Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 167

 

 

 

 

 

 

                         

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Р.Э-н  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: АҮТ  ТӨҮГ -т холбогдох

 

            Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Шаравнямбуу, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

Тодорхойлох нь:

  

   Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь 2018 оны 08 дугаар сарын эхээр амралтаа авч ажилдаа орсон. Тухайн үед программ шинэчлэгдсэн байдаг. 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тушаалын тушаах хэсгийн нэгт 2018 оны 08 дугаар сарын 13-наас 16-ны хооронд дээрх алдаа дутагдал гарсан гэх бөгөөд хариуцагч байгууллагын гаргаж өгсөн 2018 оны 10 дугаар сарын 05-наас 2018 оны 10 дугаар сарын 06-нд шилжих шөнө 262-274 дугаартай бүх хүмүүс Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруун хараад очсон болох нь баримтаар тогтоогдож байдаг.

Хуучин чиглэл нь Дарханаас Улаанбаатар гэх ганцхан чиглэл байж байгаад шинэ программын дагуу Дарханаас Баруун хараа хүртэл 6.000 төгрөг, Чандмань постод очиход 9.000 төгрөг, Улаанбаатар хот ороход 10.000 төгрөг, бага насны хүүхэд 3.000 төгрөгөөр зорчих үнийн дүнтэй байсан.

Тухайн үед Р.Э  нь ажилдаа шинээр ороод программ шинэчлэгдсэнийг мэдээгүй бөгөөд 2 хүний тасалбар буруу бичсэн. Р.Э  тасалбар бичиж байх үед жолооч нь 20 метрийн зайтай гадаа нь байсан. Ингээд жолооч орж ирээд та 2 тасалбар буруу бичсэн байна гэж хэлэхэд Р.Э  нь н.Дунгаамаа гэх хүнтэй уулзахад зөрүү 8.000 төгрөг гарах юм байна, тус мөнгийг цалингаас чинь аваад би шийдэж өгье гээд харилцаа дууссан байдаг.

Үүнтэй холбоотойгоор Дархан-Уул аймгийн Авто тээврийн үндэсний төвийн дарга н.Наранбаатар дуудаж оруулж ирээд 2 хүний тасалбар буруу бичсэн талаараа чи тайлбар бич гэж хэлээд үүний дагуу тайлбар бичиж өгсөн байдаг.

Дархан авто вокзалаас тухайн тээврийн хэрэгсэл зорчигч нараа ачиж 10 километрийн зайд очиход 40 дүгээр пост гэж байгаа. Тэнд очиход байцаагч гарч ирээд хэдэн зорчигч байгаа, хаашаа зорчиж байгаа талаарх тасалбарыг шалгаад цааш явуулдаг. Түүний дараа Баруун хараа, Чандмань, Драгон дээр очиход байцаагч гарч ирж, тасалбарыг зоригч нартай тулгаж хяналт тавьдаг. Гэтэл хариуцагч байгууллагын зүгээс хянагч нар ажлаа хийдэггүй зөвхөн нэхэмжлэгч хийх ёстой байсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Дарханаас Улаанбаатарын чиглэлд 2 аж ахуй нэгж тээвэрлэлт хийдэг бөгөөд тус аж ахуй нэгж нь ашгийн төлөө байгууллага учраас өөрсдөө маш сайн анхаарал тавьдаг.

Хоёрдугаарт ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасныг баримталж ажлаас халсан байдаг. Үүнийг Дээд шүүхийн тогтоол, зөвлөмжид тодорхой зааж өгсөн байгаа. Ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гэдэг нь хууль санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, ажил олгогч дотоод хяналтаар шалгагдсан байхдаа тогтоогдсон байвал гэж байгаа.

Мөн эд хөрөнгө хянах, санхүүгийн болон бүртгэлийг хянах эрх бүхий албан тушаалтан санхүүгийн алдаа, дутагдал гаргасан гэдгийг хөндлөнгийн аудит болон эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасныг баримталж ажлаас хална гэж тодорхой заагаад өгчихсөн байхад хариуцагч АҮТ  дотоод аудитын дүгнэлтээ барьж халсан юм уу эсвэл хөндлөнгийн аудитын дүгнэлт, хяналтын шалгалтаар халсан эсэх нь тодорхой бус байна. Тиймээс хариуцагч байгууллага нь хууль бусаар ажлаас халсан гэдэг нь үндэслэлтэй. Мөн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаартай Бодлого зохицуулалтын албаны тогтоолоор Авто тээврийн үндэсний төв дотоод аудитын албатай байхаар тогтоосон байдаг. Тус тогтоолын дагуу нэгдүгээр хавсралтаар Авто тээврийн үндэсний төвийн дүрмийг баталж өгсөн байдаг. Тус дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.3, 8.4-т зааснаар санхүүгийн үйл ажиллагааг хянах дотоод аудиттай байх, өдөр тутмын санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит оруулах зэргээр санхүүгийн тооцоог хянана гэж байгаа. Хариуцагч байгууллага 3 том бүтэцтэй. Түүний нэг нь дотоод хяналт аудит юм.

Мөн Авто тээврийн үндэсний төв тогтоохгүй юм бол тээвэрлэгч 2 байгууллага мөн адил санхүүгийн тооцоог Авто тээврийн үндэсний төвтэй нийлүүлдэг. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 19.1-т зааснаар аж ахуй нэгж байгууллага нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналтын бодлого, удирдлага зохион байгуулалт, аж ахуй нэгж байгууллага нь эрх бүхий этгээдээр тодорхойлно гэж зааснаар хяналт оруулдаг.

Тээвэрлэгч 2 компани Р.Э тай холбоотой нэг ч гомдол ирүүлж байгаагүй. Мөн ажлаас халсан тушаалтай холбоотойгоор Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлд сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Гэтэл ажил олгогч Хөдөлмөрийн дотоод журмын 11.6.17-г баримталж ажлаас халсан. Энэ нь билет буруу бичсэн нь сахилгын шийтгэлийн арга хэмжээ авагдах нөхцөл байсан.

Гуравдугаарт жолооч болох тээвэр ачилтын н.Түмэнбаяр, н.Баярбат, н.Сэнгэжаргал гэх хүмүүс өргөдөл бичсэн байдаг. Эдгээр хүмүүс нь ямар аж ахуй нэгжид ямар ажил эрхэлдэг нь тодорхойгүй, ямар ч нотолгоогүй зүйл бичсэн байдаг. Мөн 24 хүнийг 10.000 төгрөг төлүүлээд дундаас нь 4000 төгрөгийн ашиг олчихлоо гэж хэлсэн. Гэтэл тооны хувьд зөрүүтэй байгаа. Мөн хот хооронд явж буй хүмүүст и-баримт өгдөг. Ямар ч хүн 10.000 төгрөг өгчхөөд 6.000 төгрөгийн баримт авч байгаа бол маргаан үүсгэх ёстой. гэтэл нэг ч иргэн гомдол гаргаж байгаагүй. 2005 оноос хойш Авто тээврийн үндэсний төвд нэхэмжлэгч ажиллаж эхэлсэн. 2006 оноос эхлэн тасалбар түгээгчээр ажилласан. 2017 онд онц тээвэрчин болсон. Гэтэл шинэ дарга ирээд нэг жилийн дотор хамгийн муу ажилтан болсон. 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хурал болсон. Тус хуралд чи тасалбар буруу бичсэн байна энэ талаар бичиж өг гэхэд л бичиж өгсөн байдаг. Мөн хариуцагч байгууллагын хуралдсан гэх хуралд нэхэмжлэгч бичиж өгөөгүй байдаг. Тиймээс хариуцагчийн гаргасан тушаал хууль зүйн шаардлага хангахгүй байна, ямар ч нотолгоогүйгээр ажилтныг ажлаас халсан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү ” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь Дархан–Уул аймгийн Авто тээврийн үндэсний төвд тасалбар түгээгч болон эд хөрөнгө хариуцагчаар ажиллаж байсан. Мөнгө хүлээн авах хадгалах хамгаалах үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгч нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр болон 10 дугаар сарын 05, 10 дугаар сарын 15-ны өдрүүдэд Дарханаас Улаанбаатар хот хүртэлх билетийг 12.000 төгрөгөөр бичсэн байдаг. Энэ талаар нэхэмжлэгчид хэлэхэд мөнгийн өөрөө гаргаж өгсөн байдаг. Нэхэмжлэгч буруу бичсэн гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Удаа дараа ажил олгогчийн итгэл алдсан, аж ахуй нэгжид хохирол учруулсан. Хөдөлмөрийн дотоод журмын 11.6.4, 11.6.17-д зааснаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д зааснаар ажлаас чөлөөлсөн байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Р.Э  нь хариуцагч АҮТ  ТӨҮГ-т холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь Р.Э  байргууллагын итгэлийг эвдэж, 12.000 төгрөгийн билетийг 6.000 төгрөгөөр бичсэн тул ажлаас халсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж  шийдвэрлэв.

 

АҮТ  ТӨҮГ-ын даргын  2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн б/445 тоот тушаалын 1 дэх заалтаар “Дархан Уул аймгийн Авто тээврийн төвийн тасалбар түгээгч Рэнцэнхандын Энхзул нь 2018 оны 8 дугаар сарын 13-16, 10 дугаар сарын 05, 12, 15-ны өдрүүдийн Дархан-Улаанбаатар чиглэлийн зорчигчлоос нийт 24 зорчигчийн тийзийг Дархан Баруун хараа чиглэлд буруу бичиж албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй , итгэл алдагдуулсан үйлдлийг удаа дараа гаргасан тул хөдөлмөрийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр цуцалж, ажлаас халсугай” гэж Монгол Улсын төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 55 дугаар тогтоолоор батлагдсан “АҮТ ” төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийн 6.10.7, 6.12 дах заалт, Үйлдвэрийн газрын  “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 3.18, 3.18.1, 1.18.2, 11.6.1, 11.6.4, 11.6.17 дах заалтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Р.Э ыг ажлаас нь чөлөөлжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “2018 оны 7 дугаар сард амраад орж ирэхдээ тариф үнэ өөрчлөгдсөнийг мэдээгүй буруу бичилт хийж, цалингаасаа суутгуулсан, 2018 оны 10 сард буруу бичилт хийгээгүй. Баруун хараа орно гэж билет авсан хүнийг 6.000 төгрөгөөр бичсэн” гэж, хариуцагчийн төлөөлөгч “...нэхэмжлэгч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээтэй ажиллагдаг атлаа удаа дараа том хүний хөлсийг хүүхдээр бичсэн зөрчил, холын маршруттай хүнийг ойрын маршрутаар бичсэн үйлдлийг удаа дараа гаргасан. Өөрөө зөвшөөрч тайлбар гаргаж өгсөн. 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр байгууллагын цонхоор хүн оруулсан тул ажлаас халсан” гэж тус тус тайлбарласан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэж заасан бөгөөд "ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино.

 

Хариуцагч нь “Р.Э ын итгэл алдсан үйлдэл нь жолооч нарын тайлбар, билет бичих программаар нотлогдоно” гэж тайлбарласан бөгөөд 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 15 цаг 19 минутад “Зорчигч тээврийн үйлчилгээний бүртгэлийн систем”-д үзлэг хийхэд билет буруу бичсэн байдал нотлогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “Зорчигч Баруун хараа орно гэвэл Баруун хараа орох тийзийг бичдэг. Баруун хараа орох уу, эсхүл Улаанбаатар орох байсан эсэх нь тасалбар түгээгчийн хянах ажил биш” гэх тайлбарыг буруутгах аргагүй юм.

 

Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн Баруун хараа сум орох тийзийг үнэ, тарифийн дагуу 6.000 төгрөгөөр бичсэн байх бөгөөд хариуцагч нь уг нэр бүхий зорчигч 12.000 төгрөг төлж, тийз бичүүлсэн, мөн нэхэмжлэгч нь 6.000 төгрөгийг хувьдаа завшсан үйлдлийг эрх бүхий байгууллагын болон дотоодын хяналт шалгалтаар тогтоогоогүй атлаа нэхэмжлэгчийг ажлаас халсан нь үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “...чиглэлийн тариф андуурч бичиж алдаа гаргасан байна. Захиргаанд хэлэлгүй аж ахуйн нэгжийн жолоочтой тооцоо нийлж гаргасан тул дахин захиргаа санхүүд хэлэхгүй асуудал дахин андуурал ийм асуудал гаргахгүй анхаарч ажиллана” гэж дурдсан нь ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж үзэхгүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.” гэж заажээ.

 

Хариуцагч нь 2018 оны 8 дугаар сард гарсан зөрчлийг илрүүлж, тайлбар авч, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулаагүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад ажлаас чөлөөлөх тушаалд 2018 оны 8 дугаар сарын 13-16 өдрүүдэд зорчигчийн тийзийг Дархан Баруун хараа чиглэлд буруу бичиж албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй, итгэл алдагдуулсан үйлдлийг удаа дараа гаргасан гэж дурдсан нь хуульд нийцэхгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч Р.Э ыг Дархан-Уул аймгийн Авто тээврийн төвийн тасалбар түгээгчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1.5-д сарын цалинг 690.000 төгрөгөөр тогтоосон үйл баримтад талууд маргаагүй тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг хөдөлмөрийн гэрээд дурдсан сарын үндсэн цалин 690.000 төгрөг /690.000/21,5=32.093 төгрөг/-өөс тооцоход ажилгүй байсан хугацаа буюу 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс анхан шатны шүүх хуралдааны өдрийг хүртэл ажлын 47 хоног /47х32,093/-оор тооцож, нийт 1.508.371 төгрөгийг хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас гаргуулж, нэхэмжлэгч Р.Э д олгох үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар нэхэмжлэгч Р.Э ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах зүйтэй гэж үзэв

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

Тогтоох нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Р.Э ыг Дархан-Уул аймгийн Авто тээврийн төвийн тасалбар түгээгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1.508.371 төгрөгийн хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас гаргуулж, нэхэмжлэгч Р.Э д олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан нэхэмжлэг Р.Э ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 39.084 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР