Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2016/0518

 

  “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, гуравдагч этгээд “Х*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 340 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор, “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, М******* болон О*******т холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 340 дүгээр шийдвэрээр: Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль /2003 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 5 дугаар зүйлийн 5.4.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн “... “Х*******” ХХК-ийн 2007 оны 6516 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээтэй L******* үгэн барааны тэмдэг, түүнийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох, М*******ын 2007 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаартай тушаалын хавсралтын “Х*******” ХХК-д барааны тэмдэг олгосон хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Барааны тэмдгийг бүртгэх зорилгоор бараа, үйлчилгээний олон улсын ангилал тогтоох тухай” Ниццийн хэлэлцээр”-ийн 1 дүгээр зүйлийн 1, Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хууль /2010 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.13 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн “Х Хас Лояалти” бүртгэгдээгүй барааны тэмдэг, нэрийг саадгүй үргэлжлүүлэн ашиглах, шаардлагатай гэж үзвэл бүртгүүлэх зэрэг боломжийг хангах зорилгоор зохих шийдвэр, захиргааны актуудыг гаргах, өөрчлөх, хүчингүй болгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч М******* болон Оюуны өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******* давж заалдах гомдолдоо: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Х*******” ХХК-д олгосон “L*******” барааны тэмдгийн анхдагч огнооноос өмнө “Х” ХХК нь “L*******” картыг зах зээлд нэвтрүүлсэн байх бөгөөд “Х*******” ХХК нь “M******* L*******”, “L*******” нэрээр, “Х” ХХК нь “M******* L*******” нэрээр зэрэгцэн ашиглаж байсан нь “Өнөөдөр” сонины 2007 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2007 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх дугаарт хэвлэгдсэн сурталчилгаагаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, “түгээмэл” гэдэг үгийг “Монгол хэлний товч тайлбар толь”-д “нийтэд тарж түгсэн” гэж тайлбарласан байх тул өдөр тутмын хэвлэлд нийтлэгдсэнээр нийтэд тарж түгээмэл болсон гэж үзнэ” гэж дүгнэн, улсын бүртгэлийн 6516 дугаартай “L*******” барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Энэхүү дүгнэлт нь хууль зүйн хувьд дутагдалтай байх тул санал нийлэхгүй байна. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль /2003 он/-ийн 3 дугаар зүйл 3.1.11-д “нийтэд түгээмэл болсон тэмдэг гэж Монгол Улсын нутаг дэвсгэр дээр тухайн салбарт нийтэд танил болсон тэмдгийг ойлгоно” гэж заасан.

Түгээмэл барааны тэмдгийг сонингийн сурталчилгааг ашиглан тогтоодог жишиг байдаггүй. Харин тухайн салбарын хэрэглэгчдийн дунд судалгаа явуулж түгээмэл барааны тэмдгийг тогтоодог олон улсын жишиг байдаг. Жишээ нь, Соса Соlа барааны тэмдэг нь олонд танил болсон алдартай брэнд юм.

2007 онд “L*******” гэх үг, үйлчилгээ Монгол Улсад нэвтэрч эхэлсэн. “Х” ХХК, “Х*******” ХХК-иуд нь энэхүү үйлчилгээг нэвтрүүлэх, нутагшуулах зорилгоор сонинд сурталчилгаа хэвлүүлж байжээ. 2016 оны байдлаар “L*******” барааны тэмдэг нь Монгол Улсын банк, санхүүгийн салбарт танил болсон түгээмэл барааны тэмдэг биш…

Түүнчлэн ямар нэгэн үг, нэр томьёог нийтэд түгээх, барааны тэмдэг нийтэд түгээмэл болох нь ялгаатай ойлголт юм. Үг болон нэр томьёог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сурталчилгаа, урлаг уран сайхан жүжиг, киногоор дамжуулан нийтэд түгээж болно. Харин барааны тэмдэг бол үг, нэр томьёог биш...

Одоогийн байдлаар Монгол Улсад нэг ч барааны тэмдгийг “нийтэд түгээмэл барааны тэмдэг” гэж тооцоогүй байна...

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 340 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Х*******” ХХК давж заалдах гомдолдоо: “1. Шүүхийн шийдвэрийн үндэслэл бичгийн хэлбэрээр гарахдаа шүүх хуралдаанд танилцуулсан үндэслэлээс өөрчлөгдсөн.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэж, үндэслэлийг танилцуулахдаа “...Ниццийн хэлэлцээрийн 10 дахь хэвлэлтэд Лояалти нь бие даасан ангилал болж, барааны тэмдгийн 350131 дугаарт бүртгэгдсэн, хэргийн нөхцөл байдал захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 107 дугаар шийдвэр гарах үеэс өөрчлөгдсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байна” гэсэн.

Гэтэл шүүхийн шийдвэр бичгээр гарахдаа Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль /2003/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 5 дугаар зүйлийн 5.4.3-д заасныг баримтлан, “Худалдаа, хөгжлийн банк” ХХК-д олгосон “L*******” үгэн барааны тэмдгийн анхдагч огнооноос өмнө “Х” ХХК нь “L*******” картыг зах зээлд нэвтрүүлсэн байх бөгөөд “Худалдаа, хөгжлийн банк” ХХК нь “M******* L*******”, “L*******” нэрээр, “Х” ХХК нь “M******* L*******” нэрээр зэрэгцэн ашиглаж байсан нь Өнөөдөр сонины 2007 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2007 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх дугаарт хэвлэгдэн сурталчилгаагаар нотлогдож байна” гэж Худалдаа, хөгжлийн банкийг 2007 оны 06 дугаар сарын 24-ний огноотой “L*******” барааны тэмдгийг авахаас өмнө “L*******” гэдэг үг түгээмэл болсон байна гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл ийнхүү өөрчлөгдсөнийг тодруулах зорилгоор 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны дуу бичлэгтэй танилцсан бөгөөд тус бичлэгийн 1 цаг 22 минут 30 секундээс 1 цаг 24 минут 30 секундийн хооронд шүүхийн шийдвэрийн үндэслэлийг “Ниццийн хэлэлцээрийн ангиллаар Лояалти нь барааны тэмдгийн бие даасан ангилал болсон, хэргийн нөхцөл байдал 107 дугаар шийдвэр гарах үеэс өөрчлөгдсөн” гэж танилцуулсан нь тодорхой бичигдсэн байна.

Ийнхүү шүүхийн шийдвэрийн үндэслэл шүүх хуралдаанд танилцуулснаас өөр үндэслэлээр бичигдэж гарсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.

2. Манай компанийг барааны тэмдгийн гэрчилгээ авах үед “Лояалти” гэдэг нэр томьёо Монгол Улсад түгээмэл болоогүй байсан бөгөөд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлээгүй, дутуу үнэлсэн.

Шүүх “Х” ХХК нь “L*******” үгэн барааны тэмдгийг хэрэглэж, 2007 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2007 оны 06 дугаар сарын 21-ний хооронд “Өдрийн сонин”-д сурталчилгаа нийтлүүлж байсан нь нотлогдож байна, мөн шинжээчийн дүгнэлтэд үндэслэн нийтэд дэлгэрсэн нэр томьёо, түгээмэл болсон гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг зөрчсөн.

Монгол улс 1997 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нэгдэн орж, хүчин төгөлдөр мөрдөгдсөн Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрийн 2 дугаар хэсгийн 16 дугаар зүйлийн 1-д “Бүртгэгдсэн барааны тэмдгийн эзэмшигч нь бүртгэгдсэн бараа буюу үйлчилгээтэй ижил буюу төсөөтэй бараа буюу үйлчилгээнд ижил буюу төсөөтэй тэмдэг хэрэглэх төөрөгдөлд хүргэж болзошгүй тул бүх гуравдагч талууд эзэмшигчийн зөвшөөрөлгүй бараа болон үйлчилгээг хэрэглэхээс сэрэмжилж түүнийг урьдчилан зогсоох онцгой эрхтэй” гэж, 16 дугаар зүйлийн 2-д “Парисын конвенц (1967)-ийн 6 зүйлийг үйлчилгээнд дараах байдлаар хэрэглэнэ” гээд “Гишүүд барааны тэмдгийн нийтэд танил эсэхийг тодорхойлохдоо тухайн барааны тэмдгийг сурталчилгааны үр дүнд тухайн гишүүн улсад нийгмийн тодорхой хэсэгт танил болсон эсэхийг харгалзана” гэж заасан.

2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд Лояалти гэх нэр томьёо Франц улсад 1400 онд анх тэмдэглэгдсэн, Монгол Орос хэлний тольд хэрхэн тайлбарлагддаг, 1997 оны Өнөөдрийн сонины дугаарт “Тэдний олонх нь элитээс гаралтай лояльностоо алдаагүй гэр бүлийн хүүхдүүд байлаа” гэж орос хэл дээр хэрэглэгдсэн тохиолдол байсан тухай дурдсан болохоос бус 2007 оноос өмнө Монгол Улсын банкны салбарт “L*******” нэр томьёо нийтэд дэлгэрсэн, түгээмэл байсан тухай дүгнээгүй.

“Худалдаа, хөгжлийн банк” ХХК 2006 оноос буюу “Х” ХХК-иас “Лояалти” гэсэн үгийг ашиглан өөрийн бүтээгдэхүүний сурталчилгааг хийж эхэлсэн. Тухайлбал, “L*******” (барааны тэмдэг)-г нийтэд таниулж, бүтээгдэхүүнээ борлуулах зорилгоор 2006 оны 01 дүгээр сараас эхлэн хэвлэл мэдээлэл, сурталчилгааны компаниудтай гэрээ байгуулан нийтэд таниулж эхэлсэн бөгөөд энэ нь хэрэгт авагдсан баримтаар хангалтгай нотлогдоно.

3. “L*******” барааны тэмдэг бие даасан ангилал болж батлагдсанаар “Худалдаа, хөгжлийн банк” ХХК-ийн барааны тэмдэг хүчингүй болох хууль зүйн үндэслэлгүй.

“Барааны тэмдгийг бүртгэх зорилгоор бараа, үйлчилгээний олон улсын ангилал тогтоох тухай” Ниццийн хэлэлцээрийн дагуу Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас “Лояалти”-г бие даасан ангилал болгосон боловч “Х” ХХК нь “Лояалти”-г бие даасан ангилал болсон гэсэн үндэслэлээр “Худалдаа, хөгжлийн банк” ХХК-ийн барааны тэмдгийг хүчингүй болгуулах шаардлага гаргаагүй.

Түүнчлэн Дэлхийн оюуны өмчийн байгууллага “Лояалти”-г 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс бие даасан ангилал болгож баталсан боловч ийнхүү баталсан шийдвэр, холбогдох баримтууд хэрэгт авагдаагүй. Шүүх маргааныг шийдвэрлэх явцад авсан мэдээллийг үндэслэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй.

Ниццийн хэлэлцээрт аливаа нэр томьёо бие даасан ангилал болсноор өмнө нь авсан барааны тэмдэг хүчингүй болох тухай зохицуулалт байхгүй бөгөөд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т барааны тэмдгийн гэрчилгээг 10 жилээр олгож, 10 жилээр сунгахаар хуульчилсан. “Худалдаа, хөгжлийн банк” ХХК нь “L*******” барааны тэмдгийг 2007 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 10 жилийн хугацаатай авсан тул хугацаа 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 340 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх энэхүү захиргааны хэрэгт авагдаагүй баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосны улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 “Х” ХХК нь “М*******ын 2007 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаар тушаалын “Х*******” ХХК-нд холбогдох хэсэг болон “L*******” үгэн барааны тэмдгийг бүртгэж, “Х*******” ХХК-д олгосон 6516 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээг хүчингүй болгуулах, “Х” ХХК “ХасЛояалти” бүртгэгдээгүй барааны тэмдэг, нэрийг саадгүй үргэлжлүүлэн ашиглах, шаардлагатай гэж үзвэл бүртгүүлэх зэрэг боломжийг хангах зорилгоор зохих шийдвэр, захиргааны акт гаргах, өөрчлөх, хүчингүй болгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, энэхүү нэхэмжлэлдээ Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 1377 дугаар захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 128 дугаар тогтоолтой хэргээс уг шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол болон маргаан бүхий М*******ын 2007 оны 65 дугаар тушаал, түүний хавсралт, 6516 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээ, шинжээчийн дүгнэлт зэргийг  хуулбарлан, уг хэрэгт нотлох баримтаар хавсаргах хүсэлт гаргасан байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ”, 72.4-т “Үндэслэх хэсэгт захиргааны хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг тусгана” гэж заажээ.

Гэтэл шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хамт гаргасан хүсэлтийг анхааралгүй уг захиргааны хэрэгт авагдаагүй, тодруулбал, “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газрын улсын байцаагчид холбогдох 031/2013/0657/3 индекстэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан “Өнөөдөр сонин”-д хэвлэгдсэн сурталчилгаа, “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, О*******т холбогдох 128/2014/0157/3 индекстэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан шинжээчдийн дүгнэлт зэргийг үнэлж дүгнэн, хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байхаас гадна уг хэрэг, маргаан үүсэх үндэслэл болсон маргаан бүхий актуудыг ч хэрэгт аваагүй байна.

Зүй нь шүүх дээрх захиргааны хэргүүдээс энэхүү хэргийн маргааныг шийдвэрлэхэд шаардагдах баримтуудыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль[1]-д заасан журмын дагуу авч, нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнэх ёстой.

Тодруулбал, урьд нь хянан шийдвэрлэгдсэн, үйл баримт өөр захиргааны хэрэгт нотлох баримтаар авагдаж үнэлэгдсэн баримтуудыг, тухайлбал, “Шинжээчдийн багийн дүгнэлт”-ийг өөр захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй бөгөөд хэзээ, хэрхэн хийгдсэн нь тодорхойгүй шинжээчийн дүгнэлт Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7, 8 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байна.

Иймээс шүүх Захиргааны  хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасны дагуу нотлох баримтыг хуульд заасан арга хэрэгслээр олж авсны үндсэн дээр тэдгээрт үндэслэл бүхий дүгнэлт өгч, “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн дээрх шаардлагыг шийдвэрлэх шаардлагатай.  

Үүнээс гадна хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргасан 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэсэн байдал шүүхийн шийдвэрт тусгагдсанаас зөрүүтэй байгааг анхаарвал зохино.

Дээрх байдлаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул дурдсан зөрчлийг арилгасны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны  05 дугаар сарын 09-ний өдрийн 340 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН