Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2018/ДШМ/76

 

М.Мөнхтулгад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                   Даргалагч, ерөнхий шүүгч                Б.Батзориг

                     Шүүгчид                                            Г.Давааренчин                                       

                                                                              Д.Буянжаргал

                      

                  Оролцогчид:

                    Прокурор                                         Э.Гантулга

                      Насанд хүрээгүй хохирогчийн

                      төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч     Н.Оюунцэцэг

                      Түүний өмгөөлөгч                               Х.Даваасүрэн

                      Шүүгдэгчийн өмгөөлөгч                  С.Оюунцэцэг

                      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэдөш нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2018/ШЦТ/161 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэрэгт Олхонууд овогт Мөнхбаярын Мөнхтулгад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201718020151 дугаартай, 149/2017/0126/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1996 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын цахилгаанчин, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эцэг эхийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 4 дүгээр баг, Хэрх тосгоны Сүүл толгойн 2-44 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, 70 хувийн группэд байдаг, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Олхонууд овогт Мөнхбаярын Мөнхтулга /Регистрийн дугаар: МИ96080816/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.Мөнхтулга нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн орчимд иргэн Д.Дашдуламын эзэмшлийн “Хонда пит” загварын 48-82 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин Сэлэнгэ аймаг Мандал сумын 4 дүгээр баг, Хэрх тосгоны төв засмал замд 07 настай М.Түвшинбаатарыг засмал зам хөндлөн гарч явахад нь мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх М.Мөнхтулгад холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд 2018/ШЦТ/161 дугаартай шийтгэх тогтоолоор

-Шүүгдэгч Олхонууд овогт Мөнхбаярын Мөнхтулгыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Мөнхтулгад мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар М.Мөнхтулгад оногдуулсан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжпэгч Н.Оюунцэцэгийн 54.139.152 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

-энэ хэргийн улмаас Д.Дашдуламын эзэмшлийн “Хонда пит” маркийн 48-82 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.  

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй /1.7-1, 1.7-2, 1.7-3/. Эдгээр заалтуудыг зөрчсөн. Эхийн хэвлийд хүмүүний төрөл олж арван сар тээж 07 нас хүртэл өсгөж бойжуулан, эцэг эхийн баяр хөөр болсон ууган нуган үрийг минь хөнөөж, нөхөж баршгүй гай зовлонд учруулж түүнээс үүдэлтэй гарсан эдийн засгийн гэм хорыг арилгаж өгөөгүй байхад гэм хор арилсан гэж дүгнэснийг нь буруу гэж үзэж байна. Учирсан гэм хорын хохирол нь зөвхөн оршуулганд хэрэглэсэн зардлаар хэмжигдэхгүй гэж үзэж байна. Учир нь хүний цэцэг цэврүү шиг өсөж торниж байсан бие бялдар болон оюун ухааны хөгжил бүрэн хүмүүжиж байсан цэцэрлэгээс зохион байгуулж байсан уралдаан тэмцээнд оролцож тэргүүнд байранд орж өргөмжлөл, шагнал урамшуулал авч байсан нялх үрийг минь хөнөөсөн байхад хавтаст хэрэгт өгсөн нотлох баримтыг үнэлээгүй. Хүүг өнгөрсөнөөс хойш болон бие нь муу хот явахад иргэн Соёл-Эрдэнээс зээлсэн мөнгөний баримт байсаар байхад мөн халамж авдаг байсан дэвтэрийн хуулбарыг өгсөөр байхад хавтаст хэрэгт байгаагүй мэтээр шийтгэх тогтоолд дурдсан. Мөн шүүгдэгчийн талаас гаргасан нотлох баримтгүй мөнгөн дүнг үнэлж, хохирогч талын гаргасан баримтыг  нотлох баримтын шаардлага хангахгүй давхцаж орсон гэх  мэтээр шийтгэх тогтоол гаргасан нь хуулийн үндэслэлгүй хэт нэг талыг барьж байна гэж үзэж байна.  Хэргийг бүх талаас нь шалгаж хянаж, үнэлж дүгнээгүй, чадаагүй болох нь доорхи үндэслэлүүдээс харагдана.

1. Цусны шинжилгээ авч зохих байгууллагаар шинжээчийн дүгнэлт гаргаагүй. /М.Мөнхтулгад/

2. Хэргийн газрын үзлэг хийгээгүй мөртлөө хэргийн газрын үзлэг хийсэн мэтээр хуурамч нотлох баримт бүрдүүлсэн

3. Аваар хийсэн техник бүрэн бүтэн байсан эсэхэд шинжээчийн дүгнэлт гаргаагүй

4. Осол болох үед авсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг байцаагч Мөнхсүх устгасан /фото зураг/

Хүүхдийн амь насыг бүрэлгэчихээд оршуулгын зардлыг хагас дутуу өгснөөр гэм хорыг арилсан гэж үзэхгүй. Төрсөн цагаас эхлэн амь насаа алдах хүртэл хугацаанд эцэг эхийн хайр энэрэл өсөж бойжуулсан эрүүл энх торниж цэцэрлэгээр хүмүүжиж, бусдын үр хүүхдийн адил эцэг эхийнхээ хайр халамжинд байсан бидний амь амьдралын хэвийг алдагдуулж бүтэн 1 жил 4 сар бидэнд чирэгдэл учруулж учруулсан гэм хороо арилгахгүй Иргэний хуулийн дагуу гарсан бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй. Ломбарднаас авсан 15 хувийн хүүтэй 4 сая төгрөг нь хүүтэй 9.845.000 төгрөг болж өссөн.  Хаан банкнаас 2017.05.24-нд зээлийн зориулалтаар авсан мөнгийг Хүүхдийн эмчилгээ болон оршуулгын зардалд зарцуулж зээлийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болж үндсэн мөнгө болон хүүгээ төлж чадаагүй учир Хаан банк 7995852 төгрөг нэхэмжилж шүүхэд өгсөн /нэхэмжлэл болон шүүхийн шийдвэрийг хавсаргав/ Хүүхдийн хадгаламжийн мөнгийг нотлох баримт байсаар байхад байгаагүй гэж хассан /дэвтэр нь хавтаст хэрэгт байгаа/ 225000х12 сар=2.700.000, 2.700.000х9=24.300.000, оршуулгын зардалд нийт 740400 нэхэмжилсэн үүнээс 3.640.000 төгрөг өгсөн. Нийт 57.779.052 төгрөг нэхэмжилсэн байхад 3.640.000 төгрөг өгчихөөд хохирол төлөгдсөн гэж үзээд нэг жилийн тэнсэн өгсөнд гомдолтой байна. Нэг жилийн тэнсэн өгснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 Хуулийг буруу хэрэглэсэн. Өөрөөр хэлвэл Эрүүгийн хуулийн 7.1 зүйлд заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэн гэсэн заалтыг зөрчиж хохирол төлөгдөөгүй гомдол санал барагдаагүй гэм хор нэхэмжлэл нөхөн төлөгдөөгүй байхад тэнсэж хуулийг буруу хэрэглэсэн. Шүүх хурлыг үндэслэлгүйгээр шаардлага хангахгүй нотлох баримтыг ашиглаж хоёр удаа шүүх хурал хойшлуулж яллагдагчийн талыг хэт барьж хэргийг давж заалдах шатны болон дээд шатны шүүүхээс буцаасан даалгаврыг биелүүлээгүй гэж үзэж байна.  Бидний зүгээс Иргэний хуулинд заасны дагуу 497.1, 498, 499.1, 499.3, 505-1,506.1,508.1, 509, 499.4-т заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг гаргуулж авах хүсэлтэй байна. Учир нь хүүгээ алдснаас хойш гарсан хохирол болох оршуулгын зардал, иргэн Соёл-Эрдэнээс зээлсэн хүүтэй мөнгө, Хаан банкнаас зээлсэн мөнгө, халамжийн мөнгө нийт хохирлыг 508.1-т зааснаар хохирогч нас барсан бол түүний оршуулгатай холбоотой зайлшгүй зардал болон гэм хор учруулсаны төлбөрийг шаардах эрхтэй гэж хуулинд заасны дагуу гаргуулж өгнө үү. Эцэст нь эрүүл саруул өсөж торниж байсан үрээ жолоочийн буруутай үйлдлээс болж алдаж нөхөж барашгүй гай зовлон амссан биднийг 2017.06.07-ноос 2018.10.08 хүртэл чирэгдүүлж хохироож, сэтгэл санааны зовлонд унагаж хохирол төлбөрөө барагдуулаагүй Мөнхбаяр овогтой Мөнхтулга нь нэг жилийн тэнсэн өгсөнд маш их гомдолтой байна. Хуулиа зөв хэрэглэж гэм хороо үүдэлтэй хохирол төлбөрийг минь барагдуулж өгнө үү. Анхан шатны шүүх хохирол төлбөр барагдаагүй байхад хуулийг буруу хэрэглэж яллагдагчийн талд ашигтайгаар шийдвэрлэж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэхэд хүргэж байна. Эцэст нь маш их гомдолтой байна. Миний үйлчлүүлэгчийн дээр дурьдсан гомдол саналыг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд гомдлоо дэмжиж оролцов.  

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Оюунцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн тал Соёл-Эрдэнээс яаж 4.000.000 төгрөг авсан гэсэн бичиг авсныг мэдээгүй. ... Шүүгдэгч талаас анхан шатны шүүх хурал дээр 2.310.000 төгрөг, мөн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хурал дээр 1.330.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 770.000 төгрөг нийт 4.410.000 төгрөгийг өгсөн гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2,3-д зааснаар хэд хэдэн үүрэг хүлээж хязгаарлалт тогтоож болно гэсэн заалтыг хэрэглэсэн. Ингээд шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн хасч шийдвэрлүүлсэн. ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгөөч гэв.

 

 Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:  ...Хохирол төлбөрийн асуудлаар анхан шатны шүүх үнэн зөв бүрэн бодитой дүгнэсэн гэж үзэж байна. Яагаад гэвэл хавтаст хэрэгт цугларсан хохирогч талаас гаргаж өгсөн уг нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнээд нийт 4.405.522 төгрөгийн хохирол учирсан байна гэж дүгнэлт гаргасан. Үлдэгдэл 54.139.152 төгрөг нь ямар нэгэн нотлох баримтаар нотлогдоогүй аж ахуйн нэгжээс гаргаж өгсөн баримт хавтаст хэрэгт авагдаагүй байгаа юм. Ийм учраас 2018 оын 09 дүгээр сарын 21-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018/ШЦТ/161 дугаартай шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас М.Мөнхтулга нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн орчимд иргэн Д.Дашдуламын эзэмшлийн “Хонда пит” загварын 48-82 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин Сэлэнгэ аймаг Мандал сумын 4 дүгээр баг, Хэрх тосгоны төв засмал замд 07 настай М.Түвшинбаатарыг засмал зам хөндлөн гарч явахад нь мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг дээрхи гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурав жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж уг хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, ...зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, ...согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Оюунцэцэг болон түүний өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлын дагуу М.Мөнхтулгад холбогдох эрүүгийн 201718020151 дугаартай хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянавал:

 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн   2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 129 дугаартай захирамжаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Б.Хэрлэнг томилсон  бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад 2018 оны 04  дүгээр сарын 09-ний өдөр шүүгч Б.Хэрлэн нь шийдвэрлэж буй хэрэг нь ээдрээ төвөгтэй тул хэргийг бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх хүсэлт гаргаснаар ерөнхий шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 37 дугаартай захирамжаар хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хэрлэн даргалж, шүүгч Д.Ренченхорол, шүүгч Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэхээр томилжээ.

Анхан шатны шүүх дээрх шүүх бүрэлдэхүүнтэйгээр  хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэж 39 дугаартай шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэсэн бөгөөд уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч  хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор хэргийг давж заалдах шатны шүүхээс  хянан хэлэлцэж 39 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасан байна.

Улмаар анхан шатны шүүх хэргийг хүлээн авч Сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 37 дугаартай захирамжинд ямар нэгэн өөрчлөлт оруулалгүйгээр шүүгч Б.Хэрлэн нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2018/ШЗ/146 дугаартай “Шүүх хуралдаан товлон зарлах тухай” захирамж гаргаж хэргийг дангаар  хянан шийдвэрлэсэн нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 1.2-т “ Яллагдагчийг  шүүхэд шилжүүлэх  тухай шийдвэр гаргахдаа  шүүх хэргийг дангаар, эсхүл шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэх  эсэхийг шийднэ”, 34.6 дугаар зүйлийн 1-т “хэргийг шүүхийн нэг бүрэлдэхүүнээр  хянан шийдвэрлэнэ”  34.6 дугаар зүйлийн 2-т “шүүгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд үргэлжлэн оролцох боломжгүй болсон бол  өөр шүүгч  томилж, шүүх хуралдааныг эхнээс нь явуулна” гэсэн заалтуудыг  тус тус зөрчжээ.

Ийнхүү  нэг хэргийг өөр өөр шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэснийг шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан гэж үзэх тул тухайн асуудлыг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шийдвэрлэх боломжгүй  байна.

Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1-д “…Дараахь нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ…” мөн зүйлийн 1.1-т “шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтооол гаргасан” гэсэн үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2018/ШЦТ/161 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж байгаа тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдол болон хэргийн үйл баримтад дүгнэлт хийгээгүйг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2018/ШЦТ/161 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол М.Мөнхтулгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                        Г.ДАВААРЕНЧИН

                                                                                        Д.БУЯНЖАРГАЛ