Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2020/00114

 

СЖЭББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00445 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 664 дугаар магадлалтай,

СЖЭББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Д.Гад холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 306.070.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Хүрэллхам, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч СЖЭББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Д.Гтай 2013 оны 11 сарын 22-ны өдөр зээлийн гэрээгээр 70.000.000 төгрөг 30 хоногт 3 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 12 сарын хугацаатай буюу 2014 оны 11 сарын 22-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэй, 2013 оны 12 сарын 10-ны өдөр нэмэлт зээлийн гэрээгээр 30.000.000 төгрөгийг 30 хоногт 3 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 12 сарын хугацаатай буюу 2014 оны 12 сарын 10-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр, 2014 оны 5 сарын 06-ны өдөр зээлийн гэрээгээр 30.000.000 төгрөгийг 30 хоногт 3 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 6 сарын хугацаатай буюу 2014 оны 12 сарын 06-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэй зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахын тулд Баянгол дүүргийн 4 хороо Нарны зам 3254 тоот хаягт байрлах 352 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилгыг барьцаалсан. Зээлдэгчид 2017 оны 12 сард багтаан зээлээ төлж дуусгах хугацаа олгосон боловч төлөхгүй өдий хүрсэн тул Д.Гаас үндсэн зээл 119.000.000 төгрөг, зээлийн хүү 186.870.800 төгрөг, нийт 306.070.800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Гын шүүхэд гаргасан тайлбарт: ...Барьцаа тавьж зээл аваад, төлөөд явж байтал орлого, зарлага, үйл ажиллагааны доголдлоос болж төлж чадаагүй. Зээлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00445 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Харгана овогтой Дашзэвэгийн Ганбатаас /РД:ХЕ61121872/ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 178 561 600 /нэг зуун далан найман сая таван зуун жаран нэгэн мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч СЖЭББСБ ХХК-д /РД:5381002/ олгож, шаардлагаас үлдэх 127 509 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 1 688 304 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 1 050 758 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 664 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00445 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 178 561 600 гэснийг 146 320 000 гэж, 127 509 200 гэснийг 159 750 800 гэж, 2 дахь заалтын 1 050 758 гэснийг 889 550 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329 598 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Д.Гын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж шийдвэрлэсэн боловч хариуцагч миний маргаж буй нөхцөл байдлыг бүрэн харгалзаж үзээгүй буюу үндэслэлгүй нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь зээлийн гэрээний үүрэг шаардаж нэхэмжлэл гаргасан хэдий боловч хуулиар хязгаарласан хөөн хэлцэл, шаардах эрхийн хугацааг зохицуулсан хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Хариуцагч миний хувьд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй, нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлээ нотлох ёстой байтал хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан, зогссон гэх нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн. Мөн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл муутай дүгнэлт хийсэн байна гэж дүгнэсэн боловч мөн л хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг зөв үнэлж дүгнээгүй магадлал гаргасанд гомдолтой байна. Учир нь гэрээг байгуулсан учир үүргийг шаардах эрхтэй, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна, хойшлуулсан байна, үүрэг гүйцэтгэгч зөвшөөрсөн хугацаанд зогсохоор зохицуулсан байна гэсэн учир дутагдалтай дүгнэлт гаргасан. Иймд шийдвэр, магадлалыг өөрчлөлт оруулж хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

СЖЭББСБ ХХК, Д.Гад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 306.070.800 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч үйл ажиллагааны доголдлоос зээлийг бүрэн төлж чадаагүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас 178.561.600 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаж, хариуцагчаас 146.320.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хөөн хэлэлцэх хугацааны талаарх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн тухай хариуцагч Д.Гын гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч СЖЭББСБ ХХК, Д.Гаас 3 удаагийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 119.000.000 төгрөг, зээлийн хүү 186.870.800 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хоёр шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр болохыг хуульд нийцүүлэн дүгнэжээ.

Хариуцагч үндсэн зээлд 10.800.000 төгрөг, зээлийн хүүд 14.280.000 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагчийн 3 удаагийн зээлийн гэрээгээр төлбөл зохих үүргийн хэмжээ тус бүрийг тодорхойлоогүйгээс гадна зээлийн хүүгийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгч гэрээний хугацаа дууссан 2014.12.06-ны өдрөөс хойш зээлийн үүргийг хариуцагчаас шаардаж байсан нь баримтаар нотлогдоогүй гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэл муутай байна. Түүнчлэн нэхэмжлэгч шаардлага гаргаагүй атал нэмэгдүүлсэн хүүд 34.329.600 төгрөг гаргуулсан нь хуульд нийцэхгүй юм.

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулж зээлийн гэрээ тус бүрээр хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг тодорхойлж нийт үнийн дүнгээс зээл, хүүд төлсөн төлбөрийг хасч тооцон нэмэгдүүлсэн хүү гаргуулах үндэслэлгүйг зөв дүгнэжээ. Харин хэтэрсэн хугацааны хүүг хэрэгсэхгүй болгохдоо тус шүүх дүгнэлт хийгээгүй боловч энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

Хариуцагч удаа дараа төлбөрийн үүргийг төлөх хугацааг хойшлуулах хүсэлт гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа түр зогсч, уг хугацааг үргэлжлүүлэн тоолох үндэслэл үүссэн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 75, 78 дугаар зүйлийн 78.1.1, 78.1.2-т заасантай нийцсэн байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Харин давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа мөнгөн дүнг тооноос гадна бичгээр бичснийг өөрчлөөгүй байх тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 664 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад  “178 561 600” гэсний ард “/нэг зуун далан найман сая таван зуун жаран нэгэн мянга зургаан зуу/” гэж нэмж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 364.950 төгрөг төлснийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ