Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2020/00115

 

Ч.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/00456 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 668 дугаар магадлалтай,

Ч.Г-ын нэхэмжлэлтэй,

Г.Х-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 100.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, хариуцагч Г.Х-, өмгөөлөгч Г.Н, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Г.Х- 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ч.Г-тай уулзахдаа өөрийн найз Д.Батсайхантай хамтран наймаа хийх гэж байгаа тул яаралтай 100.000.000 төгрөг хэрэгтэй байна, 1 сарын хугацаатай, хүүгийн хамт зээлүүлэх хүсэлтийг үндэслэн харилцан тохиролцсоны дагуу Ч.Г-, Г.Х-т итгэл үзүүлж хүү болон барьцаагүй 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5003515568 тоот төгрөгийн данснаас 100.000.000 төгрөгийг Г.Х-ын Хаан банк дахь 5720562318 тоот төгрөгийн дансанд шилжүүлсэн байдаг. Гэтэл Г.Х- гуйж авсан мөнгөө өгөхгүй, элдэв шалтаг, шалтгаан тоочиж явсаар 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Г.Х-аас 100.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Х-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Миний танил Д.Батсайхан нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр миний 99119873 дугаарын утас руу Япон улсаас залгаж та ХААН банкны баруун 4 замын салбар дээр очиж Ч.Г- гэж хүнээс 100.000.000 төгрөг аваад яаралтай 2.000.000 төгрөгийг над руу шилжүүлж, үлдэх мөнгийг Ж.Цогтгэрэлийн данс руу шилжүүлж туслаач, Ж.Цогтгэрэл хотод байхгүй, хөдөө явж байгаа гэхээр нь Д.Батсайханы өгсөн Ч.Г- гэх утсаар холбогдож уулзсан. Ч.Г- миний ХААН банкны 5720562318 тоот дансанд 100.000.000 төгрөг шилжүүлсэн ба 32.965.800 төгрөгөөр 2.004.000 иен Хас банкны Түшиг салбараас Д.Батсайханы Япон улсад ажиллаж байсан компаний дансанд мөн өдөр шилжүүлсэн. Маргааш нь буюу 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ж.Цогтгэрэлийн ХААН банкны 5007372056 тоот дансанд үлдэгдэл 67 000 000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлсэн. Нэхэмжлэлд дурдсан шиг би Ч.Г-аас Д.Батсайхантай хамтарч наймаа хийхэд шаардлагатай 100.000.000 төгрөг зээлэхийг хүсч, уулзаагүй. Анх 2016 онд намайг Япон явна гэхэд Д.Батсайханд хүргээд өгөөч гэж хурдан морины зурагтай ном өгч явуулахад Ч.Г-ыг харсан. Энэ асуудлаар надтай холбогдож шаардаагүй. Иймд 100.000.000 төгрөгөө надаас биш Д.Батсайханаас нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/00456 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үндэслэн тогтоогдохгүй байх тул хариуцагч Г.Х-аас 100 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 658 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 668 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 101/ШШ2019/00456 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 658 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...нэхэмжлэгч нь хариуцагчид зээл олгох зорилгоор шилжүүлсэн буюу хариуцагч нь мөнгөн хөрөнгийг өмчлөх эрхтэйгээр хүлээн авсан гэх байдал тогтоогдоогүй учраас тэдгээрийн хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг зөв хэрэглэсэн байна...” гэжээ. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт “...Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно..." гэж заасан. Хариуцагч Г.Х- нь өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 57205623185 тоот дансыг Ч.Г-д өгч 100.000.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр уг дансаар хүлээн авсан үйлдлээрээ уг мөнгийг эзэмшилдээ авч өмчлөх буюу захиран зарцуулах эрх үүссэн. Иргэний хуулийн 281.4 дэх хэсэгт заасны дагуу иргэн Ч.Г- нь хариуцагчийн хүсэлтээр 100.000.000 төгрөгийг шилжүүлж зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд уг мөнгийг эргүүлэн төлөх үүрэг Г.Х-т үүссэн байгааг шүүх анхаарч үзэлгүй гэрч Д.Батсайханы мэдүүлгийг дангаар нь үнэлж хариуцагч этгээд биш гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Хэрэгт гэрч Д.Батсайхан нь иргэн Ч.Г-тай ярьсан, 100.000.000 төгрөгийг хүлээн авсан талаар нэг ч баримт авагдаагүй бөгөөд зээлийн мөнгийг хэн хэрхэн захиран зарцуулж түүний үр шимийг хүртэх эсэх нь зээлдэгчид хамааралтай асуудал байхад шүүх зээлийн мөнгийг Д.Батсайхан хүлээн авсан тул хариуцагч Г.Х- төлөх үндэслэлгүй гэж хэт нэг талыг барьж, хуулийг буруу хэрэглэн шийдвэрлэсэн байна. Магадлалд “...гэрчийн мэдүүлгийг маргааны үйл баримтад хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжтой нотлох баримт гэж үзнэ" гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “...Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэж заасны дагуу шүүх хэрэгт авагдсан зээлдэгч Г.Х-т зээлийн мөнгийг шилжүүлсэн баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэлгүй зээлийн мөнгийг дамжуулан шилжүүлүүлж, хүлээн авсан гэх гэрчийн мэдүүлгийг үндэслэн тухайн этгээдэд зээлийн үр шим бий болсон гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Мөн магадлалд “...нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно...” гэжээ. Нэхэмжлэгч талаас 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ч.Г-аас Г.Х-ын 5720562318 тоот дансанд 100.000.000 төгрөг шилжүүлсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн, мөн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шүүгчийн захирамжаар шаардсаны дагуу Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар Г.Х- нь автомашины наймаа эрхэлдэг нь тогтоогдож байхад шүүх уг баримтуудыг ач холбогдолтой талаас нь үнэлэхгүйгээр үндэслэлгүй шийдвэр гаргасан. Мөн шүүхийн зүгээс хэргийн 17 дэх талд авагдсан 2016 оны 12 дугаар сарын 16- ны өдрийн Пийс интернэшнл ХХК-руу 2 сая иен шилжүүлсэн гүйлгээний баримтыг гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбарт нийцүүлэн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн баримт мэтээр дүгнэж шийдвэртээ тусгасан бөгөөд үүнийг давж заалдах шатны зүгээс мөн тодруулалгүй шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт “...Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ...” гэж заасан боловч давж заалдах шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн тухай нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын доорх үндэслэлүүдийг харгалзан үзэлгүй шийдвэрлэсэн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/Ш32018/19673 тоот захирамжийн 2 дахь зүйлд “...нэхэмжлэгч Ч.Г-, гэрч Д.Батсайхан нарын фэйсбүүк цахим хуудаснаас тэдгээрийн хоорондоо харилцсан мессенжерт 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаагаар үзлэг хийхээр тогтоосугай” гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт "...Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хөндлөнгийн 2 оос доошгүй гэрчийг байлцуулан хэргийн оролцогчдыг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, түүнд уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна..." гэж заасны дагуу нэхэмжлэгч Ч.Г-, гэрч Д.Батсайхан нарын фэйсбүүкт үзлэг хийгдсэн эсэх тухай тэмдэглэл байхгүй байх бөгөөд шүүгчийн захирамж биелэгдээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн талаар давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй. Мөн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 15608 тоот захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Дээрх захирамжийн дагуу Гаалийн Ерөнхий газраас ирүүлсэн баримтаар Г.Х-ын нэр дээр нийт 115.192.179 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл импортоор орж ирсэн. Гэтэл уг баримтуудад хариуцагч Г.Х-ын тээврийн хэрэгслүүдийг худалдан авахад төлсөн төлбөрийн 2 ширхэг баримт байх бөгөөд бусад баримтууд нь эл баримтыг хуулбарлан хавсаргасан баримтууд байдаг. Хариуцагч Г.Х-ын нэр дээрх нийт 115.192.179 төгрөгийн үнэ бүхий баримтаас хуулбарлан хийсэн 2 ширхэг баримтын дүн нь 50.341.675 төгрөг байх бөгөөд үлдэх 64.850.504 төгрөгийн баримт дутуу ирүүлсэн. Үүнийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс удаа дараа шүүхэд илэрхийлж байхад шүүгчийн захирамжийн биелэлтийг хангагдсан гэж үзэж хэргийг хянан шийдвэрлэсэн талаар давж заалдах шатны шүүх анхаараагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тов мэдэгдэхдээ 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зөвхөн гэрч н.Гэрэлмааг асуухаар товлон мэдэгдсэн бөгөөд тухайн өдөр хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтууд дутуу байхад хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд энэ талаар давж заалдах гомдолдоо дурдсан боловч мөн л давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй. Г.Х- нь өөрийн томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюун-Эрдэнээс бичгээр татгалзсан тухай баримтыг шүүхэд хүргүүлээгүй бөгөөд энэ тухай байдлыг шүүх хуралдаан дээр өөрөө ч хүлээн зөвшөөрч байсан нь 2018 оны 10 дугаар сарын 02-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогддог. Гэтэл уг өдөр хариуцагч Г.Х- нь шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзалгүй өөрийн биеэр оролцож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дахь зүйлийг зөрчсөн. Шүүхийн зүгээс хэргийг хянан шийдвэрлэсний дараа хариуцагчаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзсан тухай баримтыг нөхөн үйлдүүлж хавтас хэргийн 169 дэх тал нэмж, хавтас хэргийн дугаарлалтад өөрчлөлт оруулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаа дараа зөрчиж байсан талаар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо дурдаж байсан боловч энэ талаар дүгнээгүй байна. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчиж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг үндэслэн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ч.Г-, Г.Х-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 100.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх хянаж шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ талуудын хороонд байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр бол гэрээний талууд хэн аль үүргийн гүйцэтгэлийг харилцан шаардах эрхтэй.

Зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх  боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нотлох баримт үнэлэх зарчмыг “хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь, бодитойгоор, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж тогтоосон байх бөгөөд хоёр шатны шүүх нотлох баримт үнэлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардаж буй тохиолдолд нэхэмжлэгч өөрөө  хариуцагчтай зээлийн гэрээ байгуулсан, гэрээний үүргээ биелүүлж мөнгө шилжүүлэн өгснөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар тус тус нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй байна.

Нэхэмжлэгч Ч.Г-, хариуцагч Г.Х-ын ХААН банкин дахь дансанд 2015.12.16-ны өдөр 100.000.000 төгрөг шилжүүлснийг зохигч маргаагүй боловч энэхүү мөнгө шилжүүлсэн явдал нь талуудын хүсэл зориг нэгдэж гэрээ байгуулагдсан, улмаар гэрээний дагуу нэхэмжлэгч мөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлж үүргээ биелүүлсэн, өөрөөр хэлбэл Ч.Г- зээлдүүлэгч, Г.Х- зээлдэгч болсон гэж үзэх үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч Ч.Г- нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, Г.Х- автомашины наймаа хийх зорилгоор мөнгийг зээлсэн, түүний заасан дансанд мөнгийг шилжүүлэн өгсөн гэснийг, хариуцагч Ч.Г-ыг танихгүй, мөнгө зээлэхээр тохиролцоогүй, танил Д.Батсайхан Японоос ярьсны дагуу түүний даалгавраар мөнгийг авч, заасан дансанд шилжүүлсэн гэжээ.

Зохигчийн тайлбар нь хэргийн нотлох баримт мөн бөгөөд хариуцагч Г.Х- нэхэмжлэлээс татгалзсан тайлбар гаргаж, тайлбарын үндэслэлтэй холбоотой Ч.Г-аас Г.Х-ын дансанд 100.000.000 төгрөг шилжүүлсэн өдөрт буюу 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Япон улсын Пийс интернэшнл компани руу 2.004.000 иен, /32.985.800 төгрөг/, Ж.Цогтгэрэлийн данс руу 67.000.000 төгрөг шилжүүлсэн баримт гаргасан, түүний хүсэлтээр гэрчээр асуугдсан Д.Батсайхан “...Ч.Г-тай 10 жилийн нэг ангийнх, Япон улсад байхдаа 100.000.000 төгрөгийг зээлэхээр утсаар ярилцаж, мөнгийг Г.Х-ын дансанд шилжүүлж авсан...” гэх, Ж.Цогтгэрэл “...Би Япон улс руу мөнгө шилжүүлэх гэж байсан, танил Д.Батсайхан Япон улсаас яриад чамаар мөнгө шилжүүлэх гэсэн, чи хөдөө байсан учир Хасаа ахыг гуйгаад хүнээс мөнгө авсан, 67 сая төгрөгийг аваад Санжааням, Цогтбаатар нарт шилжүүлчих гэж хэлсэн...” гэх мэдүүлгийг өгсөн, эдгээр баримтыг нэхэмжлэгч Ч.Г- үгүйсгэсэн тайлбар, нотлох баримтыг гаргаагүй байна.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн Г.Х- нь автомашины наймаа эрхэлж, Япон улсаас 2015.03-07 дугаар саруудад автомашин оруулж ирсэн, уг машины төлбөрийг Япон улсын Пийс интернэшнл компани руу шилжүүлж байсан нь тогтоогдсон хэдий ч уг баримтууд зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсаныг нотлох хангалттай баримт болохгүй.

Иймд шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн гэж үзэв.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/Ш32018/19673 тоот захирамжаар шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэн, нэхэмжлэгч Ч.Г-, гэрч Д.Батсайхан нарын фэйсбүүк цахим хуудаснаас тэдгээрийн хоорондоо харилцсан мессенжерт 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаагаар үзлэг хийлгэхээр шийдвэрлэжээ.

Энэ захирамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төгөлдөр гомдол гаргаж, үндэслэлээ “...шүүх зохигчийн хэн аль нь шинээр гаргаж өгөх нотлох баримт хүсэлт байхгүй гэсэн, ...Д.Батсайхан гэрчийн мэдүүлэгтээ фэйсбүк, цахим хуудасны мессеж одоо байхгүй гэж хариулсан, нэхэмжлэгч Ч.Г- нь фэйсбүк цахим хуудас хэрэглэдэг эсэх, ямар хаяг байдаг талаар хавтаст хэрэгт нэг ч баримт  авагдаагүй, нийтэд илэрхий үйл баримтаар фэйсбүк цахим хуудсыг ямар ч этгээд хэн нэгний нэрийг ашиглан нээх боломжтой байдаг тул шүүгчийн захирамж биелэгдэх боломжгүй, шүүх санаачилгаараа үзлэг хийх захирамж гаргасан нь хууль зөрчсөн...” гэсэн байна. Тухайн шүүх гомдлыг хэлэлцэж,  захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн боловч уг үзлэг хийгдээгүй, энэ нь шүүх нотлох баримтыг өөрийн санаачилгаараа бүрдүүлэхгүй, хөндлөнгийн байх зарчимд нийцнэ. Хэргийг хэлэлцсэн 2019.02.01-ний өдрийн шүүх хуралдаанд зохигч талаас хэн аль нь шинээр нотлох баримт гаргаагүй, нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргаагүй байх тул  хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Хэдийгээр бичгээр байгуулсан гэх гэрээ, мөнгө хүлээлцэн тухай баримтХэдийгээрХариуцагч Г.Х- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр С.Оюун-Эрдэнийг оролцуулж, /хх-15-р тал/ 2018.10.02-ны өдрийн шүүх хуралдаанд өөрөө оролцохдоо итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзсан тухайгаа бичгээр мэдэгдсэн нь /хх-169-р тал/ хэрэгт авагдсан байна.

Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т “хэдийд ч төлөөлүүлэгч итгэмжлэлээ хүчингүй болгох эрхтэй бөгөөд итгэмжлэл хүчингүй болсноор төлөөлөл дуусгавар болно.” гэжээ. Хариуцагч 2018.10.02-ны өдрийн шүүх хуралдаанд өөрийн биеэр ирж оролцсон,  төлөөлөгчөөс татгалзснаа бичгээр гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасныг шүүх зөрчөөгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны үндэслэлд хэрэглэвэл зохих хуулийг тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг  хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/00456 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 668 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 658.950 төгрөг төлснийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

       ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ