| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2016/07787/И |
| Дугаар | 102/ШШ2017/01708 |
| Огноо | 2017-06-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2017/01708
| 2017 оны 06 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2017/01708 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Төв байр, Самбуугийн гудамж-43, Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Тэмүүлэл холтхоны 105 дугаар байрны 65 тоотод оршин байх, Альгарб ХХК-д холбогдох;
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Монтед 2 дугаар байрны 20 тоотод оршин суух, Сартуул овогт Цогнойжамцын Одзаяа;
Зээлийн гэрээний үүрэгт 613,720,381 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, холбогдох бичиг баримтыг Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргэхийг Капитал банкинд даалгах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лувсанцэрэн, З.Бүжидлхам, хариуцагчийн төлөөлөгч А.Бямбацогт, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарантуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Капитал банк ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лувсанцэрэн, З.Бүжидлхам нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Альгарб ХХК нь 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдөр манай банктай №75 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүдийг байгуулж 380,000,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хавсралтанд заасан эргэн төлөлтийн хуваарьтай зээлдэн авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож доорх хөрөнгүүдийг барьцаалуулсан.
1. Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Монтед 1 дүгээр байрны 15 тоот 72,87 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц;
2. Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхоны 105 дугаар байрны 65 тоот 46 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц;
3. Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 7 дугаар гудамжны 183 тоот 609,8 м.кв талбай бүхий хувийн сууц;
4. Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 7 дугаар гудамжны 183 тоот 574,47 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр дуусахаар байгаа боловч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш ямар нэгэн төлөлт хийхгүй, зээл хэсэгчлэн төлөх графикийг ноцтой зөрчсөний улмаас тухайн зээл нь хугацаа хэтэрч чанаргүйдсэн тул банкны зүгээс гэрээг цуцалж, зээлийн үлдэгдлийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нэхэмжлэхээр шийдвэрлэсэн. Иймд хариуцагч Альгарб ХХК-иас үндсэн зээл 352,272,282.89 төгрөг, үндсэн хүү 167,780,206.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 33,556,041.36 төгрөг, нийт 553,608,531.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад: Капитал банк ХХК-ийн зүгээс хариуцагч Альгарб ХХК-д холбогдуулан зээлийн төлбөрт 553,608,531.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцон 60,111,850.00 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 613,720,381.00 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Альгарб ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон төлөөлөгч А.Бямбацогтын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Капитал банкны нэхэмжлэл буюу манай компаниас 553,608,531 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хамгийн гол нь 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 75 дугаартай зээлийн гэрээний 3 жилийн хугацаа нь дуусаагүй, гэрээг дангаараа цуцалж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ. Гэтэл уг барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Монтед 1-ын 15 тоот 72.87 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгч нь Ц.Одзаяа бөгөөд түүний эрх ашиг хөндөгдөж байна.
Мөн банкны зүгээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг үндсэлэлгүйгээр ихээр тооцсон, манай компанийн нягтлан бодогчийн тооцоололтой маш ихээр зөрж байгаа бөгөөд банк 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлгүйгээр нэмэгдүүснийг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 75 тоот зээлийн гэрээний үндсэн зээл, хүүг эргүүлэн төлөх хуваариар үндсэн зээл 380,000,000 төгрөг, зээлийн хүү 171,871,479.01 төгрөг, нийт 551,871,479.01 төгрөг байхаар талууд тохиролцсон. Хариуцагчийн зүгээс үндсэн зээл, хүүгийн төлөлтийг хийж байсан учраас үндсэн зээл 380,000,000 төгрөг биш 352,000,000 төгрөг болж хасагдсан байгаа атал 171,000,000 төгрөгөөс хасагдах нь битгий хэл маш ихээр нэмэгдүүлсэн төдийгүй үүний дагуу нэмэгдүүлсэн хүүг их хэмжээгээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй. Нэхэмжлэгч нь манай компанийг гэрээний үүргээс 88,471,581.2 төгрөг төлсөн гэж тайлбарлажээ. Наад зах нь л гэхэд зээлийн гэрээ ёсоор 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хүртэл хугацаанд нийт зээлийн хүү 171,871,479 төгрөг төлөх байсан атал үүнээс зөндөө төлчихөөд байхад одоо 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл зээлийн үндсэн хүү 217,873,415 төгрөг бодож гаргаж ирээд байгааг ойлгохгүй байна гэв.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Одзаяагийн шүүхэд гаргасан бие даасан шаардлагад болон шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарантуулын гаргасан тайлбарт: Ц.Одзаяа нь 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Монтед 1-ын 15 тоот 72,87 м.кв талбай бүхий орон сууцыг банкны зээлийн барьцаанд бариулах, холбогдох гэрээ, хэлцэл, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, нотариатаар гэрчлүүлэх, ЭХЭБГазарт бүртгүүлэх, хүлээн авах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах үйлдэл хийх эрхийг Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, 3-3 тоотод оршин суух Алтанчимэгийн Бямбацогтод олгосон. Дээрх орон сууцтай холбоотой 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 75 тоот барьцааны гэрээг Капитал банк, Альгарб ХХК нарын хооронд байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан гэрээнээс харагдаж байна. Гэтэл миний үйлчлүүлэгч Ц.Одзаяа нь байраа барьцаалах итгэмжлэлийг Алтанчимэгийг Бямбацогтод олгосон болохоос биш Альгарб ХХК-д олгоогүй юм. Иймд Капитал банк, Альгарб ХХК-ийн хооронд 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдөр байгуулагдсан 75 тоот барьцааны гэрээний 2.1 дэх заалтын Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Монтед 1-ын 15 тоот 72.87 м.кв талбай бүхий орон сууц-нд холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10-т заасныг тус тус үндэслэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Ц.Одзаяагийн өмчлөлийн дээрх орон сууцыг барьцаанаас чөлөөлж, үүнтэй холбогдох бичиг баримтыг Баянзүрх дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт өгөхийг Капитал банкинд даалгаж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитал банк ХХК нь хариуцагч Альгарб ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 613,720,381.00 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Гуравдагч этгээд Ц.Одзаяа барьцааны гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх тухай холбогдох бичиг баримтыг улсын бүртгэлийн газарт хүргэхийг Капитал банкинд даалгах тухай бие даасан шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд: Нэхэмжлэгч Капитал банк ХХК нь хариуцагч Альгарб ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдөр зээлийн гэрээ, мөн өдөр барьцааны гэрээг тус тус байгуулж, 380,000,000 төгрөгийг 1 сарын 2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, жижиг дунд бизнесийн зориулалтаар зээлдүүлж, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Монтед 1 дүгээр байрны 15 тоот 72,87 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхоны 105 дугаар байрны 65 тоот 46 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 7 дугаар гудамжны 183 тоот 609 м.кв талбай бүхий хувийн сууц, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 7 дугаар гудамжны 183 тоот 574,47 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг барьцаалсан ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.2-т Зээлийн хүү нь сарын 2 хувь, жилийн 24 хувь.. гэж заасан тул хариуцагч хүү төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анз хэрэглэхгүй., талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.14-д Зээлдэгч нь гэрээнд заасан ерөнхий хугацаанд хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд зээл төлөгдөх ерөнхий болон хэсэгчилсэн хугацааны эцсийн өдрийн дараах өдрөөс төлбөр дутуу гүйцэтгэсэн зээлийн үлдэгдлээс үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцож, зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцож авна. гэж заасны дагуу нэхэмжлэгч Капитал банк ХХК нь нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхтэй, хариуцагч гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.
Гэрээний хугацаа 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр дуусгавар болох байсан хэдий ч зээлдэгч 2016 оны 1 дүгээр сараас эхлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, эргэн төлөлтийн графикийг ноцтой зөрчиж эхэлсэн тул банк зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээгээ цуцалж, үндсэн зээлд 352,272,282.89 төгрөг, үндсэн хүүнд 167,780,206.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 33,556,041.36 төгрөг, нийт 553,608,531.00 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа хуримтлагдсан хүү болох 60,111,850.00 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 613,720,381.00 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан төлөгдөөгүй зээлийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрээгүй тул нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
Хариуцагч нь үндсэн зээл, хүүг их хэмжээгээр төлж байсан гэж маргаж байх боловч түүнийгээ баримтаар нотлоогүй. Иймд хариуцагч Альгарб ХХК-иас 352,272,282.89 төгрөг, үндсэн хүүнд 167,780,206.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 93,667,891.36 төгрөг, нийт 613,720,381.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитал банк ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхоны 105 дугаар байрны 65 тоот 46 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 7 дугаар гудамжны 183 тоот 609 м.кв талбай бүхий хувийн сууц, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 7 дугаар гудамжны 183 тоот 574,47 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраас барагдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас ... үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Монтед 1 дүгээр байрны 15 тоот 72,87 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд: Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Монтед 1-ын 15 тоот 72,87 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгч нь Ц.Одзаяа болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000332773 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд өмчлөгч Ц.Одзаяа нь дээрх орон сууцаа 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдөр банкны зээлийн барьцаанд бариулах, холбогдох гэрээ, хэлцэл, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, нотариатаар гэрчлүүлэх, ЭХЭБГазарт бүртгүүлэх, хүлээн авах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах үйлдэл хийх эрхийг Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, 3-3 тоотод оршин суух Алтанчимэгийн Бямбацогт-од олгосон.
Гэтэл энэ орон сууцтай холбоотой 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 75 тоот барьцааны гэрээ Капитал банк ХХК, Альгарб ХХК нарын хооронд байгуулагджээ. Өөрөөр хэлбэл хариуцагч Альгарб ХХК-д уг байрыг банкинд барьцаалах эрхийг Ц.Одзаяа олгоогүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно. гэж заасан байх тул гуравдагч этгээд Ц.Одзаяа нь шаардах эрхтэй бөгөөд Капитал банк ХХК, Альгарб ХХК-ийн хооронд 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээний Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Монтед 1-ын 15 тоот 72,87 м.кв талбай бүхий орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, гуравдагч этгээдээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг мөн улсын орлогод хэвээр үлдээн нэхэмжлэгч, хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж гуравдагч этгээдэд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д заасныг баримтлан хариуцагч Альгарб ХХК-иас нийт 613,720,381.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Капитал банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Монтед 1 дүгээр байрны 15 тоот 72,87 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар хангуулж өгнө үү гэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8, 56.-т зааснаар нэхэмжлэгч Капитал банк ХХК, Альгарб ХХК-ийн хооронд 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдөр байгуулагдсан 75 тоот барьцааны гэрээний 2.1 дэх заалтын Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Монтед 1-ын 15 тоот 72,87 м.кв талбай бүхий орон сууц-нд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож, Ц.Одзаяагийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Монтед 1-ын 15 тоот 72,87 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаанаас чөлөөлж, үүнтэй холбогдох бичиг баримтыг Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг Капитал банк ХХК-нд даалгасугай.
3.Иргэний хулуийн 175 дугаар зүйл, талуудын хооронд байгуулсан 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 75 тоот барьцааны гэрээний ХОЁР-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө буюу Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхоны 105 дугаар байрны 65 тоот 46 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 7 дугаар гудамжны 183 тоот 609 м.кв талбай бүхий хувийн сууц, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 7 дугаар гудамжны 183 тоот 574,47 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 3,384,501.6 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3,384,501.6 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, гуравдагч этгээдээс бие даасан шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 828,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 414,075 төгрөг, хариуцагчаас 414,075 төгрөгийг тус тус гаргуулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдэд олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ М.МӨНХТӨР