Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2017/01273

 

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2017/01273

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Ривэр гарден 311-703 59-16 тоотод оршин суух, Өөлд овогт Аюушийн Алтантулга /РД: ЧТ71061877/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 1 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 54-19 тоотод оршин суух, Сартуул овогт Шагдарын Март /РД: ЧР82030863/-д холбогдох

 

Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Алтантулга, хариуцагч Ш.Март, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Алтантулгын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлд: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 27-12 тоот 46 м/к бүхий 3 өрөө байр нь “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” ту шүүхийн шүүгчийн 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШЗ2016/02271 тоот захирамжийн дагуу зээлийн төлбөрт миний өмчлөлд шилжиж, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн өмчлөх эрхийн 000512789 дугаар гэрчилгээ миний нэр дээр гарсан. Ш.Мартыг миний өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 27-12 тоот 3 өрөө орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү  гэжээ. 

 

Хариуцагч Ш.Мартын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: А.Алтантулга нь өөрийн өмчлөлийн байрнаас Ш.Мартыг албадан гаргаж өгнө үү гэх нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд үүнийг би зөвшөөрөхгүй. Учир нь одоогоос 4 жил орчмын өмнө буюу 2013 оны 5 дугаар сард миний ээж манай гэрч нэг эгчийг дагуулж ирсэн ба тэр өөрийгөө Оюунцэцэг гэж танилцуулсан. Оюунцэцэг эгч тухайн үед надад нэг сүлжээний бизнесийн тухай яриад байхаар нь би тийм юм сонирхохгүй ээ гэж хэлсэн. Гэтэл түүнээс хойш тэр эгч над руу хэд хэдэн удаа утсаар ярьж, чамтай уулзъя гэж дуудахаар нь очиж уулзахад 3 хоногийн хугацаатай мөнгө зээлээч гэж шалж эхэлсэн. Тэгээд би 12 сая төгрөгийг хүнээс зээлж Оюунцэцэг эгчид өгсөн, тухай үед хугацаандаа мөнгөө эргүүлж өгсөн. Үүний дараа дахиад 15 хоногийн хугацаатай хүнээс мөнгө зээлээд өгчих гэхээр нь нөхрийнхөө найзаас 37 сая төгрөгийг 15 хоногийн хугацаатай зээлж өгсөн. Хугацаа нь болохоор нь би Оюунцэцэг эгч рүү ярихад одоо удахгүй өгнө, хэд хоног хүлээж бай гэж хэлсэн. Нэгэнт би хүнээс хугацаатай мөнгө зээлсэн, тэр хүн нь одоо энэ нэхэмжлэгч А.Алтантулга гэдэг хүн бөгөөд 10 хувийн хүүтэй зээлсэн. Алтантулга нь 37 сая төгрөгөө хүүтэй нь нийт 43 сая төгрөгийг өдөр шөнөгүй нэхээд байсан учир аргагүйн эрхэд би өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 27 дугаар байрны 12 тоот 3 өрөө байраа барьцаалсан. Түүнээс хойш би 43 сая төгрөгийнх нь хүүг өөрөөсөө төлж байгаад 2015 оноос хойш төлж чадахгүйд хүрсэн. А.Алтансүх намайг шүүхэд өгсөн, үүнийг нь би Оюунцэцэг эгчид хэлсэн, шүүх хурал болох өдөр Оюунцэцэг эгч, Алтантулга 2 хоорондоо уулзаад эвлэрлийн гэрээ байгуулсан, Алтантулга би байрыг чинь авахгүй гэж хэлж байсан, байраа миний нэр дээр шилжүүлээд өгчих, чамайг мөнгө өгтөл чинь байранд чинь халдахгүй гэж хэлэхээр нь би итгээд нэрээ шилжүүлээд өгчихсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш.Мартын өмгөөлөгч Б.Цолмонгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний хувьд энэ хэргийг эрүүгийн хэрэг гэж үзэж байна. Ш.Март нь А.Алтантулгатай 2015 онд нөхөж гэрээ хийсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албадан дуудлага худалдааны протоколоос үзэхэд А.Алтантулга нь  байраа миний нэр дээр шилжүүлчих мөнгөө өгсөн тохиолдолд байраа буцаагаад ав гэж хэлсэн. Ш.Март мөнгөө төлөөд эхэлбэл байраа буцаагаад авна гэж ойлгосон. Гэтэл А.Алтантулга шүүхэд хандаж байраа авъя миний байр гэж хүн чанаргүй зан гаргаж байна. Тиймээс Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газарт хандаж шалгуулж байгаа. Ш.Март өөрөө мөнгө аваад ашигласан бол гомдол байхгүй, авсан мөнгөө Оюунцэцэг гэж хүнд өгсөн, түүнийг одоо цагдаагийн байгууллагаар залилангийн хэрэгт шалгуулж байгаа. Цагдаагийн байгууллага шалгаад н.Оюунцэцэгт ял шийтгэл оноогоод, нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг н.Оюунцэцэгийн эд хөрөнгөөс гаргаж шийдэх бол уу гэсэн горьдлоготой явж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол гэж заасан.  Эрүүгийн журмаар шалгах гэдэг заавал эрүүгийн хэрэг үүссэн байхыг хэлэхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн  117.1-д энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасан. Иймд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, 27 дугаар байр, 12 тоот 3 өрөө орон сууцыг Ш.Мартын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч А.Алтантулга гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч А.Алтантулга нь маргааны зүйл болох Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, 27 дугаар байрны 12 тоот орон сууцны өмчлөгч болох нь эрхийн улсын Ү-2205008365 дугаар бүртгэл, бүртгэлийн дагуу олгосон 000512789 дугаартай гэрчилгээгээр тогтоогджээ.  

 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-дӨмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна” гэж хуульчилснаас үзэхэд маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч нь А.Алтантулга байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч Ш.Мартын хууль бус эзэмшлээс маргаан бүхий орон сууцыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэгч А.Алтантулга шаардах эрхтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШЗ2015/05283 тоот зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Ш.Март нь А.Алтантулгад 48,000,000 төгрөгийн төлбөртэй бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Ш.Март нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 27-12 орон сууцаа төлбөртөө тооцож өгсөн болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШЗ2015/05283 тоот зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, тус шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 274 дүгээр гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 106 дугаар Санал болгох хуралдааны протоколоор тогтоогдож байх бөгөөд тус албаны 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 1/31997 тоот мэдэгдлийг үндэслэн Баянгол дүүргийн Бүртгэлийн хэлтэс дээрх орон сууцны өмчлөх эрхийг А.Алтантулгад шилжүүлэн гэрчилгээ олгожээ.

 

Иймд нэхэмжлэгч А.Алтантулгын өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 27 дугаар байрны 12 тоот 3 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Ш.Мартын хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Цолмон “... мөнгийг Ш.Март өөрөө аваагүй, цааш нь Оюунцэцэг гэж хүнд өгсөн, түүнийг цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн  117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргаж байна. А.Алтантулгын нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Мартад холбогдох бусдын хууль бус эзэмшлээс орон сууцаа чөлөөлүүлэхийг хүссэн шаардлагатай иргэний хэрэгт “Ш.Март нь Оюунцэцэг гэх хүнд залилуулсан” гэх гомдлыг шалгаж байгаа явдал нь хамааралгүй, Ш.Март нь бусдад залилуулсан гэх гомдлоо холбогдох байгууллагаар шалгуулж жич шийдвэрлүүлж хохирлоо барагдуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан эрхийн улсын Ү-2205008365 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, 27 дугаар байрны 12 тоот орон сууцыг Ш.Мартын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Алтантулгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Мартаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.МӨНХТӨР