Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2020/00041

 

Р.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2019/00167 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 461 дүгээр магадлалтай,

Р.Э-ын нэхэмжлэлтэй,

“АТҮТӨВ” ТӨҮГ-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Шаравнямбуугийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Шаравнямбуу, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2005 онд АТҮТӨВд нярав, бичиг хэргийн ажилтнаар ажилд ороод 2007 оноос эхлэн тасалбар түгээгч гэсэн албан тушаалаар өнөөдрийг хүртэл 11 жил ажиллахдаа ямар нэг алдаа дутагдал гаргаж, арга хэмжээ авагдаж байгаагүй. Амраад 2018 оны 08 дугаар сарын эхээр амралтаа ажилдаа орсон. Тухайн үед программ шинэчлэгдснийг мэдээгүй бөгөөд 2 хүний тасалбар буруу бичсэн байсан. Жолооч орж ирээд та 2 тасалбар буруу бичсэн байна гэж хэлэхэд уулзаад зөрүү 8.000 төгрөгийг  шийдэж, энэ талаараа тайлбар бичиж өгсөн .

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасныг баримталж ажлаас халсан, хариуцагч АТҮТӨВ дотоод аудитын дүгнэлтээ барьж халсан юм уу эсвэл хөндлөнгийн аудитын дүгнэлт, хяналтын шалгалтаар халсан эсэх нь тодорхой бус байна. Тиймээс хууль бусаар ажлаас халсан.

Тээвэрлэгч 2 компани Р.Э-тай холбоотой нэг ч гомдол ирүүлж байгаагүй, ажил олгогч Хөдөлмөрийн дотоод журмын 11.6.17-г баримталж ажлаас халсан. Билет буруу бичсэн нь сахилгын шийтгэлийн арга хэмжээ авагдах нөхцөл байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь Дархан-Уул аймгийн АТҮТӨВд тасалбар түгээгч болон эд хөрөнгө хариуцагчаар ажиллаж байсан. Мөнгө хүлээн авах хадгалах хамгаалах үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгч нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр болон 10 дугаар сарын 05, 10 дугаар сарын 15-ны өдрүүдэд Дарханаас Улаанбаатар хот хүртэлх билетийг 6 000 төгрөгөөр бичсэн байдаг. Энэ талаар нэхэмжлэгчид хэлэхэд зөрүү мөнгийг нь өөрөө гаргаж өгсөн байдаг. Нэхэмжлэгч буруу бичсэн гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн, удаа дараа ажил олгогчийн итгэл алдсан, аж ахуй нэгжид хохирол учруулсан. Хөдөлмөрийн дотоод журмын 11.6.4, 11.6.17-д зааснаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д зааснаар ажлаас чөлөөлсөн байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2019/00167 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Э-ыг Дархан Уул аймгийн Авто тээврийн төвийн тасалбар түгээгчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 508 371 төгрөгийн хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас гаргуулж, нэхэмжлэгч Р.Э-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Э-ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 39 084 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 461 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2019/00167 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэх тухай Р.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Шаравнямбуу хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 461 дугаартай магадлалд гомдол гаргаж байна.

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн ХЯНАВАЛ хэсэгт “хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2018 оны 07 дугаар сард амралтын хугацаа дуусган ажилдаа орохдоо тариф үнэ өөрчлөгдсөнийг мэдээгүй буруу бичилт хийж, цалингаасаа суутгуулсан, 2018 оны 10 сард удаа дараа Улаанбаатар явах тасалбарыг Баруун Хараа руу явах тасалбарын үнээр бичсэн, холын маршруттай хүнийг ойрын маршрутаар бичсэн зэрэг талаар Дархан-Уул аймгийн автотээврийн төвд дотоод хяналтын шалгалтаар зөрчил гарсан нь тогтоогдсон байна” хэмээн үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Учир нь 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “АТҮТӨВ” ТӨҮГ-ын А/25 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн баталсан байдаг. Тус тушаалын арван нэгдүгээр зүйлд Хөдөлмөрийн сахилгын шийтгэл гэж байх бөгөөд 11.6.17-д Зорчигчийн зорчин явах тасалбарыг буруу бичсэн, тасалбар олгоогүй байх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан дараалсан авах сахилгын зөрчил байна. Мөн программ дээр үзлэг хийхэд тодорхой зөрүүтэй гэж хариуцагч талаас маргадаг боловч нэхэмжлэгч Р.Э- нь зорчигч ямар чиглэлийн тасалбар авна гэнэ тэр тасалбарыг нь бичиж өгөх үүрэгтэй болохоос биш далдыг хардаг Далай лам шиг зорчигчийг чи Баруун хараа орохгүй Улаанбаатар хот орох юм байна шдээ гэж хэлэх боломжгүй. Харин Автотээврийн төв нь Дарханы авто вокзалаас хөдлөөд 10 км явахад 40 пост гэж байдаг бөгөөд тэнд АТҮТӨВийн байцаагч нийт хэдэн хүн хаашаа явж байгааг хянадаг. Улмаар Баруун хараа, Чандмань хамгийн сүүлд нь Улаанбаатар хотын Драгон төвийн гадаа тээврийн байцаагч нар зорчигчийн билет болон зорчигч нарыг хамтад нь бүртгэдэг. Дархан-Улаанбаатар чиглэлд 2 аж ахуй нэгж тээвэрлэлт хийдэг бөгөөд эдгээр байгууллага нь ашгийн төлөөх учир буруу бичсэн алдаатайгаас болж илүү хүн тээвэрлэх нь ашиггүйгээс гадна жолооч нар нь иймэрхүү үйлдэл гаргах гээд байдаг тул өөрсдийн гэсэн хяналтын шалгагч нараар хянуулдаг. Мөн дээрээс нь дээрх хоёр аж ахуйн нэгжээс нэг ч удаа албан тоотоор гомдол ирүүлж байгаагүйг давж заалдах шатны шүүхээс үнэлж үзээгүй байна.

Түүнчлэн Дархан-Уул аймгийн Автотээврийн төвөөс ямар нэгэн дотоод хяналт шалгалт явагдаагүй, хариуцагч талаас гаргаж өгсөн хоёр удаагийн хурлын протокол байдаг. Энэ хоёр хурлын тэмдэглэлийн нэгэн дээр нь Р.Э- байснаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд хоёр дахь хурал дээр огт сууж байгаагүй гэдгээ шүүх хурал дээр өөрийн биеэр хэлдэг.

Давж заалдах шатны шүүхийн ХЯНАВАЛ хэсэгт “Түүнчлэн, нэхэмжлэгч Р.Э- нь өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч Дархан автотээврийн төв Дархан-Уул аймаг дахь салбарын захиргаанд тодорхойлолт гаргаж, дахин тарифийн үнэ андуурч гаргахгүй талаар бичиж өгсөн байх тул хариуцагч байгууллагын итгэлийг алдагдуулсан үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Р.Э-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна” гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Мөн “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан” гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтад бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтныг хамруулан ойлгож болно хэмээн үзсэн бөгөөд нэхэмжлэгч Р.Э-ын ажлын байрны тодорхойлолт дээр эд хөрөнгө хадгалах, хамгаалах ... санхүүгийн албан тушаалтан биш байтал дээрх хуулийн заалтыг барьж ажлаас халсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчиж байна.

Иймд 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 461 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Р.Э- нь “АТҮТӨВ” ТӨҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг  хариуцагч эс зөвшөөрч, ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан тул ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч Р.Э-ыг “АТҮТӨВ” ТӨҮГ-ын Дархан-Уул аймаг дахь Автотээврийн төвд тасалбар түгээгчээр ажиллаж байхдаа 2018 оны 08 дугаар сарын 13-16, 10 дугаар сарын 05, 12, 15-ны өдрүүдэд Дархан-Улаанбаатар чиглэлийн 24 зорчигчийн тийзийг буруу бичиж, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй, ажил олгогчийн итгэл алдагдуулсан үйлдлийг удаа дараа гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5., Хөдөлмөрийн гэрээний 4.3.1., 4.3.2., Хөлөлмөрийн дотоод журмын 3.18.1., 3.18.2., 11.6.1., 11.6.4., 11.6.17 дахь заалтуудыг удирдлага болгон “АТҮТӨВ” ТӨҮГ-ын Захирлын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б\445 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж,  ажлаас нь халжээ.

“АТҮТӨВ” ТӨҮГ Р.Э-тай  2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “тасалбар түгээгч” ажлын байранд “Хөдөлмөрийн гэрээ” байгуулж, 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ” байгуулсан ба тэрээр  зорчигчийн тасалбарыг дүрэм, журамд заасны дагуу зөв бичилт хийж, тасалбар борлуулалтын орлогыг бүрдүүлэх үндсэн чиг үүрэгтэй болох нь ажлын байрны тодорхойлолтод тусгагджээ.

Р.Э- 2018 онд амраад 8 дугаар сард ажилд орсны дараа чиглэлийн тарифны үнэ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 2 хүний тарифийг буруу бичсэн зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч, тайлбар бичиж өгсөн боловч 2018 оны 10 дугаар сарын 05, 12, 15-ны өдрүүдэд дахин холын тарифыг ойроор бичих, том хүнд хүүхдийн тасалбар бичих зэрэг зөрчил гаргасан нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон, тэрээр ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй нь ажил олгогчийн итгэлийг алдсан гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэн ажлаас халсан ажил олгогчийн тушаалыг Хөдөлмөрийн тухай хууль зөрчөөгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, шүүх  хууль хэрэглээний алдаа гаргаагүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн алдааг зөв тодорхойлж, хэрэгт цугласан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.4. дэх заалтад нийцжээ.

“АТҮТӨВ” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлд сахилгын зөрчлийг тодорхойлсон ба “Зорчигчийн зорчин явах тасалбарыг буруу бичсэн, тасалбар олгоогүй” гэх зөрчил журмын 11.6.17.-д тусгагдсан байна.

Р.Э- нь мөнгө хадгалах, хамгаалах үүрэгтэй, эд хөрөнгө хариуцсан этгээд бөгөөд түүний гаргасан зөрчил тогтоогдсон, ажил олгогч ажилтныг итгэл алдсан гэж үзэж өөрийн эрх хэмжээний хүрээнд хариуцлага тооцож, ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй тул “...ажилтны гаргасан зөрчилд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар сахилгын арга хэмжээг дараалан авах байсан, түүнчлэн эд хөрөнгө хариуцсан этгээд биш байтал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.-д зааснаар ажлаас халсан үйлдлийг зөвтгөсөн нь хууль зүйн үндэслэлгүй...” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй тул дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 461 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Шаравнямбуугийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД