төв аймгийн Заамар сумын нутаг дахь Уулс-2 нэртэй талбайд гаргасан ХА-019651-001-NЕ (NЕ-026639) дугаартай өргөдлийг хянан үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэг, Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолыг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны   10 дугаар сарын 20-ны өдрийн 884 дүгээр шийдвэрээр Танд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болохыг мэдэгдье. Таны өргөдөлд тусгагдсан талбай нь Монгол Улсын Засгийн газраас солбицлоор тогтоож, нийтэд мэдээлсэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайд хамааралгүй байна" гэсэн ямар ч хууль зүйн үндэслэлгүй хариуг ирүүлсэн байна.Тодруулбал:

Манай компанийн Төв аймгийн Заамар сумын нутагт орших Уулс-2 нэртэй  талбайд  хайгуулын  тусгай зөвшөөрөл  хүсэж  гаргасан  өргөдөл   нь Ашигт малтмалын тухай хуулийн   17 дугаар зүйлд заасан "Хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага" гэснийг бүрэн хангасан байхад Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 884 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11 дэх заалтыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль бус байна.

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 20 өдрийн 884 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс шүүхэд ирүүлсэн хариу тайлбар түүний хууль зүйн үндэслэлдээ: “...”Н” ХХК 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өргөдлийн бүртгэлийн NЕ-026639 дугаарт бүртгэгдэн Төв аймгийн Заамар сумын нутагт орших Уулс-2 нэртэй 4177 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргажээ.

Өргөдлийн материалыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан Хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага болон 18 дугаар зүйлийн 18.2-т "хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг батлагдсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана" гэж заасны дагуу холбогдох баримт бичгийн бүрдэл хуулийн шаардлага хангасан эсэхийг хянан 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан ажиллагааг хийхэд “Н” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-т "хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй" байх шаардлагыг хангаагүй байна.

Энэ талаар Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд Кадастрын хэлтсийн Зураг зүйн шүүлт хийсэн мэргэжилтний тодорхойлолтоос үзвэл ”Н” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбай нь Түрүүлж ирүүлсэн ХА-019643 тоот өргөдөлтэй бүхэлдээ давхцалтай, 2014 оны Засгийн газрын 239 дүгээр тогтоолоор батлагдсан төрөөс тогтоосон өргөдлөөр олгох талбайд хамаарахгүй байсан байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т"Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараах шийдвэрийн аль нэгийг гаргана" гэж заасны дагуу 19 дугаар зүйлийн 19.2.5-д "хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх", мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-т "хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх" гэж тус тус заасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 884 дүгээр шийдвэрээр Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болохыг 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 6/8125 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна.

Иймд “Н” ХХК-аас гаргасан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 884 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0009 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 19 дүгээр зүйлийн 19.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 884 дугаар бүхий “Өргөдлийг хянан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” шийдвэрийг хүчингүй болгожээ.

            Хариуцагч давж заалдах гомдолдоо: “... Шүүхээс шийдвэрийн үндэслэл хэсэгт, нэхэмжлэгч компанийн тухайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлдөө “Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн шаардлагад нийцүүлэн гаргасан нь тогтоогдож байна гэсэн нь үндэслэлгүй байна.

Тухайлбал, өргөдлийн материалыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан холбогдох баримт бичгийн бүрдэл болон хуулийн шаардлага хангасан эсэхийг хянаж, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан ажиллагааг хийхэд “Н” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь хуульд заасан дараах шаардлагыг хангаагүй байна. Үүнд:

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 “хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй” байх шаардлагыг хангаагүй байна. Энэ нь түрүүлж ирүүлсэн ХА-019643 тоот өргөдөлтэй бүхэлдээ давхацсан байсан байна.

“Н” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйл Засгийн газрын бүрэн эрх 9.1.11 дэх хэсэгт заасны дагуу 2014 оны Засгийн газрын 239 дүгээр тогтоолоор батлагдсан төрөөс тогтоосон өргөдлөөр олгох талбайд хамаарахгүй байсан байна. Энэ нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбайг Зураг зүйн шүүлт хийсэн Кадастрын хэлтсийн мэргэжилтний зураг зүйн шүүлтээс тодорхой харагдаж байгаа, мөн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн Дотоод хяналтын хуудас зэргээс дээрх хоёрын үндэслэлийг хангахгүй байсан нь нотлогдож байна.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-т заасан үндэслэлд хүсэлтэд дурдагдсан талбай нь хамаарахгүй, өөрөөр хэлбэл хуульд заасан тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэлд хамаарахгүй байна гэж дурдаж үндэслэл болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарласан байна.

Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3 “хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон гэсэн нь дээрх тогтоолын хүрээнд солбицлоор тогтоож зарлагдаагүй талбайн хувьд ашигт малтмал эрэх, хайхыг хязгаарласан буюу хориглосон үндэслэлд хамаарч байгаа юм.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 19, 19.2.3, 19.2.5 дахь хэсэгт заасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 884 дүгээр шийдвэрээр Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болохыг 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 6/8125 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 884 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн “Н” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Н” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн цахим дугаар олгох системд бүртгүүлэн Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэр, Уулс-2 нэртэй газарт 4177 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргажээ.

            Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 884 дүгээр шийдвэрээрээ “... өргөдлийг хянаж үзээд хүсэлтэд дурдсан талбай нь Монгол Улсын Засгийн газраас солбицлоор тогтоож, нийтэд мэдээлсэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайд хамрагдаагүй тул ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсугай” гэж шийдвэрлэж, “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 6/8125 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид энэ тухай мэдэгдсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд Засгийн газрын бүрэн эрхийг заасан бөгөөд мөн зүйлийн 9.1.11 дэх хэсэгт “геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх” гэсний дагуу Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоол гарч, уг тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлөөр олгох боломжтой талбайн солбицлыг баталжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1-д заасан шаардлага хангасан этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргах бөгөөд түүнд хайгуул хийх талбайн байршил, түүний булангийн цэгийг төрийн захиргааны байгууллагаас гаргасан нэг загварын газрын зураг дээр тэмдэглэж, солбицлуудыг градус, минут, секундээр тодорхойлж хавсаргана” гэж заасан бөгөөд өргөдөлд дурдсан талбай нь мөн зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан болон хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх шаардлагуудыг хангасан байхыг шаардана.

Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн хувьд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд заасан талбай нь дээрх 239 дүгээр тогтоолоор баталсан өргөдлөөр олгох боломжтой талбайд бус ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан талбайд хамаарч байгаа болох нь хэрэгт авагдсан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайн солбицлыг заасан өргөдөл, ашигт малтмалын кадастрын тойм зураг, усан сан бүхий энгийн хамгаалалтын бүс болон 239 дүгээр тогтоолоор батлагдсан талбайтай давхцалтай болохыг харуулсан зураг зүйн шүүлт хийсэн тойм зураг, хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулсны үндсэн дээр мөн зүйлийн 19.2.3 дахь хэсэгт заасан “хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэнэ” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг  зөрчөөгүй, шүүх хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлснээс бусад солбицолд ороогүй талбайд хайгуулын зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах боломжгүй бөгөөд хариуцагчид солбицлоор тогтоогоогүй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх эрх хуулиар олгогдоогүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0009 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 19 дүгээр зүйлийн 19.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 884 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                                                                               

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ 

ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР 

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ