Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 0445

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 25 өдөр                   Дугаар 183/ШШ2019/00445                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “С ББСБ” нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Г холбогдох,

 

зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 306,070,800 /Гурван зуун зургаан сая далан мянга найман зуу/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Хүрэллхам, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус ББСБ нь Д.Гтай 2013 оны 11 сарын 22-ны өдөр зээлийн гэрээгээр 70.0 сая төгрөгийг 30 хоногт 3 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 12 сарын хугацаатай буюу 2014 оны 11 сарын 22-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэй, 2013 оны 12 сарын 10-ны өдөр нэмэлт зээлийн гэрээгээр 30.0 сая төгрөгийг 30 хоногт 3 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 12 сарын хугацаатай буюу 2014 оны 12 сарын 10-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр, 2014 оны 5 сарын 06-ны өдөр зээлийн гэрээгээр 30.0 сая төгрөгийг 30 хоногт 3 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 6 сарын хугацаатай буюу 2014 оны 12 сарын 06-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэй зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахын тулд Баянгол дүүргийн 4 хороо Нарны зам 3254 тоотод байрлах 352 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилгыг барьцаалсан. Зээлдэгчид 2017 оны 12 сард багтаан зээлээ төлж дуусгах хугацаа олгосон боловч төлөхгүй өдий хүрсэн тул Д.Гаас үндсэн зээл 119.200.000, зээлийн хүү 186.870.800, нийт 306.070.800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барьцаа тавьж зээл аваад, төлөөд явж байтал орлого, зарлага, үйл ажиллагааны доголдлоос болж төлж чадаагүй. Зээлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

С ББСБ” ХХК нь Д.Гад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 306,070,800 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлав.

 

Нэхэмжлэгч нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг зөвшөөрлийн хүрээнд 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 70,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар, 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 30,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар, 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 30,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар тус тус эргэлтийн хөрөнгийн зориулалтаар Д.Гад зээлж, талууд 00-300000052 тоот Зээлийн гэрээнүүдийг байгуулсан байна.

 

Дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээнд гарын үсэг зурж, гэрээний үнэн зөвийг нотариатч гэрчилснээр гэрээ хүчин төгөлдөр болжээ. 

 

Зээлийн гэрээнд Ц.Д нь хамтран зээлдэгчээр оролцож гарын үсэг зурсан байх боловч гэрээнд хамтран зээлдэгчийн үүргийг тодорхойлоогүй үндэслэлээр хамтран хариуцагчаар татаагүй гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарлав.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйл болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх үүргийг, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.

 

Гэрээний нөхцөл, агуулгаас дүгнэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь гэрээнүүдийн дагуу /70,000,000+30,000,000+30,000,000/ 130,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн, энэ талаар маргаагүй, зээлдэгч Д.Г нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болохоор заасан ба талууд дээрх гэрээгээр 30 хоногт 3 хувийн хүү тооцохоор тохиролцжээ.

 

Хариуцагч нь гэрээний хугацаанд хүүний төлбөрт 14,280,000 төгрөг, үндсэн зээлд 10,800,000 төгрөг төлж 119,200,000 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс сар бүр 3,576,000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хүртэлх 7 сарын хугацаанд 25,032,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй буруутай байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээнүүдийн хугацаа дууссан 2014 оны 12 дугаар 06-ны өдрөөс хойш зээл, зээлийн хүүг хариуцагчаас шаардаж байсан нь баримтаар нотлогдохгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацааны хүүг шаардах эрхгүй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болохоор зохицуулсанд талуудын гэрээний 2.3 дахь заалт нийцжээ.

 

Гэрээний дагуу Д.Г нь сар үндсэн хүүг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул түүнд ногдох 20 хувийн нэмэгдүүлсэн хүүг /3,576,000х20/ 715,200 төгрөгийг гэрээнүүдийн хугацаа дууссан 2014 оны 12 дугаар 06-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг буюу 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх 48 сарын хугацааны /715,200х48/ нийт 34,329,600 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т зааснаар хариуцагч Д.Гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд /119,200,000+25,032,000+34,329,600/ нийт 178,561,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шаардлагаас үлдэх 127,509,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

С ББСБ” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан, 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр тус шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд хандаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй юм.

 

Хариуцагч Д.Гад энэ өдрийн шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хянан шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 1,688,304 төгрөгийг орлогод үлдээж, хариуцагчаас 1,050,758 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т зааснаар хариуцагч Д.Г зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 178,561,600 /нэг зуун далан найман сая таван зуун жаран нэгэн мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “С ББСБ” олгож шаардлагаас үлдэх 127,509,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 1,688,304 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,050,758 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ