Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 1927

 

 

А.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                                  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/01273 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч А.Аын, Ш.Мад холбогдуулан гаргасан бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Ш.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нар оролцов.

 

Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 27-12 тоот 46 м.кв талбай бүхий 3 өрөө байр нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шүүгчийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн дагуу зээлийн төлбөрт миний өмчлөлд шилжиж, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өмчлөх эрхийн 000512789 дугаар гэрчилгээ миний нэр дээр гарсан.

Гэтэл Ш.М нь өнөөдрийг хүртэл дээрх орон сууцыг суллаж өгөхгүй байгаа тул хариуцагч Ш.Мын эзэмшлээс миний өмчлөлийн дээрх орон сууцыг албадан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 4 жилийн өмнө ээж гэрт н.О эгчийг дагуулж ирсэн. Тухайн үед надад нэг сүлжээний бизнес ярьж байсан. Тэгээд дараа нь уулзаад мөнгө зээлээч гээд байхаар нь н.Бээс мөнгө зээлж н.От өгсөн боловч тэрээр хугацаандаа зээлсөн мөнгөө төлөхгүй байсан учраас би өмнөөс нь хүү төлсөн. Харин н.Бг би чамд өөр хүнээс мөнгө зээлж өгье, миний мөнгө хэрэг болоод байна гээд А.Ад маргаан бүхий орон сууцыг барьцаалж.Батцэцэгээс авсан зээлийг А.А руу шилжүүлсэн. Би А.Алтантулгын зээлийн хүүг 2 жил төлсний дараа 2015 оны 4 сард түүнтэй гэрээ байгуулсан. 2015 оноос хойш төлж чадахгүйд хүрэхэд нэхэмжлэгч шүүхэд хандсан. Энэ талаар би н.От хэлсэн, мөн шүүх хурал болох өдөр н.О, А.А нар хоорондоо уулзан эвлэрлийн гэрээг байгуулсан байдаг. Тухайн үед нэхэмжлэгч А.А нь “... би байрыг чинь авахгүй, байраа миний нэр дээр шилжүүлээд өгчих, чамайг миний мөнгийг өгөх хүртэл байранд чинь халдахгүй” гэсэн учраас би түүнд итгэж байраа шилжүүлж өгсөн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын Ү-2205008365 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, 27 дугаар байрны 12 тоот 3 өрөө орон сууцыг Ш.Мын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч А.Аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Маас 70 200 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ш.Мын өмгөөлөгч Б.Ц давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Учир нь нэхэмжлэгчээс хариуцагч Ш.М мөнгө зээлсэн нь үнэн боловч уг зээлж авсан мөнгөө н.От өгч алдсан. Энэ талаар удаа дараа шүүхэд тайлбараа гаргахад шүүх хүлээж аваагүй.

Нэхэмжлэгч орон сууцыг мөнгөө төлж дууссаны дараа энэ байрыг чамд буцааж өгнө гэж худал хэлж өөрийнхөө нэр дээр болгосон.

Хариуцагчийг н.Оюунцэцэг залилсан гэдгийг нэхэмжлэгч А.А сайн мэдэж байгаа бөгөөд н.Оюунцэцэгийг шүүхэд авчирч, А.Атай уулзуулж байсан. Үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг.

Мөн хариуцагч Ш.М н.Оюунцэцэгтэй холбоотой гомдлоо Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан бөгөөд энэ гомдлыг цагдаагийн байгууллага шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хариуцагч нь дээрх гомдолдоо А.Алтантулгын хууль бус үйлдлийн талаар бичсэн тул цагдаагийн байгууллагаас А.Алтантулгыг дуудаж авчран мэдүүлэг, тайлбар авсан. Энэ талаар нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн. Үүнтэй холбоотой нотлох баримтууд байхад шүүх дээрх дүгнэлтийг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасныг ноцтой зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч А.А, хариуцагч Ш.Мад холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч А.А нь Ш.Маас зээлийн гэрээний үүрэгт 48 000 000 төгрөг нэхэмжилж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байх бөгөөд тэрээр тус шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 5283 дугаар захирамжаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Хариуцагч Ш.М дээрх хуулийн хүчин төгөлдөр болсон шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1/31197 тоот албан бичгийг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр маргааны зүйл болох Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 27 дугаар байрны 12 тоотод байрлах 46 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч А.А бүртгэгдсэнээр орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон байна. /хх-38-47 дугаар тал/

Хариуцагч Ш.Мыг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар уг орон сууцыг хууль ёсоор буюу хууль болон гэрээний дагуу эзэмшилдээ байлгах үндэслэлтэй шударга эзэмшигч гэж үзэх нотлох баримт хэрэгт байхгүй байна. Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө эзэмших эрхгүй этгээд эрх бүхий этгээдэд эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэгч А.Алтантулгын хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.Мын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй тул энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Хариуцагч тал анхан шатны шүүхийг хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасныг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

Хариуцагч Ш.М нь н.Оюунцэцэг гэгч этгээдэд залилуулсан, энэ асуудлаар эрүүгийн журмаар шалгуулж байгаа гэх боловч тэдгээрийн хоорондын зээлийн гэрээний үйл явцтай холбоотой асуудал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлд хамаарахгүйн гадна энэ нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/01273 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                               

                          ШҮҮГЧИД                              Д.БАЙГАЛМАА

                                                                     Ч.ЦЭНД