Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2020/00076

 

 “Г Ф”ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/00456 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 660 дугаар магадлалтай,

“Г Ф”ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй

Ш.О, Б.Анарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 51 542 500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Зулаагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах, Б.Бат-Оргил, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа, хариуцагчийн өмгөөлөгч Т.Баярцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч “Г Ф”ББСБ ХХК-ийн төлөөлөгч Г.Зулаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Билэгсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ш.О болон Б.Алтанхуяаг нар нь манай байгууллагатай 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 83/ЗГ дугаартай "Зээлийн гэрээ" байгуулан 25000000 /Хорин таван сая/ төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 4,5 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгийн зориулан зээлж авсан. 2016 оны 6 дугаар сарын 23 өдөр 83/ЗГ-02 дугаартай зээлийн гэрээний нэмэлт байгуулан 13 000 000 төгрөг нэмж олгон нийт зээлийн үлдэгдэл 30 000 000 төгрөг болсон. Үүний дараагаар 2016 оны 9 сарын 1 өдөр 83/ЗГ-ОЗ дугаартай зээлийн гэрээний нэмэлт байгуулж 83/ЗГ зээлийн гэрээний хугацааг дахин 6 сараар буюу 2017 оны 3 сарын 1 өдөр хүртэл сунгасан. Улмаар 2017 оны 6 сарын 20 өдөр 83/ЗГ-04 дугаартай зээлийн гэрээний нэмэлт байгуулан 83/ЗГ зээлийн гэрээний хугацааг 2017 оны 09 сарын 01 өдрийг хүртэлх сунгаж, үндсэн зээлийн үлдэгдлийг 25 000 000 төгрөг болгон тодорхойлсон. Зээлийг олгохдоо талуудын хооронд дараах "Зээлийн барьцааны гэрээ"-г байгуулан нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж зохих бүртгэлийг хийлгэсэн. Зээлийн гэрээний үндсэн болон нэмэлт хугацаа дуусгавар болсон тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлдэгч Ш.О болон Б.Анараас 83/ЗГ дугаартай "Зээлийн гэрээ"-ний дагуу төлөх үндсэн зээлийн үлдэгдэл 25000000 төгрөг, үндсэн хүү 12997500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1710000 төгрөг нийт 39707500 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт нэхэмжилж байна. Үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцааны гэрээгээр барьцаалагдсан барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 7-р хороо, 3-р хороолол, 105-р байр 69 тоот хаягт байрлах Ү-2205059816 улсын бүртгэлийн дугаар болон 000406298 гэрчилгээний дугаар бүхий 55м.кв орон сууцаар хангуулж, энэ талаар шүүхээс гарах шийдвэрт тодорхой тусгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Г Ф”ББСБ ХХК-ийн төлөөлөгч Г.Зулаа нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч нь 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагч Ш.О болон Б.Анарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч өнөөг хүртэл тухайн иргэний хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байна. 2019-01-21 өдөр нэхэмжлэлийг шаардлагаа нэмэгдүүлсэн. 2019-01-29-ний өдрийн шүүх хуралд хэрэг эцэслэн шийдэгдээгүй 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүртэл дахин хойшилсон тул нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа дахин дараах байдлаар нэмэгдүүлэн нэхэмжилж байна.Үүнд нэхэмжлэл гаргасан 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаа (бодогдсон өдөр-301хоног)-ны зээлийн хүү болох 11287500 (Арван нэгэн сая хоёр зуун наян долоон мянга таван зуу) төгрөг, нэмэгдүүлсэн хүү болох 2,257,500 (хоёр сая хоёр зуун тавин долоон мянга таван зуу) төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснээр нийт нэхэмжлэлийн шаардлагын дүн 51542500 (Тавин нэгэн сая таван зуун дөчин хоёр мянга таван зуу) төгрөг болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Ш.Огийн нөхөр Н.Ганбаатар өөрийн байраа 50 000 000 төгрөгөөр үнэлж 37 000 000 төгрөгийг өөрийн зээлээс, үлдсэнийг Ш.Огийн зээлийн төлбөрөөс хасуулж, зээлийн үлдэгдлийг 25 000 000 төгрөгөөр тодорхойлсон. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.10 болон Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон эсэхээс үл хамааран зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлдэгч нь зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байгаа. Энэ үүргийнх нь дагуу бид нэхэмжлэлээ гаргасан байгаа. Бид зээлдэгчийн хүндрэлтэй байдлыг харгалзаж үзэж тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлж 9 гаруй сая төгрөгийг хассан. Ш.О зээлийн төлбөрөө төлсөн тохиолдолд зайлшгүй барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гээгүй. Талуудын гаргасан хүсэлтийн дагуу бид зээл олгосон. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр хэдий ч нэхэмжлэлээ татан авах эрхтэй учраас нэхэмжлэлээ татан авсан гэж бичсэн байгаа. Тиймээс хэргийг шийдвэрлэх боломжтой. Манай үйл ажиллагааг зогсоосон, түдгэлзүүлсэн баримт байхгүй учраас манайх зээл олгох эрх бүхий этгээд, уг үйл ажиллагааг хугацаагүй эрхлэхээр гэрчилгээгээ шинэчилж авсан. Зээл эргэн төлөх график тохиролцоогүй учраас манайх нэмэгдүүлсэн хүүг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тооцсон байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Г Ф”ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Уг асуудлаар “Г Ф”ББСБ ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Тухайн үед “Г Ф”итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах гэх хүн утсаар эвийн журмаар хэргээ шийдвэрлэвэл хэн хэнд нь амар гэх мэтээр шүүхэд нэхэмжлэл өгснийхөө дараагаас ярих болсон. Ингээд “Г Ф”ББСБ-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр нөхөр Н.Ганбаатарын өмчлөлийн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 6-р хороо, ханын материал /18062/ үйлдвэрчний эвлэлийн гудамжны 70а байрны 161 тоот хаягт байрлах 43 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгч байсан. Ингээд эвлэрч уг асуудлыг дууссан гэж ойлгосон. Гэтэл ”Г Ф”ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах нь миний эрх зүйн мэдлэггүйг ашиглан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээ буцаан татан авсан байна. Н.Ганбаатарын өмчлөлийн байрыг шилжүүлэн авахдаа бидэнд эвлэрч байна. Уг асуудал ингээд дууссан гэж хэлж байсан. Гэтэл өнөөдөр манай нөхрийн байрыг авч захиран зарцуулчхаад дахиад их хэмжээний мөнгө нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөгөөтэйгүүр Ш.О надтай байгуулсан гэх гэрээг хуулийн шаардлага хангахгүй гэж үзэж байгаа тул хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхийг ”Г Ф”ББСБ ХХК-д үүсгэхгүй. Нэхэмжлэгчээс гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах тайлбарыг гаргаж байна. Банк, эрх бүхий хуулийн этгээд нь зээл гэрээний дагуу хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү, шаардахын тулд хуулиар тогтоосон үндэслэл журмын дагуу үйл ажиллагаа явуулсан байхыг шаарддаг. Нэхэмжлэгчтэй байгуулсан гэх гэрээ нь хуулийн шаардлагыг хангаагүйн дээр миний зүгээс тус зээлийн төлөлтөд их хэмжээний мөнгийг төлсөн. Иймээс нэхэмжлэгчийг хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Ш.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуулийн шаардлага хангахгүй учир хүү, алданги тооцох эрхгүй. Анх 25 000 000 төгрөг, дараа нь 13000000 төгрөг авсан асуудал байгаа. Хавтаст хэргийн 15 дугаар талд авагдсан баримт болон нэхэмжлэгч байгууллагын өөрсдийнх нь гаргаж өгсөн баримтаар 37000000 төгрөг төлсөн нь харагдаж байна. Тэгэхээр зөрүү мөнгийг нь л өгнө үү гэхээс хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсан байхад хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрх байхгүй. Анх манайх 25000000 төгрөг авъя гэсэн боловч дансны хуулгаар 24750000 төгрөг орж ирсэн. Тэгэхээр 2475000 төгрөг шилжүүлчхээд 25000000 төгрөг нэхэмжлэх боломж байхгүй. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ. Хэрэгт авагдсан баримтаас харахад талууд 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр гэрээ байгуулдаг. Талууд олгосон тусгай зөвшөөрлийн хугацаа дууссаны дараагаар гэрээ байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч байгууллагын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь 2012 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүртэл хүчинтэй байсан. Тэгэхээр нэхэмжлэгч байгууллага хуулийн дагуу гэрээ байгуулсан гэж ярих үндэслэлгүй. Хуулийн дагуу гэрээ байгуулаагүй тохиолдолд хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрх байхгүй. Шаардах эрх бий болохгүй. Тэгэхээр зээлүүлсэн 24 750 000 төгрөг болон 13 000 000 төгрөгийг л төлнө. Манайхаас одоо 200 гаруй мянган төгрөг төлөх тооцоо гарч байгаа. Банк бус санхүүгийн байгууллага гэж үзсэн ч Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой. Гэтэл зээл хүссэн өргөдөл байхгүй, зээлийг хэн авч, юунд зарцуулж байгаа нь тодорхойгүй. Өргөдлийг тодорхой авах ёстой. Хууль тогтоомжид зайлшгүй зээлдэгчийн өргөдлийг авна гэж заасан. Мөн зээлийн байгуулсан гэрээнүүдийг харахаар 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 25 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 4,5 хувийн хүүтэйгээр хийсэн. Тухайн гэрээгээ сунгахдаа өмнөх гэрээний нөхцөл хэвээр л гэж бичиж байгаа. Иргэний хуулийн 41, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээний агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан. Сунгаж байгаа гэрээнүүд дээр хүү тогтоосон нөхцөл байхгүй. Үнэхээр хүү тохирсон бол зээлийн төлөлтийн график дээрээ тодорхой бичих ёстой. Гэтэл огт график байхгүй байж хугацаа дууссанаас хойш нэмэгдүүлсэн хүү тооцно гэж ярьж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Зээлийн гэрээний хуваарь зөрчигдсөн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцно гэдэг. Гэтэл зээл төлөлтийн хуваарь байхгүй байхад яаж хувиар зөрчигдсөн гэж үзэх юм. Нэмэгдүүлсэн хүү тооцох эрх байхгүй. 13 000 000 төгрөгийн гэрээг өмнө ерөнхий гэрээндээ нийцүүлэн хийсэн гэж тайлбарлаж байгаа. 13 000 000 төгрөгийн гэрээний хүү, хугацаа нь тодорхойгүй. 13 000 000 төгрөгийн гэрээн дээрээ хүү тооцсон талаарх тохиролцоо баримтаа нэхэмжлэгч тал гаргаж ирэх хэрэгтэй. Нэхэмжлэгч ямар ч тусгай зөвшөөрөл байхгүй, 13 000 000 төгрөг дээрээ хүү тохиролцоогүй байж, сүүлд нөхөж хүү тооцож гэрээ хийж байгаа нь хуульд нийцэхгүй. Сүүлд хийсэн гэрээ хуульд нийцэхгүй. 13 000 000 төгрөгийн гэрээнд хүү тооцох боломжгүй. Энэ нэхэмжлэлийг өмнө нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаад нэхэмжлэлээ татаж авч байсан. Гэтэл нэхэмжлэлээ татан авсныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнтэй адилтгаж үзнэ, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахгүй гэж Иргэний хуульд заасан. Нэхэмжлэлийн шаардлагаас 200 гаруй мянган төгрөгийг манайх төлнө гэжээ.

Хариуцагчийн Б.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр “Г Ф”ББСБ ХХК-тай 83/ЗГ 83-БГ байгуулж иргэн Ш.Отай 25 000 000 төгрөгийг хамтран эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлэхээр болсон. Гэвч тус мөнгөнөөс иргэн Алтанхуягт нэг ч төгрөг олгогдоогүй бөгөөд Б.Ань ямар нэгэн байдлаар захиран зарцуулахад огт оролцоогүй. Хэргийн материалтай танилцан үзэхэд “Г Ф”ББСБ болон Ш.О нарын хооронд Алтанхуягийн зөвшөөрөлгүй зээлийн гэрээний нэмэлт 83/ЗГ-01, 83/ЗГ-02, 83/ЗГ-ОЗ, ВЗ/ЗГ-04 байгуулсан байна. Эдгээр нэмэлт гэрээнүүдийг хэзээ байгуулж хэдэн төгрөг авсан талаар огт мэдээгүй. Ингэж нэмэлт гэрээ байгуулан зээл авч байгаа тухай Алтанхуягт нэг ч удаа ББСБ-аас мэдэгдэж байгаагүй болно. 2015 оны 9 сарын 1 өдөр байгуулсан ВЗ/ЗГ 83/БГ-нд Б.Ахамтарч гэрээ байгуулсан байхад яагаад нэмэлт гэрээнүүдийг түүний зөвшөөрөлгүйгээр зөвхөн Ш.Отай байгуулаад байгаа нь ойлгомжгүй байна. Ш.Од зээл авах гэрээ сунгах эрх олгоогүй байхад “Г Ф”ББСБ ХХК-аас энэ талаар Б.Ат мэдэгдэж тодруулалгүй нэмэлт гэрээнүүд байгуулж байгаа нь Б.Аийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд хохироосон гэж үзэж байна. Иймд зээлийн гэрээний дагуу нэг ч төгрөг аваагүй байж зээлийн хамтран хариуцагч болж, өөрийн хувийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах болж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын Алтанхуягт холбогдуулан гаргаж байгаа хэсгийг болон үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зээлийг Ш.Од өгчхөөд зээлээ төлүүлэх болохоор Б.Аийн байраар төлүүлнэ гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч байгууллага маш өндөр хүүтэй зээл олгодог. Бид нарт мэдэгдээгүй Ш.Од нэмэлтээр зээл олгосон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/00456 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Их Өлзийт овогт Шархүүгийн Ш.О, Боржигин овогт Баасангийн Б.Анараас 435 580,54 /дөрвөн зуун гучин таван мянга таван зуун наян төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөг, хариуцагч Их Өлзийт овогт Шархүүгийн Ш.Огаас 13 000 000 /арван гурван сая/ төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Г Ф”ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 38 106 919,46 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.О, Б.Анараас 435 580,54 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг 12 дугаар хороо 17 дугаар байр 50 тоотод байршилтай 30 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2205014576 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн №83/ЗГ-02 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 485 870 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ш.О, Б.Анараас улсын тэмдэгтийн хураамжид 13 717 төгрөг, хариуцагч Ш.Огаас улсын тэмдэгтийн хураамжид 222 950 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Г Ф”ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 660 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/00456 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348 485 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Зулаа хяналтын гомдолдоо: Шийдвэр болон магадлалыг тус тус эс зөвшөөрч. хянуулахаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: ...Гэвч талуудын хооронд нэмэлтээр байгуулсан буюу гэрээний үүрэг биелүүлэх хугацааг тухай бүр сунгасан гэрээнүүдийг: Анхан шатны шүүхээс дүгнэхдээ Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7 дахь хэсэгт заасан зүйл заалтыг үндэслэн хугацаа сунгасан гэж үзэхгүй гэж дүгнэснийг эс зөвшөөрч өөрийн үндэслэлээ дурдсан боловч Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянахдаа анхан шатны шүүхийн гаргасан алдааг залруулалгүй хэвээр үлдээсэн нь холбогдох хуулийн зохицуулалтыг зөрчиж байна гэж нэхэмжлэгчийн хувьд дүгнэж байна. - Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсэгт заасан байх энэхүү хуулийн зохицуулалтыг нэхэмжлэгчийн хувьд дараах байдлаар ойлгон хэрэглэсэн болно. Үүнд: -Үүрэг хүлээгч нь гэрээгээр тодорхойлсон хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой, биелүүлж чадаагүй буюу биелүүлэхэд тодорхой нэмэлт хугацаа шаардлагатай нөхцөлд талууд харилцан зөвшилцөөд гэрээний үүргийг биелүүлэх хугацааг сунгах үйлдлээр “зайлшгүй бий болох үйл явдлыг тодорхойлж байна”  гэж үзсэн. - Иймд талуудын хооронд 2016 оны 04 сарын 22 өдөр “Зээлийн гэрээний нэмэлт“ байгуулан хугацааг тоолохдоо 2016 оны 03 сарын 01 өдрөөс буюу Үндсэн гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн 2016 оны 09 сарын 01 хүртэл байхаар тодорхойлж, энэ талаараа гэрээнд тусгасан нь холбогдох хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. -Гэрээний сунгалтын талаар хариуцагч тал маргаагүй байхад гэрээг сунгасан үйлдэл хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт гарган хэргийг шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр бууруулан шийдвэрлэсэнд гомдолтой байна. 2 Иргэн Б.Ааас Ш.Од олгосон итгэмжлэлийн тухайд .... Олгогдсон итгэмжлэлийн агуулгын хүрээнд, үгийн шууд утга болон түүнтэй холбоос бүхий байдлаар нь ойлгож гэрээнд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр гарын үсэг зуруулсан үйдлэл итгэмжлэлийг агуулгыг мушгин гуйвуулсан, өөр байдлаар ашиглаж хэрэглэсэн зүйлгүй болохыг анхаарч үзнэ үү. 3. 2016 оны 06 сарын 23 өдөр талуудын хооронд байгуулсан нэмэлт гэрээгээр 13 сая төгрөгийг нэмж олгосон бөгөөд энэхүү гэрээгээр хүү тохироогүй тул хүү тооцох эрхгүй гэж дүгнэсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. - Тухайн нэмэлт зээлийг олгохдоо 2015 оны 09 сарын 01 өдрийн 83/ЗГ тоот зээлийн гэрээнд дараах нэмэлтийг оруулж байна... хэмээн гэрээний дугаар огноо зэргийг тодорхой дурдаж улмаар ...Зээлийн гэрээнд дээрх нэмэлтийг оруулсан нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээний нөхцөл өөрчлөгдөх, үүрэг гүйцэтгэхээс татгалзах үндэслэл болохгүй бөгөөд бусад бүх заалт хэвээр дагаж мөрдөгдөнө хэмээн тодорхой дурдсан. - 83/ЗГ тоот зээлийн гэрээнд зээлийн хүүг тодорхойлсон бөгөөд нэмэлт гэрээгээр энэхүү хүүгийн нөхцөлийг зээлдэгч тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан нь Иргэний Хуулийн 41 дүгээр зүйлийн холбогдох заалтуудад бүрэн нийцэж байх тул нэмэлтээр авсан 13 сая төгрөгт хүү тооцох үндэслэлтэй юм. 4. Шүүгч нэхэмжлэлийн шаардлага болох төлбөрийг тооцохдоо талуудын хооронд байгуулсан гэрээний заалт болон хугацаа сунгасан гэрээг үндэслэлгүйгээр хүчингүйд тооцож, улмаар Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан заалтыг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас нэхэмжлэлийн шаардлагын дүнг үндэслэлгүйгээр бууруулсныг үл зөвшөөрч байна. - 83/ЗГ дугаартай зээлийн гэрээний 2.9-д төлбөр төлөгдөх дарааллыг тогтоосон бөгөөд 2017оны 09 сарын 01 өдөр хүртэл гэрээнд заасан дарааллаар буюу нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү. үндсэн зээл гэсэн дарааллын дагуу төлөгдсөн төлбөрийг хуваарилах ёстой. - Анхан шатны шүүхээс энэхүү төлбөр төлөгдөх дарааллыг баримтлаагүйгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг илтэд үндэслэлгүй буруулсан болохыг хавсралтад дурдсан хүү тооцооллын хүснэгтээр илэрхийлэн хүргүүлж байна. 2017 оны 09 сарын 01 өдрөөс хойш дахин зээлийн гэрээний хугацааг сунгаагүй тул үүнээс хойших төлөлтийг ИХ-ийн 216.4 дэх хэсэгт заасны дагуу төлбөрийг хувиарлах ёстой байсныг шүүгч буруу тооцоолсон болохыг тооцооллын хүснэгтээр харуулав. /Хүснэгт/ - Түүнчлэн талуудын хооронд байгуулсан “Зээлийн гэрээний нэмэлт”-үүднийг байгуулсан гэж үзэхгүй хэмээн дүгнэсэн атлаа зөвхөн 2017 оны 06 сарын 20 өдөр талуудын хооронд байгуулагдсан №83/ЗГ-04 дугаартай “Зээлийн гэрээний нэмэлт”-ийг хүчин төгөлдөр байдлаар дүгнэсэн дүгнэлт нь өмнө дурдсан дүгнэлттэйгээ зөрчилдөж байгааг давж заалдах шатны шүүхээс залруулсангүй. -Учир нь №83/ЗГ-04 дугаартай “Зээлийн гэрээний нэмэлт”-д дурдсан 12 258 000 төгрөгийг төлбөрийг зээлийн төлбөрөөс хасах, түүнчлэн 9 456 496, 16 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх тухай заалтуудыг хүчин төгөлдөр гэрээний заалтаар тооцон хассан нь үндэслэлгүй болжээ гэж үзэж байна. Шүүхээс нэгэнтээ "...талуудын хооронд төлбөрийн дарааллыг тогтоосон зээлийн гэрээ -г хуульд нийцсэн гэж дүгнэсэн атлаа хүү тооцооллыг шийдвэрлэхдээ тухайн хүчин төгөлдөр гэрээнийхээ холбогдох үндэслэлгүй шийдвэрлэсний улмаас нэхэмжлэлийг үндэслэлгүй бууруулж байгааг хяналгүй орхигдуулсан шүүхийн шийдвэр хууль ёсны үнэн зөв гарсан эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Дээрх байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас зээлдэгчийг буюу хариуцагчийг хүлээсэн үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийх боломжийг шүүхээс олгож байгаад харамсаж байна. Дараах тооцооллоор хүү тооцооллыг тооцох нь зүйтэй хэмээн үзэж байна. /Хүснэгт/Иймд шийдвэрийн зарим хэсгийг, магадлалыг тус тус хүчингүй болгож ИХШХШТХ-ийн 176.2.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулан нэхэмжлэлийг бүрэн ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Г Ф”ББСБ ХХК нь хариуцагч Ш.О, Б.Анарт холбогдуулан зээлийн үүрэгт 51 542 500 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах хоёр шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Ш.О нэхэмжлэлийг татгалзаж, “....нэхэмжлэгч өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, зээлийн төлбөрт орон сууцаа шилжүүлсэн, эвлэрч уг асуудлыг дууссан гэж ойлгож байтал нэхэмжлэлээ татан аваад дахиад нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй, ...200 000 төгрөгийг төлнө...” гэж, хариуцагч Б.А“...нэмэлт гэрээ байгуулж 13 000 000 төгрөг авсныг мэдээгүй, ...зээлийг Ш.О захиран зарцуулсан, гэрээний хугацааг сунгахад оролцоогүй бөгөөд Ш.Од төлөөлөх эрх олгоогүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэсэн үндэслэлээр тус тус маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч нараас 435 580 төгрөгийг, хариуцагч Ш.Огаас 13 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хянаад, хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

“Хэрэгт байгаа баримтыг үнэлж чадаагүй, гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн атлаа зээлийн хүүг хэрэгсэхгүй болгосон, ...Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэл муутай байна.

“Г Ф”ББСБ ХХК 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн гэрээний дагуу  Ш.О, Б.Анарт 25 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 4.5 хувийн хүүтэй, 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн нэмэлт гэрээний дагуу 13 000 000 төгрөгийг өмнөх гэрээний нөхцөлөөр тус тус шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн, гэрээний хугацааг 2 удаа сунгасан гэж үзэж, хариуцагч нар үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 25 000 000 төгрөг, гэрээний хугацааны хүү 12 997 500 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 11 287 500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 257 500 төгрөг нийт 51 542 500 төгрөгийг гаргуулна гэжээ.

Зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл болсон 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 83/ЗГ дугаар зээлийн гэрээ, 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн нэмэлт зээлийн гэрээ, барьцааны гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 166 дугаар зүйлийн 166.1-д заасан хүчин төгөлдөр гэрээ байна. Зээлдүүлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд байх ба 2015 оны 6 сарын 23-ны нэмэлт гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан гэрээ гэж дүгнэсэн байхад давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан гэрээ гэж анхан шатны шүүх дүгнэсэн мэтээр дүгнэлт хийсэн нь буруу байна. 

Зээлдэгч нар гэрээг сунгасан эсэх, 13 000 000 төгрөгийг нэмж зээлэхэд хүү тохирсон эсэхийг маргасан тул шүүх гэрээг тайлбарлаж, дүгнэлт хийхдээ хамтран зээлдэгчийн эрх үүрэг, гэрээний тохиролцоо тодорхой байх зарчим, үүрэг гүйцэтгэсэн байдалд дүгнэлт хийж хариуцагч тус бүрийн биелүүлэх үүргийн хэмжээг тодорхойлохдоо  Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 200 дугаар зүйлийн 200.1, 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Үүрэг гүйцэтгэх хугацааг гэрээ болон хуулиар тодорхойлно. Талууд гэрээний хугацааг сунгах бол хугацаа дуусах өдрөөс эхлэн сунгах байтал хожим нь сунгаж байсан мэтээр 2 удаа гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 208 дугаар зүйлийн 208.1-д нийцээгүй байна.

Түүнчлэн зээлийн гэрээ байгуулахдаа зээл буцааж төлөх хуваарийг буюу үүрэг гүйцэтгэх хугацаа, үүргийг хэрхэн гүйцэтгэхийг талууд тохироогүй тул шүүх Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.3, 216 дугаар зүйлийн 216.1, 216.4-т зааснаар зээлдэгчийн үүргийг тодорхойлсон нь хууль зөрчөөгүй байна.

Зохигчийн хооронд зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхтэй хэдий ч өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, зээлийн үүрэгт харилцан тохиролцож , орон сууц авсан атлаа нэхэмжлэлээ татан авсан, энэ нь үүрэг гүйцэтгэх хугацаанд нөлөөлсөн тул хэтэрсэн хугацааны хүү гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар   сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/00456 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 660 дугаар   магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 348 485  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Х.СОНИНБАЯР

    ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА