Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Маанийн Мөнхтөр |
Хэргийн индекс | 102/2017/00686/И |
Дугаар | 102/ШШ2017/02112 |
Огноо | 2017-07-25 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2017/02112
2017 оны 07 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2017/02112 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 5-33 тоотод оршин байх, Кью Юу Эй Ди ХХК /РД: 5306612/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 9 дүгээр байрны 17 тоотод оршин суух, Дааган овогт Хүрэлбаатарын Нямсүрэн /РД: ЧН86110210/-д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанчив, хариуцагч Х.Нямсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Л.Сарангуа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Кью Юу Эй Ди ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанчивын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Х.Нямсүрэн нь манай компаниас 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 250,000 төгрөг, мөн сарын 29-нд 100,000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 9-нд 2,150,000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 2,000,000 төгрөгийг, нийт 4,500,000 төгрөгийг зээлсэн болно. Тэрээр зээлсэн мөнгөө төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй байна. Х.Нямсүрэн нь зээл хүсэхдээ Хаан банкнаас аваагүй байгаа цалингаа аваад энэ зээлээ эргүүлэн төлнө гэж тайлбарлаж байсан бөгөөд Хаан банкинд гаргасан хүсэлтээ үзүүлж байсан болно. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү нэхэмжлэхгүй, иймд хариуцагч Х.Нямсүрэнгээс үндсэн зээл 4,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Х.Нямсүрэнгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн зүгээс Х.Нямсүрэн намайг зээл хүсэхдээ Хаан банкинд гаргасан хүсэлтээ үзүүлсэн, мөн 2014 онд 2,500,000 төгрөг, 2015 онд 2,000,000 зээлж авсан гээд хавсаргасан зарлагын баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Бид хэд компьютер график дизайны анги төгссөн мэргэжил нэгтэй хүмүүс. Ямар бичиг баримт дээр ямар засвар орсныг мэдэх боломжтой. 2013 оны баримтыг 2015 болгоод зассан байна. Сайн харвал арын таталт нь арай өөр байгаа. Үүнийг шалгуулахаар шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээж авсангүй. 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр би ажил дээр байгаагүй. Наадмын амралттай гээд бүгдээрээ амраад явсан байсан. 7 дугаар сарын 8-ны өдөр би талийгаачийн газрыг очиж цэвэрлэх зан үйл хийхээр Өлзийт рүү явсан байсан. Энэ үед би эднийд очиж мөнгө зээлсэн зүйл байхгүй. Нотлох баримт болгож миний нэр дээрх болон байгууллагын дансны хуулгыг өгсөн байгаа. Тэрэн дээр эднийхээс надад мөнгө авах шаардлага байсан уу, үгүй юу гэдэг нь харагдана. Тиймээс нэхэмжлэгчээс мөнгө хүлээж авах боломж байхгүй гэж үзэж байгаа гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Л.Сарангуагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 4,500,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага нь 2014 оноос 2015 оны хооронд хамаарч байна гэж нэхэмжлэгч бичсэн. Зээлдүүлсэн гэх 2,500,000, 100,000, 2,150,000 төгрөг нь кассын дэвтэр гэх компанийн хөтөлдөг дэвтэр дээр бичигдсэн гэж хэлээд байгаа. Энэ кассын дэвтэр нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа. Яагаад гэхээр энэ дэвтэрт мөнгийг зээлсэн, зээлдүүлсэн хүний гарын үсэг байхгүй. 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 2,000,000 төгрөгийн тухайд бид нар удаа дараа хэлж байгаа. Ийм баримт огт үйлдээгүй 2013 оны баримтыг 2015 он гэж зассан байна. Дээрээс нь энэ 4,500,000 төгрөгийг би хүлээн зөвшөөрөхгүй, би энэ мөнгийг зээлж аваагүй гэж хариуцагч хэлж байгаа. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар санхүүгийн анхан шатны баримт гэж юуг хэлэх вэ? гэхээр ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог хэлж байгаа. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно, 7 дугаар зүйлийн 7.5-т анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно, 9 дугаар зүйлд тухайн аж ахуйн нэгж ямар нэгэн өр төлбөртэй гэж байгаа бол аж ахуйн нэгж байгууллага нь түүндээ өр төлбөрөө нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандартын дагуу тусгах ёстой. Тэгэхээр энэ хүн зээл авсан, зээл авсан гарын үсэг энэ байна гээд гаргаад ирэх хэрэгтэй. Зээл нь тодорхой хугацаатай байх ёстой. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Тэгэхээр энэ баримт хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй байна. Тиймээс Иргэний хуулийн 282 дугаар зүйл 282.4-т зааснаар мөнгө буюу эд зүйлийг зээлдэгчид шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулсанд тооцно. гэсний дагуу зээлийн гэрээний зүйлээ шижлүүлсэн нь тодорхой бус байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсгэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Кью Юу Эй Ди ХХК нь хариуцагч Х.Нямсүрэнгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ. Хариуцагч зээлийн гэрээ байгуулаагүй, мөнгө аваагүй, баримтан дээрх гарын үсэг миний биш тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэжээ.
Нэхэмжлэгч Кью Юу Эй Ди ХХК-ийн 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн Бэлэн мөнгөний зарлагын баримтанд хариуцагч Х.Нямсүрэн гарын үсэг зурж 2,000,000 төгрөгийг бэлнээр хүлээж авсан болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 3089 дүгээр шинжээчийн 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн Кью Юу Эй Ди ХХК-ны хариуцагч Х.Нямсүрэнд бэлнээр 2,000,000 төгрөг өгсөн гэх Бэлэн мөнгөний зарлагын баримт-ын доод хэсэгт Хүлээн авсан: гэсний ард бичигдсэн Х.Нямсүрэн гэсэн гарын үсгийн тайлал, түүний ард зурагдсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Х.Нямсүрэнгийн гэх гарын үсгийн загваруудтай тохирно. гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нь тогтоогдож байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч шаардах эрхтэй, хариуцагч 2,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзлээ.
Харин нэхэмжлэгч хариуцагч Х.Нямсүрэн нь 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 250,000 төгрөг, мөн сарын 29-нд 100,000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 9-нд 2,150,000 төгрөгийг зээлсэн нь манай компанийн кассын дэвтэрт бичигдсэн байгаа гэх боловч нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Кассын дэвтрийн 1 дүгээр хуудасны 2 дугаар мөрөнд 2014.9.15, Нямсүрэн 250,000 зээл төлөх, 2 дугаар хуудасны 19 дүгээр мөрөнд 2014.9.29, Нямаа 100,000 зээл, 4 дүгээр хуудасны 13 дугаар мөрөнд Нямаа зээл 2,150,000 гэсэн тэмдэглэгээг хэн, хэзээ үйлдсэн нь тодорхойгүй, дэвтэр хөтөлсөн ажилтны гарын үсэг байхгүй, байгууллагын тэмдэг дарагдаагүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн /2015 он/ 13 дугаар зүйлийн 13.5-д заасан шаардлагыг хангаагүйгээс гадна санхүүгийн анхан шатны бусад баримтаар давхар нотлогдохгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Х.Нямсүрэнгээс 2,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Кью Юу Эй Ди ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Хариуцагч Х.Нямсүрэн 2,000,000 төгрөг хүлээн авсан гэх баримтанд зурсан гарын үсэг миний биш гэж маргаж байх боловч Х.Нямсүрэн гэх тайлалтай гарын үсэг нь хариуцагчийн гарын үсэг мөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно. Нэхэмжлэгч зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү нэхэмжлэхгүй гэснийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Нямсүрэнгээс 2,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Кью Юу Эй Ди ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,500,000 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 86,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Нямсүрэнгээс 46,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР