Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2128

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/02524 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С ХХК,

Хариуцагч Б.Аад холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 4 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цогтгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Чинбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, өмгөөлөгч Г.Чинбат нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С ХХК нь 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Б.Атай 31 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан, 5 хувийн хүүтэй 10 000 000 төгрөгийг 6 сар буюу 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл зээл олгосон. Хариуцагч зээлээ 2013 оны 10 дугаар сар хүртэл төлсөн. 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс хойш үндсэн зээл, хүү, алдангийг төлөөгүй. Иймд үндсэн зээл 10 000 000 төгрөг, хүү 18 359 969 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 581 994 төгрөг, өмнө төлсөн улсын тэмдэгтийн хураамж 280 190 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2204041353 тоот дугаартай, 000184524 тоот гэрчилгээний дугаартай, Б.Аын өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр  хороо, 32а гудамж 680 тоот хувийн сууц, Улсын бүртгэлийн Г-2204016036 тоот дугаартай, 000073276 тоот гэрчилгээтэй 689 м.кв газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагаа дор дурдсан байдлаар нэмэгдүүлсэн тул хариуцагч Б.Ааас үндсэн зээл болох 10 000 000 төгрөг, хүү болох 21 459 963 төгрөг, нэмэгдүүлсэн хүү болох 4 291 992 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 280 190 төгрөг, нийт 36 032 145 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Хариуцагч 10 000 000 төгрөгийн зээл авсан нь тодорхой байгаа, цааш нь өөр хүнд дамжуулан өгсөн нь энд хамааралгүй, хэнээс нэхэмжлэх нь нэхэмжлэгчийн эрх байдаг учраас Б.Ааас нэхэмжилсэн, Ц.Мөнхцэцэг, Б.А нар хамтран зээлдэгч учраас бүгдийг нь материалыг судлаад зээл олгосон гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний өмгөөлөгч Д.Даваа нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С ХХК нь надаас 36 032 145 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Уг зээлийг С ХХК, Ц.Мөнхцэцэгт түүний бизнес болон явуулж буй үйл ажиллагаа, түүний дансны гүйлгээ, өдөрт олдог орлого болон ирээдүйд олох орлого, мөн түүний чихрийн үйлдвэрийн төсөл төлөвлөгөө зэргийг судлан баталгаажуулаад, зээлийг Ц.Мөнхцэцэг эргүүлэн төлөх бүрэн боломжтой гэж үнэлэн 10 000 000 төгрөгийн зээл олгосон. Ингээд Ц.Мөнхцэцэг барьцаа хөрөнгө байхгүй гээд надаас хувийн сууцаа барьцаанд тавиулахыг гуйхад би Ц.Мөнхцэцэгийн бизнес амжилттай байсан болон нэхэмжлэгч уг зээлийг төлөгдөх боломжтой гэж үзсэн зэргээс ноцтой төөрөгдөн гэр бүлийнхээ бусад гишүүдээс нууцаар өөрсдийн амьдарч буй сууцыг барьцаалуулсан.

Гэтэл Ц.Мөнхцэцэг нь Хос ширхэнцэг ХХК-д чихрийн үйлдвэрийн тоног төхөөрөмж захиалан их хэмжээний мөнгөө алдсанаас өөрийн нь бизнес зогсож, тус ББСБ-аас авсан зээлээ төлж чадахгүй хүнд байдалд орсон тул би өөрийн нөхцөл бололцоог дайчлан 5 000 000 төгрөгийг төлсөн. Зээлийн барьцаанд тавигдсан, байшин гал түймэрт өртөн шатсаныг тухайн үед ББСБ-д мэдэгдэхэд дараагийн арга хэмжээг аваагүй.

Нэхэмжлэгч 2014 онд надаас зээл төлөгдөх боломжгүй байгаа, зээлийн хүүг зогсооно гээд 1 жилийн хугацаатай барьцаа хөрөнгийг захиран зарцуулах итгэмжлэл хийлгэж аваад зарах оролдлого хийсэн боловч зарж чадаагүй итгэмжлэлийн хугацаа дууссан. ББСБ нь зээл олгосон Ц.Мөнхцэцэгийг хариуцагчаар татахгүй, ямар ч арга хэмжээ авахгүй зөвхөн өмчлөгчид бүх хариуцлагыг тохож байгаад гомдолтой байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгөхийг хүссэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, С ХХК-д  2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ЗГ-31 тоот барьцааны гэрээгээр барьцаалагдсан хувийн сууц 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр түймэрт өртөж шатаж үгүй болсон. Одоо байгаа хувийн сууцыг нөхөр н.Батхорол ах дүүгийнхээ хамт барьсан учраас миний хөрөнгө биш юм. Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэгт заасан заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч С ХХК-ийн хариуцагч Б.Ааас зээлийн гэрээний үүрэгт 36 032 145 төгрөг төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 465 171 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цогтгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэж үзэн, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Энэхүү захирамжийг нэхэмжлэгч талаас эс зөвшөөрч, өмнө нь шийдвэрлэгдэж байгаагүй гэдэг үндэслэлээр зохих журмын дагуу гомдол гаргаж шийдвэрлүүлсэн юм.

2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанаар манай зүгээс гаргасан гомдлыг хянан үзээд гомдлыг хангаж, Э.Энэбиш шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, 101/ШТ2017/00287 тоот шүүхийн тогтоолыг гаргасан. Энэхүү шүүхийн тогтоолоор манай зүгээс гаргасан нэхэмжлэлийг хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэж үзсэн шүүгчийн захирамжийг буруу байна гэж дүгнэсэн юм. Дээрх шүүхийн тогтоол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэгт заасны дагуу эцсийн шийдвэр болсон.

Энэхүү шүүхийн тогтоолын эрх зүйн үйлчлэл хүчинтэй байсаар байтал нэхэмжлэлийг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэдэг үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгчийн гаргасан захирамжийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хуулийн хүрээнд хянаж, зөв гарсан эсэхийг шийдвэрлэх эрхтэй байхаар, мөн бүрэлдэхүүнтэй шүүх хурлаас гарсан шүүхийн тогтоолыг эцсийн байхаар тус тус хуульчилсан байхад энэхүү шүүхийн тогтоолын агуулга болон эрх зүйн үйлчлэлтэй үл нийцэх шийдвэрийг гаргасан байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгч Э.Энэбиш нь хэргийг хэрэгсэхгүй болгохдоо 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/06572 тоот шийдвэрийг үндэслэл болгосон байх боловч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийг бүрэн нягтлаагүй байсан. 101/ШШ2016/06572 тоот шүүхийн шийдвэрийн 4 дэх нүүр, сүүлийн догол мөрт “Нэхэмжлэгч нь 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн ЗГ-31 дугаартай гэрээний үүргийг тодорхойлж хариуцагчаас шаардаагүй гэж дүгнэснийг шүүгч Э.Энэбиш анхаарч үзээгүй юм. Манай зүгээс энэ шүүхийн шийдвэрийг хүлээн авч танилцаад ЗГ-31 тоот зээлийн гэрээний үүргийг шаардаагүй гэдгээ ойлгож, зөв нэхэмжлэлээ гаргах ёстой гэдгээ ойлгосон. Тийм ч учраас энэхүү шүүхийн шийдвэрт тухайн үед давж заалдах гомдол гаргаагүй юм.

ЗГ-31 тоот зээлийн гэрээний үүргийг нэгэнт шаардаагүй байна гэж шүүхээс дүгнэсэн бөгөөд тэрхүү шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэлээ залруулж, шинэ нэхэмжлэлийг гаргах болсон юм. Дээрх нөхцөл байдлыг шүүгч анхааралгүй хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосныг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанаар зөвтгөж, түүний захирамжийг хүчингүй болгосон юм. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон үндэслэл нь 101/ШШ2016/0672 тоот шүүхийн шийдвэрийн 4 дэх нүүрний сүүлийн догол мөрт байсан юм.

Хариуцагч Б.Аын зүгээс зээлийг бодитоор хүлээн авсан нь хавтаст хэрэгт авагдсан мөнгө хүлээн авсан тухай баримт, зээлийн хүү тушааж байсан баримтууд, мөн түүний олон удаагийн хүсэлт, шүүх хуралдааны үед өгсөн тайлбар, хүлээн авсан талаарх түүний зөвшөөрсөн тайлбар зэргээр тус тус тогтоогдсоныг анхан шатны шүүхээс анхаарч үзсэнгүй. Хариуцагч Б.Аын зээлийн барьцаа хөрөнгийн нэг болох хувийн сууцны байшин галын үед бүхэлдээ шатаагүй буюу байшингийн бүх хана шатаагүй үлдсэн, мөн түүнийг засч сайжруулсан нь түүний шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, талуудын асуулт, хариултаар тогтоогдсоныг анхан шатны шүүхээс анхаарч үзсэнгүй.

Шүүх хуралдааны үед шүүгчийн зүгээс Б.Ааас “Байшингийн бүх талын хана шатсан уу” гэж асуухад “Шатаагүй” гэж хариулсныг шүүгч өөрөө асууж, хариулт авсан атлаа анхаарч үзээгүйд  гомдолтой байна. Мөн тухайн орон сууцанд шинэ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй, өмнөх гэрчилгээ хүчин төгөлдөр хэвээр байгааг хариуцагч талаас хүлээн зөвшөөрч тайлбар өгснийг анхан шатны шүүхээс мөн л анхаарч үзсэнгүй. Энэ талаар нэхэмжлэгч талаас болон шүүгчийн зүгээс хариуцагчид асуулт тавьж, хариулт авсан.

Гал гарсны улмаас байшинг засаж сайжруулсан зүйл байгаа боловч шинээр барьсан зүйл байхгүй талаар тодорхой хариулсан байдаг. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээл, хүүгийн хэмжээ, хариуцагчийн бодсон зээл, хүүний тооцоолол хоорондоо 54 760 төгрөгөөр зөрж байсан. Талуудын хооронд зээл, хүүгийн хэмжээний хувьд төдийлөн маргаан байхгүй байгаа нь шүүх хуралдааны явцад тодорхой болсон. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой туссан болно. Энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүйд гомдолтой байна. Иймээс дээр дурдсан бүх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

Шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Б.Аад холбогдуулан зохигчдын хооронд байгуулагдсан 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ЗГ31 тоот зээлийн гэрээ болон мөн өдрийн БЗГ31 тоот барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагчаас 36 032 145 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Дээр дурдсан зээлийн болон барьцааны гэрээний үүргийг Б.Ааас  шаардсан С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/06572 дугаар шийдвэр /хх 114-118/ хэрэгт авагдсан ба шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.1-д зааснаар хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Иймд нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй байхад шүүхээр нэгэнт шийдвэрлэсэн маргааны талаар дахин нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт заасанд нийцэхгүй бөгөөд мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно.  

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/02524 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар С ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 465 171 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                                           Ч.ЦЭНД

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ