Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2222

 

  

 

 

 

 

        

2017 оны 09 сарын 06 өдөр     Дугаар 181/ШШ2017/02222         Улаанбаатар хот      

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,      

 

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймаг, Өлгий сум, 2 дугаар баг Сайхан гэх газарт оршин суух, Ители овогт Кишатын Нурланбек /РД:БД71112934/,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймаг, Өлгий сум, 2 дугаар баг, Цагаан эрэг, 2 гудамж 13 тоотод оршин суух, Хурман овогт Көкений Турарбек /РД:БД89072113/,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймаг, Өлгий сум, 5 дугаар баг, Ховд гол гэх газарт оршин суух, Ители Күйик овогт Болатханы Роза /РД:БЮ82121904/ нарын нэхэмжлэлтэй,            

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, НҮ-ний гудамж өөрийн байранд байрлах, “Магнай трейд” ХХК /РД:2082489/-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Роза, К.Турарбек нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Гылымбек, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Г.Энхжавхлан, нарийн бичгийн даргаар Б.Жаргалсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч Б.Роза, К.Турарбек нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

“Магнай трейд” ХХК буюу “МТ” ХХК нь тус Баян-өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт 1, 4 дүгээр багт 2, бүгд 3 тооны шатахуун түгээх станц барьсан бөгөөд шатахуун түгээх Өлгий дэх тус 3 салбарыг С.Спартак гэдэг хүн хариуцаж даргаар ажилласан. Дээрх 3 шатахуун түгээх станцуудад нийт 15 хүн ажиллаж байсан ба үүнээс дарга 1, гурван шатахуун түгээх станцыг хариуцсан эрхлэгч 1, инженер 1, түгээгч 3, хамгаалагч бөгөөд түгээгч 9 гэсэн орон тоонд үйл ажиллагаа явуулж байсан.

Тус “МТ” ХХК нь ажиллаж байхад К.Турарбек, Б.Роза нар 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, К.Нурланбек 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр тус “МТ” ХХК-ийн 145 дугаар шатахуун түгээх станцын салбарт түгээгчээр үндсэн ажилтнаар ажилд орсон.

Нэхэмжлэгч нар “МТ” ХХК-тай үндсэн ажилчны хувьд хөдөлмөрийн гэрээ хийсэн бөгөөд гэрээг жил болгон шинэчлэн сэргээж хийж байсан. Хамгийн сүүлчийн гэрээг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр “МТ” ХХК-ийн өмнөөс Б.Роза К.Нурланбек нартай “МТ Баянгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тэнүүн, харин харуул хамгаалалт хариуцаж түгээгчээр ажиллаж байсан К.Турарбектэй “МТ” ХХК-ийн харьяа “МТ Секьюрити” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ганболд гэдэг хүн тус тус гэрээ хийж, тэмдэг дарж гарын үсэг зуралцсан байгаа. Энэ гэрээг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж мөрдөж 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр дуусахаар нэг жилийн хугацаагаар хийсэн байсан. 

Нэхэмжлэгч нар ажилласан хугацаандаа албан ажилдаа зөрчил дутагдал гаргаагүй, захиргааны хариуцлага хүлээж байгаагүй ажилдаа гологдоогүй, ажил олгогчийн итгэлийг алдаагүй билээ. Гэтэл 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдөр гурван шатахуун түгээх станцын салбарын нийт 14 ажилтан ажилчдыг 145 дугаар шатахуун түгээх станцын салбарт хуралтай гэж өдөр 11 цаг 30 минутанд бүгдийг нь цуглуулж аваад Улаанбаатар хотоос ирсэн “МТ” ХХК-ийн хуулийн зөвлөх гэх Энхжавхлан нь салбарын шинэ томилогдсон Ю.Болдбаатарын өмнө “Та нарыг бүгдийг чинь ажлаас халсан. Та нарыг дахиж ажилд авахгүй. Ажлаас халсан гэж заргалдаад нэмэргүй гэдийг анхааруулж байна. Харин өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлүүлэх өргөдлөө бичсэн хүнд нэг сарын тэтгэлэг олгоно. Компани бол бидний мэдлийнх, та нарыг ажиллуулах халах талаар бид шийдвэр гаргана. Та нар өнөөдрөөс эхлээд халагдсан” гэснээр бид ямар ч үндэслэлгүйгээр нийт 12 хүн бөөнөөрөө хоморголон ажлаасаа чөлөөлөгдсөн.

Нэхэмжлэгч нар ажлаасаа ямар ч үндэслэлгүйгээр чөлөөлөгдлөө гэж “Магнай трейд” буюу “МТ” ХХК-ийн ерөнхий захирал Г.Магнай гэдэг хүнтэй утсаар залгахад огт холбогдож чадаагүй, мөн “МТ Баянгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тэнүүнтэй ч гэсэн утсаар холбогдож чадсангүй. Учир нь, тус компани бусад албан тушаалтнууд гар утасны дугаарыг өгөөгүй, өгсөн утас нь аваагүй.

Харин 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Г.Магнай, Б.Тэнүүн нар факсаар өргөдөл гомдлыг гаргасан ба хариу ирээгүй, ажлаас үндэслэлгүй гарсан талаар гомдлоо “МТ” ХХК хүний нөөцийн дарга н.Оюунсувд гэдэг хүнтэй утсаар гомдол гаргахад “хуулийн хэлтэстэй ярь, би мэдэхгүй” гэсэн хариу өгсөн. Өлгийн 3 дугаар салбарыг хариуцсан н.Болдбаатартай уулзаж гомдол гаргахад би мэдэхгүй гэсэн.

Нэхэмжлэгч нар компанийн зөвлөх н.Энхжавхлангийн амаар хэлсэн шийдвэрээр ажлаасаа чөлөөлөгдсөн өдрөөс өнөөдрийг хүртэл ажлаас чөлөөлсөн тухай ямар ч тушаал аваагүй. Мөн ажиллахаар очиход өмнө ажиллаж байсан 12 хүний оронд өөр 12 хүнийг авч ажиллуулсан байсан ба ажлын байранд оруулахгүй хөөсөн.

Нэхэмжлэгч нар аргагүйн эрхэнд аймгийн Засаг дарга, Үйлдвэрчний эвлэлийн дэргэдэх хөдөлмөрийн маргааныг шуурхай шийдвэрлүүлэх комисст гомдол гаргахад асуудлыг хянаж үзээд шүүхээр шийдвэрлүүлэх зөвлөмж өгсөн тул шүүхэд хандсан.

Иймд К.Турарбек, К.Нурланбек, Б.Роза гурвыг “МТ” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь Шатахуун түгээх станцын 145 дугаар салбарт урьд эрхэлж байсан түгээгч болон хамгаалагч түгээгчийн ажилд эгүүлэн томилж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэгч нар манай компанитай ямар 1 хөдөлмөрийн гэрээ хийгээгүй. Хэрэгт авагдсан баримтаар тэдгээр нэхэмжлэгч нар нь өөрсдийн ажиллаж байсан  “МТ Баянгол” ХХК, “МТ Секьюрити” ХХК-д 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдөр өргөдлөө өгч ажлаасаа гарсан нь тогтоогдсон байна. Манай компани хариуцагч биш тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч К.Турарбек, К.Нурланбек, Б.Роза нар нь хариуцагч “Магнай трейд” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгохоор шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх тус шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч К.Нурланбекийн хаягаар 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн боловч тэрээр хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцох замаар хуульд заасан мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй, шүүх хуралдаан хойшлуулахтай холбоотой санал, хүсэлтийн алиныг ч шүүхэд ирүүлээгүй тул шүүх нэхэмжлэгч К.Нурланбекийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т нийцнэ.

 

Нэхэмжлэгч нар Баян-Өлгий аймаг дахь 145 дугаар шатахуун түгээх станцад холбогдуулан анх шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн хэргийн хариуцагчийг “Магнай трейд” ХХК-аар сольсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу тус шүүх уг хэргийг хянан хэлэлцсэн болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хавтаст хэрэгт нэхэмжлэгч К.Нурланбек, Б.Роза нартай “МТ Баянгол” ХХК, нэхэмжлэгч К.Турарбектэй “МТ Секьюрити” ХХК тус тус байгуулсан 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээнүүд, мөн “МТ Баянгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 35/15 тоот Б.Роза болон К.Нурланбек нарыг мөн өдрөөс ажлаас чөлөөлсөн тушаал авагдсан, харин хариуцагч “Магнай трейд” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ байхгүй байна.

 

Хэргийн бусад баримтаар ч зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иймээс нэхэмжлэгч нар нь хариуцагч “Магнай Трейд” ХХК-тай бус харин “МТ Баянгол” ХХК, “МТ Секьюрити” ХХК-уудтай хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн харилцаанд орсон байна гэх дүгнэлтэд шүүх хүрлээ.

 

Хэрэгт авагдсан дээрх хөдөлмөрийн гэрээ болон тушаал, “Магнай Трейд” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээс үзэхэд дээрх 3 компани тус бүртээ өөр өөрийн тамгатай, тамганы дардсаар “МТ Баянгол” ХХК-ийн регистрийн дугаар 2841215, “Магнай Трейд” ХХК-ийн регистрийн дугаар 2082489 буюу өөр өөр регистэртэй тус тусдаа хуулийн этгээдүүд болох нь тогтоогдож байна.

 

Хуулийн этгээд нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг тул “МТ Баянгол” ХХК, “МТ Секьюрити” ХХК-ийн үүргийг шүүх “Магнай трейд” ХХК-д хүлээлгэх хууль зүйн ямар ч үндэслэлгүй юм.

 

Хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилтан, ажил олгогчийн эрх, үүрэг зохигчдын хооронд үүсээгүй байхад шүүх “Магнай трейд” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Роза, К.Турарбек, К.Нурланбек нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тодруулбал ажил олгогчийн санаачилгаар тэдгээрийг ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн эсэхийг хянан хэлэлцэх хууль зүйн ямар ч үндэслэлгүй тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүхийн энэ шийдвэр нь нэхэмжлэгч нарын зүгээс ажлаас буруу халсан тухай гомдлоо хөдөлмөрийн гэрээ бүхий ажил олгогчдоо холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах замаар шийдвэрлүүлэхэд саад болохгүйг, түүнчлэн шүүх хуралдаанд нэхэмжлэгч К.Нурланбек ирээгүй, бусад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн хэргийн хариуцагчийг жинхэнэ хариуцагчаар солих хүсэлт гаргаагүй, солихыг зөвшөөрөөгүй тул шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан “Магнай Трейд” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай Б.Роза, К.Нурланбек, К.Турарбек нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Роза, К.Нурланбек, К.Турарбек нарын нэхэмжлэлийн энэ шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ө.УЯНГА