Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2170

 

Ц.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/02093 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Ц,

Хариуцагч Х ХХК-д холбогдох,

 

Мөнгөн хадгаламжийн үүрэгт 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Ц.Цгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Н.Ариунболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1 дүгээр хороололд байрлалтай Х ХХК-ийн 70 дугаар тооцооны төв болох Өнөр тооцооны төвд өөрийн тэтгэврээс хуримтлуулсан 500 000 төгрөгөө 13,7 хувийн хүүтэйгээр хадгалуулсан. Дээрх мөнгөө би өөрийн болон группд байдаг хүүхдийнхээ эмчилгээнд хэрэглэхээр хадгалсан. Гэтэл би уг 500 000 төгрөгөө авахаар 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Өнөр тооцооны төвд очиход “та мөнгөө авсан байна” гээд өгөөгүй, тухайн үед би мөнгөө аваагүй гэж хэлсэн боловч намайг авсан гэж гүтгэж, залилсан гэж үзэж байна.

Миний бие тус банкинд 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нэмж 1 000 000 төгрөг хадгалуулсан. Гэтэл 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөө 500 000 төгрөгөө авсан гэж гүтгэж байна. Миний мөнгийг тус банкны теллер н.Амарсайхан гэгч хувьдаа завшсан гэж үзэж байна. Мөн миний бие 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ тооны орон алдаж, 500 000 төгрөгийг 5 000 000 төгрөг гэж андуурч бичсэн байна. Иймд 1 дүгээр хороололд байрлалтай Хны 70 дугаар салбар Өнөр тооцооны төвөөс Ц.Ц миний хадгалуулсан 500 000 төгрөгийг хүүгийн хамтаар гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батдэлгэр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь энэ асуудлаар шүүхэд 3 дахь удаагаа хандаж байгаа бөгөөд өмнөх 2 тохиолдолд хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэх шүүх хуралдаанд ирээгүй шалтгаанаар нэхэмжлэл буцаж шийдвэрлэгдсэн. Мөн нэхэмжлэгчийн маргаж буй өөрөө хийгээгүй гэх гүйлгээний баримтын хувь нэхэмжлэгчид өөрт нь байсан бөгөөд өмнөх удаа хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэх шүүх хуралдааны үеэр дансны гүйлгээг баримтуудтай тулгаж шалгахад өөрөө гаргаж үзүүлсэн бөгөөд гүйлгээг хийсэн ажилтнуудыг гэрчээр дуудаж асуухад гүйлгээ зохих журмаар хийгдсэн, хугацаатай хадгаламжаас зарлага гаргах гүйлгээг зөвхөн нэг баримтаар бус хугацаатай хадгаламж цуцлах хүсэлт, хугацаагүй хадгаламжийн гэрээ гэх зэрэг 4 гарын үсэг шаарддаг ба эдгээр бүх гүйлгээ, үйлдлийг 1 ажилтан хийх боломжгүй, санхүүгийн тодорхой хяналт, дамжлагаар гүйцэтгэдэг болохыг мэдүүлсэн. Иймд Ц.Цгийн Х ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт заасан заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Цгийн нэхэмжлэлтэй хариуцагч Х ХХК-д холбогдох 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Миний бие анхан шатны шүүхэд тухайн үед надад үйлчилсэн Х ХХК-ийн ажилтан н.Амарсайханыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч хүлээж авсангүй. Мөн гарын үсэгтэй тэмдэглэлийн дэвтрийг шүүгчийн туслахад өгсөн боловч уг дэвтрийг алга болгосонд гомдолтой байна. Гарын үсэгийн хэв маягийг тодруулахаар дахин шинжилгээ хийлгэмээр байна. Иймд миний гаргасан хүсэлтийг хүлээж авалгүй хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

             Нэхэмжлэгч Ц.Ц нь анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Х ХХК-иас гаргасан баримтуудад зурагдсан гарын үсэг өөрийнх нь мөн эсэхийг тодруулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргасныг мөн өдрийн 181/ШЗ2016/06383 дугаар, /хх 49-51/ 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШЗ2017/04748 дугаар шүүгчийн захирамжаар /хх 59-61/ хангаж шийдвэрлэсэн ба улмаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 3537 дугаар дүгнэлт /хх 77-83/ гарчээ.

             Гэхдээ, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилохдоо Х ХХК-иас 500 000 төгрөгийг аваагүй гэх нэхэмжлэгчийн маргаж буй үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Зарлагын маягт”-д /хх 40/ зурагдсан “Цэцэгмаа” гэх гарын үсэг нь нэхэмжлэгчийнх мөн эсэхэд шинжилгээ хийлгэхээр асуулт тавиагүй учраас шинжээч уг баримтад зурагдсан гарын үсгийн талаар дүгнэлт гаргаагүй байна.

 Иймд шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг бүрдүүлэхдээ, хүсэлтийг тодруулан маргааны үйл баримтад хамааралтай нөхцөл байдлыг тогтоох зорилго бүхий асуултыг шинжээчид тавиагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримтыг бүрдүүлэх үүргээ зөрчсөнөөс 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 500 000 төгрөгийг баримтаар хүлээн авсан эсэх маргааны үйл баримт эргэлзээгүй тогтоогдоогүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. 

Дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/02093 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ЗОЛЗАЯА

                                    ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ