Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 169

 

П.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 294 дүгээр магадлалтай, 201625020523 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатарын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2008 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дүгээр зүйлийн 621.1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн дагуу эдлээгүй үлдсэн 11 сар 20 хоногийн хорих ялаас өршөөгдөж суллагдсан, 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 13 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэгдэж суллагдсан, Боржигон овогт Пүрэвдавгын Бат-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан “Танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч П.Бат-Эрдэнийг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бат-Эрдэнийг 7 жил 1 сарын хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэгийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч П.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... анхан шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн. П.Бат-Эрдэнэ нь өөрийн санамсар, болгоомжгүй үйлдлээс болж гартаа байсан тал пивотой шилийг найзыгаа дуудах үйлдэл хийж гараараа даллах үедээ алдсанаас болж хохирогч Ц.Баяржаргалд хүнд гэмтэл учруулсан. Болсон явдал болон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээс харахад танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Тухайн үед П.Бат-Эрдэнэ нь эрүүл байсан ба бааранд бусадтай маргалдах, зодолдох, муудалцах ямар ч үйлдэл гаргаагүй, танхайн сэдэлттэй үйлдэл огт хийгээгүй. П.Бат-Эрдэнэ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, хохирогч Баяржаргалын эмчилгээний зардалд 4,700,000 төгрөгийг төлсөн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэн, зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү ...” гэжээ.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “... П.Бат-Эрдэнэ нь шөнийн клубт танхайн сэдэлтээр буюу ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр Ц.Баяржаргалын толгой руу пивоны шил шидэж, толгойд шарх, дух ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих бүхий л байдлыг шалгаж тодруулсан, ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд шүүх П.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч П.Бат-Эрдэнэ нь өмнө үйлдсэн гэмт хэргийн ялтай байдал арилаагүй байх үедээ буюу 2016 оны 02 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “32” шөнийн клубт тодорхой шалтаг, шалтгаангүйгээр тус клубт үйлчлүүлж байсан Ц.Баяржаргалын толгой руу пивоны шил шидэж, түүний толгойд шарх, дух ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа бүхий хүнд гэмтлийг санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.Бат-Эрдэнэ нь Ц.Баяржаргалтай муудалцах, маргалдах, зодолдох шалтгаан бүхий ямар нэг таарамжгүй харилцаа үүсээгүй байхад урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн санаагаар клубт үйлчлүүлж байсан Ц.Баяржаргал руу пивоны шил шидэж, үүний улмаас хохирогчид дух ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан үйл баримтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан “танхайн сэдэлтээр бусдын биед хүнд гэмтэл учруулсан” гэмт хэрэг гэж үндэслэлтэй дүгнэлт хийн гэм буруутайд тооцсон нь хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв хэрэглэсэн байх бөгөөд тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

Өмгөөлөгч Д.Төмөрбаатарын хяналтын журмаар гаргасан гомдолд “...гараас алдуурсан пивоны шил хохирогчийг онож, болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирсан...” гэх боловч П.Бат-Эрдэнэ нь Ц.Баяржаргал руу пивоны шил шидсэн талаарх нотлох баримтуудыг шүүх үнэлж, дүгнэлтээ хийхэд ямар нэг эргэлзээ тогтоогдоогүй гэж үзнэ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хяналтын шатны шүүхэд хуулиар олгогдоогүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй тохиолдолд хэргийн үйл баримтыг шинээр тогтоож дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатарын “танхайн сэдэлт байхгүй, санаатай үйлдээгүй, зүйлчлэлийг өөрчилж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 294 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч П.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Д.Төмөрбаатарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                             ДАРГАЛАГЧ,

                             ШҮҮГЧ                                                                Б.БАТЦЭРЭН

                             ШҮҮГЧ                                                                Д.ГАНЗОРИГ