Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2019/00456

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Г” ХХК

Хариуцагч: Ш.О

Хариуцагч: Б.А

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 51,542,500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Мандах, С.Билэгсайхан

                                хариуцагчийн төлөөлөгч У.Түвшин, Д.Нарантуяа

                                   хариуцагчийн өмгөөлөгч Т.Баярцэцэг

                                        нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

Нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Г” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Шархүү овогтой О болон Баасан овогтой А нар нь манай байгууллагатай 2015 оны 9-р сарын 1-ний өдөр ... дугаартай "Зээлийн гэрээ" байгуулан 25000000 /Хорин таван сая/ төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 4,5 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгийн зориулан зээлж авсан. 2016 оны 6 сарын 23 өдөр ...-02 дугаартай зээлийн гэрээний нэмэлт байгуулан 13000000 төгрөг нэмж олгуулан нийт зээлийн үлдэгдэл 30000000 төгрөг болсон. Үүний дараагаар 2016 оны 9 сарын 1 өдөр ...-ОЗ дугаартай зээлийн гэрээний нэмэлт байгуулан ... зээлийн гэрээний хугацааг дахин 6 сараар буюу 2017 оны 3 сарын 1 өдөр хүртэл сунгуулсан. Улмаар 2017 оны 6 сарын 20 өдөр ...-04 дугаартай зээлийн гэрээний нэмэлт байгуулан ... зээлийн гэрээний хугацааг 2017 оны 09 сарын 01 өдрийг хүртэлх сунгаж, үндсэн зээлийн үлдэгдлийг 25 сая төгрөг болгон тодорхойлсон. Зээлийг олгохдоо талуудын хооронд дараах "Зээлийн барьцааны гэрээ"-г байгуулан нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж зохих бүртгэлийг хийлгэсэн. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үндсэн болон нэмэлт хугацаа дуусгавар болсон тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна Үүнд: 1. Зээлдэгч Ш.О болон Б.А нараас ... дугаартай "Зээлийн гэрээ"-ний дагуу төлөх үндсэн зээлийн үлдэгдэл 25000000 төгрөг, үндсэн хүү 12997500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1710000 төгрөг нийт 39707500 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт нэхэмжилж байна. Үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулсан Зээлийн барьцааны гэрээгээр барьцаалагдсан барьцаа хөрөнгө болох БГД...тоот хаягт байрлах Ү-... улсын бүртгэлийн дугаар болон 000406298 гэрчилгээний дугаар бүхий 55м.кв орон сууцаар хангуулж, энэ талаар шүүхээс гарах шийдвэрт тодорхой тусгаж өгнө үү.

Нэхэмжлэгч “Г” ХХК нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч нь 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагч О болон А нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч өнөөг хүртэл тухайн иргэний хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байна. 2019-01-21 өдөр нэхэмжлэлийг шаарддагаа нэмэгдүүлсэн. 2019-01-29-ний өдрийн шүүх хуралд хэрэг эцэслэн шийдэгдэлгүй 2019-02-12 өдөр хүртэл дахин хойшилсон тул нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа дахин дараах байдлаар нэмэгдүүлэн нэхэмжилж байна.Үүнд: Нэхэмжлэл гаргасан 2018 оны 04-р сарын 17-ны өдрөөс 2019 оны 02-р сарын 12 өдрийг хүртэлх хугацаа (бодогдсон өдөр-301хоног)-ны зээлийн хүү болох 11287500 (Арван нэгэн сая хоёр зуун наян долоон мянга таван зуу) төгрөг, нэмэгдүүлсэн хүү болох 2,257,500 (хоёр сая хоёр зуун тавин долоон мянга таван зуу) төгрөгийг нэмж нэхэмжлэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснээр нийт нэхэмжлэлийн шаардлагын дүн 51542500 (Тавин нэгэн сая таван зуун дөчин хоёр мянга таван зуу) төгрөг болно.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Мандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.О өөрөө манай байгууллагад хүсэлт гаргасан. Түүнчлэн Б.Ааас Ш.Од олгосон итгэмжлэл байгаа. Иймд Ш.О, Б.А нар зээлийн гэрээний зээлдэгч нар мөн. 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Ш.Огийн нөхөр Н.Ганбаатар өөрийн байраа 50,000,000 төгрөгөөр үнэлж 37 сая төгрөгийг өөрийн зээлээс, үлдсэнийг Ш.Огийн зээлийн төлбөрөөс хасуулж, зээлийн үлдэгдлийг 25,000,000 төгрөгөөр тодорхойлсон байгаа. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.10 болон Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон эсэхээс үл хамааран зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлдэгч нь зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байгаа. Энэ үүргийнх нь дагуу бид нэхэмжлэлээ гаргасан байгаа. Бид зээлдэгчийн хүндрэлтэй байдлыг харгалзаж үзэж тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлж 9 гаруй сая төгрөгийг хассан байгаа. Бид ямар нэгэн дарамт шахалтаар барьцаа хөрөнгийг нь барьцаанд нь тавиулаагүй учраас бид нарыг элдвээр хэлэхээ болиоч. Нэгэнт та бүхэн насанд хүрсэн хүмүүс учраас хэрвээ зээлийн гэрээний үүрэг биелэгдэхгүй бол бид нар хөрөнгөөрөө хариуцлага хүлээж байгаа гэдгээ мэдэж байгаа учраас зээлийн гэрээнд хамтран оролцож байгаа Ш.Отай уулзаж, асуудлаа шийдвэрлээч гэж хэлмээр байна. Бид хуулийн дагуу олгосон зээлийн болон барьцааны гэрээнийхээ үүргийг л шаардаж байгаа. Ш.О зээлийн төлбөрөө төлсөн тохиолдолд зайлшгүй барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гээгүй. Зээлийг олгохдоо энэ нөхцөл байдал бий болох вий гэдгээс урьдчилан сэргийлж, барьцааны гэрээ байгуулж, барьцааны гэрээнд Б.А үл хөдлөх хөрөнгөө тавьж гэрээний оролцогч болсон. Энэ бүхнийгээ ухамсартайгаар ойлгоно уу. Бид ямар нэгэн санхүүгийн хууль бус ажиллагаа явуулаагүй. Талуудын гаргасан хүсэлтийн дагуу бид зээл олгосон. Хариуцагч Ш.Огийн төлөөлөгч өмнө шүүхийн шийдвэр гарсан учраас энэ хэргийг дахин шийдвэрлэх боломжгүй гэж тайлбарлаж байна. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр хэдий ч нэхэмжлэлээ татан авах эрхтэй учраас нэхэмжлэлээ татан авсан гэж бичсэн байгаа. Тиймээс хэргийг шийдвэрлэх боломжтой. Манай байгууллага өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа. Манай үйл ажиллагааг зогсоосон, түдгэлзүүлсэн баримт байхгүй учраас манайх зээл олгох эрх бүхий этгээд, уг үйл ажиллагааг хугацаагүй эрхлэхээр гэрчилгээгээ шинэчилж авсан. Зээл эргэн төлөх график тохиролцоогүй учраас манайх нэмэгдүүлсэн хүүг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тооцсон байгаа. Тэгэхээр манай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

Хариуцагч Ш.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Говь финанс ББСБ-ын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа, бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах тайлбарыг гаргаж байна. “Говь финанс” ББСБ нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ бодит байдлыг илтэд мушгин гуйвуулж, худал тайлбар гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг асуудлаар Говь финанс ББСБ нь 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Тухайн үед “Говь финанс” итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах гэх хүн утсаар эвийн журмаар хэргээ шийдвэрлэвэл хэн хэнд нь амар гэх мэтээр шүүхэд нэхэмжлэл өгснийхөө дараагаас ярих болсон. Ингээд Говь финанс ББСБ-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр нөхөр Н.Ганбаатарын өмчлөлийн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 6-р хороо, ханын материал /18062/ үйлдвэрчний эвлэлийн гудамжны 70а байрны 161 тоот хаягт байрлах 43 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгч байсан. Ингээд эвлэрч уг асуудлыг дууссан гэж ойлгосон. Гэтэл “Говь финанс” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах нь миний эрх зүйн мэдлэггүйг ашиглан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээ буцаан татан авсан байна. Н.Ганбаатарын өмчлөлийн байрыг шилжүүлэн авахдаа бидэнд эвлэрч байна. Уг асуудал ингээд дууссан гэж хэлж байсан. Гэтэл өнөөдөр манай нөхрийн байрыг авч захиран зарцуулчихаад дахиад их хэмжээний мөнгө нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөгөөтэйгүүр Ш.О надтай байгуулсан гэх гэрээг хуулийн шаардлага хангахгүй гэж үзэж байгаа тул хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхийг “Говь финанс” ББСБ-д үүсгэхгүй. Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай гэх баримтгай танилцаад бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах тайлбарыг гаргаж байна. Банк, эрх бүхий хуулийн этгээд нь зээл гэрээний дагуу хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү, шаардахын тулд хуулиар тогтоосон үндэслэл журмын дагуу үйл ажиллагаа явуулсан байхыг шаарддаг. Нэхэмжлэгчтэй байгуулсан гэх гэрээ нь хуулийн шаардлагыг хангаагүйн дээр миний зүгээс тус зээлийн төлөлтөд их хэмжээний мөнгийг төлсөн . Иймээс нэхэмжлэгчийг хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж үзэж байна.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Нарантуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нарантуяа миний бие Говь Финанс ББСБ-ын нэхэмжлэлтэй танилцан дараах тайлбарыг гаргаж байна. 2015 оны 9 сарын 1 өдөр Говь финанс ББСБ-тай ... 83-БГ байгуулж иргэн Ш.Отай 25,000.000 төгрөгийг хамтран эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдэхээр болсон. Гэвч тус мөнгөнөөс иргэн Ат нэг ч төгрөг олгогдоогүй бөгөөд А нь ямар нэгэн байдлаар захиран зарцуулахад огт оролцоогүй. Хэргийн материалтай танилцан үзэхэд Говь финанс ББСБ болон Ш.О нарын хооронд Аийн зөвшөөрөлгүй зээлийн гэрээний нэмэлт ...-01 , ...-02 , ...-ОЗ , ВЗ/ЗГ-04 байгуулсан байна. Эдгээр нэмэлт гэрээнүүдийг хэзээ байгуулж хэдэн төгрөг авсан талаар огт мэдээгүй. Ингэж нэмэлт гэрээ байгуулан зээл авч байгаа тухай Ат нэг ч удаа ББСБ-аас мэдэгдэж байгаагүй болно. 2015 оны 9 сарын 1 өдөр байгуулсан ВЗ/ЗГ 83/БГ-нд А хамтарч гэрээ байгуулсан байхад яагаад нэмэлт гэрээнүүдийг түүний зөвшөөрөлгүйгээр зөвхөн Отай байгуулаад байгаа нь ойлгомжгүй байна. Од зээл авах гэрээ сунгах эрх олгоогүй байхад Говь финанс ББСБ-аас энэ талаар Ат мэдэгдэж тодруулалгүй нэмэлт гэрээнүүд байгуулж байгаа нь Аийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг илтэд хохироосон гэж үзэж байна. Хуульд зааснаар зээлийг зээлдэгчид олгосон байх ёстой гэтэл Ат нэг ч төгрөг олгоогүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26-р зүйлд зааснаар олгосон зээлийн ашиглалтаа шалгаж, эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл уг зээлийг хугацаанаас нь өмнө шаардах эрхтэй гэж заасан бөгөөд Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч талууд эрх үүргээ шударгаар биелүүлэх ёстой атал нэмэлт гэрээнүүд байгуулж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд зээлийн гэрээний дагуу нэг ч төгрөг аваагүй байж зээлийн хамтран хариуцагч болж, өөрийн хувийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах болж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын Ат холбогдуулан гаргаж байгаа хэсгийг болон үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагчийн төлөөлөгч У.Түвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуулийн шаардлага хангахгүй учир хүү, алданги тооцох эрхгүй. Өмнө шүүх хуралдаан хойшлогдож, нэмэлтээр авсан баримтуудаар ч мөн адил тэгж харагдаж байгаа. Анх 25000000 төгрөг, дараа нь 13000000 төгрөг авсан асуудал байгаа. Хавтаст хэргийн 15 дугаар талд авагдсан баримт болон нэхэмжлэгч байгууллагын өөрсдийнх нь гаргаж өгсөн баримтаар 37000000 төгрөг төлсөн нь харагдаж байгаа. Тэгэхээр зөрүү мөнгийг нь л өгнө үү гэхээс хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсан байхад хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрх байхгүй. Анх манайх 25000000 төгрөг авъя гэсэн боловч дансны хуулгаар 24750000 төгрөг орж ирсэн. Тэгэхээр 2475000 төгрөг шилжүүлчихээд 25000000 төгрөг нэхэмжлэх боломж байхгүй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээний талууд гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах ёстой. Иргэний хуулийн  451 дэх хэсэгт зааж байгаа гэрээ нь банк эрх бүхий хуулийн этгээд байхыг шаардаж байгаа. Тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд байхыг шаардаж байгаа бөгөөд зүгээр ямар нэг хуулийн этгээд байхыг шаардахгүй. Нэхэмжлэгч байгууллагын нотлох баримтаар гаргаж өгч байгаа тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хуулийн шаардлага хангаж байна уу эсэхийг шүүх харах ёстой. Санхүүгийн зохицуулах хороо банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрлийг хугацаагүй олгодог гэж ярихаар хугацаагүй болдог зүйл биш. Төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын их хурлаас гарч байгаа хууль тогтоомжийг зайлшгүй дагаж мөрдөх ёстой. Түүнээс Санхүүгийн зохицуулах хороо хуулийг тайлбарлах боломж байхгүй. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ. Уг хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1 дэх хэсэгт Банк бус санхүүгийн үйл ажиллагааг зайлшгүй тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ гэж заасан. Мөн Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаагаа эрхэлнэ гэж заасан. Мөн уг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт Банк санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг хүсэж, ирүүлсэн бичиг баримтыг Санхүүгийн зохицуулах хороо хүлээн авч, ажлын 30 хоногийн дотор хянаж, дараах шаардлагыг хангасан бол тусгай зөвшөөрөл олгоно гэж заасан. Мөн 9.3 дахь хэсэгт тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь Банк бус санхүүгийн байгууллагын төрлийг заана. Эрхлэх тодорхой хугацааг заана. Хуулийн шаардлага өөрөө хугацаа байгаа. Түүнээс хугацаагүйгээр олгож, нэг эрх авчихвал бүх насаараа эрхэлдэг зүйл биш. Аж ахуй нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг 3 жилээс доошгүй хугацаагаар олгоно гэж заасан. Ямар ч тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгосоор ирсэн. Мөн үүнээс багагүй хугацаагаар сунгадаг. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас харахад талууд 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ байгуулдаг. Талууд олгосон тусгай зөвшөөрлийн хугацаа дууссаны дараагаар гэрээ байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч байгууллагын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь 2012 оны 8 дугаар сарын  8-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хүчинтэй байсан. Тэгэхээр нэхэмжлэгч байгууллага хуулийн дагуу гэрээ байгуулсан гэж ярих үндэслэлгүй. Хуулийн дагуу гэрээ байгуулаагүй тохиолдолд хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрх байхгүй. Шаардах эрх бий болохгүй. Тэгэхээр зээлүүлсэн 24750000 төгрөг болон 13000000 төгрөгийг л төлнө. Манайхаас одоо 200 гаруй мянган төгрөг төлөх тооцоо гарч байгаа. Банк бус санхүүгийн байгууллага гэж үзсэн ч Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой. Гэтэл зээл хүссэн өргөдөл байхгүй, зээлийг хэн авч, юунд зарцуулж байгаа нь тодорхойгүй. Өргөдлийг тодорхой авах ёстой. Хууль тогтоомжид зайлшгүй зээлдэгчийн өргөдлийг авна гэж заасан. Гэтэл хэн альнаас нь гаргасан өргөдөл байхгүй. Мөн зээлийн байгуулсан гэрээнүүдийг харахаар 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 25000000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 4,5 хувийн хүүтэйгээр хийсэн. Тухайн гэрээгээ сунгахдаа өмнөх гэрээний нөхцөл хэвээр л гэж бичиж байгаа. Иргэний хуулийн 41, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээний агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан. Өмнөх гэрээний нөхцөл хэвээр гэдэг чинь тухайн үед талууд 6 сарынхаа хугацаанд л 4,5 хувийн хүү тогтооё гэж тохиролцож бичихээс биш. Гэрээг сунгахаар хүү 4,5 хувиар тооцогдоно гэсэн өгүүлбэр огт байхгүй. Сунгаж байгаа гэрээнүүд дээр хүү тогтоосон нөхцөл байхгүй. Үнэхээр хүү тохирсон бол зээлийн төлөлтийн график дээрээ тодорхой бичих ёстой. Гэтэл огт график байхгүй байж хугацаа дууссанаас хойш нэмэгдүүлсэн хүү тооцно гэж ярьж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Зээлийн гэрээний хуваарь зөрчигдсөн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцно гэдэг. Гэтэл зээл төлөлтийн хуваарь байхгүй байхад яаж хувиар зөрчигдсөн гэж үзэх юм. Нэмэгдүүлсэн хүү тооцох эрх байхгүй. 13000000 төгрөгийн гэрээг өмнө ерөнхий гэрээндээ нийцүүлэн хийсэн гэж тайлбарлаж байгаа. 13000000 төгрөгийн гэрээний хүү, хугацаа нь тодорхойгүй. 13000000 төгрөгийн гэрээн дээрээ хүү тооцсон талаарх тохиролцоо баримтаа нэхэмжлэгч тал гаргаж ирэх хэрэгтэй. Иргэний хууль болон Үндсэн хуульд зааснаар хууль ёсны байх зарчим чинь өөрөө агуулгын хувьд маш өргөн. Хууль зөрчсөн бол эрх хамгаалагдахгүй. Нэхэмжлэгч ямар ч тусгай зөвшөөрөл байхгүй, 13000000 төгрөг дээрээ хүү тохиролцоогүй байж, сүүлд нөхөж хүү тооцож гэрээ хийж байгаа нь хуульд нийцэхгүй. Сүүлд хийсэн гэрээ хуульд нийцэхгүй. 13000000 төгрөгийн гэрээнд хүү тооцох боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тусгайлан гаргаагүй байхад иргэний хэрэг үүсгэсэн. Анх нэхэмжлэлдээ тусгаж гаргаагүй шаардлагыг яаж нэмэгдүүлж болдгийг мэдэхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх гэдэг үг хуульд байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх гэдэг үг байдаг. Хууль зүйн нэр томъёог зөв хэрэглэх хэрэгтэй. Энэ нэхэмжлэлийг өмнө нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаад нэхэмжлэлээ татаж авч байсан. Гэтэл нэхэмжлэлээ татан авсныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнтэй адилтгаж үзнэ, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахгүй гэж Иргэний хуульд заасан. Тэгэхээр дахин нэхэмжлэл гаргаад хэрэг хэлэлцэгдэж байгаа нь хэр оновчтой вэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаас 200 гаруй мянган төгрөгийг манайх төлнө.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн мөнгөнөөс манайх ямар ч мөнгө аваагүй. Зээлийг Ш.Од өгчихөөд зээлээ төлүүлэх болохоор Б.Аийн байраар төлүүлнэ гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч байгууллага маш өндөр хүүтэй зээл олгодог. Бид нарт мэдэгдээгүй Ш.Од нэмэлтээр зээл олгосон. Одоо шүүхэд Б.Аийн байраар зээлийн төлбөрөө төлүүлнэ гэж байна. Б.А бид хоёр байрныхаа ордерыг л хэрэглүүлж, Ш.Ог зээлийн төлбөрөө төлөөрэй гэж шаардаж явж байсан. Бидний зөвшөөрөлгүйгээр дахин дахин нэмэлт гэрээ хийж, мөнгө Ш.Од олгосон байгаа. Зээлийн гэрээгээр олгосон мөнгөнөөс бид ямар ч мөнгө аваагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч Ш.О, Б.А нарт холбогдуулан гэрээний үүрэгт 51,542,500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргажээ.

Дээрх шаардлагын үндэслэлээ “зээлийн болон барьцааны гэрээний үүрэг” гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа бол хариуцагч Ш.О “эрх бүхий этгээдтэй зээлийн гэрээг байгуулаагүй, зээлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй этгээд зээл олгосон, хуулийн шаардлага хангахгүй зээлийн гэрээ байгуулагдсан тул хүү шаардах эрхгүй, зээлийн төлбөрийг төлж дууссан”, хариуцагч Б.А “зээлээс нэг ч төгрөг авч ашиглаагүй, найз Ш.Огийн гуйлтаар гэрээнд гарын үсэг зурсан, нэмэлт гэрээгээр зээлсэн 13 сая төгрөгийн гэрээнд гарын үсэг зураагүй, ийм гэрээ байгуулагдсан талаар мэдэгдээгүй” гэж маргаж байна.

Зохигчид 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн №... тоот зээлийн гэрээгээр зээлдүүлэгч “Г” ХХК нь зээлдэгч Ш.О, Б.А нарт 25,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлэх, уг мөнгийг зээлдэгч нар сарын 4,5 хувийн хүүтэй хугацаанд нь буцааж төлөх үүргийг тус тус хүлээж гэрээг бичгээр байгуулсан байна. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Б.Аийн өмчлөлийн Баянгол дүүрэг 7 дугаар хороо 105 дугаар байрны 69 тоотод байршилтай 55м2 талбай бүхий эрх улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцаар хангуулахаар талууд тохирч 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр №83/БГ тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр хийж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж, нотариатчаар гэрчлүүлж гарын үсэг зуржээ.

Дээрх зээлийн гэрээг зээлдүүлэгчийг төлөөлж гүйцэтгэх захирал Н.Нарангэрэл байгуулсан байх бөгөөд Н.Нарангэрэл нь 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд нэхэмжлэгч “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдов. /1 дүгээр ХХ-ийн 241-243 дугаар тал/

Иймд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгчийг төлөөлж эрх бүхий этгээд гэрээнд гарын үсэг зурсан байна.  

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1 дэх хэсэгт заасны дагуу “Г” ХХК-д банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2012 оны 8 дугаар 08-ны өдөр олгосон, уг үйл ажиллагааг хугацаагүй эрхлэх эрхтэй болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тогтоогдсон болно. /1 дүгээр ХХ-ийн 4, 221 дүгээр тал/

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байх ба хуульд заасан шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

Зээлдүүлэгч нь 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр зээлдэгч Ш.Огийн дансанд 24,750,000 төгрөг шилжүүлсэн нь “Г” ХХК-ийн Голомт банкны дансны хуулгаар тогтоогдсон, энэ талаар хариуцагч нар маргаагүй боловч зээлийн гэрээнд заасан 25,000,000 төгрөгийг бүрэн шилжүүлээгүй гэж маргажээ. Зээлийн гэрээний 2.11-д “Энэ гэрээнд заасан зээлийн нийт үнийн дүнгийн 1 хувиар ББСБ-д зээлийн үйлчилгээний шимтгэл төлнө” гэж тохирсон байх бөгөөд уг шимтгэл 250,000 төгрөгийг зээлээс төлүүлж 24,750,000 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн нь зээлдүүлэгчийг хуульд заасан болон гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэхгүй. Иймд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчид зээлийг олгож, зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзлээ.

Зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөхөөр заасан боловч уг хуваарийг тохиролцоогүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул зээлдэгч нарыг сар бүрийн тогтсон өдөр зээлийн төлбөр болон хүү төлөх үүрэг хүлээсэн гэж үзэхээргүй байна. Мөн зээлийн гэрээний хугацааг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “зээлийн гэрээний нэмэлт” гэрээгээр 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 6 сараар, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “зээлийн гэрээний нэмэлт” гэрээгээр 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 6 сараар сунгажээ. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7 дахь хэсэгт “Хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно” гэж заасан ба үүнийг талуудын гэрээгээр тогтоосон хугацаа дууссан өдрөөс харилцан тохиролцож “дахин тогтоосон хугацаа”-г хугацаа сунгах гэж ойлгоно. Зохигчдын 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр дууссан, энэ өдрөөс гэрээний хугацааг сунгах тохиролцоо хийгдээгүй тул 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээгээр хугацаа сунгасан гэж үзэхгүй. Иймд зээлийн гэрээний хугацаа 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсон байна.

Нэхэмжлэгч нь 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “зээлийн гэрээний нэмэлт” гэрээгээр хариуцагч нарт өмнөх зээл дээр нэмж 13,000,000 төгрөг зээлүүлсэн гэж үзэн уг зээлийн дүнгээс хүү тооцон шаарджээ. Дээрх зээлийн гэрээнд зээлдэгч Ш.О, хамтран зээлдэгч Б.А нарыг төлөөлж Ш.О гарын үсэг зурсан байна. Хариуцагч Б.А нь 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч, түүнтэй холбоотой гэрээ хийх, төлөөлж гарын үсэг зурах, барьцаалбар үйлдүүлэх, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх, үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхийг Ш.Од 3 жилийн хугацаатай итгэмжлэлээр олгосон байх ба уг итгэмжлэлийн дагуу 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээнд Б.Аийг төлөөлж гарын үсэг зурсан нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэж заасан нь итгэмжлэлд ямар эрх хэрэгжүүлэхээр зөвшөөрсөн тухайн хүрээнд төлөөлөгчийн эрх хязгаарлагдана гэж ойлгоно. Б.Ааас Ш.Од олгосон итгэмжлэлээр Б.Аийн өмнөөс зээлийн гэрээ байгуулах, зээлийн гэрээнд Б.Аийг төлөөлж гарын үсэг зурах эрхийг олгоогүй тул Ш.Ог зээлийн гэрээнд Б.Аийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд гэж үзнэ. Иймд 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний хувьд хариуцагч Б.Аийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэлгүй бөгөөд зөвхөн “Г” ХХК болон Ш.О нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ гэж дүгнэв.

Иймд 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Б.Ааас шаардах эрхгүй болно. Мөн дээрх гэрээгээр хүү тохироогүй тул 13,000,000 төгрөгөөс хүү тооцох эрхгүй байна.

Иймд нэхэмжлэгч нь 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи хугацаа хэтэрсэний хүүг хариуцагч Ш.О, Б.А нараас, 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Ш.Огаас шаардах эрхтэй.  

Талууд зээлийн хүүг сар бүр зээлийн төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож, нэмэгдүүлсэн хүү, хүү, зээлийн үндсэн төлбөрийг төлөх дарааллыг тогтоосон байх боловч зээлдэгч нар сар бүр зээлийн үндсэн төлбөр болон хүүг төлөх тохиролцоо буюу хуваарь тогтоогоогүй байх тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаанд төлсөн 13,677,600 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрөөс хасаж 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрийн үлдэгдлийг 11,322,400 төгрөг гэж тодорхойлов.

Иймд зээлдэгч нар хүүд 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 6,750,000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 4 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 686,789 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 343,784 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 465,798 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 1,091,571 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 382,228 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 541,145 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 2,744,295 төгрөг нийт хүүд 13,006,610 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 8,508,900 төгрөг төлөх үүрэгтэйгээс талууд 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр харилцан тохиролцож 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний зээлийн төлбөрөөс 21,079,929.46 төгрөгийг хассан байх тул хариуцагч нар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 435,580.54 төгрөг төлөх үүрэгтэй байна.

Талуудын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн төлбөрийг хассан тохиролцоо нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт нийцэж байна.

Мөн хариуцагч Ш.О нь 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,000,000 төгрөг төлөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэлээс 38,106,919.46 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. 

Зохигчид 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн №83/БГ барьцааны гэрээгээр барьцаа хөрөнгөөс зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар тохирсон, энэ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.6 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нь хуульд нийцнэ.

Дээрх барьцааны гэрээгээр 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Ш.Отай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тохиролцоо хийгдээгүй тул уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхгүй тул холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.   

Талууд маргаанаа шүүхээр өмнө шийдвэрлүүлж байгаагүй болох нь тэдний тайлбараар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсан үндэслэлээр хэргийг шийдвэрлэхгүй байх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш. О, Б. А нараас 435,580.54 /дөрвөн зуун гучин таван мянга таван зуун наян төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөг, хариуцагч Их Өлзийт овогт Шархүүгийн Огаас 13,000,000 /арван гурван сая/ төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 38,106,919.46 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.О, Б.А нараас 435,580.54 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгө болох ..... бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн №...-02 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 485,870 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ш.О, Б.А нараас улсын тэмдэгтийн хураамжид 13,717 төгрөг, хариуцагч Ш.Огаас улсын тэмдэгтийн хураамжид 222,950 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-д олгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Т.ГАНДИЙМАА