Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 135

 

“Шим” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01470/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа  даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 522 дугаар шийдвэртэй,  

           Нэхэмжлэгч “Шим”  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Шижир болор” ХХК-д холбогдох  

           “Худалдах худалдан авах гэрээний үүрэг 37.464.000 төгрөг,  алданги 18.732.000 төгрөг, нийт 56.196.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

           Хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул оролцов.

           “Шим” ХХК-иас:

           2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Шижир болор” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Гансүхтэй харилцан тохиролцож ургамал хамгааллын лорнет, форвард бодисуудыг худалдан авсан. Нийт 53.520.000 төгрөгийн үнэ бүхий бодисыг худалдсан бөгөөд гэрээ байгуулах үед нийт үнийн 30 хувь буюу 16.056.00 төгрөгийг төлж үлдэгдэл 70 хувь буюу 37.464.000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний дотор төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан.

            “Шижир болор” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу үлдэгдэл төлбөр болох 37.464.000 төгрөг, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.Б хэсэгт заасны дагуу  үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсний алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагаа гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрүүлэхгүй 18.732.000 төгрөг, нийт 56.196.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүүгээс:

            Хариуцагч тал хуулийн өөр ойлголтын зөрүүн дээр гэрээ хүчин төгөлдөр бус гээд хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрвээ зөвшөөрөхгүй бол нотлох баримтаа бүрдүүлэх үүрэгтэй. А.Сэлэнгэ нь “Шижир болор” ХХК-ийн захирал Ц.Гансүхийн гэр бүлийн хүн. Тухайн гэрээнд компанийн тамга тэмдэг дарагдсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэгээс:

            Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. “Шим” ХХК, “Шижир болор” ХХК нарын хооронд хуульд зааснаар буюу эсхүл гэрээний дагуу ямар нэгэн үүрэг үүсээгүй, худалдах худалдан авах гэрээнд “Шижир болор” ХХК-ийн хүсэл зориг илэрхийлэгдээгүй гэж үзэж байна. “Шим” ХХК нь бусад этгээдэд худалдан борлуулсан бараа бүтээгдэхүүний дүнгээ нэхэж байгаа нь үндэслэлгүй, эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно гэж шийдсэн үүнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч зөвхөн татгалзлаа нотлох үүрэгтэй. “Шижир болор” ХХК нь манайх энэ харилцаанд ороогүй, гэрээний дагуу эрх үүрэг үүсэхгүй А.Сэлэнгэ манай компанийг төлөөлөх эрхгүй гэдгээ хэлж татгалздаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлох эрхтэй, өнөөдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон нэг ч баримт байхгүй гэж үзэж байна. “Шим” ХХК нь гэрээний дагуу төлбөрөө А.Сэлэнгээс шаардах эрх нь байгаа, хариуцагчаа зөв сонгохгүй байна.   “Шижир болор” ХХК энэ гэрээний оролцогч биш учир Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэжээ.

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 522 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар “Шижир болор” ХХК-иас 37.464.000 төгрөг, алданги 18.732.000 төгрөг гаргуулж “Шим” ХХК-д олгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 439.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Шижир болор” ХХК-иас 439.000 төрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Шим” ХХК-д олгож шийдвэрлэжээ.      

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэг давж заалдсан гомдолдоо:

Нотлох баримтыг хуульд нийцүүлж дүгнээгүй тухайд:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй.”Шижир болор” ХХК нь тус худалдах худалдан авах гэрээний оролцогч биш, гэрээний зүйлийг хүлээн авч, урьдчилгаа төлбөр төлсөн зүйл огт байдаггүй. Гэтэл шүүх Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д заасан заалтад үндэслэлгүй хийсвэр дүгнэлт өгсөн. Нэхэмжлэгч тал “Шижир болор” ХХК-ийг худалдах худалдан авах гэрээнд оролцохоор хүсэл зоригоо илэрхийлсэн, гэрээний нөхцлийн талаар тохиролцсон, гэрээний зүйл болох эд хөрөнгийг шилжүүлэн авсан талаар үйл баримтыг нотлоогүй учраас шүүхийн хийсэн дээрх дүгнэлт үндэслэлгүй юм. “Шижир болор” ХХК гэрээний оролцогч биш, гэрээ байгуулаагүй байхад гэрээний дагуу эд зүйлийг хүлээн авах боломжгүй. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн зарлагын баримтад хэн хүлээн авсан нь тодорхойгүй, таталбар гарын үсэг бүхий баримт авагдсан байдаг бөгөөд шүүх хуралдааны явцад тухайн гарын үсгийг хариуцагчийн төлөөлөгч Ц.Гансүхийн гарын үсэгтэй харьцуулан судлуулсаар байтал шүүх тухайн баримтыг хэрэгт хамааралтай талаас нь үнэлж чадаагүй тул хуульд нийцэхгүй юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:

Шүүгч хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд оролцогчдоос хуралдаанаас өмнө гаргах хүсэлт, нотлох баримттай холбоотой тайлбар хүсэлт гаргах эрхийг хязгаарлаж, татгалзан гарах эсэхийг асуулгүй хэргийг хэлэлцсэн. Дээрх үйл баримт нь шүүх хуралдааны явцыг буулгасан бичлэгт тусгагдсан байгаа. Энэ мэтээр анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтойгоор зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 522 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Хариуцагчийн  өмгөөлөгч Д.Мөнхцэцэгийн  гаргасан  давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах  үндэслэлтэй  гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Нэхэмжлэгч “Шим” ХХК хариуцагч  “Шижир болор” ХХК-д холбогдуулан   худалдсан  зүйлийн  үнийн  үлдэгдэл төлбөр  37.464.000 төгрөгийг  18.732.000  төгрөгийн алдангийн хамт 56.196.000 төгрөг  гаргуулах  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч  эс зөвшөөрч   маргасан байна.

            Шүүх зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээ  байгуулагдсанд тооцож, худалдагч гэрээний үүргээ биелүүлж, худалдан авагч үүргээ зөрчсөн гэж үзэн нэхэмжлэлийг бүрэн хангаж   шийдвэрлэснийг  хариуцагч  эс зөвшөөрчээ.

            Хэргийн үйл баримтаас үзэхэд  2015 оны  05 дугаар сарын 01-ний өдрийн  гэрээний  талуудыг  “Шим” ХХК-ийг  нийлүүлэгч,  “Шижир болор” ХХК-ийг  худалдан авагч  гэж тодорхойлон  хоёр хуулийн этгээдийн  тамгыг дарж, “Шим” ХХК-ийг төлөөлж захирал  Ч.Гантөгс, “Шижир болор” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Ц.Гансүхийн  өмнөөс А.Сэлэнгэ  гарын үсэг зурсан,   \х.х-5 дугаар тал\  мөн өдөр  16.056.000 төгрөгийг  “Шижир болор”  ХХК- иас  ургамал хамгааллын урьдчилгаа  30%-ийг  шилжүүлсэн  \х.х-105 дугаар тал\   байна.

            Иргэний хуулийн  39 дүгээр зүйлийн 39.1-д  Иргэний эрх,   үүргийг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох зорилгоор  хүсэл зоригоо илэрхийлсэн  иргэн, хуулийн этгээдийн  үйлдэл эс үйлдэхүйг хэлцэл гэх бөгөөд  “Шим” ХХК, “Шижир болор” ХХК-ийн  хооронд  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ  хийгдсэн гэж  үзнэ.

“Шижир болор” ХХК-ийг  А.Сэлэнгэ  төлөөлөх  эрхгүй байсан боловч компанийн тамгыг дарж, компанийн нэрээр  урьдчилгаа  мөнгөн төлбөрийн  үүргийг гүйцэтгэсэн учир  Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар  үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан  эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгсөнд  тооцох  үндэслэлтэй байна.

Харин  “Шим” ХХК, “Шижир болор” ХХК-ийн хооронд байгуулсан  “...хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн  үнийн дүнгийн  0,5 хувийн алданги нэмж төлнө...”  гэх  гэрээг  хуулийн этгээдийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээдтэй хийсэн  байх тул   хариуцагчийг  алданги төлөх үүрэгтэй  гэж үзэх  боломжгүй.

Анхан шатны шүүх  зохигчдын хооронд  худалдах  худалдан авах  гэрээний харилцаа  үүссэн гэж  үзсэн нь зөв, гэхдээ гэрээний тал болох  худалдан авагчийг төлөөлж  буй  А.Сэлэнгийн   бүрэн эрхийн  талаар  хууль зүйн дүгнэлтийг   хийгээгүй орхигдуулсанаар  хэргийг  зөв  шийдвэрлэж чадаагүй  байна.

Иймд  шүүхийн алдааг  давж заалдах шатны  шүүхээс  шийдвэрт өөрчлөлт оруулан засах  нь  хууль зөрчихгүй   гэж үзлээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд, нэхэмжлэгчээс  ирүүлсэн нотлох баримт болох  зарлагын баримтад  хэн хүлээж авсан нь  тодорхойгүй,  таталбар гарын үсэг бүхий баримт  авсан байдаг, хариуцагчийн төлөөлөгч  Ц.Гансүхийн  гарын үсэгтэй харьцуулан судлуулсаар байтал  тухайн баримтыг хэрэгт хамааралтай талаас нь  үнэлж чадаагүй  гэснийг судалж үзэхэд,  хэргийн  6 дугаар тал  дахь  зарлагын баримтад  хүлээн авагчаар  хэн  хүлээн авсан  талаар бичээгүй гэхдээ “авлаа” гэж  бичсэн  байгаа  тул   хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад   гэрээний зүйлийг  хүлээлгэж өгсөн эсэх талаар  тайлбарт дурдаагүй, ямар нэгэн хүсэлт гаргаж маргаагүй   байхад  шүүх  уг нотлох баримтанд  дүгнэлт  хийгээгүйг  буруутгах үндэслэл  байхгүй байна.

Хариуцагч  нь нэхэмжлэлийн шаардлагыг  зөвшөөрөхгүй  үндэслэлдээ  “...миний бие тус компанитай  ямар нэгэн гэрээ  байгуулаагүй...”  гэснээс  өөр зүйл дурдаагүй,  “Шижир болор” ХХК-ийн шинэчилсэн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,  лавлагаа  зэргийг  нотлох баримтаар ирүүлсэн  байгаа боловч  энэ нь  худалдах худалдан авах гэрээний  үүргийн биелэлтийг  шаардсан  шаардлагыг  үгүйсгэхэд  хамааралтай, ач холбогдолтой  нотолгоо  болж чадахгүй байх  тул  давж  заалдсан гомдлын  энэ хэсгийг хангах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар  зүйлийн  167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 522 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад,

            “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг  баримтлан  хариуцагч “Шижир болор” ХХК-иас  37.464.000 төгрөг гаргаж, нэхэмжлэгч “Шим” ХХК-д олгож,  Иргэний хуулийн  232 дугаар зүйлийн 232.6-д заасныг хангахгүй байх тул   18.732.000 төгрөгийн  алданги  гаргуулах  шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.”  гэж,  2 дугаар заалтад  “...439.000 төгрөг  гаргуулан...” гэснийг  “...345.250 төгрөг гаргуулан...”  гэж  тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар  хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн  439.000 төгрөийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.АМАРСАНАА              

                                      ШҮҮГЧИД                                                  С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                         С.ЭНХЖАРГАЛ